Монгол Улсын ҮАБЗ-ийн гурван гишүүний 2020 он гарахын өмнө урьдчилан тохиролцож, ахмадууддаа Шинэ жилийн гэнэтийн бэлэг болгон барьсан “Тэтгэвэрийн зээлийг тэглэх” улс төрийн шийдлийг холбогдох Яам, Засгийн газар нь маш богино хугацаанд хуулийн төсөл болгон УИХ-д өргөн барьж, УИХ нь яаралтай горимоор авч хэлэлцэхээр болж байна.

Хууль, журам болж батлагдаж гараагүй, хэрэгжиж эхлээгүй байгаа ч нийгмийг хагарал, талцалд хүргэж, олон нийт зөв, буруу алин болоход эргэлзэж, үнэн мөнийн учир начрыг эрж хайж байгаа өнөө үед нэгэн түүхийг эргэн сануулах нь ач холбогдолтой мэт санагдлаа.

Өнөө цагт “эх орон”, “ард түмэн” гэж цээжээ дэлдэж, тэдний төлөө хэмээн нэрийг нь барьж том, жижиг “улс төр хийх” хандлага газар авах болжээ. Тиймээс эх оронч хүн гэж хэнийг хэлэх вэ? Тэдний үг, үйлдлийн буруу, зөвийг хэрхэн ялгаж, салгаж ойлгох вэ? Тэдний хэнд нь итгэх вэ? Ингэхдээ алдаж эндэхээс хэрхэн сэргийлэх вэ? Манай төр, засгийн зүгээс сүүлийн үед явуулж буй бодлого, үйл ажиллагаа, авч буй арга хэмжээ нь эх орон, ард түмнээ бодсон үйлдэл мөн үү? 

Олон түмэн энэ мэт олон олон асуултад хариулт эрэн хайж байна. Хариулт болгож бяцхан түүхийг түшиж яривал өнөө цагийн залуучуудад ойлгоход нь илүү дөхөм байх болов уу. 

Энэ бол УИХ-ын 1996 оны сонгуулийн өмнөхөн болсон хэрэг л дээ. Цагтаа би МАХН /өнөөгийн МАН-Б.Э/-ын Нарийн бичгийн даргын албыг хашиж, хэрэндээ өөрийгөө улс төрч болчихсон мэт санаж явжээ. 

Эдийн засгийн шилжилтийн үеийн хамгийн хүндрэл, бэрхшээлтэй 1992-1996 онуудад УИХ-д үнэмлэхүй олонхи байж, эрх барьж байсан МАХН-ын нэр хүнд сонгогч олны дунд жилээс жилд доошлон унаж, хүний, өөрийн гэлтгүй олонхи нь “Залуучуудад өгөөд үзэх” сэтгэхүйд автсан улс төрийн эгзэгтэй нөхцөл байдал 1996 оны сонгуулийн өмнө бүрэлдээд байв. Хөдөө орон нутгаар явж, намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзахад 1995 оны сүүлийн хагасаас эхлээд манай намын гишүүн ахмадууд маань хүртэл “1990 оноос хойш гуйгаад байгаа юм. Энэ залуучуудад /шинэ залуу улс төрийн намуудыг хэлж байгаа нь тэр-Б.Э/ өгөөд үзье л дээ. Чадахгүй бол эргээд буулгаж л орхино биз” гэж хээв нэг ярих нь нилээд түгээмэл, газар авсан байв.

Яг ийм нийгмийн сэтгэл зүйн сөрөг байдал давамгайлсан нөхцөлд УИХ-ын сонгуульд өөрийн намын гишүүдийнхээ өргөн барьж, олонхиороо баталсан можаритари тогтолцоогоор, анх удаа “жижигрүүлсэн” гэж ярьдаг 76 тойрогт МАХН нэр дэвшүүлэн өрсөлдсөн юм. 

Сонгуулийн сурталчилгаа дуусах дөхөж, санал хураалт ойртох тусам “Ер нь лбарахааргүй болж байна шүү! Бид цөөнх болохнээ.” гэж миний хувьд Удирдах Зөвлөл дээрээ хэдэнтээ сэрэмжлүүлэн хэлж байснаас “Том намын Нарийн бичгийн дарга, залуу хүн байж, ийм гутранга үзэлтэй байж болохгүй” гэж Ерөнхий сайд П.Жасрай гуайд шүүмжлүүлснээ ч тодхон санаж байна.

Сонгуулийн үр дүн намд сөрөгөөр гарч болзошгүй нөхцөл байдал нэгэнт бүрэлдсэн энэ тохиолдолд ахмадуудыг өөрийн нам руугаа татах эцсийн найдвар нь миний бодлоор Засгийн газар, Ерөнхий сайд П.Жасрай гуай болж байлаа. Учир нь П.Жасрай гуайн мэдэлд Засгийн газрын валютын нөөц 16 сая америк доллар байсан хэрэг. Тэр үеийн Монголын эдийн засаг ямар жижигхэн, хямралаас гарах үйл явц ямар хүнд бэрх байсны жишээ бол энэ тоо. 16-хан сая шүү дээ! Гэтэл өнөө цагт хэдэн сая ам.доллар гэдэг бол бараг захын бизнесмэн залуугийн, за бас ихэнхи улс төрчдийн халаасанд нь биш юмаа гэхэд банкинд нь байдаг мөнгө болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. 

Ийм л цаг үед Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон дарга бид П.Жасрай гуайтай уулзаж, Удирдах Зөвлөлийн хуралдаа урьж оролцуулан, нөхцөл байдлыг тайлбарлан ойлгуулахыг хичээж их л ажил болж байсан юмдаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн санал хураалт болохоос өмнө ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр Засгийн газраараа гаргуулчих санаатай байсан хэрэг л дээ. 

Энэ асуудлыг намын Удирдах Зөвлөлийн хурлаар хоёр гурван удаа ч хэлэлцээд авсан. Харин П.Жасрай гуай маань “Нэг удаагийн сонгуулиар бүх юм дуусчихгүй шүү дээ. Сонгуулийн дараа яах юм болж байна? Амьдрал үргэлжлэнэ. Энэ мөнгийг чинь сонгуулийн сурталчилгаанд биш эдийн засгаа сэргээхэд зориулах хэрэгтэй болно. Улс орноо элэгээр нь хэвтүүлэх юмыг би хийж чадахгүй ээ.” гээд хатуу байр сууриа бариад, шийдвэрлэж өгөөгүй л өнгөрсөн юм даа. Тухайн үедээ залуу халуун, одоогийн МАН-ын удирдагчдаас ч залуу байсан болохоороо ч тэр үү би их омогтой “Сонгуульд нам ялагдах нь гарцаагүй болчихоод байхад байдлыг ойлгохгүй П.Жасрай гуай ер нь сайн эдийн засагч болохоос биш, улс төрч биш юмаа” гэж хүртэл хурал дээр хэлж байж билээ.

Тиймээ тэр жил, УИХ-ын тэр сонгуульд манай нам 25 суудал авч, ялагдсан нь үнэн. 

Сонгуульд ялагдсан ч гэсэн харин нам устаагүй, сөнөөгүй, харин ч хойч залуу үеийнхэн гарч ирж, намаа шинэчилэн өөрчилж, дараагийн шинэ ялалтын төлөө эрчтэй ажиллаж эхэлсэн. Тэдний үргэлжлэл, өнөөгийн төлөөлөл нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд та бүхэн мөн.

Улс орны амьдрал ч үргэлжилдэгээрээ үргэлжилж, эдийн засгийн хямрал, бэрхшээлээс гаргах ажлыг улс төрийн шинэ хүчин, түүний Засгийн газрууд өөрийн мэдлэг, боловсрол, чадварын хэмжээнд алдаа, оноотой ч хэрэгжүүлсэн. Дараа нь МАН-ынхан улс төрийн халааг нь авч өнөөг хүртэл улс төрийн хоёр нам ээлжлэн эрх барьсаар л байна. Барьсаар ч байх биз. 

1996 онд тохиосон энэ түүхэн эгзэгтэй мөч, шийдлийн талаар эргэн санаж, 2007 онд МАХН-ын 25-р Их хурал дээр бурхны оронд явахынх нь урьд өдөр Жасрай гуайтайгаа мөр зэрэгцэн суугаад өөрт нь энэ тухайгаа ярьж хөөрөлдөн, тэр эгэл даруу бөгөөд аугаа хүнийг “жинхэнэ эх оронч, алсын хараатай улс төрч байж дээ” гэж хожимдон ухаарч, буруу ойлгож явсан нүглээ хожим ч гэсэн наминчилж амжсандаа өнөөдөр миний сэтгэл хөнгөрөх шиг болдог. 

Том утгаар нь харвал, П.Жасрай гуай шиг алсыг харсан, эх орноо гэсэн чин сэтгэлтэй чамбай улс төрчид байж, зөв зүйтэй бодлого явуулж ирсний хүчинд Монгол Улсын эдийн засаг өнөөдөр Засгийн газар нь сонгуульд зориулаад нэг удаадаа 1 Их наяд орчим төгрөгийг гаргаж, “сул цацчих” чинээний томорч, их цар хүрээтэй, чадавхитай болсон юм шүү!

Эдийн засаг өссөн гээд дураар авирлаж, хөрөнгө мөнгийг нийтийн эрх ашгийн төлөө бус цөөнхийн улс төрийн ашиг, сонирхлын төлөө хоосон үрж болохгүйсэн. Тэтгэвэрийн зээлийг тэглэх энэ удаагийн улс төрийн шийдэл нь бонд гаргаж, хоосон цаас үйлдвэрлэснээр баялаг бүтээж буй хэрэг огт биш, ганц уурхайг барьцаалан бонд гаргаж, зээл авч байгаа нь нийт иргэдэд баялагийг тэгш хуваарилж буй арга зам бүүр ч биш, харин иргэдээ утга учиргүй ялгаварлан үзэж буй хэрэг гэдгийг улс төрчид ойлгох учиртайсан.

Энэ улс төрийн популист шийдлийг хэрэгжүүлбээс 1-рт, Бонд гаргаж, иргэдийн гар дээрх бэлэн мөнгийг нэмэгдүүлснээр төгрөгийн ханш унаж, инфляци нэмэгдэхэд хүргэх, 2-рт, Хөгжлийг хойш татах улсын өр, зээлийг нэмэгдүүлэх нь эдийн засгийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт, эдийн засгийн тэлэлт хумигдахад хүргэх, 3-рт, Гадаад харилцаанд итгэлцлийг алдагдуулж, ОУВС-тай байгуулсан Өргөтгөсөн хөтөлбөрийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх, 4-рт, Нийгмийн сэтгэл зүйд алсуураа газар авч, ноёрхох болсон бэлэнчилэх сэтгэлгээг улам хөөрөгдөж дэвэргэх, 5-рт, Тэтгэвэр, нийгмийн даатгалын салбарт шинэтгэл хийх бодит хэрэгцээ, шаардлагыг гуйвуулж, гажуудуулах зэрэг сөрөг үр нөлөөтэй болно.

Тэгээд ч ахмадуудын тэтгэвэрийн зээлийг тэглэх улс төрийн шийдлийн талаар сүүлийн өдрүүдэд эрчтэй өрнөж буй судалгаа, санал асуулгуудаас ажиглахад олон нийтийн санал бодолд “сөрөг”хандлага, сэтгэгдэл илт давамгайлж байгааг ч эрх баригчид, УИХ-ын эрхэм гишүүд эрх биш анхааралдаа авах буйзаа гэж найдна.

Улс төрийн намын хувьд сонгуульд ялалт байгуулж, олонхи болж, бодлогоо хэрэгжүүлэх нь чухал хэдий ч намын явцуу эрх ашгийн төлөө улс орныхоо нийтлэг эрх ашиг, эдийн засаг, хөгжлийн хэтийн төлөв, иргэдийнхээ ухамсар, сэтгэлгээний зөв соёлыг төлөвшүүлэх асуудлыг огоорох учиргүй. 

Улс төр хийх, улс төрийн бодлого явуулна гэдэгбол эн тэргүүн улс орноо бодохын нэр гэдгийг Монгол Улсын 17 дах Ерөнхий сайд агсан П.Жасрай гуайн ноён нуруутай, алсын хараатай, зарчимч хатуу байр сууриас үлгэр авахын чухалыг түүх бидэнд ийн өгүүлж байна.

Чин эх оронч П.Жасрай тан дор мөргөмү.


ОББЭЭ, Доктор Б.Энхмандах
2020 оны 1 дүгээр сарын 8