Агуу жолоодогч болсон Сүхбаатарын намтар
Дэлхий бөөрөнхий гэдгийг сонсоогүй зуун жилийн өмнөх харанхуй Монголын балчир хүү Сүх улс төрийн туршлагагүйдээ гэнэдэж Бодоог хөнөөх улаан оросын ов мэхэнд санамсаргүй урхидуулсан бүдэг ул мөр буйг зарим түүхчид шивэгнэх болов.
Дэлхий бөөрөнхий гэдгийг сонсоогүй зуун жилийн өмнөх харанхуй Монголын балчир хүү Сүх улс төрийн туршлагагүйдээ гэнэдэж Бодоог хөнөөх улаан оросын ов мэхэнд санамсаргүй урхидуулсан бүдэг ул мөр буйг зарим түүхчид шивэгнэх болов. Феодализмын үед байтугай социализмын үед ч манай удирдагчид мэхлэгдэж явлаа. Тэр бүү хэл ХХI зууны ардчиллын үед ч бас хууртаад уурхайн төмөр замаа долоон жил тавьж чадсангүй. Шатахуун, эрчим хүчнийхээ шахааг байнга хадгалж, шулах гэсэн дарамт хувиршгүй ажээ.
Зуу шахам жилийн тэртээ Сүх гэгч залуу Бодоог устгах улаан оросын ов мэхэнд урхидуулж, гэнэдсэн алдаандаа гутрахын хамт цаашид өөрийн нь амь хутагны ирэн дээр дэнслэгдсэн тул сэтгэл санааны гүн хямралд орж, мөрийтэй тоглоомонд донтож, хэнд ч хэрэггүй замаа алдсан нэгэн болж амь мултрах гэж баашилж явсан байвал өдгөө хэн “үгүй” гэж нотлох юм бэ. Сүхбаатар МНРП гэсэн дөрвөн үсэг бүхий хуудас цаастай Улаан оросын агент болсон, түүний гарын үсэгтэй бичгээр Бодоог баривчилсан ч гэх шиг, Бодоог цаазлахад Сүхбаатар хараад зогсож байсан ч юм шиг. Энэ эвгүй яриаг түүхчид даруй судлаж жинхэнэ үнэнийг мэдээлэх үүрэгтэй. Гэтэл таг чиг. Олон нийт түүхчдэд эргэлзээд л, түүхийн үнэ цэнэ унаад л, гадуур дуртай нь амныхаа хэмжээгээр цуураад л, энэ бол ёс суртахуунд хортой. Түүхийн үнэнийг нэг мөр болгох түүхч төрдөггүй. Түүхчид бүгд намын үзэл суртлын дайчин байлдагчид байсан байсаар ч байна.
Сүхбаатарын гарын үсэгтэй баривчлах бичгийг Бодоо үзээд Сүх дүүдээ гомдох охор хүн биш байв. Нэгийг нь нөгөөгөөр бариулдаг орос арга хавтгайрсан тэр цагт энэ бол хэнд ч ил дол болсон гамшиг. Хүчинд автсан аргагүйдэл. Зохиолч Д.Нацагдорж шоронгоос түр суллагдаад зах дээр шал согтуу өмдөндөө шээчихсэн салгалж явахдаа нөхөддөө та нар над шиг ингэж яв, тэгэхгүй бол баривчлагдана шүү гэж аминчлан захьж байсан гэдэг. Бодоо албаа хаяад зугтаж мал малласан. Данзанг гэргий нь хэдэн үхрээ туугаад Орхондоо очъё, чи минь алуулчих байх гэж сануулж байсан. Харин Дилов хутагт яаж шүү оргож дөнгөсөн юм бол. Чойбалсан цээжин дотроо уйлж байгаад үй олон нөхрөө буудуулсан. Цэдэнбалын хувь заяа ч эмгэнэлтэй.
Жанжин хэмээх Сүхэд алдаа байжээ гэсэн дэл сул яриаг сонсоод яаж цочирдов? Яаж гомдов? Тэгвэл Сүхээс ч аймшигтай гүтгэгдэж буудуулсан Бодоо Данзан Шагдаржав тэргүүтэй бусад эх орончдыгоо 90 жил зүхэж, алтан шарил руу нь 90 жил нулимж яваагаа эргэцүүлээд нэг үз. Сүхбаатарын удам гомдож байна. Бодоо Данзан Шагдаржав тэргүүтний 90 жил гомдол тээж яваа удам угсаа бас бий. Шилдэг хөвгүүдийнхээ хэнийг эх оронч, хэнийг урвагч дайсан гэж ялгах вэ? Ялгасаар ирсэндээ бид гэмшиж алдаагаа засах атал одоо хэр хийрхэж үзэн ядаж явна. Тэдэн дотор буруутан нэг ч байгаагүй. Буруутан гэвэл Чойбалсан. Гэвч түүний зовлон шаналал багадаагүй. Би зохиол бичвэл энэ өнцгөөс ууч сэтгэлээр хандана. Бүгд адилхан хөөрхийс. Бүгд адилхан учраас бүгд адилхан хилс хөнөөгдсөн юм.
Сүх насаар дүүгийн хувьд нөлөөгөөр тэдэн дундаа толгойлж байгаагүй юм биш үү гэсний төлөө уурлах юун. Эх орон ард олныхоо төлөө бүгд адилхан алтан амиа зольсон. Хөөрхийс дөө бүгдэд нь зориулсан цогцолбор “бурхан” бүтээж дээдэлбэл ямар вэ гэхэд хилэгнэх улаантнууд эдүгээ бидний дунд жаалсаар явна. Тийм нууц монгол улаантнуудаас айлгүйгээр төв талбайдаа Сүхийн хөшөөний хоймор “ямар ч дайсны ов мэхэнд хуурташгүй монгол хүний оюун ухааныг билэгдсэн” цогцолбор босгоё. Нийслэлийн зүрх болсон саруулхан талбайд Сүх жанжны хөшөөг тэр хэдийн цогцолбор харанхуйлахгүй. Хүчирхэг хэд хэдэн усан оргилуур байгуулж, мөнхийн билэгдэл гацуур, хуш, хус, хар мод, улиас, хайлаас зэрэг Монголд ургадаг бүх модны дээжийг тарьж цогцолбороо чимье. Тийм зай ч бий. Энэ хотын шавыг анх аравнайлсан гэгээтэн Занабазарын дүрийг залаагүй атлаа VIII богд гэгч түвдийн хөшөөг сүндэрлүүлэх гэнэ. Тэр түвд Монголыг бие даасан тусгаар улс болгосноор өөрөө хэмжээгүй эрхт хаанд залрах амбицаа мөрөөдөж явсан этгээд. Өөрийгөө амьд бурхан гэж сүжигтэн олноо мэхэлсэн Богд гэгч түвдээс илүү Монголоо гэсэн сэтгэлтэй Сайн ноён Намнансүрэн, чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, говь түшээ гүн Чагдаржав, Түшээт хаан Дашням гээд хувьсгалт улаан цунамид дайрагдсан буянтнуудаа мартах тэнэглэл. Ер нь нийслэл хөшөөгөөр дүүрч бас нэг Далан давхар болох төлөвтэй. Мөнгөтэй л бол хөшөөтэй. Ардын хувьсгалын анхны долоо гэж алдаршсан халхын хөвгүүд тусгаар тогтнолоо сэргээхээр зориг шулуудсан. Гэтэл тэднийг минь болъщевикууд бие даах гэлээ гэж цаазлаад, ганцхан Чойбалсангаар тоглоомын хүүхэлдэй хийхээр түүнийг амьд үлдээв. Хичнээн ч түм юм монголыг Чойбалсан хядсан. Чойбалсан нар ах дүүсээ буудсан авч ард нь тэдний нугасанд оросууд буу тулгаад зааварлаж зогсов. Энэ бол нуухын аргагүй ил дол болсон түүх. Хөрш буурай орнуудаа ингэж харгисласан нүглээ орчин үеийн оросууд буруутгаад байхад өдгөө МАН өмөөрөөд буй нь хөгтэй.
Ингээд бүдчиж явтал коммунист замналыг нийгмийн дүрэлзсэн хувьсгалаар мандуулсан суут жолоодогч гэж нэг хүн Монголд тодрох хэрэгцээ гарчээ. Нөгөө цаазалсан хэдээсээ хэн нэгнийг жолоодогчоор тодруулах шоглоом тулгарав. Энэ бүгдийг Монгол бус Оросууд л хийгээд буй хэрэг шүү дээ. Эсэргүү Бодоо, Данзан хоёрын нэгийг суут жолоодогчоор сонголтой нь биш. Яагаад гэвэл оросууд тэднийг Монголын дайсан хэмээн дахиж ашиглах аргагүйгээр гутааж бузарласан юм чинь. МНРП батлахтай Сүх Бодоог устгахад Орост тусалсан ч Хүрээнээс улаантныг дээрэм тонуул хийлээ хэмээн хөөж гаргахыг завдсан задарсан тархи, итгэмгүй үндэсний үзэлтэн болохоо харуулсан. Гэвч ардын хувьсгалын суут жолоодогчоор өргөмжлөх түүнээс өөр сонголт байсангүй.
Оросууд Монголын харанхуй, гэнэн цайлган ард түмэнд тохируулсан түүх гэгч үнэнийг мушгин гуйвуулсан бохир ухуулга зохиож өгөв. Ухуулгад Сүхбаатар Чойбалсан хоёрыг Монголд эрх чөлөө тусгаар тогтнол олгосон суут хоёр жолоодогч гэж тэнгэр тултал магтаж, бусад тав нь Монголыг устгах гэж явсан урвагч дайснууд гэсэн гүтгэлгээр нэвт гүжирджээ. Энэ гүжирдлэгээс өөрөөр сэтгэвэл эсэргүү хэмээн нухаж байв. Ийм нянгаар хэдэн арван жил, хэдэн үеэр нь хордуулсны гай өдгөө ХХI зууны монгол хүний сэтгэхүйд бугласаар буй нь гутамшиг. Гэвч ингэж шившигтэй мэхлэгдсэнээ эдүгээ бид залруулаад авахад дурын хэрэг болсон цаг шүү дээ. Хүсэхгүй байна уу, арчаагүй байна уу.
Сүхбаатарыг Ленинтэй ижил болъщевик онолч болгож, ардын хувьсгалын ялалт, капиталист бус хөгжлийн замаар феодлын Монгол коммунизмд орох суут онол зохиож, МАХН-ын үзэл баримтлалыг гагцхүү Сүхбаатар коммунист онол өөд чиглүүлсэн гэхчилэн цагаан дээлт Дамдин гэгч ардын хүү Сүхийн намтрыг үнэмших аргагүй гоёсон билээ. Сүхбаатарын намтраас инээдэмтэй ташаа зүйлийг цэвэрлэх гэснээс бус түүний бодит нэр төрд халдсан хүн алга. Орос Хятад хоёр Ленин Мао хоёрыг хүн биш болтол нь худал магтсаар гутаасан. Жинхэнээсээ хайрлаагүй. Сүх жанжнаа монголчууд Орос Хятад хоёроос арай өөрөөр жинхэнээр нь үнэнчээр дээдэлье. Орос жороор Сүхбаатарыг түүхэнд худал магтахын хэрээр цаазлагдсан журмын нөхдийг нь газар дор ортол гүтгэсэн байдаг. Цаашид худал магтаалаа тэр хэвээр дэвэргээд байвал Сүхбаатар бусад 6-гаасаа агуу харагдах нь юу л бол. Харин бүр сэжиг ч төрүүлж болзошгүй. Орчин үеийн залуус хэцүү.
Эдүгээ Бодоо Данзан гэсэн нэр сонсуут дүрсхийдэг өвчтэй монгол зөндөөн. Сүхбаатарыг бусад 6-гийн дор оруулах гээгүй. Сүхбаатар бол хийморьтой гарамгай эх оронч баатар хүү. Тэр бээр цэргийн эрдэм, байлдах чадвар, эрэлхэг зоригоор бусдаасаа давамгай байсан гэдэгт хэн ч эргэлзээгүй. Цаазлагдсан бусад нь ч мөн адил зоригтой ухаантай эх орончид байсан гэхээр үс нь өрвөсхийх юм. Жанжин ч бас улаантны даварсан түрэмгийлэлд сүүлдээ дургүйцэж байж хар нялхаараа хамрын шуухнаагаар учир битүүлэг “үхсэн”. Тиймээс түүнийг улаантны хүүхэлдэй гэвэл нүгэл болно. Бүгд эх орныхоо төлөө үрэгдсэн тул ганц Сүхийг бус бүгдийг адилхан хүндэтгэж, бүгдэд нь зориулсан цогцолбор босгоё гэсэн. Үүнд дургүйцсэн пост коммунистууд хумсаа нуугаад Сүх жанжинд хайртайгаа сүржигнэн зарлах болов. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн М.Энхболд “Энэ агуу хүн байгаагүй бол Монгол өнөөдөр байхгүй байх байсан” гэж нухацтай тэмдэглэх нь “Жанжин Сүхбаатарыг Бодоо Данзан Шагдаржав Лосол Догсом нартай зэрэгцүүлэхгүй шүү новшнуудаа” гэсэн болъщевик өширхөл цухалзав гэлтэй. Анхны 7-д ялгавартай хандах шалтаг юусан билээ. Тэд ав адилхан эх орончид явсан бус уу. 90 жилийн тэртээ биднийг төөрүүлэх гэж хэрсэн түүхийн орооцолдоог орчин үе эдүгээ тайлж чадахгүй мунгинаж буй нь ичмээр. Сүхбаатарыг хэн ч мууд оруулах гээгүй. Үзэмчин гэсний төлөө түүний таван үеийн түүхээр хэрэлдэв. Таван үеийн үзэмчин хүн чинь жинхэнэ цэвэр монгол хүн мөн биз дээ. Сүхбаатарын хөшөөг зөөнө гээгээгүй байхад “зөөх нь”, “оронд нь Чингисийн маш том хөшөө босгох гэж байна” гэж өдөөн хатгах нь “монгол нуралт” ХХI зуунд ч үргэлжлэх төлөвтэй. Уг нь 800 гаруй настай эцэг Чингисийнхээ талбайд ХХ зууны эх оронч долоон “бурхан”-ы цогцолбор сүндэрлэхэд Сүхбаатарын морьтой хөшөө бүдгэрмээргүй сэн. Анхны долоо эзэн Чингистээ мөргөнө үү гэхээс их хаантайгаа талбай булаалдах өчүүхэн амбицтай амьтад биш байсан байх аа. Лениний хөшөөг буулгасанд хорссон реваншистууд “Жанжин Сүхбаатарын минь хөшөөг зайлуулж, суурин дээр нь Чингисийн их том хөшөөг Бат-Үүл нар залах гэж байна” гэх цуурхал тарааж, олныг зодолдуулах өдөөн хатгалга дэврээж байна. Тэдний хонзон авалтад уруу татагдах монгол даанч цөөрч дээ.
2014-06-10