Энэ үг сүүлийн үед их моод болж. Имиждээ анхаардаг хөөрхөн охидын сонинд өгсөн ярилцлагаас авахуулаад сонгуульд орж байгаа улс төрийн луг зүтгэлтнүүд хүртэл үргэлжлэнэ. Үг нь шинэ болохоос ухагдахуун нь эртний эд. Бусдад ямар сэтгэгдэл төрүүлж буйг л хэлж буй хэрэг. Гадаад өнгөнөөсөө гэхээс дотоод чанарыг нь хүмүүс юу гэж үнэлж байгааг, өрөөр хэлбэл бусдад ойлгогдож байгаа үнэлэмж юм.

Хэн нэгний тухай бид өөрийн төсөөлөлтэй байдаг. Харамч, худалч, хулгай хийж магадгүй, хэлсэндээ хүрдэг, ухаалаг, шал мангуу гээд л. Тухайн хүний талаар олон хүн ингэж бодож байвал тэр нь имиж болно. Имиж үнэн ч байж болно, худлаач байж болно. Гадаад төрхнөөс болж хүний зан чанарын тухай буруу имиж үүсэх нь их. Мөн урьдын хийсэн үйлдэл, хов жив, цуурхал, зарим санаандгүй алхам хүмүүсийн дунд буруу төсөөлөл ойлголт буй болгодог. Үүнээс гадна тухайн хүнд буй болсон имижийг бусдад нь нааж ойлгох явдал маш түгээмэл. Увсынхан тийм, эмэгтэйчүүд ийм, Гонгорынхон тийм, цагдаа нар ийм гэх мэт. Үнэндээ цагдаа нар ч, эмэгтэйчүүд ч хоорондоо нийтлэг гэхээсээ ялгарах юмаараа их. Нөгөө талаас нэгэнт буй болсон имиж барагтай бол арилдаггүй. Нэг л хулгай хийгээд баригдсан бол хүн болгон тэр имижээр нь харна. Муу нэрийг хусавч үл арилна, сайн нэрийг хүсэвч эс олно гэдэг имижийн тухай яриа.

Үндэстэнд өөрийн имиж байдаг. Оросууд эх оронч, америкчууд прагматик, германчууд нягт нямбай, хятадууд наймаачин, жүүд нар ухаантай, шотландууд харамч гэх мэтээр олон хүн шууд ойлгодог. Үнэндээ ийм ч байж магадгүй, үгүй ч магад, юутай ч бүх шотланд хүн харамч биш, бүх жүүд ухаантай биш нь ойлгомжтой.Гэхдээ л бид ингэж ойлгодог, яагаад гэвэл тэр үндэстний нийтэд түгсэн төсөөлөл имиж. Имиж өөрчлөгддөг. Зуун жилийн өмнө япончуудыг залхуу назгай гэж үздэг байж. 50 жилийн өмнө тэдний бүтээгдэхүүнийг хямд, чанаргүй гэж үнэлдэг байж. Одоо ямар билээ? Гэхдээ ингэж өөрчлөгдөхөд хэцүү, цаг хугацаа, нөр хөдөлмөр орно. 

Монголчууд ямар үнэлгээ имижтэй вэ? Үнэндээ ямар ч имижгүй өдий хүрсэн юм. Мэддэггүй л байхгүй юу даа. Монголын тухай 1990 онд “Мартагсан орон” нэртэй ном Англид гарч байлаа. DHL гээд дэлхийг нөмөрсөн нэгэн шуудангийн компани байх. Тэд 1987 онд дэлхийг бүрэн хучсан, Антрактидад ч хүрч чаддаг болсон хэмээн томоохон хүлээн авалт Лондонд зохиожээ. Харин дайллагад байсан нэгэнбээр DHL-ийн очоогүй газар байгааг дуулгав. Куба, Хойд Солонгос хоёрт улс төрийн шалтгаанаар очиж чадахгүй байгаадаа хүлцэл өчнө. Үүнээс өөр нэлээд том газар нутагтай бас нэг орон онгорхой үлдсэн гэж ярихад эзэн ихэд эгдүүцэж үнэхээр тийм бол 10 мянган паундаар шууд мөрийцье гэжээ. Монголд тэдний компани очоогүй байгааг мэдсэн эзэн мөрийд мөнгөө алдсандаа биш, ийм том газар нутгийг онгорхой орхисондоо ихэд ичсэн гэдэг. Дэлхийд газар нутгаараа 17-д орох том орон үнэхээр мартагдсан газар байсан юм. 

Соёл боловсролтой хэн ч Чингис хааныг мэднэ л дээ. Дэлхийн бүх сургуульд түүхийн хичээлээр заадаг. Ихэнх газарт тэрээр зэрлэг балмад, галдан шатаагч, эзлэн түрэмгийлэгч гэдэг имижтэй. Боссон юмыг нураагаад байдаг хүнийг солонгосчууд Чингис гэдэг бол, хүүхдээ айлгах гэхээрээ араб персүүд “Чингис ирнэ шүү” гэнэ. Мангас, эрлэг гэсэн санаа. Оросуудын хувьд Чингис бол ер бусын балмад эзлэн түрэмгийлэгч. Ямарсайндаа Бухарин Сталиныг “Телефонтой Чингис” гэж хочилж байхав! Чингисийн байлдан дагууллын тухай хамгийн ихээр түүхчлэн бичсэн хүмүүс нь араб персүүд, ялагдсан тэд л их хааны тухай ийм имиж анхлан тараажээ. Харин сүүлийн үед энэхүү байлдан дагуулал нь дэлхийн түүхийг өөрчилсөн тухай, үүний хүчээр өрнө дорнын соёл солилцоонд орсон тухай, Чингис хааны менежмэнт аугаа байсан тухай яригдах боллоо. Гэхдээ л сайнаасаа муу имиж нь хэвээр хадгалагдсаар байгаа.

Монголчуудыг маш сайн мэдэх үндэстэн бол оросууд, хятадууд. Хятадууд монгол болон бусад нүүдэлчдийг бүдүүлэг, зэрлэг, дайчин, хүчирхэг, догшин гэж нэрлэдэг төдийгүй ойлгодог. Энэ имиж тэдний дунд нэн эрт бүрэлдсэн ба одоо ч амь бөхтэй хэвээр. Одоо ч тэд монголчуудаас бишүүрхдэг, “хүндэлдэг”, бүдүүлэг соёлгүй гэж басамжилдаг. Оросууд, ялангуяа тэдний язгууртнууд монголчуудтай ихээхэн цус холилдсон. Хожим Карамзин “монгол-татаарын дарлал” гэсэн нэр гаргаж имиж бүрдүүлжээ. Харин коммунизмын үед Монголд нийтдээ нэг сая орчим оросууд ирж байсан учир монголчуудыг өөрсдийн ихээхэн басамжилж үздэг чукча үндэстний зэрэгт үзэх болжээ. Оросын шогчид дорд үзэх юмныхаа жагсаалтанд юун түрүүн монголыг оруулна. Үгүйдээ л Олимпын наадмын үеэр тайлбарлагч Монголын тамирчид гараад ирүүт л доромжилж басамжилж гарна даа. Яагаа ч үгүй шүү дээ, бусад орны нэгэн адил манайхан зүгээр л жагсаад явж байхад.

Сүүлийн хориод жилд монголчуудыг энд тэндгүй мэдэх болжээ. Монгол гэж мэдэхгүй япон, солонгос хүн лав үлдээгүй байх. Бөхчүүд, хар цагаанаар ажиллагсад юутай ч өөрсдийгөө таниулсан. Өнгөрсөн жил бидний хориод хүн Америкт очиход гаалийнхан онцгой анхааран шалгаж байна билээ. Мах болон эм тариа их оруулдаг учир андахаа больсон гэнэ. Франц, Швейцарьт манайхан их хулгай хийдэг учир тийм имижтэй болж байх шиг, юутай ч цагдаа, дэлгүүрийнхэн сайн мэддэг болжээ. Солонгост гайгүй нэртэй, ажилд сайн, ер нь элгэн садан гэдэг утгаар. Япончууд хятадаар дамжуулан биднийг бие томтойхүчирхэг, догшин ширүүн гэж ойлгодог байсан нь сумочдоор дамжин баталгаажиж байх шиг. Монгол нээлттэй болохын хэрээр гадныхан их ирэх боллоо. Бидний цамаан, ам ажлын зөрүүтэй, баярхуу, цаг баримталдаггүй, мэддэхгүй юмгүй мөртөө хийж чадах юмгүй, хулхи, хийж байгаа юмаа хэзээ ч дуусгадаггүй чигт нь хаячихдаг зэрэг муу талууд танигдаж л байгаа байх. Гэхдээ нээлттэй, комплексгүй, ямар ч шинэ нөхцөлд амархан зохицдог, тусархуу зэрэг олон сайн талуудыг ч тэд ажиглаж байгаа. Нэг хэсэг манайд ирсэн сэтгүүлчид траншейнд амьдардаг хүүхдүүдийн зургийг авч гаргасаар байгаад биднийг цөмөөрөө газар дор амьдардаг юм шигээр төсөөлөх болж билээ. Одоо ч тэгэж ойлгодог улс цөөнгүй л байх. 

Дэлхий улам даяаршиж, биенээсээ хамаарах хамаарал өсөж байна. Бид хүн төрлөхтний нэг хэсэг. Бид тэднээс, тэд биднээс хамааралтай цугтаа амьдрах болно. Дэлхийд танигдаж эхэлж буй бидэнд эхнээсээ сайн имиж хэрэгтэй. Фрэнсис Фүкүяама “Итгэл” гэсэн ном бичсэндээ дэлхийн үндэстнүүдийн имижийг судалжээ. Өнөөгийн дэлхий япон, герман хүнд хамгийн их итгэдэг юм байна. Хүнийх нь чадварт ч, бараа бүтээгдэхүүнийх нь найдварт ч. Латин, африк зэрэг үндэстнүүдийн итгэлийн итгэлцүүр тун бага. Энэ нь тухайн үндэстний ямар имиж бүрдүүлж чадсанаас болж буй хэрэг. Бид ч ялгаагүй Боливт хийсэн тариур, Жибуттид үйлдвэрлэсэн эм, Папуа Гвинэйн чихэр хэрэглэхээс татгалзах вий. Тээр жил манай Засгийн газрын зөвлөхөөр Сүхдэв алав гэсэн сонин нэртэй балба хүн ирсэн нь сонин хэвлэлийн доог тохуу болж байсан. Магадгүй Сүхдэв гуай сайн мэргэжилтэн байж болох, гэхдээ л улсынх нь имиж онцгүй байсан хэрэг. Ойрмогхон Солонгосын нэгэн компаний урилгаар францчууд мэргэжилтэн илгээжээ. Ирсэн мэргэжилтэн монгол хүн байсанд тэд гайхсан төдийгүй дургүйлхсэн гэдэг. Мундаг хүн болоод л явуулсан байж таараа, гэхдээ ийм нарийн мэргэшил имиж хоёр нь таарахгүй байгаа хэрэг.

Бид бусадтай адил, тэднээс дутахгүй байж энэ имижийг бүрдүүлэх нь гол юм. Харин ойрын нэлээд олон жил монгол хэмээх онцгой бүтэц бүхий Субъектийн тухай бид л өөрснөө их ярих боллоо. Хүн сонсвол ичиж үхмээр. Нэлээд дажгүй боловсролтой болов уу гэхээр олон хүн надаас монголын онцгой генийн талаар асууж байсан. Солиотой улсуудын ийм яриа сонссоор байгаад сүүлдээ өөрснөө үнэмшдэг болчиж. Хэрэв бид бусад үндэстнээс өөр онцгой гентэй юм бол хомо сапенс буюу ухаант хүн хэмээх биологийн зүйлд үл хамаарах ямар нэг өөр амьтан болж хувирах нь байна. Хүнд 30 мянга орчим ген бий, түүн дотор эскимос, камбожи, монгол хүний ген гэж юм байхгүй. Хүмүүс хоорондоо соёлын л ялгаатай. Хүн сармагчин хоёрын гений бүтцийн 90 гаруй хувь нь яг адил байдаг. Гэтэл бид хомо сапенсаас өөр тэрхүү монгол ген гэгчээ ариун цэврээр нь хадгалах тухай их ярихыг нь яана! Монгол хүн тэнгэр заяатай л гэнэ. Бусад үндэстэн тэгээд ямар заяатай хэрэг вэ? Генетикчдийн үзэж байгаагаар 20 мянга гаруй жилийн өмнө хүний тодорхой популяцид хүүхдийн бөгсөн дээр цэнхэр толбо гарсан байна. Тэр үед монгол үндэстэн байтугай ерөөс хэл ч үүсээгүй байсан. Хүн анх Монголд биш Африкт үүсээд дэлхийгээр нэг тархсан гэдгийг шинжлэх ухаан хэдийнээ баталсан. Оюуны илтгэцүүр хүний амьдрах бүтээх, амжилт гаргах гол үзүүлэлт биш, гэхдээ үүнийг сонирхлын журмаар тогтоодог, зарим үндэстний дундажийг гаргасан судалгаа бий, харин судалгаанд монголчуудыг хамруулсан баримт алга. Бид бүх юмаараа бусдаас хоцрохгүй, гэхдээ онцгойрохгүй л байвал барав. Хүний зүйлээс өөр болж амьтнаараа дуудуулах л эвгүй шүү дээ.

2008 оны 10 дугаар сар 14