Боржигон овгийн тухайд

Эрдэмтэн А.Очир, Г.Дашням нарын нухацтай судалгаанд үндэслэн Их Нацагдоржийн уг шаг, угсаа гарвалыг хөөн үзвэл Нацагдорж боржигон овгийн хүн байжээ. Боржигон гэдэг бол Х зууны үед аж төрж байсан Мон хаан Бутанцарын үеэс хойш язгуурын монголчуудын төрийн эрх, хаан ширээг боржигон овгийнхон алдалгүй барьсаар ХVIII зууны үед тэднийг төрөл тайж, харьяат тайж гэж хуваадаг болсон ажгуу. Төрөл тайж гэдэг нь Тэмүүжиний шууд угсааны тайж нар, харьяат тайж гэдэг нь Хавт Хасар, Бэлгүтэй нарын угсааны тайж нарыг нэрлэдэг нэр болжуй.

Халхын угсааны тайж нар бол төрөл тайж нар бөлгөө. Энэ угсааны тайж нар тэргүүн зэргээс дөтгөөр зэрэгт ангилагддаг байсан авай.

Их Нацагдорж их эзэн Чингисийн удмынх

Д.Нацагдорж бол Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжийн 14 дэх үеийн дөтгөөр тайж Цэрэндоржийн ач гээд бодохлоор 16 дахь үеийн нь хүн болж байгаа юм. Тэрбээр боржигон овогтон юм. Судлаачид үүнийг 1885 онд үйлдсэн “Бадаргуулт төрийн арваннэгдүгээр он. Бэйс Пунцагцэрэнгийн хошууны ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэлийг үйлдсэн дэвтэр” болон “Бадаргуулт төрийн гучиннэгдүгээр онд үйлдсэн сайд бэйсийн хошууны ноёд тайж нарын гэрийн үеийн бичмэлийг үйлдсэн дэвтэр” гэх сурвалжаас үндэслэн тогтоожээ.

Ийнхүү үзвэл Батмөнх даян хаан – Гэрсэнз жалайр хун тайж - Онохуй үйзэн ноён - Абтай сайн хан - Эрээхий мэргэн хаан - Очир бат Түшээт сайн хан Гомбо - Түшээт хан Цэвээндорж - төрийн жүн ван Галдандорж - Түшээт хан агсан засгийн хошой чин ван, улсын эфү Дондовдорж - хошой эфү Ханживдорж - дэд зэрэг тайж Гэндэвдорж - дөтгөөр тайж Жамсранжав - дөтгөөр тайж Дамдин - дөтгөөр зэрэг тайж Цэрэндорж - дөтгөөр зэрэг тайж Дашдорж, дөтгөөр тайж Нацагдорж гэсэн шугам гарч ирж байгаа юм.

Эндээс харахад Нацагдорж бол сайн хүний үр, сайвар гүүний унага гэдэг шиг уг шаг угсаа гарлаараа Чингис хааны удам судрын хүн байсан нь хөдөлшгүйгээр батлагдаж баймуй.

Учиртай гурван хүн ба учиртай гурван уул

Нацагдоржийн бас нэг гайхамшиг бол энэ зохиолоо “Учиртай гурван хүн” юм уу, “Учиртай гурван уул” гэж нэрлэсэнгүй “толгой” гэсэн үгийг хэрэглэсэнд оршиж байгаа юм. “Толгой” гэдэг энэ үг нэг утгаараа уул толгодыг ч төлөөлж чадна, нөгөө утгаараа хүнийг ч төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл аль алийг нь багтаасан утга бүхий энэ үгийг сонгож авсан нь гайхамшиг бөлгөө.

“Толгод”, дов толгой”, “уул толгод”, “толгой”, “том толгой” “дүүрсэн толгой”, “үйлтэй толгой”, “догь толгой”, “хаширдаггүй толгой”, “зайтай толгой”, “яхир толгой”, “зовсон толгой” гэх зэргийн олон шилжмэл утгатай. Тэгэхээр хувь төөрөг нь хоорондоо орооцолдон холбогдож, ээдэрч будилсан тэр хэдэн хүн бол ёстой л “учиртай толгой”-нууд болж таарч баймуй. Бас гурван уулаар хүнээ төлөөлсөн болохоор салаа утга нь хүн гэдэгтэй дүйдэг “толгой” гэдэг үг хэрэглэжээ. Гэтэл Учиртай гурван толгой-г 1943 онд засварласан эх хийгээд энэ зохиолоос сэдэвлэн хийсэн кино, кино концерт, тайзнаа тавьж буйг нь харахад цөм л ижил гурван уул хэмээн бичиж, тайзан дээр ижил гурван уул маягтай юм хийсэн байх юм. Нацагдорж уул болгоныг их л учиртайгаар бодож баатрууддаа “хуваарилсан” байгааг нь өнөөг хүртэл анзаарч ойлгохгүй явдаг нь эмгэнэл юм даа.

Яагаад “Учиртай дөрвөн толгой” биш гэж?

Дөрвөн баатар голлож буй болохоор “Учиртай дөрвөн толгой” болчихож байгаа юм биш үү? гэдэг асуулт тавигдана. Зарим судлаач Нацагдорж “Хоролмааг гурав гэсэн тоондоо оруулсангүй” гэхчлэн бичсэн нь бий л дээ. Зохиолч Балган Хорломаа хоёрт “нэг уулыг эзэмшүүлсэн” болохоороо тэр хоёрыг мөн л хар үйл явдлаар нь нэгтгэн “гурав” гэсэн тоондоо хамтатган оруулжээ. Энэ хоёрыг нэгтгэж буй юм олон бий л дээ.

Түүний нэг нь зохиолын төгсгөл хэсэгт Балган Юндэнг алаад баривчлагдан явахдаа «“Нансалмаа над хэрэггүй” гэж чанга дуугаар хоёр гурав дахин хэлнэ» хэмээж буй бол Хорломаа үхсэн Юндэнг хараад «“Юндэн над хэрэггүй” хэмээн мөн чанга дуугаар хэдэнтээ хэлж зугтан одно» гэж хоёул ив ижилхэн үгийг хэлж буйгаас ч харагддаг.

Учиртай гурван толгой зохиол дотор Хуурчийн шүлэг гэж 24, 24 мөрөөр бичсэн хоёр оруулга шүлэг гуравдугаар үзэгдэл дунд бий. Энэхүү өвөрмөц маягийн оруулга шүлгүүд багагүй зүйлсийг тодотгож буй онцлогтой юм. Энэ нь Нацагдоржийн уран чадварын бас нэг илрэл гэхээс өөр аргагүй. Хуурчийн шүлэг гэдгийн эхнийхэд нь

 ...Хоёр уулын үзэсгэлэн
Хүн бүхнээ гоёмсог
Хосолсон амрагийн үг
Бие биендээ урамтай
Сар шиг өнгө/т/ охин
Нар шиг гэрэлт эр
Намрын тунгалаг өдөр
Зэрэглэн суух нь гоёмсог...
Үзэсгэлэнтэй төрсөн Нансалмаа
Өөрийн хошуундаа хайрлагджээ.
Үнэхээр түүний сэтгэл
Ганцхан хүн дээр шийдсэн сэн
Хос амраг зайгүй ч
Гурвалжин болоход нь будлиантай
Янагийн үлгэр гэгч
Ингэж эхэлдэг ажээ...

гэсэн энэ хэсгээс харвал Юндэн Нансалмаа хоёр бие биедээ хайр сэтгэлтэй, аз жаргалтай байгааг дүрсэлж байгаад сүүлчийн дөрвөн мөрөндөө гурав дахь хүн буюу Балган хос хоёрын дундуур орж ирж буйг дурдаад эндээс хайр сэтгэлийн зөрчил тэмцэл буюу “янагийн үлгэр” эхэлж байна гэжээ. Харин гуравдугаар үзэгдлийн төгсгөлд оруулсан хуурчийн хоёрдугаар шүлэгтээ

Хоёр хүн нийлсэн сэн
Дөрвөн хүн болов.
Хэн хэнд зохицохыг
Хэрхэн одоо мэднэ

хэмээн бичиж уншигчдын сэтгэлийг дагуулан татах аргыг хэрэглэсэн байна. Үнэхээр энэ дөрвийн хоорондын ээдрээт явдал яаж төгсөх бол? гэдэг хүлээлт догдлолыг энэхүү Хуурчийн шүлэг бий болгож чадаж байна.

“Дурлалын гурвалжин”-ны онолыг шинэтгэсэн нь

Нацагдорж энэ дөрвөн хүний ээдрээт хувь заяаг европ дахины утга зохиолд хэвшин тогтсон “Дурлалын гурвалжин”-ы онолоор шийдсэн байгаа юм. Тэгэхдээ дурлалын гурвалжин хоёрыг бий болгосноороо шинэлэг болж чадсан юм. Энд юуны түрүүн Нансалмаа төвтэй, Юндэн, Балган гэсэн нэг гурвалжин гарч ирж байгаа юм. Хоёр дахь нь Юндэн төвтэй Нансалмаа, Хоролмаа гэсэн хоёр дахь гурвалжин гарч ирж байна. Энэ бол Нацагдорж “дурлалын гурвалжин” гэдэг ойлголтонд авчирсан шинэчлэл болой.

Д.Нацагдорж бол уламжлалт гэрийн боловсролын системд хүмүүжин, эрдэм номын мөр хөөх, бүтээн туурвих боломжоо нээсэн тал нутгийн сэхээтний нэг юм.

 

Монголын засгийн газар Японы Мэйжийн хувьсгалын туршлагаас үлгэр авч өрнөдийн аж үйлдвэр хөгжсөн орнуудад хөвгүүд охидоо суралцуулахаар илгээсний дотор Д.Нацагдорж гэргий Пагамдуламын хамт орж байв.

 

Монголын уламжлалт дээлэн дээр өрнөдийн  бүрх, гаансаар дэгжирхэн, зангиа зүүсэн Д.Нацагдоржийн хөрөг монголын хувьсгалт уран зохиолын бэлгэдэл болон үлдсэн юм

 

Д.Нацагдоржид зориулан босгосон хөшөө утга зохиолд дуртай  сэтгэл зүрхэнд эрхэм хүндтэй газрын нэг болсон юм.

 Цөвүүн цагийн амьдрал

Нацагдорж үнэнхүү цөвүүн цагт амьдарч бүтээж туурвиж байлаа. Энэ талаар бид дараагийн бүлэгт авч үзэхийг оролдоно. Нацагдорж хувьсгалч уран зохиолч, хувьсгалыг магтан дуулагч ерөөлч болсон төдийгүй, өөрийнхөө магтан дуулж байсан “ардын төр”-ийнхөө төмөр нударганы амтыг амсаж, арван жингийн лантууны нь хүндийг туулж байсан юм.

Тэрбээр “Тайж” гэсэн зэрэг дэвтэй, “Германд сургууль хийсэн” гэдэг чимэг нэртэй байсан нь түүний хатуу хүтүүг амссан гачлант амьдралыг нь тодорхойлж байсан бөлгөө. Гучаад онд “Японы тагнуул”, “Германы тагнуул” гэсэн нэр хоч зүүгээд “дайснаа дарж, дархан цолоо мандуулдаг” нэг арга улс төрийн овжин зальтнууд, урваж шарвагчдын гол зэвсэг болж, нэг хэсэг нь өөрсдийн бий болгосон тэр зэвсэгтээ ч өртөж амь алдаж байсан самуун цаг.

“Японы тагнуул” гэгдсэн бол толгойноосоо салдаг, “Германы тагнуул” хоч нэр авсан бол олон жилийн ял авдаг байжээ. Тэр үеийн Монголд германы тагнуул байсан гэдэгт итгэхэд хэцүү, харин Японы тагнуулын сүлжээ манайд байсныг өнөөдөр үгүйсгэж, япон тагнуулч Монголд байгаагүй гэвэл түүхэн үнэнийг гуйвуулсан хэрэг болно. “Японы тагнуул” гэгч нэртнүүдийн олон нь хилс хэлмэгдсэн ч гэлээ нэг хэсэг нь Японд урваж тэдний гар хөл, тагнуулч болж байсан нь өнөөдөр нэг их нууж хаагаад, цайруулаад байх зүйл биш шүү дээ.

Манж-го улсыг япончууд байгуулсны дараа Монгол нутгийн Булан дэрс, Халхын сүм зэрэг газруудад тулгаралт мөргөлдөөн гарч, “Танака меморандум” гэгч том төлөвлөгөө боловсруулж, Улаанбаатарт японы тагнуулын сүлжээ гэсэн “Халуун усны хэрэг” гэгч дуулиантай ажиллагаа явагдаж байсан зэрэг нь зүгээр л нэг тохиолдлын явдал байгаагүй бизээ. Чухам иймээс “Японы тагнуул” нэр зүүгсэд толгойгоороо дэнчин тавьдаг байсан буюу Нацагдоржийг Германы тагнуул, Герман руу оргон гарах гэж байна хэмээн хардаж сэрдээд зогсохгүй, Японд сургуульд явуулж өгөөч гэсэн өргөдөл бичсэнээс нь үүдээд 1932 онд түүнийг байцааж, Японы тагнуулчийн зэрэгт өргөмжлөхийг шахсан байдаг.Байцаагчийн асуултанд хариулахдаа, - Японы хүчтэйг би мэднэ Хятадын хүчгүйг би мэднэ. Үүнийг би сонин сэтгүүл дээрээс мэдэж авсан гэх аясаар өчсөн буй.

Хорь, гучаад оны шинэ цагийн сэхээтний ихэнх нь Нацагдоржийн адил бартаат зам туулж, маргаашдаа итгэх итгэлгүйгээр өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Гэвч эрхэлсэн ажилдаа эзэн байж чаддаг нь тэдний яс маханд нь шингэн тогтсон байжуй. Тэд нүд хуурах, худал хэлэхийг үл тэвчдэг шударга зантай байсан нь олон зүйлээс харагддаг. Нацагдорж гэхэд л энэхүү байцаалт дээр “Зөвлөлтийн мэргэжилтнүүд” гэгч хэн байдгийг, тэд хувиа бодож хөрөнгөжихийг л бодохоос биш, улсын ажлыг огоорч юу ч хийхгүй мөнгө авч байдгийг нь огтоос айж хулчийлгүй хэлсэн байдаг. Намын Төв Хороонд байцаагдаж байхдаа сургууль төгсгөлгүй буцааж татаж ирсэн нь буруу болсон юм гэдгийг улайм цайм хэлсэн л буй.