Аюултай болсон аюулгүй байдал
Төрийн анхдагч үүрэг бол хувь хүний амь нас, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах явдал. Хамгаална гэдэг нь аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, улмаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг хэлж байгаа юм.
Харин Монголын төр энэхүү анхдагч үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг сүүлийн өдрүүдэд болсон барилгын ослууд батлан харуулав. Олон арван энгийн иргэд зөв зүгээр явж байгаад осолдож байгаа нь дан ганц барилгын салбар ч биш. Түүнээс дутахгүй олон хүний амийг авч одож байгаа эрүүл мэнд, хүнс, зам тээвэр болон нийтийн хэрэгцээний бусад үйлчилгээ, Улаанбаатaр хотын агаар зэрэг аюулгүй байх ёстой асуудлууд аюултай болчихоод байгаад иргэд түгшиж байна.
Төр үндсэн үүргээ яагаад биелүүлж чадахгүй байна вэ? Гол шалтгаан нь төрийн байгууллагуудын хөдөлмөрийн хуваарилалт уусан арилж, удирдлага нь манлайлах чадвараа алдсаны улмаас хэн нэгтэй нь хариуцлага тооцох аргагүй болж, төрийн үндсэн үүргийг гүйцэтгэх ёстой байгууллагууд нь авлигад зэвэрч, хүнд сурталд живээд ажлаа хийж чадахгүй, институцийн хувьд хөгжин бэхжихийн оронд улстөрчдийн хөлжин бэлждэг зогсоолууд болсонтой холбоотой.
Энэ бүхнийг өөрчлөхийн тулд монголчууд төр засгийн жолоог улс төрийн өөр хүчинд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр Ардчилсан Намын гарт Монголын төрийн хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал бүгд төвлөрөөд байна. Эдийн засгийн болон хүн амын хагас нь болсон нийслэл хотын удирдлага ч энэ намын гарт орлоо. Харин тэд одоогоор юу хийж, ямар урхагийг арилгаж эхэлсэн бэ?
Шинэ засгийн хуучин алхам
Ялгаа нь багасч буй төр засгийн хөдөлмөрийн хуваарийг тодруулж чадсангүй. Эвслийн намуудын Их Хурлын гишүүдийн ихэнх нь буюу хууль тогтоогч 76 хүний гуравны нэг нь гүйцэтгэх засаглалын давхар малгай толгой дээрээ тавьж, Засгийн газрын сайд боллоо. Төр засгийг чадмаг, цомхон болгох тухай ярьж байсан ч Ардчилсан Нам яамдын тоог нэмж, Төрийн нарийн бичгээс гадна дэд сайдтай, зарим яамыг бүр хоёр ч дэд сайдтай болгов. Харин бодлогоо барьдаг төрийн яамд ямар хэлбэрээр бизнест орох нь одоогоор тодорхой биш байна.
Хотын шинэ дарга зөвшөөрөлгүй баригдаж буй 80 байшингийн цахилгааныг арай чүү тасаллаа. Дараачийн алхам юу байх бол? Зөвшөөрөлтэй ч бай, үгүй ч бай иргэдийн аюулгүй байдалд онцгой саад учруулж буй барилга, хашаа, бусад байгууламжуудыг цэгцлэхийг шинэ удирдлагаас иргэд нь хүлээж байна. Өмнөх удирдлагуудын олон жилийн турш хуйвалдан үйлдсэн газрын наймаанаас улбаатай аюултай байдлыг тодорхой объектоос эхлэн өөрчилж, холбогдох этгээдүүдтэй хариуцлага тооцож чадах уу? Эсвэл улс төрийн хүчнүүд тэгсхийгээд хоорондоо тохиролцож, нэр усаа задлахгүй дүмбийгээд өнгөрөх болов уу?
Аюултай байдлын түгээмэл хэлбэр
Нийгмийн аюулгүй байдлыг алдуулж буй хамгийн түгээмэл зүйлийг тодорхой ярих цаг болжээ. Тухайлбал, явган хүний замыг эзэлсэн хашаа, явган зорчигч машины зам руу орохоос өөр аргагүй болсон, байнга том, жижиг осол гардаг уулзварууд, туслах замуудаас эхэлж болно. Сөүлийн гудамжны нэг уулзвар дээр “Лос Анжелес” нэртэй ресторантай таван давхар байшин бий. Явган хүний замыг дээрэмдэн барьсан ар талынхаа хашаанаас байшин хүртэлх зайд хогоо хаяж, угаадсаа асгасаар олон жил болж байна. Уулзварт нь замаа булаацалдсан хүн, машин бөглөрдгөөс чадах чинээгээрээ хашгирч, дуут дохиогоо чарлуулдаг. Хашааных нь булан хөдөлгөөнийг хаасан учир бүгд л түүгээр гэтэж дөхдөг.
Энэ дэд уулзварын зүүн хойно “Браухаусын” подвалд “Экстра” гэх герман барааны дэлгүүр байдаг. Хаалга руу нь орохын тулд налуу замаар уруудах ёстой бөгөөд энэ нүхэн хонгил хайс хамгаалалтгүй учир хүмүүс их л болгоомжтой зөрдөг. Эл нүхэн хаалга руу энэ зун нэг хүн унаж нас барсан боловч одоо болтол хайс хамгаалалт хийгээгүй л байна. Уг нь цагдаа сэргийлэхийнхэн ирээд, сүржигнээд л байсан юм. Хэдэн хүн үхсэний дараа хийх юм бол. Иймэрхүү газруудад хүний аюулгүй байдлыг хангуулах, эсвэл үйл ажиллагааг нь зогсоох төрийн болон даатгалын систем байх ёстой шүү дээ.
Бас нэг жишээ бол уулзвар бүр дээр байдаг үзэгдэх орчныг хааж байрлуулсан явган сурталчилгааны самбарууд. Машин ирж байгаа эсэхийг харах гэхээр самбар дүүрэн инээсэн хүн нүүр таглана. Замын уулзвараас тодорхой зайд самбар тавих журам тогтоож болохгүй юу?
Энэ мэт жишээг хуурамч бараа, хулхи эм, хортой хүнс гээд олон жишээн дээр ярьж болно. Аюултай байдал биднийг хаа сайгүй отож байгаа. Тиймээс аюулгүй байдлаа хангуулах талаар төр засгаас нэхэл хатуутайхан шаардахгүй бол тэд сайн дураараа хийхгүй л болов уу?
Барилгын салбарын аюулгүй байдлыг хангахын тулд холбогдох бүх стандартыг тогтоож, мөрдүүлсэн байхыг л төрөөс шаардъя. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар барилгын чанарыг хянана, даанч хүн хүч хүрэхгүй байна гэсээр арван жил болсон хэрнээ “Манайхыг барилгын чанарыг шалгах ёстой гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй” гэж МХЕГ-ын дарга нь хэлж байх юм. Хүн осолдохоос өмнө түүнийгээ хэлж байхгүй яасан юм бол оо. Бултах гээд бүлтэрсний жишээ энэ.
Яамдын ажил үүргийн хуваарийг тодорхой болгож өгмөөр. Тэд аж ахуйн ажил хийдэг байж таарахгүй шүү дээ. Яам бодлого, шаардлага гаргаж хэрэгжүүлэх, түүнийг хянах үүргийг хувийн компаниуд, мэргэжлийн холбоодод өгч, өрсөлдүүлэх замаар хэрэгжүүлж болно.
Иргэн таны үүрэг
Аюулгүй байдлаа хангах нь нөгөө талаас хүн бүрийн үүрэг. Ялангуяа бага насны хүүхдийн аюулгүй байдлыг эх эцэг нь бүрэн хариуцах ёстой. Гэтэл нялх хүүхдүүдээ гэртээ цоожлох, түлэх, хөлдөөх зэргээр ахуйн осолд өртүүлэх, машины урд талын суудал дээр авч явах, гарцгүй газраар хөтөлж гүйх мэтийн эрсдэлтэй үйлдлүүд хийсээр. Өдөр бүр өч төчнөөн хүүхэд амь насаа алдаж байна. Машины арын цонхоор цээжээ гаргаж яваа хүүхдүүд эргэлтэн дээр шидэгдэх аюултай. Хувь хүний хариуцлагаас хамаарах энэ мэт олон эрсдэлийг бусад орны жишгээр хууль гаргаж зохицуулах шаардлагатай байна.
Төр засгийг цомхон байлгах, хариуцлагатай болгох, иргэдийн аюулгүй байдлыг хангах, төлөөллийн биш шууд ардчиллыг хөгжүүлэх тухай Ерөнхийлөгчийн гадаад, дотоодод айлдаад байгаа “цог жавхлант” үгүүдийг Засгийн газар нь хэзээ бодит ажил болгох юм бол?
Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах нь төр засгийн нэн тэргүүний үүрэг бөгөөд монгол хүн бүр амьд явах эрхтэй.
Зочин
Zaya
eej
Зочин
Зочин
Ǻâ íèéòëýë
Зочин
d temuujin
GANTULGA
Навчаа
Zochin
бандь
goe
hi
Омбол
зочин
Bayaraa
Boldoo
zochin
Зочин
z
T
Зочин
Зочин