Дундчуудыг нийгмийг тогтворжуулагч хүч болгох нийгмийн хөшүүрэг, арга замын талаар энэ удаа авч үзнэ. 

Нийгмийн дундаж давхаргын төлөвшил нь нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлүүдийн нөлөөллөөс хамааралтай нийгмийн нарийн үзэгдэл болох талаар бид дээр зах зухаас нь авч үзсэн.

Энэ нь юуны өмнө объектив, субьетив олон хүчин зүйлсээс ихээхэн хамааралтай байдаг. 

Монголд эн тэргүүн нийгмийн шударга ёсыг сэргээн тогтоох явдал нийгмийн тогтвортой байдал, түүний дотор улс төрийн тогтвортой байдлыг хангах үндсэн нөхцөл болоод байгаа бид хүлээн зөвшөөрөх учиртай. Монголын улс төр, нийг­мийн тогтолцоо нь албан тушаалт­нуудад мэдээлэл олж авах давуу тал, эрх мэдлээ ашиглан, авлига авах, наймаалцах, тэрч байтугай дарамтлах, шахалт үзүүлэх бололцоог олгож, нөгөө талдаа популизм хийж иргэдийг амлалт, халамжаар хуурах нөхцөл рүү хөтөлсөөр байна. Үүний цаана эрх мэдэлтнүүдийг авлигаар, халам­жийнхныг орлогоор тэжээж ирсэн хамгийн том “хохирогч” нь нийгмийн дундаж давхаргынхан байсаар байгааг мартаж болохгүй.

Энэ утгаараа нийгмийн эрүүлжих үйл явцаас нэг талаар дундчуудын ирээдүйн хувь заяа хамаардаг бол нөгөө талаас, улс төрчидөд үзүүлэх дунчуудын идэвхитэй шахалт, шаардлага, тэдний эсэргүүцэл, тэмцлээс Монголын нийгмийн эрүүлжих үйл явцын хурдац хамаарна гэдэг нь бодит үнэн юм. 

Мөн макро эдийн засгийн тогтвортой орчноос дундчуудын төлөвшил шууд хамааралтай. Улс орны дотоод нөхцөл байдал, эн тэргүүн улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, түүнчилэн төсвийн алдагдал, мөнгөний буруу бодлого, урт, дунд хугацааны бодлого, хөтөлбөрүүдийн байнгын өөрчлөлт, хөдөлгөөн,мөнгөний ханшийн уналт зэрэг нь дундаж давхаргын төлөвшилд сөргөөр нөлөөлдөг байна.

Ялангуяа эдийн засгийн тогтвортой өсөлт нь дундаж давхаргын оршин тогтнох гол нөхцөл, хүчин зүйл,дундаж давхаргын өсөлтийн гол түлхүүр болдог. Эдийн засгийн өсөлтийн түвшин ба дундаж давхаргын өсөлтийн хэмжээ өөр хооронд эерэг хамааралтай байна. 

Тогтвортой байна гэдэг нь эдийн засаг нэг хоёр жил тогтвортой байх тухай асуудал биш, харин дор хаяж арав гаруй жил тогтвортой өсч байснаар дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувийг тууштай нэмэгдүүлэх боломж бүрддэг байна. Жишээ нь, Латин Америк болон Азийн орнуудад судалгаа хийсэн эрдэмтэд макро эдийн засгийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлснээр:

  • Төсвийн хатуу сахилгатай байх,
  • Орлогын дахин хуваарилалт болон татварын шударга тогтолцоотой байх,
  • Бизнест ээлтэй мөнгөний ханшны бодлоготой байх болно. 

Эдгээр нь дундаж давхаргын төлөвшилд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн байна.

Хятад Улс дундаж давхаргын хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд юуны түрүүн хүн амын амьжиргааны түвшний тэгш бус байдлыг арилгах арга хэмжээг урт хугацаанд хэрэгжүүлэх, өрхийн хэрэглээг богино хугацаанд нэмэгдүүлэх, татварын хувь хэмжээг бууруулж, татварын нийгмийн баазыг нэмэгдүүлснээр жижиг, дунд үйлдвэрлэлээс олох ашгийг нэмэгдүүлэх, орон сууцны хомсдолыг шийдвэрлэх, цалин хөлсөнд ногдуулж буй татварын хэмжээг бууруулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байна. 

АНУ-ын дундаж давхаргыхны хүндрэлтэй байдлыг даван туулахын тулд АНУ-ын засгийн газраас бодлогын зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж эрдэмтэд үздэг байна. Үүнд: 

  • Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх;
  • Өндөр настанд (хялбар, хямд, илүү аюулгүй) зориулсан хадгаламжийг бий болгох; 
  • Орон сууцны сарын зардлыг бууруулах; 
  • Ажилчдын өвчтэй өдрүүдэд цалинтай чөлөө олгодог байх;
  • Ажилчдыг мэргэжлийн холбоо, эвсэл, бүлэг, бүлгэм болон зохион байгуулалтад орохыг зөвшөөрөх; 
  • Коллежийн үнэлгээний хуудсаар дамжуулан хэрэглэгчийн мэдээллийг коллежууд гаргадаг болох гэх мэт. 

Америкийн дундаж давхаргыг хүчирхэгжүүлэх нь сонгуулиар гарч ирсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт байдаг бөгөөд хүн амын орлого төдийлэн нэмэгдэхгүй бараг зогсонги, зарим үед буурч байхад амьдралын өртөг зардал нэмэгдсээр байдаг нь дундаж давхаргынхан эдийн засгийн хувьд хүнд байдалд орж, улсын эдийн засгийг улам хүндэрч, ардчиллыг ганхуулахад хүргэж байдаг байна. Үнэндээ бол Холбооны улсын хувьд дундаж давхаргад хөрөнгө оруулалт хийх, мөн тэдэнд сургуулийн өмнөх болоод хүүхэд асран халамжлах үйлчилгээ үзүүлэх, эдгээрийг нэмэлт зардал гаргалгүйгээр төрөөс шийдэх бүрэн боломжтой эрдэмтэд, судлаачид нь үздэг байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп чинээлэг иргэдийн төлдөг татварын хэмжээг ихэсгэхийн төлөө байгаагаа саяхан илэрхийллээ. Бүгд найрамдахчуудаас өнгөрсөн сард зарласан шинэ төлөвлөгөөгөөр татварын долоон ангиллыг гурав болгон цөөлж, татварын хэмжээ дээд тал нь 39.6 хувьтай байсныг 35 болгохоор тусгажээ. Гэхдээ дахиад нэг ангилал бий болголоо гэхэд гол нь “дундаж ангийг анхаарч үзэх ёстой”-г Ерөнхийлөгч анхааруулсан байна. Тэрээр “Гол нь дундаж анги. Дундаж ангийг анхаарч, ажлын байрыг нь үлдээх ёстой. Дундаж анги хүртэх ёстойгоо хүртэж чадахгүй байна гэсэн миний бодлоос болж энэ хүмүүс тэгтлээ их юм хүртэж орхисон нь үнэхээр үнэн байвал тав дахь ангиллыг үүсгэж болох” хэмээн ноён Трамп тайлбарлажээ.

Дээр дурьдсан жишээнүүдээс харахад аливаа орны хувьд макро эдийн засгийн тогтвортой орчинтой байх нь дундаж давхаргынхан эгнээгээ өргөтгөхөд маш чухал нөхцөл бөгөөд цаашлаад эдийн засгийг тайван, тогтвортой байхад ихээхэн хувь нэмэртэй байх аж. 

Гэтэл өнөөдөр Монгол Улс төсвийн орлогынхоо бараг 90-ээд хувийг татварын орло­гоос бүрдүүлж байгаа атал татварын орлого дотор аж ахуйн нэгж, байгууллагын ашгийн болоод хүн амын орлогын татвар ердөө 17 хувийг эзэлдэг байна. Энэ нь баялаг бүтээдэг, ажил эрхэлдэг, ашиг орлоготой чинээлэг дундаж давхарга маш сул байна гэсэн үг. Гэтэл дундаж давхарга хүрээгээ тэлж, хөлөө бэх­жүү­лэхээс өмнө баян, чинээ­лэг давхаргын хэмжээ нэмэгд­сэн нь эрүүл бус хөгж­лийн загвар гэж гадны зарим шинжээчид дүгнэж байна. Тухайлбал, хүн амын тусгай хэсэгт зориулсан өндөр үнэтэй брэндийн дэлгүүрүүд Монголд хүч түрэн орж ирж байгаа нь дээрх гажуудлын илрэл ажээ. Уг нь ажил, орлоготой дундаж давхарыг түшиглэсэн бизнес, брэндүүд олширч бай­вал нийгмийн хөгжил эрүүлээр урагшилах учиртай.

Нөгөө талаар бизнесийн орчин эрүүл, тогтвортой, өөрөөр хэлбэл, тоглоомын дүрэм маш тодорхой бөгөөд өөрчлөлт хувиралгүй, нөгөө талаар нээлттэй, ойлгомжтой байх явдал жижиг, дунд бизнесийн хөгжилд онцгой чухал байдаг байна. 

Саяхан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын нэгэн хурал дээр АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт: “Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо ил тод, тогтвортой, залгамж бүхий бодлого зохицуулалттай болгох ёстой гэж АНУ-ын хөрөнгө оруулагчид хэлдэг. Тэд хөрөнгө оруулалтын явцад Монголын хууль, дүрэм өөрчлөгдөхгүй байх, ил тод байх зарчмыг хүсэж байна.” гэж хэлсэн нь манай дундчуудын өмнөөс төрд хэлсэн үг шиг сонсогдсныг энд тэмдэглэмээр байна. 

Дундчуудыг төрүүлэх, нийгмийн энэ хэсгийг хөхиүлэн дэмжих нэг үндсэн бодлого бол зохистой шатлал бүхий татварын бодлого, түүний зөв зүйтэй хэрэгжүүлэлт байдаг нь хөгжингүй оорнууд, түүний дотор Умардын орнууд, манай тивийн хамгийн хөгжингүй Япон зэрэг орны туршлагаас харагддаг. Эдгээр орнууд прогрессив татвар ба нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулж орлогын дахин хуваарилалтыг хийдэг. Өөрөөр хэлбэл, орлогын хэмжээнээс хамаарч ялгаатай татварын тогтолцоог мөрддөг байна. Жишээлбэл, “Японы хүн амын талаас илүү нь 3.3 саяаас 6.95 саяын орлоготой иргэд байдаг бөгөөд тэдэнд ногдуулах татварын хэмжээ 20 хувь, харин 40 саяаас дээш орлоготой бол энэ хэмжээ 45 хувь болж өсдөг. Энэхүү тогтолцоогоор дамжуулж татварын орлогын бүрдүүлэлтээр орлого багатай иргэнд халамж үзүүлэхийг орлогын дахин хуваарилалт гээд байгаа юм. Орлогын дахин хуваарилалт хийхэд чинээлэг давхаргынхан эсэргүүцэх хандлагатай байдаг хэдий ч … орлогын дахин хуваарилалтын ачаар дундаж давхаргын тоо өсч, худалдан авалт ихсэх нь эргээд чинээлэг давхаргынханд сайнаар нөлөөлнө. Худалдан авах чадвар нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэгч компаниудын орлого нэмэгдэж, эдийн засаг сайжирна гэсэн үг юм.” гэж Монголд ажиллаж байгаа ”ЖАЙКА”-ийн Нийгмийн даатгалын төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору татварын шатлалтай тогтолцооны давуу талын талаар тайлбарласан байдаг. 

Иймд Монголын төр, засгийн зүгээс татварын тогтолцоогоо нийгмийн зорилттойгоо уялдуулан улам боловсронгуй болгож, үе шаттай, өсөн нэмэгдэх хэлбэртэй болгох шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа юм. 

Татварын ийм бодлогын үр дүнд бий болох нийгмийн баялгийн дахин хуваарилалтыг хүүхдийн мөнгө гэх мэт халамж руу урсгах бус ирээдүйд үр дүнгээ өгөх боловсрол, эрүүл мэнд гэх мэт нийгмийн үйлчилгээний салбарын хүртээмж, чанарыг сайжруулахтай холбоотой хөрөнгө оруулалтад зарцуулбал илүү үр дүнтэй байх болно.

Үүний зэрэгцээ төрийн зүгээс дундаж давхаргад татварын хөнгөлөлт өгөх, татварын уян хатан тогтолцоотой байх, нийгмийн суурь үйлчилгээг тэдэнд ээлтэй байдлаар хүргэх, төрийн үйл ажиллагааг түргэн шуурхай болгох, тэдний ажил, амьдралын аятай тухтай, аюулгүй орчинг бий болгосноор дунд давхаргын нийгэм, эдийн засаг, амьдралыг орчинг сайжруулж, цаашид хүн амд дундчуудын эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх учиртай гэж дундаж давхаргын талаар судалгаа хийсэн монгол судлаачид зөвлөж байгаа юм. 

Нөгөө талаас, хүн амын зарим хэсэг, түүний дотор хувиараа наймаа, бизнес эрхлэгчид, малчид, ХАА-н салбарынхан, давхар ажил эрхлэгч эмч, багш зэрэг үйлчилгээний салбарын зарим бүлэг, хэсгийн орлогыг нь тодорхойлох боломжгүй боловч, тогтмол, нэмэлт орлоготой, орлогын хэмжээ нь дундаж давхаргад хамааруулах бүрэн боломжтой нийгмийн бүлгүүдэд чиглэсэн урамшуулал, хяналт, бүртгэлийг хослуулсан татвар, бүртгэлийн зохистой тогтолцоог бодож олж, амьдралд нэвтрүүлэх нь дундаж давхаргын талаар үнэн зөв, бодит мэдээлэлтэй болох, тэдний талаар төрийн зүгээс явуулах бодлогыг улам тодорхой болгоход чухал гэдгийг тэмдэглэбэл зохино.

Монголын нийгэмд дундчуудын төлөвшилд сөргөөр нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл бол нийгмийн хавтгайруулсан халамж гэж хэлэх учиртай. Ядуус, өндөр настан, нялхас, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин өрөөсөн хүмүүс,өрх толгойлсон эх, эцгүүдгэх мэт нийгмийн халамж хүртэх гол бүлгийг зөв зүйтэй тодорхойлж, тэдэнд чиглэсэн халамжийн зорилтот бодлогыг хэрэгжүүлэх цаг болсон. Тэгэхгүй бол бэлэнчлэх сэтгэлгээ монголчуудыг улам бүр “эвдсээр”, дундчуудыг хүртэл нийгмийн бүтээн байгуулагчид биш харин нийгмээс гар тосогчид болгосоор байх болно. 

Нийгмийн халамжийн бодлогыг хавтгайруулахгүй, зорилтот бүлэгт чиглүүлсэн байдлаар хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Зорилтот бүлэг гэдэг нь зөвхөн ядуу болон эмзэг бүлгийнхэн биш бөгөөд тухайн хэрэгжүүлэх гэж буй бодлогын зорилгоос хамааран ямар бүлгийг “зорилтот” гэж тодорхойлохоос хамаарах учиртай. 

Дундаж давхаргын улс үндэстнийхөгжилд оруулах хувь нэмэр, тэдний байр суурийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлдэг төрийн бодлого, арга хэмжээнүүдийн тухай улс орнуудын туршлага, сургамж, Монголын дундаж давхаргын талаар судалсан судалгаануудын үр дүн, санал, дүгнэлтүүд болон статистик тоон мэдээллүүдийг нэгтгэн авч үзэж системчилэхийг оролдож, дундчуудын нийгэмд эзэлж буй байр суурийг бэхжүүлэх, тэдний тоо, хамрах хүрээг өргөжүүлэх, улмаар дундчуудыг нийгмийн тогтворжуулагч хүчин болгон төлөвшүүлэхэд чиглэсэн зарим арга замын талаар өгүүлсүү. Үүнд:

  • Эн тэргүүн эдийн засгийн бодлогын хүрээнд макро эдийн засгийн тогтвортой орчинг урт хугацаанд бий болгох нь чухал гэж судлаачид маань үзэж байна. Улсын төсвийн сахилга бат сайтар сахиж, төсвийн алдагдлыг багасгах, баялгийн дахин хуваарилалтын оновчтой зохицуулалтыг хийх, татварын хувь хэмжээг шатлалтай, зохистой өсөн нэмэгдэх тогтолцоотой болгох хэрэгтэй болно. Дундаж орлоготой бүлгийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, бизнес тогтвортой байх нөхцөл хангаж, тэдний эгнээ өргөжин тэлэх боломж бүрдүүлэхүйцээр мөнгө, зээлийн бодлогыг уялдуулах нь чухал ажээ.
  • Судлаачид дундаж орлоготой бүлгийг хамгаалахын тулд төр засгийн үйл ажиллагаа тогтвортой, төрийн бодлого, шийдвэр нь улс төрийн нөлөөнд автахгүй байх, ил тод бөгөөд тогтвортой шинж чанартай байх нь хамгийн чухал гэсэн байна. Төр засгийн хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр залгамж чанартай, төрийн ой санамж сайтай, “хар хайрцагны бодлого”, үндэсний аюулгүй байдалтай уялдаа холбоотой байж гэмээн нь хэрэгжилт нь найдвартай сайн байх хэрэгтэй аж. 
  • Төр, засгаас хэрэгжүүлж буй зарим бодлогын арга хэмжээ тухайлбал, малжуулах төсөл, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орон сууцны 8 хувийн зээл зэрэг хөтөлбөр зарим нааштай үр өгөөжөө өгсөн ч эргээд сөрөг үр нөлөө үзүүлснийг тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал, орон сууцны 8 хувийн зээл хэрэгжсэнээр залуу гэр бүлийн орон сууцны хүртээмж, хангамжийг сайжруулахад эерэг нөлөөтэй байсан хэдий ч орон сууцны эрэлтийг ихэсгэж, улмаар үнэ хөөрөгдөх нөхцөл болсон байна. Иймээс төрөөс авч хэрэгжүүлсэн барилгын материалын үнэ тогтворжилтын арга хэмжээ нь үр дүнтэй хэрэгжиж чадаагүй байна. Иймд салбар, Яамны хэмжээнд сэтгэх сэтгэлээг өөрчилж, аливаа бодлогын уялдаа холбоо, харилцан хамаарлыг сайтар тооцох асуудлыг Үндэсний Хөгжлийн Газар хариуцан хэрэгжүүлж байх нь зүйтэй санагдана. 
  • Дундаж орлоготой бүлгийг нэмэгдүүлэх, тэднийг хамгаалахын тулд баялгийн дахин хуваарилалтыг зохистой байдлаар хийх тухайлбал, хүндээ, иргэддээ хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогыг эн тэргүүн баритлах учиртай гэж эрдэмтэд үзэж байна. Эрүүл чийрэг, өндөр боловсролтой ажиллах хүчинтэй байх нь эдийн засгийг илүү бүтээмжтэй буюу хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх гол нөхцөл, боловсролтой ажиллах хүчин өндөр технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах, дамжуулах үндсэн нөхцөл болно. Иймд хүн амын эрүүл мэнд, боловсролын хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд зориулагдсан хөрөнгө оруулалтад орлогыг дахин хуваарилж, зүй зохистой ашиглах хэрэгтэй юм. 
  • Монголын нийгмийн дундчуудын багагүй хэсгийн орлого бүрдүүлэлтийн гол эх үүсвэр цалин хөлс, тэтгэвэр байдаг тул төрийн албан хаагчдын цалин хөлс болон тэтгэврийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан, судалгааны үндсэн дээр тогтмол нэмэгдүүлэх нь төр, засгийн анхаарлын төвд байнга байх асуудал юм. Дундаж орлоготой бүлгийнхний олонх нь хувийн бизнес эрхлэгчид тул төр, засгаас цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ аж ахуйн нэгж, байгууллагын өмчийн хэвшлийн ялгаагүйгээр нэмэгдүүлэх боломжийг бий болгох, энэ талаар төр, хувийн хэвшил, ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн зөвшилцлийг бий болгох хэрэгтэй гэж судлаачид маань зөвлөж байна. 
  • Дундаж орлоготой бүлгийн дийлэнх нь хөлсний ажилчид, жижиг бизнес эрхлэгчид байна. Иймд ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, бизнес дэх төрийн оролцоогоо багасгах, татварын дарамтыг бууруулах, зээлийн хүүг бууруулах, татварын хууль тогтоомжийг сайжруулах, зээлийн барьцаа хөрөнгө механизмыг шинэчлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Ажлын байрны тогтвортой байдлыг бий болгохын тулд мэргэжлийн сургалт болоод үйлдвэрлэл дээрх сургалтыг явуулах, хүн амын ажил болон бизнес эрхлэх уян хатан хөрвөх чадварыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт ажилгүйдэлд өртөж болзошгүй бүлгүүдэд чиглэсэн нийгмийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
  • Монголын дундчуудын нэг томоохон бүлэг бол малчид, фермерүүд зэрэг ХАА, газар тариалан эрхлэгчид байна. Иймд мал аж ахуйн түүхий эд, ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх замаар малчдын орлогыг өсгөх чиглэлд илүүтэй анхаарах шаардлага хэвээр байна. Энэ чиглэлд төрөөс махны экспортыг дэмжих тусгайлсан бодлого эн тэргүүн чухал болж байна. Малжуулах төслийн үр дүнд өрхүүд малтай болж, малын тоо толгой өсч, ажлын байраар хангагдаж байгаа ч хамралтын хүрээ бага, төсөлд хамрагдахад тавигдах шаардлага өндөр байна гэж судлаачид шүүмжилж байна. Газар тариалан эрхлэгчдийн хувьд газрыг өмчлөх, улмаар санхүүгийн эргэлтэд оруулах асуудлыг байнга хөндсөөр байгааг мартаж болохгүй. Энэ бол тариаланчид, фермерүүдийг цаг уураас хамаарахгүйгээр дундчуудын эгнээнд баттай оруулах арга зам мөн. 

Эдгээр болон өөр бусад санаа оноонуудыг төр, засгийн байгууллага анхааралдаа авч, мэргэжлийн талаас олон Яам, салбарын оролцоотойгоор судалж, “Монголын нийгмийн дундаж давхаргыг төлөвшүүлэх” нэгдсэн бодлогоо гаргаж, ажил хэрэг болгож чадах аваас дундчуудын хувийн жинг тууштай нэмэгдүүлж, тэдний нийгэмд эзлэх байр суурийг баттай болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болно.


Доктор (Ph.D.), Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Б.Энхмандах

2017 оны 10-р сарын 26
Улаанбаатар хот