Дарж байж хүртээсэн сахил буюу огцрох сайдын өчил
-Гурван жилийн дотор суурилагдсан хүчин чадлыг 560 Мвт-аар буюу 40 гаруй хувиар нэмсэн сайд түүхэнд байхгүй-
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчихөөд алхаж явна. Түүний нуруунд огт хүрэлцэхээргүй буюу 1502 МВт хүчин чадалтай эрчим хүчээр 1803 МВт хэрэглээг яасан ч тасалдуулахгүй найдвартай ханга гэдэг үүрэг өгөөд 3 жил 7 сарын нүүр үзлээ. Дутагдах 300 МВт-ыг өөрөө ол, мөнгө өгөхгүй, Засгийн газрын баталгаа ч өгөхгүй. Ийм нөхцлөөр тэр ажилласан.
Бизнесийнхэн улс төрд орлоо гэдэг шүүмж байдаг ч энэ удаад түүнээс ёстой л наймаачны ухааныг шаардаж төрийн үүрэг хүлээлгэв. Ингээд Б.Чойжилсүрэн сайд Засгийн газраас ямар ч баталгаа гаргуулахгүйгээр 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татсан. Зөвхөн ДҮТ-тэй цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд найдаж өөрийнхөө хөрөнгийг эрсдэлд оруулан оруулан хөрөнгө оруулалт хийсэн.
Гэтэл улс хөгжиж, эдийн засаг сайжирч, тэлэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдсээр байна. 1990 онд манай улсад нийт суурилагдсан хүчин чадал 744МВт байсан. Харин өнгөрсөн 35 жилийн дүнгээр 1900МВт болж 2-3 дахин нэмэгдсэн.
Өнөөдөр бид 35 жилд алдсан алдаагаа 3 жил ажилласан Б.Чойжилсүрэнгээс нэхээд байх нь хэр зөв бол? Энэ 35 жилд бид юу алдав. 2010 онд түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 72 дугаар тогтоол батлагдсан боловч хэрэгжээгүй. Хэрэгжсэн бол 2015 онд энэ хямралаас гарчихмаар ганган сайхан тогтоол байлаа. Дараа нь мөн л 2015 онд Төрөөс эрчим хүч талаар баримтлах бодлого гэж УИХ-ын 63-р тогтоол баталсан. Бас л эрэмдэглээд гүйцэд хэрэгжүүлээгүй. Энэ бол үе үеийн Засгийн газруудын алдаа онооноос гадна хоосон улстөржилт, хамгийн хэцүү нь хугацаатай арга хэмжээг хэрэгжүүлэх аргагүй богино настай улс төрийн тогтворгүй байдлын үр дүн юм.
Бүхэл бүтэн улсын эрчим хүчний салбар 104 жилийн дотор төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1264 МВт-ын эрчим хүчний чадалтай эх үүсвэрийг барьж байгуулж чадсан байна шүү дээ. Тэгвэл Б.Чойжилсүрэнгийн 4 жилд буюу 2022 оноос хойш буюу энэ хүчин чадлыг 560 Мвт-аар буюу 40 гаруй хувиар нэмсэн байна. Энэ чамлахаар амжилт юм уу? Тавин жилд хийх ажлыг гурван жилд хийчихэж гэж хийстэл “попорч” бас болно л доо. Гэвч тэр тэгсэнгүй. Гомдсон хүүхэд шиг “Би муу ажилласан юм уу? Тэгвэл явъя л даа” гээд байх юм. Учир нь түүнийг цахилгаан дулааны үнийг нэмээд өөрөө идчихлээ гээд загнаад байсан юм чинь.
Цахилгааны үнэ нэмэгдсэний үр дүн хаачив?
Эрчим хүчний реформын Үндэсний хороо байгуулагдаж, Цахилгаан, дулааны үнийг өртөгт нь хүргэж нэмэх шийдвэр 2024 онд УИХ, Засгийг газраас гарсан ч одоогоор зөвхөн цахилгааны үнийг нэмж, дулааны үнийг нэмээгүй байна. Цаашид инфляцитай уялдуулж, индексжүүлж нэмэх ёстой байсан ч нэмж чадаагүйгээс эргээд алдагдал үүсэж эхэлсэн.
2025 онд цахилгааны үнийг нэмснээр энэ салбарын санхүүгийн байдал яаж өөрчлөгдөв? 2025 онд цахилгааны үнийн нэмэгдлийн зөрүүнээс 540 тэрбум төгрөгийн орлого орж иржээ. Үүнээс:
-ОХУ-аас худалдаж авдаг эрчим хүчний үнийн зөрүүнд-108 тэрбум₮ /өрөнд/
-Нүүрсний уурхай, төмөр замын тээврийн алдагдалд-102 тэрбум₮
-Эрчим хүчний салбарын ажилчдын цалинд -229 тэрбум₮
-Станцуудын засвар шинэчлэл, зээлийн төлбөрт-77 тэрбум₮
-Баруун бүсийн эрчим хүчний татаасанд -28 тэрбум₮-/ төсвөөс татаасгүй болсон/
Үүний үр дүнд алдагдалтай байх ёстой юм шиг байнга алдагдалтай байсан атал алдагдалгүй болжээ. Татаасгүй болжээ. Алдагдалгүй, татаасгүй болоод хөрөнгө оруулалт хийхийг уриалаад тусгай зөвшөөрлөө өгөөд хаалгаа цэлийтэл нээчихээр хөрөнгө оруулагчид сонирхож эхэлсэн.
Эрчим хүчний салбарт 2022-2026 онд хэрэгжсэн эх үүсвэрүүдийн төсөл, арга хэмжээнүүд
Уламжлалт эх үүсвэр
1. Чойбалсан ДЦС 50 МВт 2024 он Дорнод, Хэрлэн /улсын хө.о/
2. Бөөрөлжүүтийн ЦС 300 МВт 2025 он Төв аймаг, Баянжаргалан /хувийн хө.о/
3. Тосонцэнгэлийн ДЦС 18 МВт 2025 он Завхан, Тосонцэнгэл /хувийн хө.о/
Сэргээгдэх эрчим хүч
1. Сэрвэн нарны ЦС 10 МВт 2023 он Говь-Алтай, Есөнбулаг /улсын хө.о/
2. Мөрөн нарны ЦС 10 МВт 2024 он Хөвсгөл, Мөрөн /улсын хө.о/
3. Эрдэнэ нарны ЦС 30 МВт 2024 он Дорноговь, Эрдэнэ сум /хувийн хө.о/
Батарей хуримтлуур
1. Сонгино батарей хуримтлуур 80 МВт 2024 он УБ, Сонгинохайрхан /улсын хө.о/
2. Багануурын батарей хуримтлуур 50 МВт 2024 он УБ, Багануур /улсын хө.о/
3. Том нар батарей хуримтлуур 10 МВт 2025 он Говь-Алтай, Есөнбулаг /хувийн хө.о/
Дулааны станц
1. Бэрх дулааны станц 21 МВт 2023 он Хэнтий, Бэрх /улсын хө.о/
2. Амгалан дулааны станцын өргөтгөл 116 МВт 2024 он УБ, Баянзүрх /улсын хө.о/
3. Мөрөнгийн дулааны станцын өргөтгөл 21 МВт 2026 он Хөвсгөл, Мөрөн /улсын хө.о/
Мөн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд насжилт өндөртэй шугам хоолой шинэчлэх, төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээг өргөтгөх, даралт өргөх насос станцуудыг шинэчлэх ажил хийгдээд байна. Төслийн явц 91 хувьтай байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төслийг хэрэгжүүлж байна. Төслийн явц 82,2 хувьтай байна. Энэ хүрээнд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу бий болох орон сууцны хороолол, барилга байгууламжууд, халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ухаалаг тоолуурыг суурилуулж байна.
- Тоогоор нь авч үзвэл 2022 оноос хойш 4 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 20-аад төсөл, шинэ эх үүсвэр ашиглалтад орж төвийн бүсийн эрчим хүчний хүчин чадал л гэхэд 560 МВт-аар нэмэгджээ. Гэтэл яагаад бодит байдал сайжрахгүй тог цахилгааны дутагдалд орсон хэвээр байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Улаанбаатарын эрчим хүчний хэрэглээ өвлийн оргил ачааллын үед 12 хувиар нэмэгдэж байгаа нь үүнд шууд нөлөөлж байгаа бөгөөд хурдтай өсөж байгаа энэ хэрэглээг шинэ эх үүсвэрүүд нь гүйцэхгүй байна гэсэн үг юм. Хэрэглээгээ гүйцэхийн тулд том төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж, гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах шаардлага үүсэж байна.
Эрчим хүчний салбарт цаашид хэрэгжүүлэхээр ажиллаж буй томоохон төсөл хөтөлбөрүүд
-Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төсөл. /266.4 сая ам.доллар/ 2030 он гэхэд ашиглалтад оруулна. Барилга усгралтын ажил 18 хувьтай байна. Төсөл хэрэгжсэнээр жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба баруун 5 аймгийн эрчим хүчний хэрэглээг хангаж, ОХУ, БНХАУ-аас авч буй импортын эрчим хүчинд жил бүр төлдөг 17.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Олон жил улстөржсөн, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын үүднээс нутгийн иргэдийн нэрийг барьж энэ бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг байсан орон нутгийн зарим дарга, тэдний гар хөлүүд хуулийн өмнө хариуцлагаа хүлээж ял шийтгүүлсэн.
- Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын төсөл. Энэ нь тус станцын 2-р үе шат юм. Бөөрөлжүүтийн 3, 4 дүгээр 150 МВт-ын барилга угсралтын газар шорооны ажил эхэлсэн бөгөөд 2027-2028 онд үе шаттай ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Анхны галлагаан дээр нь алгаа ташаад байсан эрхмүүд энэ бүтээн байгуулалтын ажлыг гэрчилнэ биз. Нийслэлийн зүүн бүсийн эрчим хүчний хангамжид авралын гарц болох нь дамжиггүй.
-Дулааны Тавдугаар Цахилгаан Станцын төсөл. /658.5 сая ам.доллар/ -Олон жил яригдаж буй энэ төслийг 2028 онд ашиглалтад оруулна. Төслийн гүйцэтгэгч 2025 оны 5-р сард шалгарсан. Төсөл хэрэгжсэнээр УБ хотын баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангана.
-Тосонцэнгэлийн 30 МВт-ын дулааны цахилгаан станцын төсөл. Хоёрдугаар үе шатны 8 МВт-ыг 2030 онд ашиглалтад оруулахаар төслийн хөрөнгө оруулагч компани ажиллаж байна.
-УБ хот орчмын цахилгаан хангамжийг сайжруулах, шинэчлэх төсөл
Багахангай-Баянцогт, Багахангай-Ургах наран чиглэлийн хэт өндөр хүчдэлийн 500 кВ-ын 3 дэд станц, 220 кВ-ын 8 дэд станц, 110 кВ-ын 22 дэд станцыг тус тус шинээр барина. 2026-2030 онд хэрэгжүүлнэ
-10 аймгийн төвд дулааны станц барих төсөл. /148.7 сая ам.доллар/ БНСУ-ын Экзим банкны зээлээр хэрэгжүүлж буй бөгөөд гүйцэтгэл 45 хувьтай байна. Гүйцэтгэлийн явцад асуудал гарсан боловч асуудлыг шийдвэрлэж 2028 он гэхэд уг төслийг дуусгахаар төлөвлөжээ. Энэ талаар бол тэрбээр нуун дарагдуулаад байсан асуудлаар “шүгэл үлээсэн”.
-Эрдэнэбүрэн-Мянгад чиглэлийн 220 кВ-ын 69 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл /108 тэрбум төгрөг/ 2028 онд ашиглалтад оруулна.
-Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 287 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төсөл. /78 сая ам.доллар/ / 2028 онд ашиглалтад оруулна.
-Ховд аймгийн 19.8 МВт-ын нарны цахилгаан станц, / Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. Төслийн тендерийг 2025.05.13-ны өдөр зарлан, тендерийн үнэлгээний ажил хийгдсэн байна. Төслийг 2026-2027 онуудад хэрэгжүүлнэ
-Даланзадгадын 50 МВт-ын дулааны цахилгаан станц барих төсөл.Өмнөговь аймаг үнэт цаас гарган хэрэгжүүлэх бөгөөд 2028 онд ашиглалтад оруудна
-Сүхбаатарын 70 МВт-ын дулааны цахилгаан станц барих төсөл.-Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй бөгөөд ажлын явц 85 хувьтай. 2026 оны 5 сард бүрэн ашиглалтад оруулна.
-Баянгийн 660 МВт-ын дулааны цахилгаан станц барих төсөл. Төв аймгийн Баян суманд хувийнхэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 24 хувьтай. Төслийг 2027-2028 онд үе шаттай ашиглалтад оруулна.
-Тавантолгойн 300+150 МВт-ын ДЦС барих төсөл. Олон жил яригдаж буй уг төслийг хэрэгжүүлэхэд хууль эрхзүйн зохицуулалт шаардлагатай болсон бөгөөд ЗГ-аас холбогдох хуулийн төслийг энэ оны 6-р сард өргөн барьсан. УИХ хараахан хэлэлцээгүй байна. Төслийг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ..
-Шивээ-Овоогийн 660 МВт-ын ЦС-ын төсөл.Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 660 МВт-ын цахилгаан станц барина. Уг төслийг 2029-2030 онд хэрэгжүүлнэ.
-Сэлэнгийн 70 МВт-ийн ДЦС-ын төсөл -2026 оны 2-р улиралд ашиглалтад оруулна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй бөгөөд 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Сэлэнгийнхний төдийгүй хангайн бүсийнхний бахархал болоод байгаа төсөл.
-Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл. 2026 онд хэрэгжиж дуусна. Ажлын явц 81 хувьтай байна. Төслийг ХБНГУ-ын KFW банктай хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй бөгөөд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хариуцан ажилладаг 32 дэд станцыг тоноглолыг шинэчилж байна.
-УБ хот орчмын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэлийн төсөл. 2025 онд эхэлсэн бөгөөд 2028 онд дуусна. 1,1 сая ам долларын өртөгтэй бөгөөд олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
-Чойр -Сайншанд чиглэлийн 220 кВ-ын 220 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, дэд станц өргөтгөх төсөл. Ажил 2023 онд эхэлсэн. 2027 онд дуусна.
-Багануур -Чойр чиглэлийн 220 кВ-ын 180 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц өргөтгөх төсөл. 2026-2028 онд хэрэгжүүлнэ.
-Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 287 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, дэд станц өргөтгөх төсөл. 2026-2028 онд хэрэгжүүлнэ. Төслийг хэрэгжүүлсэнээр Эрдэнэт-Булганы ЦДАШ-аас эрчим хүчээ авдаг иргэд аж ахуй нэгжийг өвлийн оргил ачааллын үед эрчим хүчээр хязгаарлах, хүчдэлийн уналт үүсэх асуудлыг шийдвэрлэнэ.
-2026-2028 онд 10 гаруй аймагт тархмал нар,салхины сэргээдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүлэхээр Эрчим хүчний яам төлөвлөн ажиллаж байна.
Энэ төслүүдийг 2026-2030 онд эрчим хүчний салбарт хэрэгжүүлж чадвал дулаанаар 1,195 Гкал, цахилгаанаар 2823 МВт-ын хүчин чадал нэмэгдэх юм. Товчхондоо, 2027 он гэхэд өнөөгийн үүсээд байгаа эрчим хүчний салбарын доголдол арилж, тог цахилгааны тасалдалгүй болох нь.
Засгийн газрууд Б.Чойжилсүрэнд “дарж байж сахил хүртээгээд байсаны” учир ердөө л энэ. Салж чадахгүй, хаяад явж тэвчихгүй байсны шалтгаан нь ч үүнд л байж. Хэлж чадаагүй өчлийг нь дамжууллаа.

