Питер Пэний түүх
Өдгөө хүн бүрийн мэддэг зохиол өөр өөрийн түүхтэй. Зарим түүх зохиолоосоо ч сонирхолтой. Зохиолыг зохиодоггүй зохиогддог. Том болох дургүй Питер Пэн тэр чигтээ томоос том хүн болсон Жэймс Мэтью Барригийн томоогүй амьдралын тусгал юм.
Зохиолч
Жэймс Мэтью Барри (1860-1937) хүүхдийн зохиол бичиж явсангүй. Өгүүлэг, туужийг нь Томас Харди, Жон Голсоурси, Хэнри Жэймс, Марк Твэйн, Артур Канон Дойл гээд үе тэнгийнхэн нь өндөр үнэлсэн. Харин үг дуу цөөтэй Барри хүүхдүүдтэй хэл амаа амархан олчихдог байж.
Барри Шотландын Кирримьюр хэмээх жижигхэн хотод төрсөн жирийн л шотланд айлын хүүхэд, эцэг нь нэхмэлчин. Эцэг эхийнхээ хүсэж болох хамгийн дээд мөрөөдлийг биелүүлсэн хүү. Том ах Жэймсийнхээ тусламжаар Эдинбургийн их сургуулийг төгссөн. Зохиолчийн замналаар маш амжилттай өгсөнэ баронэт хэргэм хүртэж, Саинт Андрюсийн их сургуулийн ректор болоод зогсохгүй чамгүй олон цол хүртжээ. Гэхдээ хувийн амьдралд нь зовлон мундаагүй, тэр бүхэн зохиол бүтээлд нь тэр дундаа Питер Пэнд ч тусгалаа олжээ.
Цаглабар
Монгол уншигчид түүнийг зөвхөн Питер Пэнээр нь л мэддэг. Харин зохиолч Питер Пэний тухай 1901-1928 оны хооронд уран зохиолын төрөл жанр бүрээр олон бүтээл туурвисан юм.
1901 он Хар нуурын аралд хаширсан хүү гэрэл зургийн альбом The Boy Castaways of Black Lake Island
1902 он Цагаан шувуухай роман The Little White Bird
1904 он Том болохыг хүсдэггүй жаал туужийн эхний хувилбар The Boy Who Would Not Grow Up
1906 он Питер Пэн Кенсигтон цэцэрлэгт өгүүллэг Peter Pan in Kensington Gardens
1911 он Питер Пэн, Вэнди хоёр тууж Peter Pan and Wendy
1922 он Питер Пэн кино зохиол Peter Pan
1925 он Ахмад Хүүк Этонд өгүүллэг Jas Hook at Eton
1926 он Питер Пэний сул тал эссе The Blot on Peter Pan
1928 он Том болохыг хүсээгүй жаал тууж бүрэн хэвлэл The Boy Who Would Not Grow Up
Артур Ллуэлин Дэвис хөвүүдтэйгээ. 1905 он
Зохиолоо хэнд зориулав
“Би та тавыг нэгнээс чинь сайтар төөрүүлж, гал гаргахын тулд мод үрж буй эртний хүмүүс шиг харуулахын тулд Питерийг бүтээсэн. Энэ бол та нарын өрдсөн гал” гэж Барри туужийнхаа өмнөтгөлд бичсэн байдаг. Ллуэлин Дэвисийн ах дүү таван хөвүүнийг Жорж, Жек, Питер, Майкл, Николас гэдэг. Чухам энэ таван хөвүүнд Питер Пэний бүх адал явдал зориулагдсан, дийлэнх нь тэдний бодит түүх юм. Барри хөвүүдийг хамтран зохиогч гэж үзсэн бөгөөд гол баатартаа нэгийнх нь нэрийг хүртэл өгчээ. Питер Дэвис өөрийг нь жинхэнэ Питер Пэн гэж хүлээж авдагт ихэд тарчилж, уг зохиолыг “Гайтай зохиол” гэсэн гэдэг.
1897 он гэхэд Барри хэдий нь алдартай зохиолч болж Атлантын далайн хоёр эрэгт зохиол бүтээлийг нь хэвлэчихээд байлаа. Тэрээр Эдинбургээс Лондонд нүүж ирээд нутгийн зохиолчдын дунд байр сууриа хурдан олж Өмнөд Кенсингтонд байшинд худалдан авч жүжигчин Мэри Анселлтэй гэрлэж бас сембернар нохой тэжээсэн.
Ллуэлин Дэвсийн хөвүүд: Жорж, Жэк, Питер нар. Жэймс Барригийн авсан зураг. 1901 он
Барри нохойтойгоо Кенсингтоний цэцэрлэгээр зугаалж яваад ирээдүйн зохиолынхоо баатруудтай танилцсан аж. Тэгэхэд Жорж тавтай, Жэк гуравтай, Питер нялхаараа байжээ. Удалгүй зохиолч хөвүүдийн эцэг-хуульч Артур Ллуэлин Дэвис, эх Сильвия нартай танилцав. Сильвияд сэтгэл татагдсан Барри удалгүй энэ гэр бүлийг тэр чигт нь “өргөж авсан” гэхэд болно. Ллуэлин Дэвисийг дагуулан театраар явж, нэр хүндтэй хүмүүстэй танилцуулан, хамт аялж, гэртээ урих зэргээр хөвүүдийн хувь заяанд хамгийн том нөлөө үзүүлжээ. Хүүхдүүд түүнийг “Жим авга” хэмээн дуудна. Хэдий энэ бүх явдал хэл ам дагуулсан ч Барри юман чинээ тоож явсангүй. 1900-1903 оны хооронд Майкл, Николас хоёр мэндэлсэн.
Цагаан шувуухай
Питер Пэний түүх анх 1902 онд хэвлэгдсэн Цагаан шувуухай хэмээх насанд хүрэгчдийн гуниг ханхлуулсан романд багтжээ. Тэрээр уг номдоо “Артур, Сильвия хоёр болоод тэдний хөвүүд, өөрийнхөө хөвүүдэд зориулав” хэмээн бичсэн байдаг. Роман ерөнхийдөө Дэвид нэртэй хүүг урвуулан авах хүсэлтэй гоонь эрийн тухай юм. Мань эр залуу гэр бүлийг нөмөр нөөлөгтөө оруулан амьдралд нь далдуур оролцох боловч Дэвидийн ээж түүний санааг мэдчихдэг.
Энэ романд Кенсингтон цэцэрлэгээс нисэж ирсэн Питер Пэний тухай хэдэн бүлэг бий. Зохиогч Дэвид хүүд дээрх түүхийг ярьж өгөх агаад чухам эндээс л зохиолын санаа эхэлсэн юм. Барри Жоржтой анх танилцахдаа дүү Питер нь нисдэг, гэхдээ ээж нь нисгэдэггүй учраас шөнө нисдэг гэж итгүүлжээ. Жорж дүүгээ шөнө нисэхийг нь харах гэж хичээн оролдсон ч яахин чадах билээ.
Жорж нэг удаа Кенсингтоний цэцэрлэгт байдаг WSM, PP үсэгтэй хоёр чулууны учрыг асуужээ. Хэдий энэ хоёр чулуу Westminster St. Mary’s болон Parish of Paddington хоёрын хилийг заадаг ч Барри Walter Stephen Matthews, Phoebe Phelps гэдэг хоёр хүүгийн булш хэмээн тайлбарлажээ.
Кенсингтон цэцэрлэгт орших Питер Пэний баримлыг тойрон бүжих багачууд. Жэймс Жаршийн зураг. Лондон, 1935 он
1906 онд Цагаан шувуухай романы Питер Пэний түүх дангаараа тухайн үеийн алдартай зураач Артура Рэкхемийн чимэглэлтэй ном болон хэвлэгджээ. Энэ чимэг зураг үлгэрийг амилуулсан сод бүтээл болсон бөгөөд Кенигстон цэцэрлэгийн газрын зураг ч багтсан байдаг. Зураач чимэг зургаа бүтээхдээ Барригийн бичсэнийг яг таг багтаасан учир Кенигстон цэцэрлэгийн тухай шидэт тайлбар мэт болсон юм. 1912 оны тавдугаар сарын 01-нд нуурын эрэг дээр уран барималч Жорж Фрэмптоны бүтээсэн шидэт дагина, туулай, хэрэмтэй Питер Пэний баримал гэнэт л гараад иржээ. Time’s сонинд үүнийг Жэймс Барригийн бэлэг гэдэг мэдээ гараад л өнгөрсөн. Энэ баримлыг ямар ч зөвшөөрөлгүй байрлуулсан боловч өдгөө хүртэл байж л байгаа.
Дуулалт жүжиг
Зохиолч нэгэн удаагийн жүжигт тоглосон хүүхдүүдийн хамт
Тууж хэвлэгдсэнээс хоёр жилийн хойно, 1904 онд Барри ид шид, адал явдал бүхий Питер Пэн жүжиг тавихаар шийджээ. Гэвч удалгүй ийм жүжигт багагүй хөрөнгө шаардлагатай нь тодорхой болов. Жүжгийн продюсероор Барригийн америк найз Чарльз Фроман ажиллажээ. Түүнд жүжиг маш их таалагдаж хөрөнгө мөнгө ихээр шаардах үзэгдлүүдийг бодит ажил болгохоор ханцуй шамалсан байна. Барри баатруудаа нисгэхийг хүссэн учир тайзан дээр “нисгэж чаддаг” мэргэжилтэн Жон Кирбийг урив. Гэхдээ Жон Кирбигийн нисгэдэг багаж хэтэрхий бүдүүлэг гэж үзсэн Барри илүү нарийн төхөөрөмж бүтээлгэх хүсэлтээ тавьжээ. Гэхдээ Барригийн хүсэл яг таг биелсэнгүй. Жишээ нь, шидэт дагина Динь-динийг үзэгчид томруулдаг шилээр харах ёстой байсан ч энэ санаа бүтсэнгүй, гэхдээ дагиныг гэрлээр орлуулж үзэгчид зөвхөн дуу хоолойг нь сонссон юм.
Жүжигчин Мод Адамс Питер Пэний дүрд. 1905 он
Зохиогчийн хүслээр бол Питер Пэнд эрэгтэй хүүхэд тоглох ёстой ч Фроман ийм дүрд Америкт алдартай эмэгтэй жүжигчин Мод Адамс тоглодог гэж ятгасаар Питер Пэнд эмэгтэй хүүхэд тоглуулжээ. Өдгөө энэ уламжлал нэгэнт тогтсон. Бас нэг тогтсон уламжлал бол ахмад Хүүк, ноён Дарлинг хоёрт нэг жүжигчин тоглодог. Анхны тоглолтод Сильвиягийн ах Жеральд де Море тоглосон бөгөөд үүнээс улбаалан хорон санаатай туранхай эр үзэгчдэд үзэн ядуулахын дээр өрөвдүүлэх болжээ.
Жүжгийг анх 1904 оны арванхоёрдугаар сарын 27-д Йоркийн герцогийн тетарт Лондон хотноо тоглосон юм. Үзэгчдийн суудлын дийлэнхийг томчууд эзэлж жүжиг ч амжилттай болжээ. Энэ үед Америкт байсан продюсер Форманд илгээсэн цахилгаандаа менежер нь “Питер Пэн ок. Их амжилт олох нь” гэж бичжээ.
Бродвэйн Эмпайр тетарт тоглосон "Питер Пэн" дуулалт жүжгийн хөтөлбөр. 1905 он
Бэлтгэлийн үед Барри төрсөн мэдрэмжээрээ маш их өөрчлөлт оруулдаг байжээ. Төгсгөлийн хэд хэдэн хувилбар бий. Тэдний нэг нь Вэнди охин Питертэй хамт үлдэж тэд цэцэрлэгээс төөрсөн хүүхэд олдог. Тэр хүүхэд Питер Пэнд санаа тавина гэж Вэнди их баярладаг. Бас нэг төгсгөлд ээжүүд тайзан дээр гарч ирж төөрсөн хүүхдүүдийг үрчилж авахыг хүсдэг. Харин өдгөө бүгд мэддэг төгсгөлийг найруулагчдаа ч хэлэлгүй биччихээд 1908 оны сүүлийн тоглолт дээр Барри өөрөө тайзан дээр гарч ирсэн ажээ.
Бусад
1901 оны зун Ллуэлин Дэвисийн гэр бүл Барригийнд зусжээ. Тэр зун Барри хөвүүдтэй Хар нуурын арал дээрх байшингийнхаа ойролцоо индиан болж тоглож өнжсөн аж. Энэ арал дээр Артур Конан Дойл, Герберт Уэллс, Жером К. Жером, Редьярд Киплинг, Аллан Милн, Г. К. Честертон нарын олон зохиолч баг болон хуваагдаж крикет тоглодог байжээ. Тэр зун Барри олон гэрэл зураг даруулсан бөгөөд хожим түүнийгээ адал явдалт гэрэл зургийн ном болгон хэвлүүлсэн байна. Харин арлыг зохиолдоо Neverland гэж нэрлэсэн. Энэ мэт Питер Пэнд зохиолын олон дүр, үйл явдал, газар орон зохиолчийн эргэн тойронд бэлэн байсан юм.
Жэймс Барри 1929 онд Питер Пэний бүх зохиогчийн эрхийг Грейт Ормонд-стрит дэх хүүхдийн эмнэлэгт өгчээ. Зохиогчийн гэрээслэл ёсоор түүний энэ хишгийг хэзээ ч нийтэд тараагаагүй юм. Харин Барри 1937 онд нас барснаас хойш зохиогчийн эрх нь 50 жил хадгалагдаад нийтийн өмч өмч болох учиртай байлаа. Гэвч 1988 онд “Питер Пэн”-ээс ямар нэг хэлбэрээр олсон бүх орлогын хувийг тус эмнэлэгт л олгох хугацаагүй онцгой нэгэн хууль баталжээ.
Монголын тайзнаа
Питер Пэний түүхийг дэлгэцийн бүтээлд урвуулсан нь олонтаа. Тэдгээрээс Walt Disney компаний 1953 оны Питер Пэн, 1991 оныАхмад Хүүк бүтээлүүдийг бид мэднэ. Харин 1987 онд хуучин СССР-ийн бүрэлдэхүүнд багтаж асан Беларусийн “Беларусьфильм” студи бүтээсэн хоёр ангит уран сайхны киног өнөөгийн эцэг эхчүүд санаж магадгүй. Өнөөдөр харин та хүүхдэдээ “Питер Пэн”-ийг монгол хэлээр, монгол хүүхдүүд тоглосноор үзүүлэх боломжтой. “Торгоны зам сан” Бродвэйн театраас албан ёсоор эрхийг нь авчээ. Өнгөрсөн зун жүжигт тоглох хүүхдүүдийг сонгон шалгаруулж мэргэжлийн уран бүтээлчид, дуу, бүжгийн багш нартай хамтран тавьсан жүжгийг Хүүхдийн ордонд тоглож байна.
Зочин
Bataa
Зочин