Хамгийн зөв амралт бол чимээгүй орчинд нам гүм байх явдал юм. Чимээгүй орчинд л хүн өөрийгөө танидаг юм ш дээ. Өөрийгөө таниагүй байж өрөөл бусдын талаар ярих ч юм биш. Нэгэн жишээ ярья.  

Нэгэн удаа Бурханы сүм хийдэд шавьлан суудаг Бурханы олон шавь нараас нэг шавь өөрийгөө тун онцгой сайн шавь хэмээн боддог байжээ. Өглөг барьц хүсэн айл айлын хаалга тогших бүртээ өөр өөр олон  түүх зохион ярьж, шавь нар дунд мөн хов хутган ам нь зүгээр байдаггүй үргэлж ямар нэгэн юм ярьж явдаг шавь байжээ. Бусдаас ухаантай учир өөрийнхөө төлөө чангаар залбирч, бурханд ивээгдсэн мэт их багшынхаа өмнө  ил харагдах гэж хичээнэ. Тэр бээр  чинээлэг гэр бүлээс гаралтай ч гэсэн би өөрийгөө нээж, үнэн мөнийг хайх гэж шавь болж бусдаас илүү зүйлийг золиослон амьдарч байна хэмээн ярина.  Нэгэн өдөр их багш шавь нараа дуудан нэг сарын хугацаанд багшаас даалгавар аван, өөрийн хүчийг сэрээж, тэсвэр тэвчээрт суралцах тухай хэлж гэнэ. Гэхдээ өөрийн чадах хэмжээнд даалгавар авч нэг сарын дотор тэвчээр алдсан нь гэртээ буцна шүү гэлээ.  Бүх шавь нар нь өөрийн боломждоо таарсан даалгавар авахад өнөөх шавь багшдаа ирэн  өөрт нь тохирсон маш хэцүү  даалгавар авч өөрийгөө нэг сайн сорьмоор байна гэдгээ хэлэв. Багш нь инээмсэглэн түүнд ийнхүү хэлж:

- Чи миний өгөх даалгаврыг үнэхээр биелүүлж чадна  гэж үү? Чадахгүй л байхаа даа. Ямар ч боломжгүй учир өөрт таарснаа хэл гэжээ. 

- Багшаа би таны хэлсэн ямар ч даалгаврыг биелүүлж чадна гэв. 

Хариуд нь багш нь:

- Тэгвэл чи нэг сарын хугацаанд чимээгүй байгаарай. Амнаасаа нэг ч үг унагаж болохгүй шүү. Энэ чиний даалгавар хэмээв.

- Энэ даалгавар гэж үү? Нэг сар үг дуугарахгүй байж чадвал та үүнээс том даалгавар надад өгч чадах уу? гэв. 

- Эхлээд энэ даалгаврын биелүүлчих  гэлээ.

Тэр мөчөөс эхлэн шавь огт үг дуугарсангүй. Бутэн өдөр өнгөрлөө, их л амар санагдав. Хоёр дах өдрөөс үг дуугарахгүй байна гэдэг нь хэцүү санагдаж эхлэв. Гурав дах өндрөөс бүр ч хүнд санагдав. Дөрөв дэх өдрөөс бүр ч хэцүү болов. Харц хөдөлгөөнөөрөө өөрийгөө илэрхийлэх гэж дараагийн хэдэн өдрүүдэд зүдэрсээр бие нь хүртэл өвджээ. Хоол ч орохоо байж, нойронд муу болов. Түүний ганц хүсэх зүйл нь нэг үг ч гэсэн ярих юм сан гэх болов.  

Тэрээр багшийнхаа урд очоод ингэж бичиж өгөв.

- Багшаа, би ярьмаар байна. Ярихгүй болохоор амьсгалж чадахгүй нь. Би даалгавраа зогсоох уу? Яавал дээр вэ гэв. 

Түүний үгийг сонссон багш нь инээмсэглэж:

- “Даалгавар биелүүлэхгүй байх амархан. Харин ард нь гарсан хүн дотоод хүчийг олж мэдэрдэг юм. Нэгэнт дотоод хүчийг мэдэрсэн хүн бүрэн сэрдэг. Даалгавраа үргэлжлүүлэх эсэх нь чиний л сонголт. Гэхдээ иймхэн зүйлийг тэсээд гарч чадахгүй бол амьдралаас ирэх тэр олон даалгаврыг хэрхэн давах билээ” гэв. 

Үүнийг сонссон шавь ганц ч үг хэлэлгүй буцлаа. Тэр өдрөөс эхлэн шавь өдөр тутмын ажил хийх гэж л өрөөнөөсөө гарч, бусад үед дотроосоо түгжин чимээгүй суудаг боллоо. Арван тав дах өдөр ирэхэд олон шавь даалгавраа биелүүлж чадалгүй гэртээ буцаж байхад нөгөө шавь чимээгүй байсаар л байв. Дахин арван тав хоноход нэг ч үг унагасангүй. 

Багшдаа ирж ийнхүү бичиж өгөв.

- Багшаа, би гаднаа үг ярихгүй байгаа ч миний дотор олон хүн ярьж байна. Тэд бүгд л гомдол хэлж, муу муухайг ярьж байна. Би дотроо тэдэнтэй ярьж, олон зүйлийг асууж байна. Гаднаа хэдий чимээгүй байх гэж хичээвч дотор маань маш их чимээтэй байна. Би даалгавраа үргэлжлүүлэх үү? гэж асуулаа.

- Чиний дотор чимээтэй байсан цагт оюун санаа чинь чимээгүй болж чадахгүй. Анир үгүй болсон цагт даалгавар дууссанд тооцоорой хэмээн багш нь хэлэв. 

Үүнийг сонссон шавь маргааш өглөө нь хийдээ орхин одлоо. Олон хоног өнгөрсөн ч шавь нь эргэн ирсэнгүй. Даалгаврын хугацаа дууссан байтал шавиас нь ямар ч сураг чимээ алга. Бусад шавь нар түүнийг аглаг зэлүүд газар араатан амьтанд бариулж үхсэн хэмээн бодож хойноос нь  ном хүртэл уншихад багш нь харин огт тэгэж бодсонгүй. Нэг шавь түүнд ирж: - Багшаа, нөгөө их ярьдаг залууд ямар нэг зүйл тохиолдоогүй байгаа гэж асуув.

- Үгүй л болов уу, тэр шавь хүссэн зүйлээ олж авсан буй заа гэлээ.

- Багшаа, их ярих тийм хортой зүйл үү гэж асуулаа. 

- Бусдын тухай мууг ярьж явна гэдэг хамгийн муухай зүйл. Гэрт болж буй хэрүүл, хүмүүс хоорондын харилцаанд гарсан ан цав дандаа хэрэггүй үгнээс болдог. Хамаг сайхан эрч хүчээ хэрэггүй зүйл ярихад зарцуулна гэдэг хайран. Маш цөөн хүн чимээгүй байснаар олон зүйл олж болдгийг мэднэ, ихэнх нь амар амагланг олж чаддаггүй  гэж хариуллаа. 

Гурван сар өнгөрсөн ч нөгөө шавиас сураг үгүй. Сүүлдээ түүнийг мартаж эхэллээ. 

Гэтэл нэг өдөр өнөө шавь сүмдээ ороод эргэж ирэв. Ирэх ирэхдээ анх хийдээ орхин гарсан тэр хүн биш болжээ. Харахад амгалан тайван, харц нь тогтуун сайхан болсон байв. Түүний бусад шавь нарт талархан хэлэх үг бүр нь усны долгион мэт намуун сонсогдоно. Багшдаа очин өлмийд нь сөгдөн залбирч: 

- Багшаа, Би чимээгүй байж чадсан уу? Миний даалгавар дууссан уу? гэж асуув. Багш түүнийг сайтар шинжиж  харснаа:

- Тиймээ чи чимээгүй байж чадлаа. Даалгавраа биелүүлж байхдаа нэг ч үг хэлээгүй байна. Чи даагавраа сайн биелүүлжээ гэв.

- Тэр шавь багшдаа хандаж: Миний дотор сонсогдож байсан  бүх чимээ алга болох үед би үнэхээр  амар амгаланг мэдэрсэн. Хэрэггүй олон үгний оронд, хэрэггүй олон бодлын оронд  салхины чимээ, модны навчисны чимээ, усны урсгал, борооны дусал, шувууны жиргээг сонсдог болсон доо хэмээн ярьжээ.

Орчин үеийн хүмүүс хар багаасаа л чимээ шуугиан дунд өсдөг, бүх насаараа л үлэмж их чимээ шуугиан дунд амьдардаг. Хүмүүс хот газраас гарч хөдөө очоод нам унтдаг. Тэд цэвэр агаарт нам унтлаа гэдэг. Агаараас болж нам унтсан юм биш. Чимээ шуугиангүй байсан тул нам унтаж сайхан амардаг юм. Иймд орчин үеийн хүмүүс огт чимээгүй газар, мэдээж сайхан агаартай, устай,  цэцэг ногоо ургасан  газар амрах нь чухал. Нэг зүйлийг сайн санаж бай. Ийм газар амарч байхдаа  нэг ч гар утас, радио, хөгжим, телевизорь , мотор, машины дуу чимээ  огт сонсохгүй байж   хөл хөөрцөгнөөсөө  салах нь чухал. Чимээгүй газар судар уншиж, бясалгал хийж, дэмий бодлуудаасаа салах хэрэгтэй. Ингэж байж л хүн сайхан амардаг юм. 

Би нэгэн удаа Монголд Д.Ширэндэв багшийн заадаг Үлэмж үзэхүйн бясалгалд 10 хоног суусан юм. 10 хоногийн турш өглөөний 04 цагаас үдшийн 22 цаг хүртэл анир чимээгүйн дунд бясалгал хийж  юү ч ярихгүй, нэг ч үг дуугарахгүй, зөв амьсгалж, зөв бясалгаж, цагаан хоол зооглож сурсны дараа бие сэтгэл хөнгөрч оюун ухаан саруулсаж  ер бусын амар амгалан болж билээ. Бясалгалын дараа үг дуугарах ч сонирхолгүй болдог юм билээ. Зөвхөн анир чимээгүйн дунд  бясалгал хийх ихэд чухаг юм байна гэдгийг ойлгосон доо.  

Нөхөд минь. Монголчуудын нөгөө хуучин муу зуршлаараа  ан гөрөөнд явж тарвага алж, боодог хорхог хийж, загас барьж, баахан олон хүмүүстэй нийлж архи дарс ууж, тамхи татаж, хөзөр даалуу тоглож хамаг цагаа дэмий үрж балрав  даа.  Зөв амарна гэдэг том соёл шүү. Та бүхэнд зөв сайхан амарч,  Амар амгаланг олохыг ерөөе.

                    2024.06.11