Евгений Трифонов: Олон домгоос бүрддэг Зөвлөлтийн түүхээс хүмүүс тэр бүр хагацах дургүй байдаг
Оросын түүх судлаач, сэтгүүлч Евгений Трифоновтой “Халхын голын тулалдаан хэний ялалт вэ” номыг нь тойруулан товчхон ярилцлаа.
Д.Б: Саяхан МҮОНРТ болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Звёзда” телевиз хамтарч Халх голын тулалдааны 80 жилийн ойд зориулан “Халх голд байгуулсан гавьяа” хэмээх цуврал баримтат кино хийжээ. Тэнд өгүүлснээр бол 1939 онд япончууд Монголыг эзлэх зорилготой байсан аж. “Звёзда” ТВ-ийн хувилбар нь “Магадгүй өнөөгийн газрын зургаас Монголыг хайж олох хэцүү байх байсан болов уу” гэж эхэлжээ. Таны хувьд Японы зорилго юу байсан бэ?
Е.Т: Хятадыг эзлэн түрэмгийлэх дайн явуулахын хажуугаар Монголын тусгаар тогтнол мөн Зөвлөлт Холбоот Улсын бүрэн бүтэн байдалд заналхийлж байсан яах аргагүй түрэмгий гүрэн Японы эсрэг Халх голын орчимд тулалдсан монгол, орос цэргийн гавьяаг би мэдээж бүдгэрүүлмээргүй байна. Гэлээ гээд түүхэн үйл явдалд маш хариуцлагатай бөгөөд нухацтай хандах ёстой гэдэгт би эргэлзээгүй итгэдэг.
1939 онд Япон Халх голын тулалдаанаар Монголын тусгаар тогтнолыг үгүй хийх гэж байсан гэвэл миний хувьд энэ бол үнэн баримт биш. Нэг талаасаа энэ бол маш олон шалтгаанаар шүтэлцсэн Зөвлөлт Холбоот Улс, Монгол мөн Японы хоорондын мөргөлдөөн байсан, гэхдээ Халх гол дээр өрнөсөн явдлыг Япон чухам яг Халх голын сав газраар дайралтаа эхлүүлж Монголыг эзлэх гэсэн гэдэг гаргалгаа хийж болохгүй, энэ мөргөлдөөнд оролцогч бүх талууд өөр өөрийн явцуу, нэг их том биш ашиг сонирхолтой л байсан байх.
Монголыг эзлэх нь геополитикийн маш том төсөл, япончууд яалт ч үгүй ийм боломжийг харж байсан, үүнийг Нерчинск болон Улаанбаатар руу Японы арми довтлох “Оцу” хэмээх төлөвлөгөөг тусгасан Японы Жанжин штабын бичиг баримт баталдаг. Энэ бол хэтийн төлөвлөгөө байж. Харин Халх голын тулаан бол шал өөр цэрэг дайны тоглолт. Халх голоор Монгол руу дайрна гэдэг хачин бөгөөд логикгүй. Халх гол бол Монгол-Манж-го улсын хил дээрх цорын ганц ноцтой усан саад, гэтэл Японы арми Монголыг эзлэхийн тулд техникийн маш том саад бэрхшээл тулгарах газраар дайрах ямар шаардлагатай юм? Юуны түрүүнд гол гатлана, хоёрдугаарт асар их эзгүй талыг туулна. Үүний оронд бүр хойгуур, Зөвлөлт-Монголын хилийн орчимд цохилт өгвөл Улаанбаатарыг Зөвлөлтөөс тасалж болно.
Яагаад ийм алхам хийгээгүй вэ гэдэг нь тайлбар шаардана. Японы цэргийн хүч Зөвлөлттэй холбогддог өөр газраар биш, жишээ нь Зөвлөлт-Монголын бүлэглэлийн ар талыг бүрэн хангах Транссибирийн төмөр зам хавиар биш, яагаад заавал Халх голын орчим байлдааны ажиллагаа явуулав? Япончууд Халх голын хэрэг явдалд хэтийн стратеги төлөвлөгөөгүй зүгээр л орон нутгийн мөргөлдөөн маягаар хандсан нь тодорхой байдаг. Тэртээ 80 жилийн өмнөх үйл явдлын үнэн зөв, бүрэн зураглалыг эрдэмтэд, түүхчид, цэргийн эрхтнүүд болоод иргэд ч гаргах л ёстой.
Д.Б: Энэ кинонд Японы ерөнхий сайд Танака Гиичигийн нэрээр алдаршсан “Танака меморандум” байсан гэж ярьсан. Харин 1995 онд НКВД-ийн өндөр албан тушаалын бэлтгэл офицер В.Павлов “Новости разведки и контрразведки” сэтгүүлд энэ санамж бичиг нь 1931 онд Зөвлөлтийн тусгай албаны зохиосон хуурамч зүйл гэдгийг илчилсэн. Яагаад ОХУ-ын БХЯ-ны телевизээр ингэж илт худал ярьж байгаа юм бол?
Е.Т: Би ОХУ-ын БХЯ-нд огт хамааралгүй учраас энэ асуултад хариулж чадахгүй нь ээ, ойлгоорой. Зөвлөлтийн офицер хийгээд удирдлагуудад заасан, ихэд дасал болсон, олон олон домгоос бүрддэг Зөвлөлтийн түүхээс хүмүүс тэр бүр хагацах дургүй байдгаас үүдэлтэй болов уу л гэж би бодож байна. “Танакагийн меморандум” бодит уу, зохиомол уу гэдгийг шүүх надад хэцүү. Зохиомол байж тун болзошгүй, тиймэрхүү бодол санаа Японы удирдлагын дунд байсан, гэхдээ тэр нь меморандумаас үүдэлтэй юу гэвэл өөр асуудал. Харин хуучин дайсан Японыг мангас мэтээр тиймэрхүү суртал ухуулга хийвэл илүү хялбар. Түүх хэдий ярвигтай ч Япон эзлэн түрэмгийлэгч гүрэн байсан нь эргэлзээгүй. Япон хөрш орнууд, Японтой шууд хиллэдэггүй Монголд ч бодитой заналхийлж байсан, гэлээ гээд цэргийн түүхийг хүүхэд ч ойлгочих хэмжээний энгийн болгон хялбаршуулж болохгүй. Япончууд муухай, бүхнийг байлдан дагуулж, эзлэн түрэмгийлэхийг санаархсан. Тийм ээ, тэд нар муу, түрэмгий байсан, гэлээ гээд тэднийг “Танакагийн меморандум” шиг ил цагаанаар ойлгох аргагүй, япончууд бол илүү ярвигтай хүмүүс шүү дээ. Тиймээс би энэ асуултад яагаад тэгсэн бэ гэвэл сурсан зангаараа хийсэн зүйл гэж хариулмаар байна.
Д.Б: Тэр кинонд бас Токиогийн “Хитоцүбаши” их сургуулийн хүндэт профессор Танака Хацухикогийн нэрээр эшлэл авчээ. Түүнийг Халх голын цэргийн ажиллагаа “Танакагийн меморандум”-ын дагуу эхлүүлсэн гэж хэлсэн мэтээр харуулж байна. Бид Танака Хацухикотой холбогдож тодруулахад “Энэ бол Зөвлөлтийн тусгай албаны суртал ухуулга байсан, одоо ч хэвээрээ байна” гэсэн юм. Хүнийг ингэж гүтгэж болох юм уу?
Е.Т: Уучлал хүсье. Ёс суртахууны хувьд гэсэн үг биз дээ? Байж болшгүй.
Д.Б: 1907 онд Орос, Япон хоёр нууц гэрээ байгуулсан байдаг. 1912-1916 онуудад баталгаажуулаад Зөвлөлтийн үед Того, Молотов нар гарын үсэг зурцгаан дахин баталгажуулсан. Уг гэрээгээр Монгол, Манжуур хоёрыг хувааж авахаар тохирсон байтлаа 1939 онд яагаад хоорондоо байлдсан юм бол?
Е.Т: Тэр үед Япон-Хятадын дайн эхэлж, харин Зөвлөлт Хятадыг дэмжих байр суурийг хэлбэрэлтгүй баримталж, Зөвлөлт Хятадыг сэтгэл зүйн хувьд дэмжээд зогсохгүй зэвсэг техникийн тусламж ч үзүүлж байсан учраас урьд хийгдсэн бүх гэрээ хүчингүй болсон. Үүнтэй холбоотойгоор өмнөх гэрээнд тусгагдсан Өвөр Монголын газар нутаг Японы нөлөөнд байна гэдэг асуудал тэс өөр болсон, тэр дундаа Монголын газар нутгийг хуваасан Япон-Оросын гэрээг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй, хэзээ нэгэн цагт Гадаад ба Өвөр Монгол нэгдэх ёстой, хэдий асар ярвигтай ч Оросын мэдэлд орсон нутгаа ч нэгтгэнэ гэж Богд хаан, Сүхбаатарын үеэс үзсээр ирсэн Монголын Засгийн газрын байр суурь огт өөр болсон. Өвөр ба Ар Монголыг нэгтгэх тухайд Монгол эргэлзэж байгаагүй. Нэг газар нутаг нийлэх ёстой. Тиймээс зөрчилдөх шалтгаан хангалттай олдоно. Энэ болоод Хятадын дайн дахь Зөвлөлтийн оролцоог Монгол дор хаяж л Өвөр Монголд нөлөөгөө нэмэгдүүлэх боломж гэж харсан. Тэнд Монголын тагнуул ажиллагаа явуулж, Улаанбаатараас санхүүждэг Өвөр Монголын Ардын Хувьсгалт Нам ажиллах нь хэвийн л үзэгдэл. Энэ утгаараа бол өмнөх бүх гэрээ хүчингүй болсон.
Д.Б: 1938 онд Хасан нууранд болсон Зөвлөлт-Японы мөргөлдөөний цаад улс төрийн учир шалтгааныг та юу гэж хардаг вэ?
Тр: Минийхээр бол нэн түрүүнд Япон-Хятадын дайнд Зөвлөлт оролцсон явдал. Хятадын армийн нөхцөл хүндэрсэн, Хятадад байсан Зөвлөлтийн цэргийн мэргэжилтнүүдийн хангалтгүй ажиллагаа, Япон давшиж хятадууд байршлаа алдсантай холбоотой. Хасан нуурын мөргөлдөөн Японы армийн үлэмж хэсгийг өөртөө хандуулж, Зөвлөлтийн зүгээс Алс Дорнодоор довтолсны улмаас Япон Хятад дахь цэргийн ажиллагаагаа хумихад хүрсэн. Нэгдүгээрт үүгээр эерэг зүйл болсон, баталгаагүй ч гэсэн энэ бол миний бодол. Зөвлөлтийн удирдлага Японы армийн байлдах чадварыг шалгасан. Үүнээс өмнө Япон-Улаан армийн хооронд ноцтой зөрчилдөөн гараагүй. Хэн нь илүүгээ сорих, ер нь бол тулалдаад үзчих нь илүү хялбар л даа. Тэр тусмаа Хятадын арми Японыхоос сул гэдгийг Москва мэдэж байсан хэдий ч яагаад манай цэргийн мэргэжилтнүүд хятадуудыг хангалттай сургаж чадаагүйг шалгахын тулд дайсан нь хэр хүчтэйг сорих хэрэгтэй.
Д.Б: Халх голын тулаан эхлэхээс өмнө, 1936 онд Зөвлөлтийн Улаан арми Монгол Улсын хилийг нэвтэрсэн. Үүнийг эзлэн түрэмгийлсэн гэж хэлж болох уу?
Е.Т: Би үүнтэй холбогдох бичиг баримтыг архивт биш өөр газар харсан. Цэрэг оруулах урьдчилсан хэлэлцээр Зөвлөлт, Монголын удирдлагуудын хооронд, миний мэдэхээр л Монголын талаас цэрэг оруулахыг хүссэн ёс төдий ч хүсэлт байгаагүй. Хэрвээ ийм явдал болсон аваас тусгайлан судлах хэрэгтэй. Монгол цэрэг оруулах хүсэлт тавиагүй атал Зөвлөлт цэргээ оруулсан бол мэдээж эзлэн түрэмгийлэл гэсэн үг. Яриангүй.
Д.Б: ХХ зууны болон өнөөгийн монголчууд ЗХУ-ын колони байснаа хүлээн зөвшөөрдөггүй. Харин ч ЗХУ-ын тусламжтайгаар өдий зэргийн хөгжилтэй улс болсон гэдэг. Хэрвээ ЗХУ ХХ зууны Монголын түүхэнд оролцоогүй бол, капитализмыг алгасахгүйгээр Монгол өдий зэрэгтэй болох байсан болов уу?
Е.Т: Их хүнд асуулт байна. Энэ асуултыг өөрөөр томьёолъё. Мэдээж ЗХУ Монголыг эцсийн дүндээ орчин үеийн улс болоход бүх салбараар тусалсан нь гарцаагүй. Үүнтэй маргахгүй. Хэрвээ ЗХУ Монголд тусламж үзүүлээгүй, хэрэгт нь оролцоогүй бол юу болохыг хэн ч мэдэхгүй, АНУ байгаагүй бол дэлхий ямар байхыг бурхан л мэдэх биз. Монгол-Зөвлөлтийн хамтын ажиллагаа, харилцаа холбоо тэгш бус байсан, би яг үүний тухай ном бичиж байгаа, тусламж гэж нэрлэсэн зүйл нь жинхэнэ утгаараа тусламж биш, колони орны тухай бичиж байгаа. Яагаад гэвэл Монголын ЗХУ-д үзүүлсэн тусламж ч бас асар их байсан. Энд харилцан ашигтай, маш хүнд хамтын ажиллагааны тухай ярих хэрэг гарна. ЗХУ Монголд үнэгүй байшин барилга үйлдвэр барихдаа Монголтой худалдааны шудрага бус, харилцан шүтэлцээгүй үнэлгээ тогтоосон.
Энэ тусламжийг ойлгомжтой ганц утга бүхий үйл явц болгон нэгтгэх маш хэцүү. Хаана нь туслаад, хаана нь колони шиг харилцаж байв, энэ зууртаа Зөвлөлтөөс эхтэй хэлмэгдүүлэлтэд үрэгдсэн олон хүн, Өвөр Монголыг өөртөө нэгтгэе гэхэд нь татгалзсан зэрэг үнэхээр хүнд бэрхийг даван туулж байж өдий зэргийн хөгжилтэй, цаашид өсөн дэвжих ирээдүйтэй улс болсон байдаг. Үүнд ЗХУ-ын болон Зөвлөлт Оросын удирдлагуудын гавьяа, үйл ажиллагаа ч бас хамаатай. Энэ бүхэн хэцүү басхүү ээдрээтэй. ЗХУ Монголд зөвхөн тусалж, хамгаалж ирсэн гэж яривал буруу. Дэлхийн II дайны үеэр Монголоос тусламж авсныг бүгд мэдсээр атал тэгж ярих нь эцсийн эцэст миний хувьд буруу. Энэ тусламж бол нэг талынх биш Орос-Монгол, Монгол-Орос гэдэг хоёр талын харилцаа юм. Манай хоёр улс үүнийг илүү шудрагаар харах хэрэгтэй.
Д.Б: Та манай хоёр орны хооронд шудрага бус худалдаа байсан гэлээ. Маш тодорхой хоёр жишээ хэлж өгөөч.
Е.Т: Тодорхой жишээ бол Монголоос ЗХУ-д нийлүүлдэг байсан түүхий эд-ноолуур. Нээлттэй сурвалжаас харахад л ЗХУ-д нийлүүлж байсан ноолуурынх нь үнэ Англид нийлүүлж байсантай харьцуулахад дэндүү хямд байсан. Энэ явдал их олон жил үргэлжилсэн. Хэлэлцээр ёсоор Монгол ноолуурынхаа ихэнхийг ЗХУ-д нийлүүлэх ётой байсан. Экспортыг нь хязгаарлаж байна гэсэн үг шүү дээ. Хуучны явдлыг сөхвөл 1920-оод онд Зөвлөлт Улс санаатайгаар Монголын Европын улсууд болон АНУ-тай тогтоох худалдаа-эдийн засгийн харилцааг нь хязгаарласан учраас Монгол дахь гадаадын компаниудын төлөөлөгчийн газрууд хаагдсан. Монголын төлөөлөгчид Зөвлөлтөөр дамжин өнгөрөх гэвэл нутаг руу нь буцаасан тохиолдлууд ч бас гарсан. Дэлхийн II дайны дараах, тухайлбал Эрдэнэт үйлдвэрийг байгуулсан нь ч бас л салаа зорилготой. Энэ үйлдвэр өдгөө Монголын төсвийн мэдэгдэхүйц хэсгийг өгч байгаа нь сайн хэрэг, гэхдээ анх төлөвлөхдөө бүтээгдэхүүнээ бүгдийг нь ганц Зөвлөлтөд экспортлох тооцоотой байсан юм шүү дээ. Монголд тухайн үйлдвэрийг барих үед ямар ашигтай байсан бэ, жишээ нь татвараа аль улсад төлөх вэ, ЗХУ-д уу, Монголд уу? Дээрээс нь Монгол үйлдвэрийг барихад өөрийн эзэмших хувьтай тэнцэх хэмжээний зээл Зөвлөлтөөс авсан. Хэрвээ энэ үйлдвэр Зөвлөлтийн эдийн засгийн төлөө ажиллах бол Монгол яагаад зээл авав гэхчилэн ойлгомжгүй юм их бий. Ямар ч ашиггүй, шударга бус гэдэг шошго зүүчихэж бас боломгүй. Эсвэл эсрэгээр нь Монголд үзүүлсэн Зөвлөлтийн харамгүй тусламж гэхээр бас худлаа. Ертөнцийн хар цагаан гэдгээс ч төвөгтэй, Зөвлөлтийн дарга нар ч хонжоо хайсан саарал эд. Бурхны авралаар Монгол ч туслалцаа авсан. ЗХУ, Монголын харилцаанд хүүхдийн зохиол лугаа адил хандаж болохгүй. Сайн багш, муу шавь гэдгээс чинь ч ярвигтай.
Д.Б: Таны номонд Москва Улаанбаатарыг бусад гадаад улс орнуудтай холбоо тогтоохыг хориглодог байсан гэжээ. Та үүнийхээ баталгаа болгож 1926 орны “Вилсон ба К” Америкийн компаний гэрээг цуцлуулсан гэсэн байна. Энэ юун тухай гэрээ байсан бэ?
Е.Т: Энэ асуултад шууд хариулахад хэцүү байна. Яагаад гэвэл би үүнийг эрт бичсэн. Тэгэхдээ Монголын түүхий эдийг Хятадаар дамжуулж гаргадаг байсан Америкийн компани юм. Илүү тодорхой юм хэлж чадахгүй нь ээ.
Д.Б: Ерээд оноос монголчууд түүхээ өөрөөр хардаг болсон, тухайлбал Барон Унгернийг үзэн ядах битгий хэл, түүнийг шүтэн бишрэгчид бий болжээ. Барон Унгерн таны хувьд хэн бэ?
Е.Т: За би хариулахыг бодъё, монголчууд надаас сайн мэдэх байлгүй дээ. Барон Унгерн хувь хүний хувьд ямар хүн байсан бэ, ямар генерал байсан бэ гэвэл Оросын иргэдэд ойлгомжтой. Харин Монголд байсан оросуудад бол тэр мангас, зандалчин, адгийн шаар байсан. Улстөрчийн хувьд бол дэлхий дахинд хаант засаглалыг тогтооно гэдэг нь эрүүл биш зүйл, энэ бүгдийг нийлүүлээд харвал цаг үеэ мэдрээгүй хүн. Харин хятадуудыг Монголоос яалт ч үгүй хөөсөн болохоор монголчууд түүнд шал өөрөөр, сайн хандаж болох л юм.
Тэрээролон зүйл хийсэн, эцсийн бүлэгтээ юуг баримжаа болгов? Энэ бол түүний асуудал. Эх орныг нь хятадуудаас чөлөөлсөн нь Монголд хийсэн эерэг зүйл. Өргөөд оросуудыг алж талсан нь орос хүн амын асуудал, монголчуудыг алаагүй шүү дээ, миний мэдэх баримтаас үзэхэд архи хэтрүүлэн уусан орос цэргүүдээ шийтгэдэг байсан, гэхдээ түүний цэргүүд монголчуудыг зовоогоогүй, нэг их зовлон учруулаагүй. Төрийн хэрэг явдалд нь хутгалдаагүй, дээр нь Налайхын уурхайн нүүрсний олборлолтыг сэргээхийг оролдсон, мөнгө хэвлэж гаргасан, Туул гол дээгүүр хэдэн гүүр барьсан. Тэгэхээр яагаад монголчууд түүнд муу хандах ёстой гэж. Монголд тэр муу юм юу ч хийж амжаагүй эсвэл сонирхолгүй ч байсан юм уу.
Д.Б: Яг одоо Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” уран сайхны киноны зураг авалт явж байгаа, зарим дүрүүдэд нь Оросын жүжигчид ч тоглож байна. Та номдоо Ю.Цэдэнбалыг гадаадын тусгай албаны тавиул байсан гэжээ. Түүнийг гадаадын тусгай албаны тавиул гэдгийг нотлох баримтыг та нүдээрээ харсан уу, аль улсын тавиул юм бол?
Е.Т: Мэдээж тийм баримт байхгүй, хэн ч хараагүй, энэ миний эргэцүүлэл, түүний төрд орсон хийгээд Монголын тэргүүн болсон нь улс төрийн логикоор ийм дүгнэлтэд хүргэсэн юм. Би тийм баримтыг яг харсан, мэднэ гэж хэлээгүй бас тэгж бичээгүй. Миний бодлоор бол тэр Зөвлөлтийн тусгай албанд ажилладаг байсан нь тодорхой. Энэ бол миний л бодол.
Д.Б: ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Халх голын 80 жилийн мэндчилгээгээ “Хуучин ЗСБНХУ-ын хүндэт иргэд ээ” хэмээн эхлүүлээд “Нийтлэг түүхийг маань ямар ч хамаагүй аргаар мушгин гуйвуулах гэсэн аливаа оролдлогуудыг бид үг дуугүй таслан зогсоох ёстой” гэж хэлсэн. Би энэ үгийг ойн арга хэмжээнээс өмнө хэвлэгдэн гарсан таны энэ номтой холбоотой гэж бодож байна, таны бодол?
Е.Т: Намайг хэтэрхий их өндөрт өргөсөн өнцөг байна, миний ном энд ямар ч хамаагүй гэдэгт би итгэлтэй байна. Яг одоо ОХУ-д түүхэн үнэний асуудлыг, түүхэн үнэн гэж юу вэ гэдэг асуудлаар маш өргөн дэлгэр, ид хэлэлцэж байна. Яг энэ сэдвээр, эцсийн дүгнэлт нь түүхэн үнэн бол Орост ашигтай байдлаар томъёологдох ёстой гэдэг маш сонирхолтой докторын ажил бичсэн манай Боловсролын сайд Мединский гэж хүн байдаг. Эндээс л И.К.Азизовын асуудал гарч ирж байгаа юм. Түүхийг гажуудуулах гэж юу билээ гэвэл хэд хэдэн асуулт гарч ирдэг. Нэгдүгээрт, Орост ашиг тустай гэдгийг нь авч үзвэл, тэр ашиг тусыг нь хэн тодорхойлох юм? Жишээ нь та, хүн нь ярвигтай ч авьяаслаг, Монголын шүтэн бишрэгч, гарамгай түүхч Лев Гумилевийг л мэднэ л биз дээ. Тэрээр Монголын эзлэн түрэмгийллийг зөв гэж боддог бол бусад түүхч буруу гэж үздэг. Үнэн нь хаана байгаа юм бол, үүнийг Мединский сайд шийдээд байгаа юм уу? Энэ бол хоёр дахь асуулт, нэгдэх асуулт бол үнэн ашиг тусаас хамаардаг уу? Эсвэл өөрийн үнэ цэнтэй юу? Түүхийн зөв бурууг ялган тайлбарлах оролдлого бол түүнийг гуйвуулж байгаа явдал. Энэ бол зөв арга барил биш. Үнэн хэзээд ганц л байдаг. Хоёр хоёрын дөрөв гэж үржүүлэхийн хүрдэнд бий. Ухаан нь, Герман 1941 онд Зөвлөлт рүү довтолсон, үүнтэй маргах аргагүй. Тиймээс үнэн хэн нэг хүнд таалагдахгүй бол тэр хүний л асуудал.
Б: Таны бичсэн түүх, танай албан ёсны түүх хоёр хоорондоо өдөр шөнө шиг ялгаатай байгаа нь гайхал төрүүлж байна. Таны судалсан олсон баримт бичгүүд хаанахын аль архивт байдаг вэ?
Е.Т: Нэгдүгээрт миний 10 жил ажилласан Улаан армийн архивын газруудад бий. Би тэдгээрийг шууд эшилдэггүй, тийм зөвшөөрлийн эрх ч надад байхгүй, харин архивт ажилласнаар түүхийг илүү мэргэжлийн түвшинд харах бололомж олдсон л гэж би хэлнэ. Миний нийтлэлүүд бас Халх голын тухай нийтлэл ч гэсэн юуны өмнө зохиогчийн өнцөг бөгөөд би нэг ч удаа эцсийн үнэн бол энэ гэж батлаагүй. Би тэдгээрийг судлах, баримт болоод үйл явдалд ойр байсан хүмүүсийн дуртгал дурсамж, бусад зохогчийн бүтээлтэй харьцуулан шалгах боломжийг л гаргаж өгч байгаа юм. Би өөрийгөө хэн ч мэдэхгүй чин үнэнийг түгээгч гэж боддоггүй, юун түрүүнд энэ бол зохиолчийн л харах өнцөг.
Д.Б: Түүхэн баримт, суртал ухуулга хоёрын ялгаа юунд байдаг вэ?
Е.Т: Бидний өнөөдрийн яриа яг наанаас чинь л эхэлсэн. Ядуу буурай, жижигхэн Монгол руу харгис догшин Япон эзлэн авахаар довтолжээ, харин сайхан сэтгэлт Зөвлөлт Улс Монголд туслахаар ирж Халх гол дээр япончуудыг бут цохисон. Энэ бол суртал ухуулга, яагаад гэвэл хялбархан, дэлхийн түүхийг арай дэндүү хялбарчилж байгаа юм. Халх гол нэртэй дэлхийн тодорхой нэг өчүүхэн хэлтэрхий дээрх явдлыг хэтэрхий хялбаршуулж түүхийн оронд хүүхдийн үлгэр болгосон. Үүнд янз бүрийн хүмүүсийн сонирхол, хүсэл, сэдэл сүлэлдсэн. Түүх ийм хялбархан байдаггүй юм.
Б: Түүхэн баримтыг үл тоодог улсын түүхч байх ямар вэ?
Тр: Плохо.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
габо
Зочин
Зочин
Зочин
Иргэн
Мояа
Зураач
Зочин
Зочин
Амгалан
Зочин
Tugs
мгл
Уулын Өвгөн
Өвөө
Сувд