Эдүгээ монголчуудын тавны нэг нь ядуу байна. Харин 20 жилийн дараа энэ тоо хэр өөрчлөгдөх нь эдийн засгийн өсөлтөөс гадна сургуулийн өмнөх насны, одоогийн хүүхдүүдийн маань хөгжлөөс шууд хамаарах юм.

Нас бие гүйцсэн хүний тархи дунджаар 1100 грамм жинтэй байдаг аж. Харин гурван настайд нь тархины жингийн 87 хувь нь бүрдэж, тархи хамгийн уян хатан байх дээд цэгтээ хүрч, олон тэрбум эд эсийн холболт хамгийн хурдан явагддаг.

Хүүхэд зургаа хүртэлх насандаа авсан бүх энергийнхээ гуравны нэгийг зөвхөн тархины хөгжилдөө зарцуулдаг. Тийм учраас хүүхэд ямар хүн болох, яаж амьдрах нь бага насанд нь тодорхойлогддог гэж эрдэмтэд үзэж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖ



Бага насны хүүхдийн хөгжилд оруулсан хөрөнгө нь эдийн засагт хамгийн өндөр өгөөжтэйг Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс Хейкман (James Heckman, Prof.Univ.of Chicago) тодорхойлсон (Хүний хөгжлийн хөрөнгө оруулалтын өгөөжийн муруй) ажээ.

Зургаа хүртэлх насны хүүхдийн хөгжилд оруулсан доллар тутмын өгөөж нь 12.90 доллар болохыг тооцоод, “Энэ хөрөнгө оруулалт нь зөвхөн боловсрол эзэмшиж буй хүмүүсээс гадна улс орны эдийн засгийн хөгжилд өндөр ашигтай” учраас хөгжлийн стратегийн амин чухал хэсэг гэж тэрбээр дүгнэжээ.

ЦЭЦЭРЛЭГ БОЛ ЗӨВХӨН БАЙШИН БИШ

Монгол Улсад төрөлт жилээс жилд нэмэгдсээр байна. 2014 онд 81.224 хүүхэд төрсөн нь дөрвөн жилийн өмнөхөөс 30 хувиар өссөн тоо юм. Тэгвэл төрөлтийн тоо, өсөх хандлагыг тооцсон нийгмийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт гэж ер нь байна уу? Байгаа бол газар орны байршил, амьдрал ахуй, өрхийн орлого зэргийг тооцсон нийгмийн давхаргын ялгааг хэрхэн тусгасан бэ? Бага насны хүүхдийн хөгжил, боловсролын асуудалд Монгол Улс хэрхэн хандаж байна вэ?

Хүний тархины хөгжлийн хамгийн эрчимтэй үе болох зургаа хүртэлх насанд хоол тэжээл, хайр халамж, энэрэнгүй сэтгэл дутагдвал хожим нь засаж залруулах боломж бага, бас маш өндөр зардалтай аж.

2015 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын бараг 400 мянга буюу 13 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлдгийн тэн хагас нь 3-5 насныхан болохыг статистик харуулж байна.

Цэцэрлэгийн болон сургуулийн өмнөх насны эдгээр хүүхдийн бараг 70 хувь нь бага насны хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж буй ч өрхийн орлогоос хамаарч, хот, хөдөөд ихээхэн ялгаатай байгаа юм.



НҮБ-ын Хүүхдийн сангийн энэ (Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа, 2013) судалгаагаар Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдүүдийн дөрөвний гурав нь цэцэрлэг, эсвэл сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтууд, хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдаж байхад хөдөө орон нутагт энэ үзүүлэлт 57 хувьтай л гарсан байна.

Үүнээс үзвэл нийслэлд дөрвөн хүүхдийн нэг нь, хөдөөгийн хүүхдийн бараг хагас нь тархины хөгжлийнхөө чухал үеэ алдаж буй, эсвэл алдах магадлал өндөр гэсэн үг. Бас хамрагдсан л бол чухал үеэ алдаагүй гэсэн үг биш.

Тархины хөгжлийн хамгийн чухал үедээ хоол тэжээл хангалттай авч чадаагүй хүүхдийн өсөлт бага, бие давжаа болж, бүх насаараа ядуу, хүнд хэцүү нөхцөлд амьдрах магадлал өндөр юм.

Нийслэлийн захын дүүргийн 14 бүлэгтэй цэцэрлэгийн жилийн төсөв 580 сая төгрөг байхад үүнийх нь 70 хувийг барилгын халаалт, цахилгаанд зарцуулдаг. Цэцэрлэг бол зөвхөн байшин биш.

Бараг бүх цэцэрлэгийн нэг багшид, журмын дагуу 35 биш, 60 хүүхэд, нэг хүүхдэд 7.2 биш, 4.2 ам метр талбай ногдож, гал зуухны ачаалал нь хоёр дахин илүү байна.

Сонгуулийн амлалтаа л биелүүлсэн харагдвал нэг байшин бариад, нэг ангид зуун хүүхэд оруулаад л цэцэрлэг гээд ойлгочихдог улстөрчид үндсэн үүрэг, бололцоог нь ойлгохгүй л байна уу.

Цэцэрлэгт хамрагддаггүй хүүхдүүдийн олонхийг хүнд хэцүү нөхцөлд, орлого багатай өрхөд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эзэлдэг. Монголын хүүхдийн нас баралтын 28 хувь нь ахуйн ослоос үүдэлтэй.

Хэрэв эдгээр хүүхдийг бага насны хөгжлийн хөтөлбөр, сургуулиийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулж чадвал нийгэм, эдийн засгийн маш эерэг үр дагавартай юм.

АНУ-ын Мичиган мужид 40 жилийн турш хийсэн судалгаагаар ядуу гэр бүлд төрсөн, бага насны хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг хамрагдаагүй хүүхдүүдтэй харьцуулахад дунд сургуулиа төгссөн, ажилтай болсон, хадгаламжийн данстай болсон тоо нь бараг 40 хувиар илүү, гэр бүлийн салалт, гэмт хэрэгт холбогдсон нь хоёр дахин бага дүн гарчээ.

АВУУШТАЙ ТУРШЛАГА

Манай улс хөгжлийн үе шат бүртээ ядуурлыг бууруулах, устгах зорилт тавьж, түүнийгээ биелүүлэх талаар хүчин чармайлт тавьж ирэв. Гэхдээ үе дамжсан ядуурлыг устгах гол стратеги нь бага насны хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийх гэдгийг олж харахгүй л байна.

Бид орлого багатай, хүнд нөхцөлд амьдарч буй өрхийн хүүхдүүдийг эн тэргүүнд бага насны хөгжлийн хөтөлбөр, цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролд хамруулах шаардлагатай байгаа юм.

Зөвхөн тэгж л бид ирээдүйд гараа тоссон, идэвхгүй, нийгмийн халамж хүртэгчид бус, татвар төлөгчид, үйлдвэрлэгчид, чадвартай ажиллах хүчнийг бэлтгэнэ.

Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас Засгийн газартай хамтран сонирхолтой санаачилга гарган хэрэгжүүлж байна. “Хүүхдэд ээлтэй орон нутаг” нэртэй үзэл баримтлал боловсруулж “Бага насны хүүхдийн хөгжил” хөтөлбөрийг Налайх дүүрэг, Хөвсгөл аймгийг сонгон авч хэрэгжүүлж буй аж.

Налайх дүүргийн IV хорооны хөдөлмөрийн насны иргэдийн 80 хувь нь тогтмол ажил, орлогогүй гэнэ. Энэ хороонд 2-5 насны 530 хүүхэд байгаагийн 130-аад нь цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн 400 нь гэртээ цоожтой, хараа хяналтгүй, даарч хөрсөн, хоол ундаар хомс, хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй аж.

Тэнд “гэр бүлэг” ажиллуулж, цэцэрлэгийн нийтлэг дүрэм журам, үйл ажиллагааны зарчмыг мөрдөж, хичээлийн жилийн турш (10 сар) ажиллуулж байна.

Монгол гэр барьж, насны ялгаатай тоглоом худалдан авч, ус, ариун цэврийн байгууламж зэргийг шийдвэрлэхэд нийтдээ 35 сая төгрөгийн хөрөнгө оруулжээ. Урсгал зардлыг нь улсын төсвөөс хариуцаж байгаа аж.

Хөвсгөл аймгийн хэд хэдэн суманд нүүдлийн гэр цэцэрлэг ажиллуулж хөдөө байгаа малчдын бага насны хүүхдүүдэд хүрч үйлчилснээр зуны гурван сард богино хугацаанд ажилладаг ч алслагдсан орон нутгийн хүүхдүүдийг нийгмийн амьдрал, сургуульд бэлтгэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна.

Орон нутгийн иргэд, эцэг, эхчүүдэд бага насны хүүхдийн хөгжлийн онцлогийг ойлгож мэдэх, хоол тэжээлийг зохистой хэрэглэх, ахуйн соёлоо дээшлүүлэхэд нь бодитой хувь нэмэр болно.

2014-2015 онд Хөвсгөл аймгийн 10 багт Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нүүдлийн, багийн гэр цэцэрлэг барьж ажиллуулж байна. Нэг гэр цэцэрлэгийн эхлэлтийн хөрөнгө оруулалт 15 сая төгрөг болж, урсгал зардлыг улсын төсөвт тусгадаг болжээ.

Энэ хоёр жишээнээс хөдөө орон нутаг, хотын захын хороололд мэргэжлийн байгууллага-цэцэрлэг, гэр бүл, орон нутгийн засаг захиргаа хамтран ажиллаж бага насны хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх боломж, бололцоо их байгааг харж болно.

Нийгмийн өндөр өгөөжтэй ийм санаачилгыг Монголын хувийн хэвшил, ялангуяа орон нутгийн компаниуд дэмжих хандлагатай байна.

Бага насны хүүхдийн хөгжлийн асуудлыг зөвхөн хэдэн цэцэрлэгийн барилга барихаар хязгаарлах бус, Монгол Улсын хөгжлийн үндэс нь хүний, ялангуяа бага насны хүүхдийн хөгжил гэдгийг хүн бүр ойлгож бага насны бүх хүүхдийнхээ хөгжилд чиглэсэн нийтийн хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй юм.