Мөнхтөртэй “Мөнхтөрийн цаг”-аар ярилцсан. Мөнхтөр туршлагатай сэтгүүлчийн хувиар миний “загатнасан газар маажив”. Би ч баярласандаа “огло үсрээд” Мөнхтөрийгөө, бүтэн асуулт тавих сөгөө өгөлгүй, хариултаар “шүршиж” орхив. 30 минутад олон жил бодсон зүйлээ хэлж амжих санаатай тэвдэхдээ ингэж “шүршсэн” хэрэг.
    Сүүлийн жилүүдэд эдийн засаг хямарснаас хүмүүсийн урам зориг мохож, гутранги үзэл газар авсан. Хувийн болон улсынхаа ирээдүйг сүүдэртэй талаас нь харах болсон.
     Уг нь Платонч маягаар “гэрэл”-д гараад харвал Монгол улс хөгжлөөрөө айргийн тавд орох боломжтой орон юм. Өгөгдөл нь ч бий, арга зам нь ч байгаа юм.
    Өгөгдлийн тухайд:
    - 21-р зууны дэлхийн эдийн засгийн хөгжлийн тэнхлэгийг голлосон газар зүйн байршил. Зүйрлэвээс, байрлал сайтай их дэлгүүр мэт;
    - хоёр хөрштэй харьцуулахад бага боловч нэг хүнд ноогдох байдлаараа маш өндөрт тооцогдох бэлэн “кэш” эрдэс баялагтай;
    - хувь хүмүүс нь өрсөлдөөнч бөгөөд сайхан амьдрах их “шунал”-тай, дасан зохицох  гаргуун чадвартай, соёлын хориг цээр багатай нээлттэй “дазайн”     бүхий; 
    - барууныхныг бодвол “тэтгэвэр”-т мөддөө гарахааргүй “залуу” эдийн засагтай. 
    Хэдий гайхалтай өгөгдөл байвч, энэ нь хөгжихөд хүрэлцээтэй нөхцөл бас биш юм. 
    Хөгжихийн тулд зүй ёсны инстүүцийг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл; шударга төр, иргэд нь баялаг бүтээх замаар өөртөө ашиг олон амьдралаа сайжруулах боломж олгосон чөлөөт эдийн засаг, үндэсний үйлдвэрлэгчидээ хөршүүд болон олон улсын зах зээл дээр байршуулах боломж олгосон прагматик гадаад бодлогод чиглэсэн инстүүц хэмээх тулгын гурван чулуу шаардлагатай.

ШУДАРГА ТӨР

    Шударга төр гэдгийг нарийвчлан тодорхойлоход амаргүй байдаг. Төр гэсэн өргөн цар хүрээтэй ойлголтыг, шударга хэмээх ерөнхий бөгөөд тодорхойгүй ойлголттой холбон категори болгон ашиглахад сэтгэлгээ улам л будлихад хүрнэ.
    Философич мэт үгийн утга хөөцөлдөлгүйгээр хар ухаанаар бодвол шударга төр гэдгийг, хулгай хийдэггүй, нийгмээ мөлждөггүй төр гээд ойлгочихож болно.
    Төр, тухайн үед эрх авсан хүмүүсээс бүрддэг. Энэ хүмүүс, олгогдсон эрх мэдлийг урвуулан ашиглаж хулгай хийх, бусдыг мөлжих зэрэг нь төрийн хулгай, мөжлөг болж байгаа юм. Ялангуяа, энэ байдал байнгын, тогтвортой болоодохвол инстүүцийн шинжтэй.
    Төрийн хулгай нь инстүүцийн шинжтэй болсон улс гүрэн хөгжих боломжгүй. Улстөрийн дэглэм нь ардчилсан ч бай, дарангуйлагч ч бай ялгаагүй хөгжихгүй. Хулгайч төртэй улсаас хөгжил “зугтдаг”. Эдийн засгийн энэ хуулийг Дарон Ажэмолу (Daron Acemoğlu), Жэймс А.Робинсон (James Robinson) нар судалж тогтоосон байдаг. Тэдний, судалгааныхаа тайлан болгож бичсэн “Улс үндэстний уналт доройтолын шалтгаан” гэдэг номыг манай улстөрчид заавал унших хэрэгтэй гэдгийг энэ дашрамд дурдъя.  
    Түүгээр барахгүй, мөлждөг хулгайч төртэй нийгэм “хөгжих” гэдэг үгийг мартсан нь дээр байдаг. Мартахгүй бол “хөгжих” гэдэг үг, сонгогчдыг горьдлогоор нь тоглож хуурдаг шидэт үг болчихно. Тэгээд зогсохгүй, уг ойлголт маань “хөгжил”-ийн гэгдэх сүржигнэлийг хөөрөгдсөн, мөнгө угаах төслүүдээр тархи угаах, софтвейрийн үүргийг гүйцэтгэж эхлэнэ. 
    Төр хичнээн хулгайч байх тусам санаачилсан төслүүд нь төдийчинээ олон, төдийчинээ том болдог зүй тогтолтойг олон улсын болон манай туршлага харуулна. Тийм учраас төр хулгайч үед “хөгжих” гэдэг үгийн контекст нь “хулгайлах” гэдэг санаа руу түлхдэг тул мартсан нь өлзийтэй. Ядахдаа хууртаж гомдоллохгүй.
    Ийнхүү бодоод үзэхүл, улс гүрэн хөгжье гэвэл нэн тэргүүнд төрийг шударга байлгах ёстой. Төр нь шударга бөгөөд нийгмийн байгуулал нь баялаг бүтээгч (капитализм гэдэг үгийн утгыг буулгавал баялаг бүтээгч нийгэм гэсэн үг) байвал сая гайхалтай хөгждөгийг Норвег, Дани, Сингапур, Австрали, Шинэ Зеланд зэрэг хөгжлийн манлайлагчид харуулна.
    Төрийг яаж шударга болгох вэ? Элбэгдорж төрийн данс, үйл ажиллагааг шилэн болгоё гэсэн санал дэвшүүлж, түүнийгээ хуульчилсан. Нийслэлийн засаг захиргаа шилэн засаглалыг уухайлан хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл, үнэндээ олон түмэн шилэн байдлыг сонирхдоггүй. Бүр гайхмаар нь хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ ч сонирхдоггүй болж таарсан.
    Шилэн нөхөр л ашиглана. Хүмүүсийг идэвхжүүлэхийн тулд Шилэн нөхрийг шагнаж үзлээ. Олон түмэн нөгөөх л дүлий хэвээрээ.
    Бид, шилэн төр хүн ардын хэрэглээнд орохгүй бол хол явахгүй юм байна гэдгийг сүүлдээ гадарлаж эхэлсэн. Тэгээд төрийн үйлчилгээний супермаркет ажиллуулах шинэ санаачилга гаргалаа. Төрийн үйлчилгээ авагсад шилэн мэдээлэл харах хэрэгцээ зайлшгүй үүснэ гэж тооцсон. Дүнжингарав зэрэг худалдааны төвүүд дээр, зориуд барааны лангуутай үйлчилгээг нь өрсөлдүүлэхээр байршуулан ажиллуулав. Зарим иргэд үйлчилгээний шуурхай байдалд нь цочсон билээ.
    Төрийн үйлчилгээний супермаркетийн лангуу дээр тавигдах бараа юу юм бэ? Тодорхойлолт, лавлагаа зэргээс авахуулаад олон бараа бий. Гэхдээ хамгийн гол бараа нь хувь хүн болон хуулийн этгээдүүдийн амьдрал үйл ажиллагаанд хэрэгтэй байгаа дарга нарын шийдвэрүүд юм. 
    Жишээ нь: хотын даргын хувьд газрын зөвшөөрөл, барилга барих зөвшөөрөл, цахилгааны зөвшөөрөл, дулааны зөвшөөрөл гэх олон зөвшөөрлийг тухайн жилийн хот байгуулалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгодог. Нэгэнт л төлөвлөгөө, тоо, хэмжээ тодорхой учраас гарын үсэг зурж баталгаажуулаад төрийн үйлчилгээний супермаркетийн лангуу дээр тавьчих бүрэн боломжтой. Лангууны арын хананд хэрэглэгчдэд зориулсан шилэн “төр”-ийн мэдээлэл өлгөөтэй байх юм.
    Хотын дарга, ийм бараа нийлүүлэх гэж татвар төлөгчдийн төлсөн мөнгөнөөс цалин болгож сар бүр нэг сая таван зуун мянган төгрөг авдаг. Нийслэлийн нийт захиргааны байгууллагын нэг жилийн цалингийн сан 41,4 тэрбум төгрөг байдаг. Угтаа, иргэддээ үйлчилгээ нийлүүлнэ гэж энэ хөлсийг авч байгаа юм.
    Бид төрийн үйлчилгээний супермаркетийг хожуу нээсэн. Иргэдээ, шинэ үйлчилгээний амтанд оруулж чадалгүй сонгуульд ялагдсан даа.
    Ардын намыханд нэг огиудас хүрмээр хачин зан байдаг. Тэр нь дарга гэлгүүлэх, албатуудаараа зулгуйдуулах, ихэрхэл өргөмжлөлийн асар индэрт зогсох, хүмүүсийг бөхийлгөж мөлхүүлэх зэрэгт хачин их кайф авна, битүүдээ “дур тавина”.          
    Зарим хүн хэлэхдээ, энэ бол далан жил даргалж, захирч явснаас бий болсон эмгэг гэдэг. Би хувьдаа бодохдоо: боловсролгүй чадалгүй хүмүүс хичнээн бөөс шиг өчүүхэнээ мэдэх тусам төчнөөн заан шиг харагдахыг хүсдэгээс, огиудас хүрэм ийм сэтгэцийн эмгэгтэй болдог.
    Гай болж ийм сэтгэцийн эмгэгтэй улсууд сонгуульд ялж “захирах ёс”-оо сэргээсэн. Мэдээж, хамгийн түрүүнд төрийн үйлчилгээний супермаркетийн лангуу руу явж байсан эрх мэдлүүдийг буцааж татсан. Эрх мэдэл нь “эзэн”-рүүгээ явахтай зэрэг хүмүүс тэр зүг рүү мөргөж, бөхийж, мөлхөж эхэлсэн. Хотын захиргаа хуучин дүрдээ орсон байгааг надаас бусад нь ч харж л байгаа! 
    Миний үед нийслэлд хийгдсэн олон ажлуудаас, хамгийн өндөр буюу 62 хувийн үнэлгээ авсан ажил бол төрийн үйлчилгээний супермаркет байсан юм. Одоо энэ үйлчилгээ нурж байна.
    Шилэн дансчиг олигтой явсангүй, төрийн үйлчилгээний супермаркетчиг тэгэсгээд лавлагаа гаргадаг түц боллоо. Олон түмэнчиг нэг их үгүйлсэнгүй. Үгүйлэхгүйгээр зогсохгүй улам л бүрхэг харанхуй болж байна. Удахгүй хаалгаа барихад нь тэр тухай санах хүн  цөөн үлдэх биз ээ. Түдэв гуай аргаа бараад “Сонгосон хүмүүс нь дээрээс нь өтгөн шингэнээ асгаж байхад тоодоггүй ард түмэнтэй, би ярих юм байхгүй “гэжээ. 
    Гэхдээ, төрийг шударга болгох ажлыг халшралгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Ядахдаа үр хүүхдүүдийнхээ хувь заяаг бодоод.  Хүүхдүүд маань биднээс илүү дээр амьдрах ёстой. Төрөө шударга болговол ингэх ховорхон боломжтой гэдгийг санан санан шүд зуун тэмцэх хэрэгтэй. Үгүй бол одоо онлайнаар хүмүүсийн дунд хэлц үг болчихоод буй “Хонь  шиг ард түмэнд Чоно шиг төр байдаг” гэсэн аймшигт ирээдүй хойч үе, үр хүүхдүүдийг маань тосон ирж байгаа. 
    Төрийг шударга болгох асуудлыг нэг мөр шийдэх арга нь сум хороо бүрээс сонгогдсон депутатуудаас бүрдэх Ардын Их Хуралтай болох явдал. Ардын Их Хурал, ард түмний нэрийн өмнөөс УИХ, Засгийн газрыг томилж үйл ажиллагаанд нь хяналт тавина. Шударга биш үйл ажиллагаа явуулбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, нөгөө давхар дээл, нөгөө хоцордог, тасалдаг, кнопддог асуудлууд үндсэндээ устаж, сахилга батгүй сайд нар, мөрийтэй тоглоомчид байрандаа очиж, төрийн тогтолцоо жинхэнэ ард түмний харцан дор хянагдана гэсэн үг юм. Төрийн дээд эрх мэдэл шууд сум, хороодод амьдарч буй иргэдэд очно гэсэн үг.
    Бас депутат болон түүнийг илгээсэн сум, хороод ажил хэргийн хэрэгцээ шаардлагын улмаас шилэн дансыг нөгөө шилэн нөхөр шиг нэхэх нь гарцаагүй. Шилэн данстай байж л өөрийн сум хороонд зүй ёсоор юу ноогдож, зүй бусаар юу ноогдохгүй байгааг харах боломжтой юм. Өөрөөр хэлбэл дээд шатнаас юуг нэхэх ёстой нь шилэн дансаар тодорхой харагдана.
    Мөн төрийн үйлчилгээний супермаркет депутатуудын аврал болно. Төрийн үйлчилгээний супермаркетийг ажиллуулахгүй бол мань депутат өөрөө хүсэлт, гуйлтын түц болж гэртээ тайван амрах аргагүй ээ. 
    Ийнхүү; шилэн данс, төрийн үйлчилгээний супермаркет, Ардын Их Хурал нийлэхээр, олигархи хулгай хийх аргагүйд хүрч, монголчууд шударга сайн төр дор амьдрах эхлэл бүрдэнэ. Тэгэхэд бид “хөгжил” гэдэг үгийг жинхэнэ утгаар нь хэлнэ дээ!

                                                 (үргэлжлэл бий)