Эрнэст Болдук: “Номын сангаа харж санаа нь амарснаас хойш Кливез яг гурван долоо хоноод бурхан болсон”
“Энэ бол миний амьдрал бүтээл. Ингээд салж таралгүй, нэг л газар хадгалагдахаар боллоо. Ганц нэгээр нь салгаж огт болохгүй. Юуг ч зарж болохгүй. Судлаач нар ирж судалгаагаа хийж байж болно” гээд сэтгэл нь их л хангалуун байлаа.
(Франсис Вүүдмэн Кливезийн номын санг сурвалжилсан судалгааны аяллын цуврал тэмдэглэл №4)
2019 оны наадмаар Элчин сайд Уиллиам Браунтай уулзаж танилцан, Монголд 1973 онд Америкийн анхны элчин сайдаар суухаа шахсан хийгээд Онон Өргөнгөөд шавь орж, монгол хэл сурсан түүхийг нь яриулсан билээ. Тэр цагт Браун сайд суут монголч эрдэмтэн Франсис Вүүдмэн Кливезийн дотно шавь гэдгээ хэлж, түүний удирдлага доор Хятад судлалаар докторын зэрэг хамгаалснаа хуучилснаас гадна багшийнх нь номын сан хөдөөний нэгэн сүмд хадгалагдаж байдаг тухай цухас дурдаад өнгөрсөн юм. Үүнээс хойш бид хоёр захидал занаа шидэлцэн, утас шөрмөсөөр холбогдсоор, мөнөөх номын сангийн сургийг гаргаснаар барахгүй, Монгол Соёлын Төвөөс зохион байгуулдаг Олон Улсын Монгол Судлалын Хурлын түлхүүр илтгэлийг Конгрессын Номын Санд хэлэлцэх үеэр Азийн тасгийн захиралтай тохирч, тус номын сангийн албан ёсны аяллаар очих, анхан шатны судалгаа хийх, боломжтой бол гар бичмэлээс нь хэвлүүлэх боломжийг судлах зэргийг тохирч, 3 сарын 21-ний өдөр явахаар шийдсэн юм. Гэтэл энэ зуур цар тахал дэлгэрч, бүх ажил нуран унав. Конгрессын Номын Сан эргээд хэзээ нээх нь одоо болтол тодорхойгүй хэвээр, Элчин сайд Уиллиам Браун маань ч энэ зуур даруй 90 насыг зооглов оо гэж. Тэгтэл энэ 2020 оны 10 сарын 2-ны өдөр Браун гуай залгаж, “Миний бие энэ цар тахлыг дуусгаж чадах эсэхээ мэдэхгүй байна, хэдүүлээ хувиараа очиж, номын санг үзэхээр оролдох уу?” хэмээн асуухад нь дуртайяа зөвшөөрч, ажлаас хоёр долоо хоногийн чөлөөг аваад бидний гурван хүн (Элчин сайд Браун, миний бие, Пэннсилваниагийн их сургуулийн монгол хэлний багш Цэвээндуламын Наранцэцэг) мухар тэргээр Нью-Хампшир хотыг зүглэсэн өдөр болбоос 10 сарын 8-ны Пүрэв гараг билээ.
Таван цуврал нийтлэлээр та бүхэндээ их эрдэмтний амьдрал намтар, номын сан, цуглуулга, гар бичмэл сэлтийг танилцуулах болно. Энэ удаад Кливезийн номын санг арчлан тордож, хадгалан хамгаалж буй Эрнэст Болдук гуайтай ярилцсанаа толилуулъя. Нас сүүдэр 87 гарсан, удахгүй 88 хүрэх гэж байгаа хүн гэхэд Эрнэст тун хөнгөн шингэн юм.
Эрнэст Болдуктай хөөрөлдөв
М. С: Франсис Вүүдман Кливезийн номын сан танай сүмд ирсэн түүх юу билээ?
Э. Б: Бүх зүйл латин хэлээрх залбирлаас эхэлсэн юм аа. Манайх үйлчлэлээ латин хэлээр явуулдаг, уламжлалт урсгалын сүм. Тиймээс сүмийн залуустаа латин хэл сургах шаардлага гарсан юм. Хаашаа сургуульд явуулдаг билээ гэж зовж байлаа. Тэгтэл манайхны нэг нь “энүүхэн энэ Гилмантонд латин хэлтэй нэг хүн бий шүү. Өөр олон хэлтэй хүн” гэж байна. Бид хэд бусад тэр олон хэлийг нь ч сонирхсонгүй, латин хэл нь л чухал байлаа. Тэгээд миний дүү, эцэг лам Хэктор Болдук нөгөө хүнтэй чинь уулзлаа. Тэр хүн бол Франсис Вүүдман Кливез байсан юм. Профессор латин хэл заалгах бидний саналыг уриалгахан хүлээж авав. “Тэг тэг, тэр хүүхдүүдээ нааш нь явуул, би хэрэгтэй зүйлийг бүгдийг нь заагаад өгье” гэж байна.
Удалгүй өөр нэг яриа гарлаа. Тэр профессор чинь учиргүй их номтой юм гэнэ ээ гэж. Дүү бид хоёр номд их дуртай, таван ч номын сан өөрсдөө ажиллуулдаг байв. Тэгээд нөгөө багшийн гэрт номыг нь үзэхээр очлоо. Үнэхээр их номтой юм аа. Номоо зүгээр дээр дээрээс нь давхарлаад өрчихдөг. Тавиур, шүүгээ ч гэж байхгүй.
(Жич: Энд Болдук гуайн ярианы завсраар Уиллиам Брауны чухам энэ түүхтэй холбогдох дуртгалыг оруулъя. Кливез бүх номоо бүх өрөөндөө шалан дээр давхарлаад өрчихсөн суудаг байж. Браун гуай нэг өдөр зөвлөгөө авах гээд ортол гал тогоондоо дагуулан орж гэнэ. Өрсөн ном дундуур арайхийн багтаж явсан гэдэг. Тэгж байтал нэг адуу нь гал тогооных нь цонхыг хагалаад толгойгоо оруулж байна гэнэ шүү. Америкийн хойт нутгийн өвөл айхтар хүйтэн, Кливез тэгтэл цонхоо шиллэх ч үгүй, уур савсуулаад л сууж байсан гэх. Тэгж хамаагүй өрсөн ном дотроосоо өөрөө харин хайж байгаа номоо ганцхан татаад л гаргаад ирдэг аж. Браун гуайг нэг удаа “Чи цаад өрөөндөө ороод баруун талд чинь өрсөн сонины энэ хавиас” гээд толгой хэрдээ гараараа хэмжиж үзүүлээд “ийм сонин байгаа аваад ир дээ” гэж хэлсэн гэнэ. Яваад ортол бараг тааз хүртэл өрчихсөн сонин, Браун гуай ихэд хайж байж олсон гэнэ билээ.)
Тэгтэл багш өөрөө манай дүүд “Миний бүх насны амьдрал болох ном бичгийг маань хадгалах газар хэрэгтэй байна. Өнөөг хүртэл яг энэ чигээр нь авч хадгалах газар гарсангүй, энэ бол миний бүхий л насны амьдрал шүү дээ. Энэ “амьдрал”-аа би цаашид хадгалмаар байна” гэсэн юм. Дүү маань “За тэгвэл ах дүү нартаа хэлье, тэгээд бид хэд танд номын сан байгуулж чадах эсэхээ ярья” гээд надад энэ тухайгаа өгүүлсэн билээ.
Хаалган дээр хадсан хаяг
Тэгээд бид багшийг энэ сүмд авчирч, байр байдлаа үзүүлээд, яах ийх ёстой билээ гэдгээ ярилцав. Ингээд багш ч хууль зүй, гэрээ бичиг талаа анхаарч, бид харин номын шүүгээ үйлдэж эхэллээ.
М. С: Бид үйлдэж эхэллээ гэхээр энэ бүх тавиур, шүүгээг та нар өөрсдөө гараараа хийсэн хэрэг үү?
Э. Б: Тийм ээ, миний дүү - эцэг лам мөнгө төгрөг олох ажлыг эрхэлж, яг гараар хийх хөдөлмөрийг нь би өөрөө хийсэн юм. Тэгээд барьж дуусаад багшид үзүүлтэл ихэд баярлаж, “Болж байна, яг л энэ дээ. Одоо номоо тавья. Миний хэлсэн газар өрөөрэй” гээд бүх номоо энийг энд, тэрийг тэнд тавина гэж хэлж өгсөн билээ. Наад урт ширээ чинь яг Кливезийн өөрийнх нь ширээ. Энэ дээрээ суугаад л ажиллана. Ингэж л номын сан энд ирсэн юм даа.
Эрнэст Болдукийн хийсэн номын шүүгээ
М.С: Бүх ном бичиг нь энд орж чадсан уу?
Э.Б: Ачааны машинаар хэдэн удаа зөөснөө ч одоо санахгүй байна, их л олон явсан юм даг. Хятад хэлний нэг том ажил нь энд орж чадаагүй, замын нөгөө талд фермд хадгалж байгаа. 267 том төмөр шүүгээ дүүрэн хятад үсэг байгаа. Багшийн өөрийн хэлснээр нийтдээ 20 сая гаруй ханз байгаа юм гэсэн шүү. Маш хүнд, эхлээд пин дотроо байрлуулсан, пинг маань авч унах гээд. Тэгээд тусгай байр барилаа. Хүнд учраас доор нь тусгай суурь хийж өгөөрэй гэж захиалсан, тийм хатуу суурьтай хэрнээ л жилдээ 3-4 инч хөрс рүүгээ шигдээд л байна даа.
(Жич: Энэхүү бүтээлийнх нь зургаас авч, Кристофер Атвүүд багшид илгээн асууваас “Чи-юуан буюу Үгсийн сурвалж хэмээх толь байна гэв)
Энэ зураг дахь тракторын цаана харагдаж буй төмөр шүүгээнүүдэд эртний хятад хэлний хэвлэгдээгүй толь бичиг буй. 20 сая ханзын тайлбар.
М. С: Кливез өөрөө номын сандаа сэтгэл хангалуун байв уу?
Э.Б: Тийм ээ. Бүх зүйлээ хийж дуусгаад, би энэ хаалган дээр “Франсис Вүүдман Кливезийн Азийн номын сан” гэсэн хаягаа сайхан хадсаныхаа хойно багшийг урьж авчирсан юм. Багш ч ихэд баярлаж “Энэ бол миний амьдрал бүтээл. Ингээд салж таралгүй, нэг л газар хадгалагдахаар боллоо. Би одоохон энэ номын сангаа Нью-Хампширын Уламжлалт Латин номлолт сүмд бүрэн эрхээр нь хариуцуулах бичиг баримт үйлдэнэ. Яг эндээ үүрд байх учиртай. Ганц нэгээр нь салгаж огт болохгүй. Юуг ч зарж болохгүй. Судлаач нар ирж судалгаагаа хийж байж болно.” хэмээгээд бид энэхүү гэрээг үзэглэсэн юм. (Гэрээгээ үзүүлэв). Сэтгэл нь их л хангалуун байлаа. Үүнээс гуравхан долоо хоногийн дараа Кливез насан өөд болсон билээ.
Ном цуглуулгыг салгаж болохгүй, зарж болохгүй хэмээсэн Кливезийн гэрээслэл
М. С: Мөрөөдөл нь биелээд л тэнгэр өөд одож дээ. Насан өндөр болсон хүн, ганц л зүйл хүлээгээд байсан ч байж болох юм.
Э. Б: Ямар ч л байсан найдвартай газар номоо үлдээлээ гээд амгалан сайхан л байсан даа. Руби Лам гээд шавь нь Хятад судлалынх нь ном бичгийг сайтар харж хандаж байгаа. Та нартай хамт яваа Элчин сайд Брауны адилаар тэр хүн бас Кливезийн шавь байсан юм. Ингээд шавь нар нь бичиг номыг нь анхаараад явааг Кливез багш нь өөрөө хаана ч оршлоо гэсэн хараад баясаж л байгаа биз ээ.
М. С: Та бүгдэд их баярлалаа. Одоо харин та өөрийнхөө гэр бүлийн үүх түүхээс ярьж өгөөч. Бидний орсон байшин бүр 1779 оных гэсэн бичиг байхыг харлаа.
Э. Б: Тийм ээ, бид хэд тэр эдлэнгээ Болдукийн ферм гэж нэрлэдэг юм. 1779 онд байгуулагдсан ферм. Тусгаар тогтнолын төлөөх дайнд тулалдсан учраас төрөөс тэр газрыг шагнал болгон өгчээ. Манай өвөг дээдэс тэгээд энд энэ байшинг барьсан нь энэ хотын хоёр дахь байшин юм. Хотын хамгийн анхны байшинг бас манайхан барьсан, тэр нь энүүхэн энд одоо ч байгаа. Түүх яривал тэр.
Миний эцэг Бостон – Монреалийн төмөр замд ажилладаг байж. Аав ээж хоёр 14 хүүхэдтэй. Тэгээд төмөр замын ажилчны цалингаар 14 хүүхэд тэжээж чадахгүй хэмээгээд өвөөгөөс энэ фермийг худалдан авчээ. Сүүний чиглэлийн ферм байсан юм. Сүү, төмс, ногоогоор тасрахгүй болоод ирсэн хэрэг. Аав ээж хоёр 1921 онд гэрлэсэн гэдэг. Хоёр гэр бүл нь нэг байшинг хоёр хуваагаад хамт амьдардаг байж. Тэгээд яах вэ дээ, үеийн залуус нэг гэрт таарахаар дасаад дурлаад суусан юм байлгүй.
М. С: Арван дөрвөн хүүхэд өсгөнө гэдэг мөн амаргүй еэ?
Э. Б: Өө хэцүү хэцүү. Бэрх ч цаг байж. Ээж бидний хувцсыг бүгдийг нь өөрөө оёдог байлаа. Даавуу хайчлаад живх хийнэ шүү дээ. Олон нялх хүүхэдтэй, хэдэн арван даавуу гадаа өлгөөтэй. Одоогийн залуус та нар бол баастай шээстэй нь хаячхаад, шинийг зүүчихдэг амар ч биз. Хорь гучаад онд бол бүгдийг нь угаагаад ахин хэрэглэдэг байсан юм аа.
М. С: Том хүүг маань төрж байхад ч манай улсад бас яг л тэгдэг байлаа. Таны юу ярьж байгааг би бүр сайн ойлгож байна.
Э. Б: Өвөлдөө ээж нэг байшингаас нөгөө байшин хүртэл тавиад метр урт хэц татаад угаасан хувцсаа хатаана. Хатаана ч гэж, дарайгаад хөлдчихнө. Эхнийхийгээ аваад л дараагийнхыгаа зөрүүлээд тохно шүү дээ. Хөлдүү хувцсаа оруулж ирээд зуухан дээрээ өлгөж байж сая нэг бүрэн хатааж авна. Та нар бас тэгдэг байв уу?
М. С: Ээ дээ, хэц татаад хатаадаг чинь бас л манайхтай төстэй үйл байна даа. Монголд бол цаг агаар хуурай учраас бүр амархан хатна.
Э. Б: Манайхан өөрсдөө 14-үүлээ, дээр нь зундаа хамаатнууд маань ирж сууна. Айл саахалтын хүүхдүүд бол бүр бүтэн жилжингээ манайхаар эргэлдэнэ. Энэ нь ямар учиртай гэхээр нэгд, манайх тийм найрсаг айл байж. Гэхдээ тэр нь гол биш, хамгийн гол нь ээж хоол сайхан хийнэ, тэрэнд л татагддаг байсан хэрэг. Манай ферм дээр ирж өдөржин ажиллаад л, өглөөний цай, өдөр, оройн хоол болохоор яг л манай хүүхдүүд шиг ширээн дээр бидэнтэй хамт эгнэж суугаад хоолоо идээд явна даа.
Болдукийнхны АНУ дахь амьдралын түүх 1779 оноос эхэлжээ.
М. С: Бас ч шударга байна, ажил хийж өгөөд “гэдэс гарч” аваад явна гэдэг. Бордуухан айлын л хүүхдүүд байдаг байх даа.
Э. Б: Нэг айлыг бол би бүр тод санаж байна. Аав нь ан хийдэг, загасчилдаг хүн байсан юм. Заримдаа ан олдохгүй, загас ч баригдахгүй үе гарна аа даа. Тэгэхээр хүүхдүүд нь ирж, бид хэдтэй мөр зэрэгцэн ажиллаад, хамт суугаад ах дүү шиг л хамтдаа хооллодог байлаа. Хоол бол хангалттай, гэхдээ ганц дүрэмтэй. Том хоолноос идэж чадах хэмжээгээрээ л авна. Хаягдал гаргаж болохгүй. Бүгдийг цатгахын тулд ээж ер нь дандаа л ахиухан хоол хийдэг байсан юм. Тэгээд тэр өдрийн илүү гарсан хоол нэг том сав руу ороод, маргаашийнх нь шөл болно шүү дээ. Тэгээд маргаашийнх нь илүү гарсан шөл аанай л тэр сав руу орж нөгөөдрийн шөл болсоор Баасан хүрнэ. Үнэн сүжигт католикууд бол Баасанд мах иддэггүй юм. Зөвхөн загас иднэ. Баасанд ээж загас шарна, тэрний үлдэгдэл нь Бямбын хоол болно. Харин бүтэн сайнд шинэ цикл эхэлж, хамгийн сайхан хоол иднэ дээ. Бүтэн сайнд үхэр, тахиа, цацагт хяруулын мах бүгдийг шардаг байсан юм. Тэгээд үлдэгдэл нь өнөө шөл болдог тойрогтоо орно.
М. С: Их л “баялаг”, амттай сайхан шөл байж дээ? (инээлдэв)
Э. Б: Тэгэлгүй яахав, есөн жорын мах, ногоо гарч ирнэ. Юу ч гарч ирж мэднэ. Бүгд нийлэхээрээ амт сайхан сайхан. Одоо эргээд би тэр шөлнийхөө амтыг санадаггүй юм, их л гоё байсан санагддаг.
М. С: Одоо та гэр бүлийнхээ уламжлалыг үргэлжлүүлээд фермийн аж ахуй эрхлээд явж байгаа юм байна, тийм үү?
Э. Б: За яг аж ахуй эрхлэх, бизнес гэсэн утгаар ч биш дээ. Зүгээр тасалдуулалгүй л авч явж байна. Анх манай аав энэ фермийг авч байхад талбай гэхээр юм үгүй байж. Ганц гайгүй “ургац” нь чулуу л байсан гэж байгаа. Тийм учраас гахай авсан байгаа юм. Манайх найман зуугаад гахайтай байв. Чулуу ихтэй газар гахай яагаад хэрэгтэй болдгийг мэдэх үү?
М. С: Мэдэхгүй, яадаг хэрэг вэ?
Э. Б: Гахай чинь могойнд учиргүй дуртай амьтан. Могой идэх гээд хошуугаараа чулуун доорхыг сэндийлж гарна шүү дээ. Ухаж төнхсөөр байж олоод л иднэ. Би тэрэнд нь дуртай, яагаад гэвэл би могой ёстой үзэж чаддаггүй юм. Гол нь тэгсээр байж бүх том жижиг чулууг газраас нь сайхан суллаад өгчихнө. Тэр чулуугаар нь бид хашаа барина. Тэгээд өөр газраас чулуу авах хэрэгтэй болбол өнөө хэдэн гахайгаа тэнд аваачаад л тавьчихна. Хамаг ажлаа гахайгаар хийлгэчиж байгаа биз? (инээлдэв)
М. С: Танай фермийн зөгийн бал амттай сайхан юм. Гахайгаа болиод зөгий эрхэлж эхэлсэн юм уу?
Э. Б: Манайх нэг 11 бүл зөгийтэй. Арван нэгэн бүл зөгий маань жилдээ нэг 550-650 паунд (250-300 кг) бал гаргаж байна. Би зөгийндөө их хайртай. Зөгийтэйгөө байнга ярьдаг. Зөгий маань ч намайг сонсдог. Балыг нь хурааж авахад л жаахан дургүйцдэг юм. Арга ч үгүй юм даа, тийм ээ. Маш их хөдөлмөр нь шүү дээ. Нэг паунд (450 гр) бал гаргахын тулд зөгий дэлхийг 2,5 дахин тойрохтой тэнцүү хэмжээний зам туулдаг юм шүү дээ. Зөгий ер нь нэг 40-45 хоног насалдаг амьтан. Бүх насаараа хичээж хичээж хоёр дусал бал гаргаад л үхдэг гэж байгаа. Тэгэхээр ганц шил бал гаргахын тулд хэчнээн зөгий ямар их хөдөлмөрөө зардаг болохыг ойлгож байна уу?
М. С: Одоо л ойлголоо. Зөгийн бал идэхдээ хайрлаж, мэдэрч хэрэглэж баймаар юм байна.
Э. Б: Тэгэлгүй яахав. Ганц халбага зөгийн бал ч үнэ цэнтэй. Жил бүр миний балыг Румын, Орос, Герман, Япон, Хятад дэлхийн олон орноос авдаг юм шүү. Би гэхдээ тэрүүгээрээ мөнгө хийдэггүй, өөрөө их дуртайдаа л тэр. Сөхөрч унатлаа зөгийгөө тэжээнэ дээ.
М. С: Эцэст нь танай сүмийн талаар асууя. Би өөрөө Бурханы шашинтай хүн болохоор Христийн шашны олон урсгалын учрыг мэддэггүй юм. Танай сүм Католикийн ертөнцөд ямар байр суурьтай, ямар чиглэлийнх нь сүм бэ?
Э. Б: Манайх латин хэлээр сургаалаа айлддаг сүм. Яагаад латин хэл чухал вэ? Яагаад гэвэл латин хэлээр нэг үгийг нэг л дуудлагаар, нэг л утгаар хэлдэг юм. Шашны ном тийм нарийн байх ёстой. Гэтэл англи хэлэнд “түү” гэж адилхан дуудах хэрнээ to гэвэл нэг өөр утга, too гэвэл бас өөр, two гэхлээр бүр өөр болох жишээтэй. Латин хэлэнд бол энэ гурвыг бүгдийг нь өөр өөрөөр дуудна. Одоогийн Ватикан харамсалтай нь энэ уламжлалыг эвдэж байна. Тухайн байгаа улсынхаа хэлээр шашныхаа номлолыг түгээж болно гэж үзсэн юм, манай тэр дээд улс. Латиныг ингээд хална гэсэн үг. Кардинал бишопууд одоо өөр өөрийнхөө хэлээр үйлчилгээ үйлдээд эхэлчихлээ. Гэлэнмаа, номлогч нар ч өмсгөлөө дандаа заавал өмсөх хэрэггүй болж, чөлөөт цагаараа дураараа хувцаслан, дуртай газраа явж болдог болох нь. Гэтэл тэд чинь амь насаа зориулна гээд андгай тангаргаа өргөсөн улс шүү дээ. Католикийн сургуулиуд үгүй болоод ирэхээр угаасаа гэлэнмаа нар ч хэрэггүй болох нь. Ийм хүнд үед манайх латинаа, уламжлалаа хадгалж байгаа газар юм аа. Энэ номын сан ч гэсэн та бүхний уламжлал шүү дээ. Хадгалах ёстой биз, мөн үү?
М. С: Тэгэлгүй яах вэ. Манай Монгол хэл бичиг, түүх утга зохиолын арвин их хөмрөгийг харж хандаж байгаа танд их баярлалаа.
Сүмийнх нь дээд шүтээн – нэгэн Папын алтан цом.
Болдук гуай бидэнд фермдээ хадгалж буй бүх эд зүйлсээ үзүүлэв. Том газартай болоод тэр үү, хог барагтай бол хаядаггүй улс байна. 1779 оноос эхлээд өнөөг хүртэлх битаан сав, угаалгын машин, тэшүүр, хүүхдийн тоглоом, хөрөө, багаж хэрэгсэл, ерөөс ахуйн хэрэглээний бүх барааны үүх түүх бүрнээрээ хадгалагдах ажээ.
Сүмдээ Папын том алтан цом, зүүж байсан сахиусыг нь хадгалдаг, номын сандаа Монгол судлалын хамаг үнэт баримтыг агуулсан, фермдээ Америкийн эд ахуйн түүхийг багтаасан, гэртээ зөгийтэй, ёстой л сонин сайхан амьдарсан, өдгөө харин уламжлалаа хадгалахыг ихэд хичээж буй сүүлийн үед бол ихэд “ховордсон” яс сайтай хөгшчүүдийн нэг ажээ, Эрнэст Болдук гэж.
Суурь
Golden
Уншигч
Zezegee
Solonggod Hurcabaatur
Зочин
Жалайр
Цогжаргал
Зочин
gantsogt
Г. Э...н
otgooj
happy
Уншигч
Батгэрэл
Баяраа
Мөнх
зочин
Уншигч
унших
Pogo
Зочин
Заяц Туулай