Ажил хайсан улс гадуур дүүрэн. Хажуугаар нь ажилд авах зар пиг.

2012 оны сонгуулийн үр дүнтэй холбоотой улс төр, төрийн байгууллагын халаа сэлгээ дээрээсээ доош тас­ралтгүй үргэлжилж байгаа тухай үйл явдал бол тусдаа сэдэв.

Ер нь хэн нэгнийг улсын ба хувийн байгууллагад хэр­хэн ажилд авах, байх талаар ажил олгогч нар янз бүрийн санал хэлдэг юм. Ялангуяа хувийн хэвшлийнхэн хариуц­лагатай, тогтвортой ажилчин, ажилтны эрэлд хатаж явдаг гэнэ. Найдвартай нь дээр гээд дэмий л хамаатан саднаа хажуудаа татдаг боловч "Уул усны ойр дээр боловч ураг төрөл холхон байх" юутай үнэн ажээ гээд хожим тол­гойгоо шаах нь олонтаа. Эгч дүүс, хүргэн худ гээд чадвар­тай, чадваргүй, мэргэжил ч үгүй нөхдүүдийн цуглуулга хэл ам татлахдаа л мэргэн болохоос ажил урагшилж өгөхгүй. Харин ч бүр дампуу­руулж дараа нь халж ч бол­доггүй авч болдоггүй үйл үзчихнэ.

Одоо аж ахуй эрхэлж бай­гаа пүүс, компаниуд түрүү­чээсээ тухайн салбарынхаа зах зээлд баттай байршиж, үе залгамжлан дагнах чиг хандлагатай болоод байна. Боловсролын чиглэлээр биз­нес хийгээд овоо гаршиж байснаа  гэнэт ашиг хараад уул уурхай руу давхиад орчих­дог байсан "ороо бус­гаа" үеэ даван тууллаа. Бай­гууллагад "татвар аргалдаг сайн нягтлан" эрэлттэй бай­сан бол одоо ирээдүйг зөв томьёолдог эдийн засагч гэдэг мэргэжил эргээд хэрэг болж байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээг мэргэн тодор­хойлж чаддаг, тав арван жи­лийн дараа яавал зохилтойг маш үндэслэлтэй судлаад тогтоочих шаардлага дун­даас дээш гарын бүх ком­паниудад бий.

Тэгвэл нөгөө талд уг бай­гууллагад ажилд орсон ажил­чин ирээдүйд юунд хүрэхээ хамгийн ойлгомжтой хэл­бэрээр мэдэж болох уу?  Энэ тухай эдийн засагч мэргэжил­тэн шинээр ажилд орогсдод сайтар тайлбарлаж хөдөл­мөрийн гэрээ үзэглэх болох байх. Бүр аж ахуй, үйлчил­гээний цалин цаваг багатай ажилд орсон хүнтэй хүртэл тохироо хийж "Та иймэрхүү ажиллаад дараа нь байр сав ч юм уу, шагнал нэмэгдлийн нөхцөлд хүрнэ" гэхчилэн ам өчгөө авалцдаг болжээ. Эндээс ажилчин нь сэтгэл ханамжийн баталгаа гар­гуулж урт удаан хугацаагаар, магадгүй бүр насан туршид ажиллах тогтвор суурьшил бий болно. Ажиллагсад ажил­даа гаршиж гар нийлсэн тэр цагт компанийн тогтвортой хөгжих үндэс суурь тавиг­дана.

Социализм байгуулж, бай­­гаагүй өрнөдийн ба дор­нын орнуудын ажилчин, ажил­тнууд ажилд орох гэж яаж үйлээ үздэг, орсон хойноо халагдчихвий гэсэн түг­­шүүрт ямагт автагддагийг бид харгис капитализм хэмээн жигшиж ирсэн. Японд гэхэд л үе залгамжилж ирсэн ажлаасаа халагдах, эсвэл уг компани нь бүхэлдээ дампуу­рахад  тухайн өрх айл үндсэн­дээ сүйрч байгаа тухай биш­гүй л сонссон байх. Нэг нь гуйж түүж, нөгөө нь голж шилж байж нэгэнт ажилтай болоод авчихвал тэрнээсээ мөд салах­гүй байх тийм харилцан сэтгэл ханамжийг л "АЖИЛ" гэдэг бололтой. Одоохондоо бид ороод л , болиод л, тэгс­нээ буцаад ирж ч байх шиг. Сүүлийн үед гадаад дотоо­дод их дээд сургууль дүүргэ­сэн буруу талдаа маш овжин зан сурчихсан залуус ажил олгогчдыг ёстой нэг "цавчиж" байгаа харагдах юм. Амны фигуртэй, эхлээд танилцахад мэдэхгүй чадахгүй юм байх­гүй, нуль менежмэнт, шинэч­лэл ярьж толгойг нь эргүүлээд итгэлийг нь даагаад авдаг. Зоримог алхам хийж байна гэж байна панаалдаад хамаг хөрөнгийг нь үрэн таран хий­гээд бултчихсан тохиолдол салбар бүр дээр дуулдах боллоо.

Хуучин захиргаадалтын үед боловсон хүчний нэгдсэн бодлоготой, хэн хаана юу хийж байсныг нь "Хөдөл­мөрийн дэвтэр" гээч юмнаас нь уншаад мэдчихэж болдог байв. Одооны цахим ертөн­цөд ухаалаг иргэний үнэм­лэхний адил тийм чип бүхий мэдээллийн нэгдсэн сантай болмоор байгаа юм. Урьд өмнө ажил хийж байгаагүй хүн гэж бараг үгүй. Одоо яагаад ажилгүй болчихсон юм. Хуучин хаана юу хийж манаргаж явсан нөхөр яагаад ямар үндэслэлээр ажлаасаа гарчихсан тухай хувийн нууцаас бусад мэдээллийг хариуцлагатайгаар бүртгэж авах шаардлагатай байна. Хожим тэтгэвэрт гарлаа гэхэд хуучин байгууллагаасаа бат­ламж авах шаардлагагүй тийм үнэн зөв мэдээллийн сан бий болчихвол ажилд орох гарах явдал үндсэндээ цэгцэрэх болов уу. Байгуул­лагын "болов­сон хүчин" ажил хүсэг­чийн нэр овог, мэр­гэж­лийг компьютерийн сүлжээ­нээ­сээ ганц хараад л бүх учир шалт­гааныг олчихдог тийм тог­толцоо хөгжингүй улс орнуу­­дад хэвшээд байна. Нийт хөдөлмөрийн насны хүмүүсээ ингээд бариад ав­чихаар иргэд тогтвор суурь­шилтай болж байгууллагад ч, хувь иргэнд ч худлаа ярих шаард­ла­гагүй аль алиндаа амар юм.

Танил талаа ашиглаж худ­лаа тодорхойлолт гар­гуул­бал түүнээс үүдэлтэй хо­хи­рлыг тодорхойлолт гаргагч өөрөө үүрэх журмыг хуульч­лах шаардлага гарах байх. Хэдийбээр гэмт хэрэг үйл­дээгүй ч тухайн хүнийг ажилд авах боломжгүй олон шалт­гаан байдаг. Үүнийг үнэн зөвөөр нь "духан дээр нь наагаад" байвал дараа үедээ том сургамж болж аливаа ажлыг үнэн сэтгэлээсээ хий­дэг, хөдөлмөрийн бүтээмж дээшилдэг, тэр хэрээр амьд­рал нь сайжрах сайн үр дагаврууд хөврөх болно. Бид одоо алийн болгон нэгнийгээ хулхидаж амьдрах юм. Гадуур ажил хайсан, түүний хажуугаар ажилчин хайсан зар мэдээ пиг дүүрэн. Энэ юуг хэлээд байна вэ? Цөөхүүлх­нээ байж нэгнийгээ таньж чадахгүй болтлоо, итгэхээ байтлаа хуурч явцгаадгийн гор юм биш үү?