Хошуу ноёны зээ Бадмаабазар: Манай нутгийн бичигтэй хөшөө намагт шигдээд орчихсон шүү
Энэ зун Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт, малчин Бадмаабазарын Пүрэвчулууныд гэр бүлээрээ амарсан билээ. Тэдний зуслан Монголын түүхийн маш чухал дурсгалт газрууд болох Хар балгас, Эрдэнэ зуу хийд, Билгэ хааны хөшөө зэргийн төвд оршино. Пүрэвчулууны аав нь энэ нутагт насаараа аж төрж буй, хамгийн сонирхолтой нь нутгийнхаа сүүлчийн ноёны зээ хүү нь болох 86 настай хөгшин сонин сайхан үүх түүх хуучлан сууна. Тиймээс Бадмаабазар гуайтай ярилцлаа.
Таныг чинь хошуу ноёны үр сад гэлцэх юм. Аль нутгийн хэн гээч ноёны хойчис вэ?
За би энэ нутгийн хошуу ноён Сандаг-Очир гэж байсан, түүний охины хүүхэд юм аа. Одоо энэ Архангайн хэдэн сум, ийшээ Бүрд, Хужирт эднүүс нийлээд нэг хошуу гэж томоохон нутаг байсан юм билээ. Тэр хошууг хариуцсан хүн нь Сандаг-Очир. Миний ээж тэр хүний охин, одоо энэ зураг нь байна. Энэ хар авдар бол Сандаг-Очир ноёны тамганы авдар. Сүүлдээ номын хайрцаг энэ тэр хийсээр байж одоо байгаа нь энэ.
Социализмын он жилүүдэд ноёны үр сад гэхээр бас асуудал дагана биз?
Өө тийм. Намайг намд бол авдаггүй байлаа. Намгүй явсаар байж насыг барж байгаа хүн дээ. Уг нь бол ажил зөндөө л хийсэн, гол нь жолооч хийдэг байлаа. Тэгээд намд бол ер авахгүй.
Хаана ямар тэрэг барьдаг байв?
Хархорины САА-д жолооч байлаа. Тэрэг бол янз бүрийн л тэрэг барьсан даа. Бүр анх модон кабинтай ЗИС-5 барьж эхэлсэн, дараа нь чиргүүлтэй 30 ч барилаа.
Машин хаана барьж сурсан юм бэ?
Би дагалдан – курс гэж юмаар анх машин барьж сурсан юм. Хотод. Тэгээд хэсэг тэрэг барьж байгаад дараа нь цэрэгт яваад. Тэгээд нутагтаа ирж жолоочоо хийсээр л энэ насыг барж байна даа.
Цэрэгт хаана алба хаав?
Улиастайд Сапер-Инженерийн батальон гэж байсанд алба хаалаа. Байлдааны анги л даа. Бүтэн жил машин барьчхаад очсон болохоор намайг чинь хөгшин жолооч гээд шууд жолооны багш болгочихсон юм. Байлдааны их том анги болохоор тэнд бид бас улс төр үзнэ, анагаах сувилахын хичээл ч заалгана. Надтай хамт тэнд сувилагчийн хичээлд суусан манай нутгийн нэг хүн чинь ирээд энэ Бат-Өлзийн хорих ангид эмч болоод насаараа л ажиллаа шүү дээ. Тэр үед чинь эмч болох амархан байж дээ, сувилагч гэж байснаа л эмч болчихдог. Би ч жолоогоо хөөгөөгүй бол бас тэгээд тэр хичээлд суусан гэдгээрээ эмч болчих ч байж болохоор байж гээ.
Сандаг-Очир ноёны тухай ээж тань ярьж өгдөг байв уу? Тэр хүний талаар ярьж өгөхгүй юу?
Ээж ярьж өгнө өө, өгнө. Сандаг-Очирын өмнөх ноён нь Цоохор ноён гэж байж. Манай тэр өвөө харин Цоохор ноёны дүү нь байсан юм уу, хүү нь байсан юм уу, мэдэхгүй, ямар ч байсан тэгээд ноён сууж. Хамгийн сүүлчийн, гэх үү, дараагийн ноён болох ёстой хүн нь найман настай хүүхэд байсан гэж байгаа юм. Манай ээжийн дүү юм аа даа. Ноён цол, юм хумыг нь өгч өргөмжлөх гээд ирэхэд нь өнөө ноён нь хотон дотроо өтөг шидээд тоглож байсан гэдэг. Том болоод тэр хүү цэрэгт явж, жолооч болж. Тэгж байгаад ЗИС-5 машины аккумулятор шатаачихсан гэж байгаа юм. Тэгэхтэй нь зэрэг далимдуулж, төвөөс улс ирж, бүх хөрөнгийг нь хураагаад, Баянтүмэн гэдэг рүү явуулсан гэж байгаа юм. Баянтүмэнд байж байгаад гэдэс нь өвдөж, төвд ирээд өнгөрчихсөн, бараг нухчихсан юм уу даа, ээж бас их тодорхой ярихгүй, эмээнэ. Тийм юм болж, сүүлчийн ноён болох ёстой байсан хүн нь хэлмэгдэж өнгөрсөн, хөөрхий.
Сандаг-Очир ноён өөрөө хэлмэгдсэн үү?
Үгүй, хэлмэгдлээс өмнө, залуухан, гучин хэдтэй өнгөрсөн гэдэг. Богд эзний зарлигаар Улиастай руу өвлийн хүйтэнд яваад. Их хүйтэнд ганц майхантай л явсан гэх. Тэгээд шүд нь өвдөж ирээд л залуухнаараа нас барчихсан юм гэнэ лээ.
Та чинь өөрөө энэ Өвөрхангайдаа төрж өссөн хүн үү?
Уг нь бол би чинь Улаанбаатарт гарсан хүүхэд. Унасан газар маань Гандангийн баруун дэнж юм гэнэ лээ. Аав маань анхандаа лам хүн байж. Баруун хүрээнд томхон лам байж байгаад сүүлдээ энд Хотонтын хүрээнд ирж сууж байж л дээ. Тэгж байтал хэлмэгдэл эхлээд, тэр үед авгай авбал мултардаг байсан юм байх. Аав тэгээд авгай аваад хот руу зугтаасан байгаа юм. Тэгтэл том лам юм болохоор нь Гандангийн дэнжид суулгасан, тэнд байж байхад нь би гарч л дээ. Тэгээд цаг арай гайгүй болохоор буцаад энд ирсэн юм байна билээ.
Ээж жирэмсэн байхдаа нэг шээх гээд гартал Гандангийн огт нохойгүй газар нэг халтар нохой ирчихсэн байх юм гэнэ. “Нохой их сайн гэдэг, чамаас сайн хүүхэд төрөх нь” гэж бэлгэшээж байтал зуны эхэн сарын 15-ны өглөө нарнаар би төрсөн гэх. Сайн хүүхэд болно оо л гэцгээж, муудсан ч юмгүй одоо хүртэл ингээд л явж байна даа.
Ноёны үр сад гээд намд элсүүлдэггүй байсан гэж та түрүүн хэлсэн. Намд элсэхгүй болохоор муу нь юу байх вэ?
Байна аа байна. Би ч уг нь сайн л жолооч байлаа. Тэгээд намд элсэх болохоор гурван үеийн намтар гэж бичих болно. Аав талдаа лам, ээж талдаа хошуу ноён угсагаатай (Бадмаабазар гуай “угсагаа” хэмээн яг монгол бичгийн хэлээр хэлж байна. М.С.) гээд авахгүй шүү дээ. Тэгээд намд элсэхгүй болохоор жолооч хүний хамгийн чухал юм болох шинэ машин өгөхгүй. Очерь дараалал нь болоод яг миний ээлж болохоор “тэр нь намын гишүүн, тэрэнд өг” гээд л өөр хүнд өгчихнө. Жолооч хүн чинь шинэ тэрэг л их харна шүү дээ. Тийм хавчилгатай л байсан даа.
Тэгээд ардчилалтай золгосноос хойш харин ч ноён угсаатай нь илүү мандаад эхлэв үү?
Чухам тэглээ. Бүр өөрсдөө ирээд намд ор гэж гуйдаг болсон шүү дээ. Би чинь өөрөө бол нөгөө хэн, манай энэ Хужиртын хүн, хэн билээ дээ, Зам тээврийн яамны сайд байсан, тэрний намын хүн байхгүй юу. Ардчилсан намд тэгж өөрөө элссэн байсан юм. Тэгсэн чинь дараа нь Ху нам чинь намаа сэргээж байна ч гэл үү, намайг Ардчилсан намын гишүүн байхад өөрсдөө ирээд давхар Ху намд бүртгэчхээд яваад өгсөн шүү дээ. Инээдэмтэй юм их болно оо, нөгөө голоод байсан улс өөрсдөө ирээд гуйгаад элсүүлдэг үе ирдэг юм байна. Жолоочийн тэмдэг медаль энэ тэр өгөөд л, намайг чинь их онгироож байна аа хөөе.
Ингэхэд та чинь шавилж суугаагүй гэхэд ямар сүрхий хуучны бурхан тахилтай юм бэ?
Аав ээжийн маань бурхан тахил юм аа. Насаараа л энийгээ тахиж шүтлээ. Цээжээрээ бас нэг хэдэн цээжтэй, арван гурван цээж умшчихна, тарни умшина (яг хэллэгээр нь буулгав. М.С.), бас ганц хоёр түмэн маань умшина. Нөгөө намын гишүүн болж чадаагүйн чинь нэг сайн юм нь энэ. Намын гишүүн биш юм чинь гээд тэгтлээ их айгаад байхгүй.
Намын гишүүн биш болохоор бурхан тахилыг тань хураагаагүй хэрэг үү?
Хураахаа хураасаан хураасан. Бүгдийг нь биш, заримыг нь. Ламтан багшийн маань зургийг жишээ нь аваад явсан, авсан хүндээ харин ч их сайн юм болоогүй шүү. Фото зураг байсан юм.
Ламтан багш гэж хэн билээ?
Зуугийн ламтан гэдэг байсан юм. Одоо энэ Эрдэнэзуугийн л хамгийн том, тэргүүлэх лам нь байсан даа. Ээж гэхдээ сүүлд нь өөр зураг ахиж олж авсан, одоо ч манайд тэр зураг байгаа.
За тэгээд хуучин намд элсэж чаддаггүй байсан хүн чинь одоо тэгээд хоёр намын гишүүн болчоод байна уу?
Харин тийм л болчоод байна. Ардчилсан намд бол нөгөө Зам тээврийн яамны сайд Батхүү гээд байсан даа. Тэрийг нэг ирэхэд элссэн юм. Ху нам болохоор сүүлд өөрсдөө ирээд үнэмлэх бичээд өгчихнө лээ. Одоо булаацалддаг болох нь л дээ (инээв). Тэгээд бас юм хум амлана. Таныг Алтан гадаст тодорхойлно оо л гэцгээсэн, худлаа болсон болболтой, сая наадмаар чимээгүй л байна. Хуурч байгаад намдаа оруулчихсан юм байлгүй (инээв).
Уг нь бол би ч нам мам, хүн мүн гуйгаад байхааргүй, сайн ажилласан жолооч оо, хө. Даргын тэрэг хэдэн жил барилаа, дараа нь чиргүүлтэй Гуч барьж тээвэрт олон жил явлаа. Тариа будаа, дайчилгаа, бүх л ажилд явж, сайн ч ажилласан даа. Бүх насаараа тэрэг барив даа.
Нөгөө л ноёны зээ гэдэг социализмын үеийн гадуурхал хэвээр яваад байгаа юм биш биз дээ?
Би ч бас гайгүй ээ. Хавчих хүнээ бол айхтар гадуурхдаг байлаа шүү дээ. Та нар Лоохууз гэж мэднэ биз дээ?
Мэднэ мэднэ.
Нутаг заагдаад манай энд, Хархоринд ирж аж төрсөн юм шүү дээ. Тэгээд энд ажиллаж байхад нь цаад Хархорины дарга Гомбосүрэн гэж хүн хавчсаар байж шоронд явуулчхаж байлаа шүү дээ. Лоохууз гуай тэгээд Зүүнхараад шоронд суусан. Одоо байдаг юм болов уу, хөөрхий? Уг нь бол гурван ч дээд сургууль төгссөн, мундаг боловсролтой хүн байсан юм шүү. Бал дарга анх төгсөөд ирэхэд нь овоо дэмжиж, дээш нь өргөж байгаад, сүүлдээ бүр дээшлээд ирэхээр нь эргээд дарсан шиг байгаа юм. Лоохууз, Нямбуу, Сурмаажавын хэрэг гээд л бүгдийг нь зайлуулсан. Өөрөө тэгээд Бал дарга чинь 43 жил төр барилаа гэдэг байх шүү.
Танай хүү түрүүн ярилаа. Танай нутаг, энэ Орхоны хөндийд нэг бичигтэй хөшөө байсан, одоо алга болсон гэж. Тэр ямар хөшөө байсан юм бол оо?
Намайг жаахан байхад яах аргагүй гозойж байсан хөшөө шүү, тэр. Жаахан хазгайдуухан, гэхдээ гозойж л байсан юм. Голын эрэгт, намагтайдуу газар л даа. Сүүлдээ намгандаа шигдсэн үү яасан, байхгүй болчихсон. Тэрийг хүн амьтан авч явж харагдаагүй, доошоо л орчихсон байх. Манай нутгийнхан тэр хөшөө олдвол газар орон маань их сайхан цэцэглэн хөгжих юм гэнэ лээ гээд л ярьдаг сан.
Яг хаана байсан, ямар төрлийн бичигтэй хөшөө юм бол доо?
Манайхаас ийшээ зүүхэнтэй Хөшөө бууц нэртэй нэг бууц бий. Тэр хавьд л байсан санагдана. Бага байсан болохоор тэр бичгийг нь сайн санадаггүй юм. Тэрийг олоод гаргачихвал их сайн юм сан даа. Одоо шинжлэх ухаан их сайн хөгжсөн, дээрээс нь хараад олчихдог болсон юм биш үү...
хэмээн ярилцсаар хөгшнийг амраахын тул аргагүй өндөрлөв. Хожим Сандаг-Очир ноёны үүх түүхийг багаахан мөшгиж үзвээс:
Халхын Сайн ноён хан аймгийн Сүжигт засгийн хошууны түүхнээ “1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад тус хошууны засаг ноён Сандаг-Очирт үе улиран Сүжигт засаг цол, бэйлийн зэрэг олгосон, 1912-1923 онд ноён суусан, тус хошууны сүүлчийн ноён” хэмээн тэмдэглэн үлджээ. Харин Сандаг-Очирыг залгамжлах ёстой байсан, бас чиг найман настайдаа ноён суугаад авсан гэх, мөнөөх цэрэгт яваад насан өөд болдог залуугийн тухай мэдээлэл огт үгүй, үүнийг түүхчид сурвалжилбал бас сонин баримт гарч ирж болох, албан ёсоор сүүлчийн ноён гэж хэнийг тооцох тухай баримтын өөрчлөлт ч үйлдэж болох мэт. Үүнээс гадна Бадмаабазар гуайн ярьсан тэрхүү намагт шигдсэн гэх бичигт хөшөөний тухай мэдээлэл нь археологич, хэл шинжээч нарт бас холбогдолтой байж болохын тул хөдөө амарч явахдаа танилцсан бууралтай ярилцсанаа сийрүүлэн олонд толилуулав.
Баяржаргал
kk
Зочин