Бодлын чимээ
Бодол эд юмстай адил хөдлөх үедээ чимээ гаргадаг. Бүрэн сэргэг хүн чиний бодлыг тольдож чадна. Өөрөө ч анзаараагүй байхад чинь мэдэх буйза.
Японы эзэн хаан хүүгээ сэхээрэлд сургахаар нэгэн арш руу илгээжээ. Өндөр настай хаан агьдаа ийнхүү захив:
- Хичээж үзээрэй, хүү минь. Би хаант улсаа нойрмог хүнд тушаахгүй. Энэ бол эцэг, хүүгийн аминч асуудал биш. Хаан аав минь намайг сэхээлэг болсон үед л залгамжлагчаа болгосон. Уул нь би отгон агь байсан. Даанч хоёр ах маань сэхээрэлд хүрч амжаагүй хэрэг. Чамд илүү ноцтой сорилт тулгарч байна. Учир нь, надад өөр хүү байхгүй. Хэрэв чамайг сэхээрэлд хүрэхгүй бол хаант улс маань өөр хүний гарт орж, харин чи гудамжны гуйлгачин болно. Тэгэхлээр энэ бол чиний хувьд үхэх, сэхэхээ шийдэх асуудал.
Тэр арш миний багш байсан юм. Одоо буурай болсон ч тэр хүн чамд дотоод эрдмийг зааж чадна. “Аав минь өтөлж, өвдөөд хэзээ мөдгүй талийх бололтой. Нас барахаас нь өмнө би заавал сэрэх хэрэгтэй байна. Эс бөгөөс гүрэн улсаа алдах болоод байна” гэж түүнд хэлээрэй...
Ямагт санаж явууштай үг: “Хэрэв чи сэрэхгүй бол гүрэн улсаа алдана.”
Ханхүү ууланд амьдардаг өвгөн багш дээр ирээд учир явдлаа хэлжээ. Багш ааваас нь хавьгүй өндөр настан байлаа.
- Аан, би түүнийг санаж байна. Тэр жинхэнэ эрэлчин байсан юм. Чамайг түүний чин зүрх, гүн билгийг өвлөсөн гэж найдаж байна гэхэд ханхүү:
- Би бүгдийг хийнэ гэж эрс шийдэмгий хэлжээ.
- За тэгвэл хийдийг цэвэрлэхээс эхэл. Нэг зүйлийг санах ёстой шүү: Би чамайг ямар ч үед цохиж магадгүй. Шал угааж байхад чинь миний таяг гэнэт нуруун дээр чинь буух вий. Тийм учир үргэлж сэрэмжтэй бай гэж багш хэлэв.
- Аавын захисан дотоод эрдэмд би хэзээ суралцах юм бэ? гэж залууг асуухад
- Аяндаа болно гэж багш хариулжээ.
Нэг жил өнгөрлөө. Эхний үед өдөр тутам өч төчнөөн цохиулдаг байсан бол аажмаар сэхээрч эхлэв. Ажилдаа улайрсан үедээ ч өвгөний хөлийн чимээг мэдрэх болжээ. Жилийн дараа түүнийг өөр нэг шавьтай ам халж суух үед багш араас нь гэтэж ирээд гэнэт цохив. Ханхүү үгээ үргэлжлүүлэнгээ багшийн таягийг буухаас өмнө барьж авчээ.
- За болж байна. Эхний хичээл үүгээр өндөрлөлөө. Удаах хичээл өнөө шөнөөс эхэлнэ гэж багш хэлэв.
- Ингээд гүйцнэ гэж бодсон юм сан. Гэтэл ердөө эхний хичээл гэж үү? Хэр олон хичээл байгаа юм бэ? гэж ханхүүг асуухад
- Энэ бүхэн чамаас л хамаарна. Удаах хичээлийн хувьд: унтаж байхад чинь би цохино. Нойрон дундаа чи сэрэмжлэх ёстой гэв.
- Ээ тэнгэр минь, унтаж байхдаа яаж сэрэмжлэх юм бэ?
- Санаа зоволтгүй, миний мянган шавь энэ шалгуурыг давсан. Танай эцэг ч чадсан юм шүү гэж өвгөн хэлжээ.
Тэр оройноос эхлэн шөнө бүхэн арван хоёр удаа цохиулах болов. Анхандаа унтаж чадахгүй уймарч байсан ч зургаан сарын дараа дотор нь нэгэн сэрэмж тогтохыг мэдэрчээ. Нэг шөнө цохихыг завдах үед тэрээр нүдээ анисан хэвээр:
- Хэрэггүй дээ, би залуу хүн таны цохилтыг тэсээд гарна. Харин та өндөр настай шүү дээ. Ядрахын нэмэр гэж хэлжээ.
- Мөн дөө мөн. Хоёрдахь хичээл үүгээр дууслаа. Өдий хүртэл би чамайг модон таягаар цохиж ирсэн. Маргааш өглөөнөөс эхлэн жинхэнэ илдээр цавчих болно. Энэ бол гуравдахь хичээл. Сэрэмжтэй байгаарай. Сэхээгүй ганц агшиндаа чи зүйл дуусна шүү.
Өглөө эрт багш нь цэцэрлэгтээ шувуудын жиргээг анирдан суув. Мандах нарны гэрэлд цэцэгс цоморлигоо нээх аж. Тэр үед ханхүүгийн дотор ийм бодол төржээ: “Одоо нөхцөл байдал улам осолтой боллоо. Модон таяг хатуу ч гэлээ аминд хүрэхгүй. Гэтэл жинхэнэ илд...”
Ханхүү гарамгай илдчин боловч багш нь түүнд өөрийгөө хамгаалах боломж олгодоггүй. Зөвхөн сэрэмж сэхээ түүний хамгаалалт байв.
“Энэ өвгөн ёстой эвгүй хүн юм аа. Гуравдахь хичээлээс өмнө өөрөө ийм шалгуурыг давж чадах нь уу, үзье. Тэр миний амь насаар дэнчин тавьж байгаа хойно өөрийг нь шалгах ёстой.”
Өглөө эртийн сэрүүнээр орондоо хэвтэж байсан залуугийн толгойд ийм бодол эргэлджээ. Гэтэл багш гаднаас:
- Тэнэг минь чи, ичихгүй байна уу? Багшийгаа илдээр цавчихыг хүсээ юу? Хөнжилдөө гэмгүй царайлан хэвтэх хэрэггүй. Би чиний бодлын чимээг ч сонсож чадна шүү хэмээн хашгирчээ. Юу ч хэлээгүй, юу ч хийгээгүй байтал шүү!
Бодол эд юмстай адил хөдлөх үедээ чимээ гаргадаг. Бүрэн сэргэг хүн чиний бодлыг тольдож чадна. Өөрөө ч анзаараагүй байхад чинь мэдэх буйза.
Ичиж улайсан ханхүү багшийн хөлд сөхөрч:
- Мунхаг шавиа уучилна уу хэмээн наманчлаад, гуравдахь хичээлдээ эргэлзэхгүй оров. Жинхэнэ илд түүнд ташуур нэмжээ. Тэрээр эргэн тойрноо төдийгүй өөрийн амьсгал, зүрхний чимээг ч ухамсарлах болов. Намуухан сэвшээнд аяархан алдуурах навчны чимээг ч мэдрэх болов. Багш нь түүнийг хэдэн удаа гэнэдүүлэх гээд барсангүй. Гурван өдрийн дараа түүнийг дуудаж:
- Одоо чи харьж болно. Эцэгтээ миний энэ үгийг уламжлаарай: “Хаан бэлэн болсон.”
- Ошо “Дусалд ууссан далай” (Агнистын гэгээ - 19)