Монгол хүний товчоон ХҮННҮ өвгөөс XXI зуун
МОНГОЛ ХҮНИЙ ТОВЧООН
ХҮННҮ ӨВГӨӨС XXI ЗУУН
Зохиогч:
Бадрахын НАЙДАЛАА
Доноровын ГАНТУЛГА
Тогмидын ДОРЖХАНД
Монгол эх орон, ирээдүй хойчийнхоо төлөө
эрдэм мэдлэг, сэтгэл зүрхээн зориулах
Монгол хүн бүрт зориулав.
“Залуу судлаачид манай хөгжлийн загварыг эрэлхийлэн чармайж буйд олзуурхаж байна. Ялангуяа, популистууд газар авсан энэ цаг үед үүх түүх, судалгаа, шинжлэх ухааны загварчлалд тулгуурлан оюун дүгнэлт хийж, хөгжлийн тодорхой гаргалгаа санал болгож буй нь гэрэлт од мэт санагдах юм.
- Р.Амаржаргал, Эдийн засагч,
СЭЗИС-ийн УЗ-ийн дарга, Ерөнхий сайд асан
“Улс орныхоо хөгжлийн зөв загварыг хүн бүр л дор бүрнээ хайн эрэлхийлж буй энэ цагт нэн чухал санаа сэдэл өгсөн эл ном гарч байгаад туйлын ихталархаж байна. Үндэстэн юуны өмнө өөрийгөө таньж, өмнө нь хэн байсан, одоо хэн байгаагаа олж мэдэх нь түүхийн сургамж дээр суурилсан ухаарал юм. Дутагдлаа олж харж, түүнийгээ даван туулах шийдэл олно гэдэг хөгжлийн гарц юм. Энэ номд энэ тухай өгүүлнэ.”
- Д.Өлзийбаатар, Түүхийн ухааны доктор,
Төрийн соёрхолт
“Үнэт зүйл, ёс суртахуун гэдэг алив улсын хөгжилд голлох үүрэгтэй бөгөөд ирэх арван жилд бид түүнийг хийж чадах эсэхээс бидний ирээдүй хамаарах болов уу гэж би боддог. Энэ бодлоо асууж лавлах номтой боллоо.”
- Д.Нямсамбуу, Гавж
“Төрийн ардчилсан тогтолцоо, чөлөөт сонгууль, эдийн засаг дахь зах зээлийн систем нь шилжилт хийж буй орны хувьд анхдагч нөхцөл болохоос нийгэм төлөвшин тогтворжих баталгаа биш. Иргэд нь нийтээр иргэншиж, дасан зохицож, ухамсаржиж байж шилжилтийн хүнд замыг даван туулна. Шинэ үеийн залууст энэ үүрэг ноогдож буй.”
- Баабар, Нийтлэлч
“Энэ номын эх хувьтай танилцах боломж олгосон залуу найз, судлаачдадаа талархаж байна. Ийм өргөн хүрээтэй, урт түүхийг шингээсэн ном гаргаж, нийтийн оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад бас баяр хүргэе.
Хүн хаашаа явах, яаж хүрэхээ зөв тодорхойлохын тулд эхлээд одоо хаана байгаагаа, яаж энд хүрсэнээ заавал мэдэх, ойлгох ёстой. Хаана байгаагаа мэдсэний дараа хаашаа явахаа тодорхойлох боломжтой. Тэгээгүй хүнд бүх зам зөв санагддаг. Тийм учраас энэ номонд Монголын түүхийг тодорхой, ойлгомжтой, сонирхолтой тусгаж, хөгжлийн замыг тодорхойлсон нь их онцлог болжээ.
Энэ номын нөгөө онцлог нь социализмын үзэл суртлын туршилт болоогүй, 1990 оны ардчилсан хувьсгалын үеэр бага сургуулийн сурагч байсан, ардчилсан, хүний эрхийг хүндэлдэг нийгэмд өсөж торнисон, бас дийлэнх нь барууны орнуудад их дээд сургууль төгссөн, шинэ Монголын шинэ сэхээтнүүд, авьяаслаг залуучууд зохиосонд оршиж байна.
Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувийн хэвшил хамгийн гол үүрэг гүйцэтгэнэ, бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, төр засгаас үнэ тогтоохгүй байх зэрэг суурь зарчмуудыг илүү тусгах шаардлагатай санагдлаа. Мөн улс төрийн ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, сонгуулийн хооронд төр засгаа хянахад иргэд оролцох нь иргэний нийгмийн хөгжил чухал үүрэгтэйг түлхүү онцлох нь оновчтой гэж бодогдов.
Энэ бүтээл Монголын нийт иргэдийн улс төр, эдийн засгийн боловсролд онцгой хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.”
- Д.Жаргалсайхан, Нийтлэлч, эдийн засагч (ДеФакто)
Бодол эргэцүүлэл
“Монгол хүний товчоон” гэх хамтын бүтээлийг хэвлэгдэж гарахаас нь урьтаж гүйлгэн унших завшаан тохиолдлоо. Уншиж дуусаад гэнэт өөрийнхөө тухай бодож эхэллээ. Тэгэхдээ ирээдүйнхээ тухайд бус, би хэн байлаа, миний амьдралд юу юу боллоо гэж өнгөрснөө эргэцүүлэхэд хүрэв. Учир нь энэ бүтээл өнгөрснийг тунгаан үзэхгүйгээр улс орон, Монгол хүний хөгжлийн төлөвийг урагшаа харах боломжгүй тухайд нэлээд нухацтай тодруулсантай холбоотой бололтой.
Юу юунаас түрүүнд надад тохиолдсон нэг “эмгэнэлт” явдал санаанд оров. Тэр тухай 1990-ээд оны эхэнд телевизээр ярьж “Би үүнийг мянга дахин ярихаас ч зовохгүй” гэж хэлж байснаа тод санаж байна. Түүнээс хойш хэд хэдэн удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Энд дахин бичих нь нийцтэй гэж бодогдоно.
Миний бие 1974 онд Киев хотын Хөгжмийн их сургуульд элсэн орсон. Элсэлтийн шалгалт аваад мэргэжлийн багш нарт оюутнуудыг хуваарилдаг. Намайг хөгжмийн хэлбэрийн шинжилгээний багш Н.А. Герасимова ・ Персидская гэдэг эмэгтэй шавиараа авлаа. Тэр “14 хоногийн дараа хичээлээ эхлэе хоёулаа” гэж хэлээд гарлаа. Би бодлоо, “Тэр холоос 7 хоног галт тэргээр ирээд шамдан суралцах гэж байхад ийм олон хоногийн дараа хичээлээ эхэлнэ гэдэг нь...” гэж дурамжхан үлдэв.
14 хоногийн дараа тохирсон ёсоор хичээл орлоо. Гайхамшигтай ухаантай эмэгтэй болох нь тэр дороо л мэдэгдэв (Тэрээр одоо 92 настай, сургуульдаа багшилсаар байгаа. 1993 оны дэлхийн шилдэг 100 эмэгтэйн тоонд орж байсан).Тэр намайг маш сайн ойлгохын хажуугаар хөгжим гэдэг бол илэрхийлж байгаа хэрэгсэл нь ая-эгшиг л болохоос биш орчлонт ертөнцийг таниж мэдсэн оюун сэтгэлгээний үр дүн гэдгийг ойлгуулж байв. Өвөл амралтаараа нутагтаа ирээд багшдаа юу бэлэглэх тухай бодож бодсоны эцэст зураач Н.Цүлтэм гуайн жуулчдад зориулан Япон улсад хэвлүүлсэн, стерео хэлбэрт заримыг нь оруулсан Өндөр гэгээний бүтээсэн 11 бурхадын ил захидлын цомгийг сонгож, багшдаа бэлэглэлээ. Би бас бэлгээ сонгохдоо “гайхалтай” хоёр санаа өвөртлөв. Одоо бодоход ихээхэн тэнэг санаа. Нэг, Монгол улс ЗХУ-д хийж чадахгүй ийм гоё ил захидал хэвлэдэг гэдгийг, хоёр, бид Украиныг бодохын бол Бурханы шашнаа ингэж дээдэлдэг гэдгийг гайхуулах санаатай.
Багш маань үнэнхүү баярлаж байна. Ямар сайхан бурхад вэ, ямар сайхан хэвлэл вэ? гэхчилэн. Миний бах ханаж суув.
Багш асууж байна.
- Энэ дарь эх гарынхаа алганд ядам хуруугаараа дарсан нь ямар утгатай юм бэ? гэв.
Би таг боллоо. Багш асууж байна.
- Энэ бурханы толгойд хохимой толгойнууд байдаг ямар утгатай юм бэ?
Би бүр таг суулаа.
Миний хөлс чийхарч байна. Багш ч санаа нь зовних шиг боллоо.
Багш:
- Жанцаан! Намайг 14 хоногийн дараа хичээлээ орно гээд хичээлээ эхэлснийг санаж байна уу? гэнэ.
Би: “Санаж байна аа” л гэнэ биздээ.
Багш: “Та миний бурханы шашинтай анхны шавь. Таныг ойлгохын тулд би Украины Академийн номын санд байсан бурханы шашинтай холбоотой бүтээлүүдийг тэр 14 хоногт шүүрдсэн юм. Зовлонгийн шалтгааныг олох, түүнийг хэрхэн давах тухайд аль ч шашнаас өндөр түвшинд боловсруулсан гайхалтай сургаалтай шашин гэдэгт би улам бүр итгэсэн. Хөгжим ч бас зовлонгийн шалтгааныг хайж, гэтлэн давах тухайд л ярьдаг шүү дээ...”
“Өөрийнхөө соёлыг мэдэхгүй байж хүний соёлыг суралцана гэж явдаг чинь..” гэх нь тэр.
Би ч хүнд байдалд орлоо. Нөгөө миний гайхуулах гэсэн хоёр санаа орвонгоороо эргэж,миний толгой дээр буух нь тэр.
Хичээлээ дуусаад бодлоо. Би ер нь Монголынхоо тухай юу мэдэж байна? гэж өөрөөсөө асуулаа. Даанч өөртөө гомдмоор санагдлаа. Гандангаар орж тагтаанд будаа цацаж өгч байснаа санахаас бус ямар дацан, ямар бурхад байдаг тухай юу ч мэдэхгүй юм. Монгол хүний түүх гэвэл бүр Чингис хаан эзэрхийлэн түрэмгийлсэн, Д.Сүхбаатар хувьсгалын удирдагч байсан гэсэн шиг юмнаас хол давахгүй байна. БНМАУ-ын иргэн, 25 настай хүн шүү дээ би. Энэ өдрөөс эхлэн “Монгол хүн” болох гэж оролдсоор эдүгээ хүнд сонсгох хэдэн хөгжим, хүнд хэлэх хэдэн үгтэй болох гэж зүтгэлээ. Социалист Монгол хүний нийтлэг төрх. Бид түүх, соёлыг судлаачдын хэрэг, дэлхий дахиныг гадаад яамныхан, олон улсын харилцаанд оролцогсдын хэрэг л гэж бодож явсан бололтой.
Одоо цаг тийм биш болсныг “Монгол хүний товчоон” бүтээлд тодруулан, Монгол хүний “өчигдөр” бол хөгжлийн түлхүүр, асуудлын цөм нь болох тухай үзэл баримтлал боловсруулжээ.
Би бас олон жилийн өмнөөс “Өчигдрөө ухаарахгүйгээр маргаашаа төсөөлөх аргагүй” гэж ярьж бичсээр яваа нэгэн.
“Монгол хүний товчоон” бүтээл зөвхөн өөрийн өчигдөр өнөөдрийг харахаас гадна өрөөлийн өчигдөр өнөөдрийг жишиж үзэхгүйгээр хөгжлийн өөрийн гэсэн өвөрмөц болоод нийтлэг гарц олохгүй юм байна гэдгийг тодруулж, Монгол үндэстэн, Монгол төрөө цогцлон бүтээх загвар санаачилгыг дэвшүүлсэн байгаа нь тун цаг зүгээ олсон туурвил болжээ.
Мэдээж энэ загвар санаачилга цорын ганц хөгжлийн гарц биш байж болно. Монгол хүн өөрийгөө танин мэдэж, нэгэн үзүүрт сэтгэлд нэгдэж, үүн дээрээ дөрөөлөн бусадтай харьцуулан үзэж, зуу зуун жил мандан бадрах их үйлийн төлөөх үзэл, бодол эргэцүүллийн нэг л багц юм.
Бид одоо л тэнгэр цэлмэг байгаа дээр урагшлах хэрэгтэй байна.
- Нацагийн Жанцанноров
Урлаг судлалын ухааны доктор,
Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч