III. Хөгжил бол… юу л даа.
Тэгвэл жам ёсны, зүй зохистой хөгжил гэж юуг хэлэх вэ? Байгалийн хөгжил, нийгмийн хөгжил, үзэл санааны хөгжил, хувь хүний хөгжил… ер бүх хөгжлийн тухайд.
Өмнөх нь: http://baabar.mn/article/ii-ene-minii-waterloo
Хөгжил. Энэ бол философийн ойлголт. Гэтэл философи гэдэг чинь утга учиргүй, хий хоосон цэцэрхлээс өөр юу ч биш.
- Толгойтой үснээс нэгийг зулгаалаа… халзан болох уу?
- Болохгүй
- Тэгвэл хоёрыг зулгаалаа… халзан болох уу?
- Бас л үгүй
- Гурвыг зулгаалаа?
- Мэдээж үгүй… үгүй
- Тийм бол, хэдийг авбал халзан болох вэ?
- Бүгдийг нь!
- Үгүй, тэгэхээр чинь мулзан болно… гэдэгтэй л адилхан зүйл.
Нийгмийн суурь асуудлыг бүрэн шийдэх үйл явц бол хөгжил мөн гэж мэтгэе. Хэрвээ тэгвэл дээрхтэй ижил:
- Нэг асуудлыг шийдлээ хөгжил мөн үү?
- Үгүй
- Хоёрыг шийдлээ… хөгжил мөн үү?
- Биш
- Гурвыг?
- Бас л биш
- Тэгвэл хэдэн асуудлын ард гарч байж хөгжил ирэх вэ? гэж асууж бас болох нь.
Дээрх зарчмын дагуу бол, бүх асуудлыг шийдье гэвэл монгол хүнийг ч бүгдийг нь тонилгох шаардлагатай гэсэн үг. Хүн байхгүй бол асуудал байхгүй гэдэг биз. Энэ бол нөхөр Сталины үг. Асуудлыг шийдэх коммунист арга барил. Их сартваахь Маркс зөрчил бол хөгжлийн эх сурвалж гэж сургасан. Коммунистууд түүнийг дагасан. Тэгээд дайснуудаа, өөрсөдтэй нь зөрчилддөг, таагүй ханддаг бүх хүнийг устгахыг зорьсон. Нэг үгээр, Лениний гэрээсийг биелүүлэх гэж. “Бидэнтэй л хамт биш бол, бидний дайсан” гэх гэрээс. Үүнийг нь улам уран сайханжуулаад, “хэрвээ дайсан бууж өгөхгүй бол, тэднийг устгадаг юм” гэж аугаа Горький зарлан тунхагласан. Ганган лоозон шүү! Уншихад урамтай, хэлэхэд бяр амтагдмаар. Тийм ч учраас, “анжис хадуур барьсан тариачны улс атомын бөмбөгтэй их гүрэн болж чадсан” хэмээн наргианч Черчиль даажинтайгаар дүгнэж хэлсэн. Гэвч асуудлыг дээрх аргаар шийдэх нь нийгмийг хурдан бас харьцангуй “амархан” боловч, тун эмгэнэлтэй, жам ёсны бус, гаж буруу хөгжлийн замаар чирч гулдардаг гэдгийг түүх нотолсон.
Тэгвэл жам ёсны, зүй зохистой хөгжил гэж юуг хэлэх вэ? Байгалийн хөгжил, нийгмийн хөгжил, үзэл санааны хөгжил, хувь хүний хөгжил… ер бүх хөгжлийн тухайд. Эртний Грекийн домог туульсад ертөнцийг үүслийнхээ эхэнд хаос төлөвтэй байсан тухай хайлдаг. Тэгээд тэнгэр, газар, титанууд бий болон тэдний дундаас Зевс бурхан мэндэлж дэг журам тогтоосон гэдэг. Эртний төрт улсуудын тухайд ч ялгаагүй. Бүгд л үүсэн бүрэлдэхээсээ өмнө олон овог аймагт хуваагдан, хоорондоо үзэж тарж үстэй толгойгоо зулгааж явсан тухай түүхэн судрууд мэдээлдэг.
“Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо ч орох завгүй
Олзлолдон булаалдаж байв…” гэдэг биз, Нууц товчоонд. Ер улс үндэстэн бүхний түүх ингэж л эхэлдэг. Дайнч улсуудын үе, гурван улсын үе, оросын ханлигууд, тевтоны зэрлэгүүд… жишээ тасрахгүй. Тэгээд тэр хаос байдал аажимдаа намжин, дэг журмыг олдог.
Ингээд бодохоор манай Их Хурлын даргын үг шууд санаанд буудаг. “Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” гэх үг. Мөн ч мундаг хэлж байгаа юм шүү. Мэдээж манай дарга термодинамикийн сурах бичиг сөхөөд, энтропийн тухай уншиж мэдээд энэ үг толгойд нь зурс хийсэн биш байх. Харин гэрийнхээ буйдан дээр зурагт хараад хэвтэнгээ, хойд солонгосын цэргийн парад зурагтаар гарч буйг хараад суудлаасаа огло харайн босож ирсэн байх нь илүү их магадлалтай. Угаасаа суут санаа ингэж л төрдөг хойно доо.
Алдарт философич Бэртранд Рассел аливаа тодорхойлолт өөртөө үргэлж тодорхойгүй байдлыг агуулж байдаг тухай бичсэн санагдана. Дээрх жишээн дээр тайлбарлавал, хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн юм байж. Тэгвэл хөдөлгөөн гэж юу юм бэ, ямар хөдөлгөөнийг цэгцрэх гэж үзэх вэ? гэдэг нь мөн л тодорхойгүй хэвээр үлдлээ. Хөдөлгөөн бол өөрчлөлт гэж Аристотэл үзсэн. Энэ хүн ингэж хэлсэн байхад би ч бас юув, толгойгоо гашилгах ямар ч хэрэггүй. Харин цэгцрэх хөдөлгөөний тухайд байдал өөр. Ер нь яавал цэгцэрсэн гэж үзэх юм бэ гэдэг нь асуудал.
Нийгэм бол динамик зүйл. Байнгын өөрчлөлт үзүүлдэг. Марксист философи үүнийг сайн ойлгодог юм шиг өнгөц талаасаа харагддаг ч, хэрэгжүүлэхдээ шал буруугаар хандсан юм. Тэд нийгмийг диалектикч байдлаар хөгждөг гэж үздэг ч, өөрсдийн хамгийн хараадаг метафизик үзэгдэл байлгахыг зорьсон юм. Эндээс л коммунизмын худал хуурмаг, хоёр нүүртэй шинж байдал нэвт ханхалдаг. Тэд бүхнийг хувьсгал, шинэчлэл, ангийн тэмцэл гэж тайлбарладаг мөртлөө өөрсдийн дарга нар нь үхэн үхтлээ дарангуйлдаг, юуг ч сайжруулах эрмэлзэлгүй хөшүүн хойрго, хүнд суртлын аппаратыг, өөрсдөөсөө бусдыг хүлээн зөвшөөрдөггүй харгис нийгмийг бий болгосон. Нэг үгээр яндангүй зууханд гал түлэх гэж оролдсон. Тэгээд бараг бүгдээрээ угаартаад үхсэн. Одоо зөвхөн гайтай юм шиг ганц Хойд Солонгос л үлдэх шив. Тэгээд тэдний парадыг манай зурагтаар гаргаж л байдаг... Гай ганцаараа ирдэггүй гэдэг л энэ байх. Одоо болтол биднээс коммунизмын хэншүү хярвас сэнх хийтэл үнэртсээр л байна…
/Үргэлжлэл бий/
Бодхүү ахаас
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Аанха
Иргэн
zochin