Дунд хуруу
Ёс суртахуунгүй орчинд хуулиар юу хийх вэ, хамгийн хэрэггүй гэх нэгэн суутны үг ч бий. Тэгэхээр ёс суртахуун, хууль хоёрын аль нь анхдагч вэ? Манай улс төрд, улстөрчдөд аль нь ч байхгүй юм шиг!
Нийгмийг хууль удирддаг уу, ёс суртахуун удирддаг уу? Энэ бол зүй ёсны асуулт. Одоо сошиал нэмэгджээ. Сошиал бол дэвшил, ирээдүй мөн боловч нийгмийг удирдах хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн “институц”, шинжлэх ухаан биш. Харин сошиал ертөнцийн нийгэмд нөлөөлөх чадвар хүчтэй нь үнэн. Ялангуяа Монголд сошиал нь төрийнхөн, улс төрийнхнөөр илүүтэй дагнаж, Төрийн ордныхон сошиал давлагаанд тааруулж, таалагдаж нийгмийг удирдах гэж попрох нь хэм хэмжээнээс хэтэрч буйн нь бас үнэн юм.
Гэтэл ардчилсан нийгмийг хууль ч дангаараа удирддаггүй. Тэнд хууль нийгмийн харилцааг л зохицуулна. Харин зарчим, ёс суртахуун нийгмийг илүүтэй удирддаг. Ялангуяа, улстөрчдөд ёс зүй, ёс суртахууны үнэлэмж нь хуулиас хүчтэй үйлчилдэг. Яагаад гэвэл улстөрчид бол нийгэмд ёс суртахууны зөв үлгэрлэл, зөв үнэлэмж тогтооход манлайлах үүрэгтэй хүмүүс. Манайд л эсрэгээрээ болжээ. Сүүлийн үед Монголын улс төрийн “Дээд лиг”-ийн асан болон одоогийн лидер гэгдэх улстөрчид бүгд нэр хүнд нь сэвтлээ. Бүгдээрээ шахуу хуулийн байгууллагын хаалга сахиж, гэмт хэрэгтэн болох нь. Хаан нь ордноосоо, сайд нь салбараасаа, УИХ-ын гишүүд нь ард түмнийхээ татвараас хулгай хийжээ. Хамгийн гол нь тэд харилцан хэрэлдээд улс төрдөө байх гэж, улстөрчөөрөө үлдэх гэж зүтгэх нь зэвүү, дургүйг зэрэг хүргэж байна. Энэ бол доромжлол. Монголын ард түмэн амны хишиг ихтэй шигээ агуу тэвчээртэй улс юм. “Шүүх гэм бурууг тогтоогоогүй бол…” гэдэг нь хуулийн асуудал. Харин улстөрчдөд өөр “хууль” үйлчилдэг, үйлчлэх ёстой.
Төрийн хууль зөрчсөн жирийн хүн шоронд ордог. Үүнтэй адил ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн улстөрчид энгийн иргэн болох нь наад захын жишиг. Авилга бол өгч, авсныг батлах бараг боломжгүй хэрэг. Тэр тусмаа хоёр дарга өрөөнд суугаад юу тохирсныг хэн ч мэдэхгүй. Цагдаагийн нүдэн дээр болдоггүй, цаасан дээр явдаг албан тушаалын хулгайд гэрч бараг байхгүй. Улстөрчдийн оролцоотой ийм хэргүүдийг хуулиар шийдэх, шийтгэхэд цаг хугацаа их орно. Харин ёс суртахуунаар эхэлж шийдэх ёстой. Тэр улстөрч иргэдийнхээ олонхид авилгач, олигарх гэж харагдаж л байгаа бол энэ нь ёс суртахууны алдаа юм.
Гэтэл манай улс төрд ёс суртахууны алдаа битгий хэл, хууль зөрчсөнийг нь хуулийн байгууллага нотлоод байхад л огцордоггүй. Эрх бүхий байгууллагаас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулахад улс төрийн шийдвэрээр аваад үлдчихнэ. Ёс суртахууны хэм хэмжээ болон хуулиас хүчтэй улс төрийн шийдвэртэй ардчилсан улс орон хэр олон байдгийг мэдэхгүй. Бараг бүлэг байгуулах хэмжээний яллагдагч-гишүүдтэй парламент хэд байдгийг бас мэдэхгүй. Харин Монголын улстөрчид өнөөдөр “чадаж байгаа юманд аргагүй” гэдэг үнэлэмжийг нийгэмдээ тогтоож, үлгэрлэж явааг л мэдэх юм. Тэд ёс суртахуун, зарчим нэхсэн ард түмнийхээ өөдөөс, нийгмийн үнэлэмжийг зөв авч явах улстөрчийн үүргийнхээ өмнө дунд хуруу гаргаж явна. УИХ-ын гишүүд, сайд нар нь “чадаж байгаа юманд аргагүй” гэдэг дүрмээр тоглодог учраас нийгэмд “чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг үнэлэмж тогтоод удав. Зарим нь бүр “за яахав дээ” гэж байх ёстой мэт хүлээн зөвшөөрөх янзтай. “Эрдэнэт”-ийн дэргэд “ЖДҮ чинь чихрийн цаас” гэж ямаа гэхээр тэмээ ярьж барьцан хоолой шахах маягтай. Газрын наймаа, лицензийн луйвар, төсвийн хууль бус зарцуулалт, орд, үйлдвэр, бүр уран зургийн хулгай гээд олон өмч гагцхүү “чадаж байгаа юманд аргагүй” гэдэг дүрмээр өнөөдрийн эзэндээ очжээ. Эдгээрээс хамгийн сүүлд, хамгийн олуулаа хамтарч, хуулийн хэлээр бол бүлэглэсэн нь УИХ-ын 20 гаруй гишүүний хувьдаа, хувийн компанидаа авсан ЖДҮ-гийн зээл. Иргэд нь жилийн 30 хувийн банкны зээлийн хүүд “зодуулж” байхад, тэдний саналаар төрд сонгогдсон УИХ-ын гишүүд жилийн 3-хан хувийн нэн хөнгөлөлттэй зээлийг хувийн компанидаа авах нь ёс суртахууны зөрчлөөс гадна “чадаж байгаа юманд аргагүй” гэх басамжлалын тод жишээ болов. ЖДҮ-чин-гишүүд иргэнийхээ хувьд хууль зөрчөөгүй байж магадгүй, ЖДҮ-гээс авсан мөнгөө яг төслийнхөө дагуу ашиглаж байж ч болно. Гэхдээ эдгээр улстөрчид УИХ-ын гишүүний өндөр албан тушаалын эрх мэдэл, мэдээлэлд ойрхоны давуу тал, гарын үсэг, кнопны эрхээ ашиглаж, иргэдийнхээ боломжийг хулгайлсны төлөө ёс суртахууны хариуцлага хүлээх нь ёс суртахуунтай улстөрчийн наад захын үйлдэл. Сонгогчдынхоо итгэлийг алдсан учраас тэд УИХ-ын гишүүн байтугай, улс төрд явах ёс суртахууны эрхгүй. Гэтэл ёс суртахууны энэ алдааныхаа төлөө ширээнээсээ бууж, ширдэгнээсээ гулсах ёстой тэдгээр улстөрчид мөн ч ширэн нүүртэй юм даа. Бөхийж уулчлал гуйхын оронд гэдийж байгаад “зээлээ төлсөн, төлчихнө” гэж басамжлах. “Зээлээс битгий ай” гэж тавлах. Зээлээс айсандаа бус, ийм зээл олдохгүйд нийгэм бухимдахыг үл ойлгох.
Ер нь ЖДҮ-чин гишүүдийн хувьд зээлээ төлсөн, төлөх эсэх нь аравдугаар асуудал. Гагцхүү ждү-дсэн үйлдэл нь л ёс суртахууны хариуцлага хүлээх, улс төрөөс явах хангалттай үндэслэл болно. Зөвхөн ЖДҮ-чид төдийгүй өнгөрсөн 30 гаруй жилийн булхайд оролцсон, гардсан Монголын олон улстөрч сонгогчдынхоо итгэлийг нэгэнт алдаж “бүгдээрээ адилхан” гэж харагддаг боллоо. Одоо “зээлээ төлсөн”, “Монголынхоо төлөө зүтгэсэн” гэх мэтээр хэчнээн гоё яриад, улстөржүүлээд нэмэргүй. Монголоосоо хулгайлж Монголын төлөө зүтгэнэ гэж байхгүй, ард түмэнд очих сангийн мөнгийг замаас нь хулгайлж ард түмнийхээ төлөө ажиллана гэж байхгүй. Ёс суртахууны алдаа гаргасан бол явдаг байя. Ард түмнээ дагуулах хүндлэл, итгэлээ алдсан улстөрч хамгийн түрүүнд улстөрчөө, удирдагчаа болих, огцрох нь улс төрд хуулиас хүчтэй үйлчилдэг бусдын сайн жишээг жишиг болгоё. Улстөрчид нь ард түмэндээ бус, ард түмэн нь улстөрчиддөө дунд хуруу үзүүлдэг болъё. Энэ жишиг, соёлыг Монголд нутагшуулахыг улстөрчид хүсэхгүй бол сонгогчид хэвшүүлэх цаг болжээ. Уншиж, бусдаас сонсч байхад гадаадын орнуудын улстөрчид нийгэм дэх үнэлэмжээ алдахаас үхтлээ айх бөгөөд алдвал улс төрийн карьер нь дуусдаг юм байна. Яагаад гэвэл тэнд нийгмийг ёс суртахуун удирддаг. Яагаад гэвэл тэнд нийгмийн үнэлэмжийг зөв авч явахад улстөрчид маш их үүрэгтэйг ойлгодог. Гэтэл манайд үнэлэмжээ алдах тусам харин ч улстөрчийн имижээ шинээр бүрдүүлэн карьераа өсгөдөг боллоо. Муугаар ч хамаагүй, мэдэх мэдэхгүй юм болгоноо яриад ч болов сошиалынн “од” болж, бусдын хараанд өртөж л байвал сайн улстөрч болдог гэсэн ёс суртахууны доод жишиг Монголын улс төрд л үйлчилж байна. Буруу үнэлэмж тогтоосон улстөрч тэнд “попын хаан” болон хөөгдөж байхад, манайд топын жагсаалтыг тэргүүлэн дэвших юм. Ардчилсан нийгмийн парламентын гишүүн нь иргэдийнхээ л нэг байдаг. Харин манай гишүүд төр болж “анги дэвших” дарангуйлагч нийгмийн шинжийг хүсэх болов . УИХ-ын гишүүн бол төр, “УИХ-ын гишүүн намайг ингэж байгаа юм чинь жирийн иргэдэд яадаг бол” гэх зэргээр өөрийгөө иргэдээсээ дээгүүрт тавьдаг эрэмбийн ялгаа, нөгөө 75-аасаа илүүрхэн “Бөх бол төр” гэх үзэгдэл Монголын парламентад л байна.
Угтаа хууль, төрийн болон албаны эрх мэдэл ч тухайн улстөрчийг хүчтэй, илүү зиндаатай болгохгүй. Дарангуйлагч нийгэмд л хууль нь төрийн үргэлжлэл болдог болохоос биш, ардчилсан нийгэмд хууль бол иргэнийхээ л үргэлжлэл байдгийг олон номд бичжээ. Дан ганц хуулиар бол хуулийн дарангуйлал л тогтоно. Жишээ ч олон. Феодалын нийгэмд, боолын нийгэмд ч хууль байсан. Ганцхан ёс суртахуун, нийгмийн үнэлэмж тэнд өөр байв. Тэгэхээр өнөөдөр Монголын нийгэм дарангуйлагч л биш бол хууль, ёс суртахуун хоёрыг хослуулж байж л ардчилал ч, улс ч хөгжинө. Зарим хүн төрийн төмөр нүүр гэдэг. Олон түмэндээ хүндлэлгүй төр төмөр нүүр гаргавал харгислал л болно. Манайхан, ялангуяа улстөрчид л хүчтэй, харгис хоёрыг андуурах нь олонтаа. Ямар ч аав гэр бүлдээ хүчтэй. Харин хүүхдэдээ хэзээ ч харгис байдаггүй. Үүнтэй адил улстөрд хар хүч, харигслалаар хүндлэл хүлээхгүй. Хүч бол улстөрд хүндлэл. Улстөрчид ёс суртахуунаар үлгэрлэх нийгмийн үүргээ биелүүлж, зөв үнэлэмж тогтоож байж л бусдын хүндлэлийг хүлээнэ. Тэгж чадсан нь хүчтэй улстөрч. Түүнээс бус, ард түмнийхээ оюун санааны удирдагч байж нийгэмд зөв үнэлэмж тээх үүргээ биелүүлэхгүй хэрнээ баяраар бэлэг тараадаг хүнийг улстөрч ч гэж үзэхэд хэцүү дээ.
Хүндлэлээ алдсан хүчгүй-улстөрчдийн хамгийн сүүлийн гунигт жишээ бол төсвөөс 600 сая төгрөг зарж гишүүдийг хурууны хээгээр санал өгүүлэх болсон өөрчлөлт юм. Үүнийгээ бараг шинэчлэл гэх, энэ бол нийгэмд зөв үлгэрлэх үүрэгтэй хүмүүсийн хувьд шившиг л дээ. Ардчилал хөгжсөн олон оронд парламентын гишүүн бусдын өмнөөс саналын кноп дарж байгаад баригдвал сайн дураараа огцордог. Бусдын кнопоор санал өгвөл огцорно гэсэн хууль тэнд байхгүй. Тэнд улстөрчийн ёс зүй нь хуулиас хүчтэй үйлчилдэг л хэрэг. Гэтэл манайд гишүүдийг бусдын кнопыг даруулахгүй байх албадлагын арга хэрэглэж байна гэдэг бол Монголын улстөрд, улстөрчдөд ёс суртахуун хэм хэмжээ огт байхгүйн л тод жишээ.
Эцэст нь, олон хүн хууль хэрэгжихгүй байна, нийгэмд шударга ёс алдагдлаа гэдэг. Энэ нь улстөрчдөөс хууль хэрэггүй гэсэн үнэлэмжийг Монголын нийгэмд тогтоож буйн л үр дүн. Ёс суртахуунгүй орчинд хуулиар юу хийх вэ, хамгийн хэрэггүй гэх нэгэн суутны үг ч бий. Тэгэхээр ёс суртахуун, хууль хоёрын аль нь анхдагч вэ? Манай улс төрд, улстөрчдөд аль нь ч байхгүй юм шиг!