Элдэв үзэгдэл ургавч
Энэрэлт төгс чинийхээ
Илбийн бүжигт ухаарч
Энх мэнд жаргая зээ.

Ноён хутагт Данзанравжаа

ТЭНҮҮН

- Эргэн тойрон их хотын чимээ шуугиан бидний амьдралд байнгын түгшүүр дарамт бүтээх эх сурвалж шиг санагддаг. Түүнийг яаж өөртөө эергээр хувиргах вэ?

- Өөрөө эерэг байвал юу ч чамд сөрөг байж чадахгүй. Эргэн тойрноосоо сөргийг мэдрээд байгаа бол чиний дотор эерэг төв үүсээгүйн шинж. Орчлон ертөнц бол толь. Өөрийн чинь тусгал тэнд бий.

Би нэг тосгонд дэн буудалд амарч байлаа. Ядуу тосгон боловч олон ноходтой юмсанж. Шөнө орой ноход дэн буудлын орчимд цуглав. Буудал тойроод сүүдэрлэг том модод ургажээ. Ноход шөнө бүр тэнд цугларч амарч зугаацдаг бололтой. Намайг тэнд байх үед нэг мужийн төлөөлөгч буудалласан юм. Нохдын чимээнээс болж унтаж чадахгүй бачимдсан төлөөлөгч шөнө дөлөөр над дээр ирж,
    - Та унтаж байна уу? гэж асуув.  
    Би уг нь нам унтаж байсан ч түүний орж ирэх чимээнээр сэрсэн юм.
    - Эргэн тойрон ийм аймшгийн шуугиан дунд та яаж нойрсож чадна вэ? Лавтай хорь, гучин нохой хуцалдаж, ноцолдож, нохдын хийдэг бүхнийг хийж байна шүү дээ. Би бүр унтаж чаддаггүй. Өдөржин аялсан болохоор амармаар байдаг. Өглөө эрт өөр тийшээ ажлаар явна. Амарч чадахгүй бол тамаа цайна. Унтах гэж мэдсэн, дуулсан арга бүхнээ хэрэглэлээ. Тарни уншиж, бурханд залбирч хүртэл үзлээ. Даанч нэмэргүй нь. Одоо яавал дээр вэ? гэв.
    - Энэ ноход таны нойрыг үргээе гэж цуглаагүй шүү дээ. Элчин төлөөлөгч энд буусныг ч мэдэхгүй тэнэг амьтас. Тэд тантай огт харьцаагүй, өөрсдийн үйлээ л хийж байна. Та юунд нь хамаарсан юм? гэхэд төлөөлөгч:
    - Ингэж хуцалдаж байхад яаж хамаарахгүй байх юм бэ? гэв.
    Тэгэхээр нь би:
    - Хуцаантай битгий тэмц. Чимээ шуугиан биш, таны тэмцэл чинь төвөг болж байгаа юм. Чимээ шуугиан таныг үймүүлээгүй. Чимээгээр шалтаглаж та өөрөө өөрийгөө л үймүүлж байна. Та чимээг эсэргүүцсэн болзол тавьсан байна. “Ноход хуцахаа болих юм бол би унтана” гэсэн. Ноход таныг сонсохгүй шүү дээ. Тэр болзлоо хая. Нохдыг байгаагаар нь хүлээгээд авчих. Хуцаж л байг. Ноцолдож л байг. Энэ шөнийн дүнсгэр нам жимийг тэд амьд аялгуугаар чимж байгаа биш үү? Тэнгэрлэг тарни гэж хүлээн авч анирдаад үз гэхэд,
    - За, үзээд алдъя. Нэг л итгэл төрөхгүй байна, гэлээ ч өөр арга байхгүй хойно! гээд гарч одов.
    Өглөө нь мань хүн:
    - Ёстой гайхамшиг! Би таны хэлснээр болзлоо хаяж, чимээг анирдсан. Анирдах тусам улам уянгалаг болоод, нэг төрлийн бүүвэй шиг болсоор би бүр гүн нойронд умбалаа шүү гэж баяртай хэлж билээ.
    
Бүх зүйл чиний сэтгэлээс хамаардаг. Өөрөө эерэг байвал бүх юм эерэг болно. Сөрөг байх юм бол бүх юм сөрөг болно. Зөвхөн дуу чимээнд биш, амьдралын бүх зүйлд хамаатайг санаж яваарай. Гадна орчноос сөргийг мэдрэх юм бол уг шалтгааныг нь дотроосоо хай. Чи өөр нэгийг хүсч, болзол тавьсан байж таарна.
Оршихуй чамд тохирох гэж хүчлэхгүй, жамаараа л урсдаг. Голын урсгал сөрөхийг оролдвол урсгал чамайг алахыг хүсч улайрах шиг санагдана. Үнэн хэрэгтээ гол чамайг анзаарахгүй, аясаараа урсаж буй. Тэр нь ч сайн хэрэг. Эс бөгөөс гол мөрөн хүмүүсийн солиотой аяг араншинд галзуурах байсан биз. Гол мөрөн чамтай тэмцдэггүй, өөрөө л түүнтэй тэмцэж, урсгал сөрөх гэж үйлээ үздэг. Хэрэв урсгал дагуу хөвбөл чинь гол мөрөн чамд ивээл болно. Урсгал чиний унаа болно. Тийм атал хүч тамираа барах хэрэггүй сэн.

Амьдралын урсгалд эелдэж чаддаггүйн шалтгаан юу вэ? Учир нь, бид амьдралаас айдаг. Түүнийгээ анзаардаг ч үгүй байх. Амьдралаас айдаг гэхээр жигтэй сонсогдоно биз. Бид өөрсдийгөө амьдралаас биш, үхлээс л айдаг гэж боддог. Гэвч би хэлье: Хүн амьдралаас айдаг учир үхлээс айдаг. Амьдралаас айдаггүй хүн үхлээс ч айхгүй.

Бид яагаад амьдралаас айдаг вэ? Гурван шалтгаан бий. Эхнийх нь, эго урсгал сөрж л оршин тогтдог. Урсгал дагуу хөвөхөд эго замхарна. Тэмцэж тулалдах үед, “Үгүй шүү” гэж хэлэх үед л эго оршиж чадна. Үргэлж “тийм ээ” гэж хэлээд байх юм бол эго тэсэлгүй талийна. Авир байдлаа ажигла. Яаж хариу үйлдэл хийдгээ анзаар. Сэтгэлд юу л орж ирнэ, эсэргүүцэлгүй хүлээн авах ямар хэцүү байна? Хүлээж авмагц чи далайд унасан дусал болж, эго үгүй болох учраас тэр.

Удаах шалтгаан нь, амьдрал бол урьдчилж таахын аргагүй нууцлаг. Гэтэл чиний ухаан бодол уйтан явцуу. Ухаан бодол чинь мэдэхгүй юмсаасаа үргэлж айдаг. Тэр нь учиртай. Юу л үзсэн, сурсан, мэдсэн, дадуулснаас чинь ухаан бодол бүрддэг. Үл мэдэгдэх нууцлаг нь түүний хувь хэсэг биш. Нууцлаг бүхэн түүнийг үймүүлж бусниулах болохоор үргэлж айж, үл мэдэгдэхүйд үүдээ хаадаг. Дадсан замаараа л эргэж байхыг хүснэ. Гэтэл амьдрал үргэлж нууцлаг руу урсдаг. Чи өөрийн ухаан бодолд буюу мэдэх зүйлдээ л амьдралыг тааруулах гэнэ. Даанч амьдрал чамайг дагахгүй. Тийнхүү амьдралаас айсандаа түүнийг ягшмал тогтмол юм болгох гэж хичээдэг. Ягшмал тогтмол юмыг л урьдчилан тааж, хянаж цагдах боломжтой.

Хэн нэгэнд дурлалаа гэхэд даруй түүнийг эхнэр, нөхөр болгох гээд л ухаан ажиллаж эхэлнэ. Хайр бол урсмал. Харин гэрлэлт бол ягшмал зүйл. Хайр дурлалыг урьдчилан таах аргагүй. Удаах агшинд, дараах өдөр энэ хэвээр байх, эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Гэтэл бидний ухаан үргэлж баталгааг хүсдэг. Тогтмол ягшмал байж л баталгаатай, баймал загварт байна. Тиймээс бид амьдралыг биш, үхмэл юмсыг эгээрдэг. Өмчилж болох эд юмсыг л эрж бүтээдэг. Амьд хүнтэй амьдрах болохоороо бид түүнийг яаж ийгээд эд юм болгох гэдэг. Эхнэр бол эд юм, нөхөр бол эд юм. Гэртээ харихад эхнэр хүлээж байх нь баталгаатай. Хүссэн үед өврөө дэлгэх албатай. “Би өнөөдөр амраглах хүсэлгүй байна” гэж хэлэх эрх түүнд байхгүй. “Чи бол миний эхнэр, ... эр нөхөр. Ингэх ёстой, тэгэх үүрэгтэй” гэхчлэн бид хэлж ярьж, бодож сэтгэдэг. Дурлалт бүсгүй байхдаа тэр амьд бодгаль байсан. Өмчлөхийн тулд түүнийг хөнөөж, үхмэл юм болгочихоод дараа нь түүнээс амьдын илч гэгээ хүсэн шаардах нь эмгэнэлтэй. Зовлон бүхнээ бид тэр мэтчилэн бүтээдэг. Амьдралд баталгаа үгүй. Амьдрахыг үнэхээр хүсч байвал баталгаагүй, болзоогүйд бэлэн бай. Болзоогүй нь амьдралын зүрх. Даанч мунхаг сэтгэл баталгааг л эрдэг.

Гуравт нь, амьдрал буюу оршихуй бол эсрэг тэсрэгийн шүтэн барилдлага. Гэтэл сэтгэл нэг талыг нь сонгож, нөгөө талыг нь эсэргүүцдэг. Жаргал таашаалд дурлах атлаа өвчин шаналгааг жигших. Гэтэл өвчин шаналгаа нь жаргал таашаалын нөгөө тал нь шүү дээ. Зоос ганц. Нэг талдаа шаналал, нөгөө талдаа таашаал бий. Хэдий чинээ таашаал хүснэ, төдий чинээ шаналал ч чамайг дагана. Таашаалд мэдрэг тусмаа чи зовлонд ч мэдрэг байна. Тийм болохоор жаргалд дурлаж байгаа бол зовлон гунигийг ч хүлээн авахдаа бэлэн бай. Энэ бол оргил хийгээд бэл мэт. Бэл хөндий үгүй бол оргил ч үгүй. Оргилд дурлаж байгаа бол бэлд нь ч дурлах учиртай.

Мунхаг сэтгэл “Амьдрал сайхан, үхэл муухай” гэж хэлдэг. Гэтэл үхэл үгүйгээр амьдрал орших боломжгүй. “Би амьдралыг л хүсч байна. Үхлийг хүсэхгүй” гэж хэлэхээрээ чи амьдралыг ч алддаг. Шүтэн барилдлагыг ойлгосон хүн үхлийг амьдралын нэг тал гэж хүлээн зөвшөөрнө. Шөнийг өдрийн бэл хэсэг гэж зөвшөөрнө. Бодит фактыг анзаарах төдий биш, үнэн зүрхнээсээ хүлээн авах нь ойлгохуй юм шүү. Амьдралын үнэнээс чи зугтаж чадахгүй. Сэтгэлдээ хий хоосон үлгэр зохиож чадна л даа. Үеийн үед бид үлгэр зохиосоор ирсэн. Тамыг газрын гаваар чихэж, диваажинг тэнгэрт тултал өргөмжилж. Гэвч там нь диваажинтайгаа  хамт байдаг жамтай. Салгаж хуваах гээд санасны гарз. Эерэг байх гэдэг нь оршихуйг салгаж бутаргаж чадахгүйгээ ойлгож, бүгдийг хүлээн зөвшөөрөхийн нэр.
Би амьсгалж байна. Зөвхөн амьсгал авахаас гаргахгүй гэвэл үхнэ. Амьсгал гаргахаас биш авахгүй гэвэл мөн үхнэ. Учир нь, амьсгал авах, гаргах хоёр нь нэгэн бүхэл орчил. Оршихуйн шүтэн барилдлагыг ухаарсан, хүлээн авсан нэгнийг л гэгээрсэн буюу эерэг хүн гэнэ. Тийм хүний сэтгэл тэнгэр мэт тэнүүн.

- Ошо “Үхэлгүйн үүд”