(Spring Summer Fall Winter And Spring)


Зуун жилийн ганцаардлыг нэгэн агшинд товчлоод
Зуун намрын салхийг нэгэн хоромд мэдрэх болтугай.

Буйдхан уулс, нуурын дундах тэр гэгээхэн сүмд багштайгаа байх диваажин л. Гэвч диваажинг ойлгохын тулд там руу орохоос аргагүй. Жаалхүү тэр л замаар явсан. Багш нь ч хориогүй. Хориотой жимс угтаа хориогүй жимс л дээ. Диваажинг амтлахын тулд тэр жимсийг идэж таарна. Тэгээд тамын хорвоог туулаад зовлонгийн галаар ариусч боловсроод эргэн ирэх ерөөлтэй. Хүүхэд цагаахан боловч гэнэн тэнэг. Тэнэгтээ л өөрөөсөө өөрцгүй жаахан амьтдыг шоглож зовоож явсан, түүнийгээ өөр дээрээ амсахаас нааш ойлгохгүй. Тийм болоод багш нь түүнийг чимээгүйхэн үдсэн. Өвгөн багшаа орхиод өнгө, мөнгөний хорвоод одохдоо тэр эргэж ирэхээ далд совиндоо мэдэрч л байсан даа. 

Тийм ээ, тэр эргэж ирсэн. Гэхдээ хорвоогоос зугтаж ирсэн. Зугтаж ирж байгаа бол болоогүйн шинж. Үйлийн үрээс булзах гэж, бүр нарийндаа өөрөөсөө булзах гэж амиа ч хорлох гэж үзсэн. Тэнэг хэвээрээ, нялхас хэвээрээ л хойно багш нь түүнд яаж ойлгуулах вэ. “Зүрхэн судрыг ойлгохгүй байгаа бол хэзээ нэгэн цагт ойлгох буян хураахын тулд судрын үгийг сийлэг. Зүрхэнд нь хоногших болтугай”. Шавь алгаа цэврүүтэж, цусаа гоожтолоо сийлсэн. Алдарч унатлаа сийлсэн. Тэгэх хооронд цээжинд нь эрчилж байсан хар шуурга аяндаа намжиж, аниргүйн анир дуулдахтай болсон. Үйл зовлон, өр төлөөсийг нь нимгэлэхийн тулд багш хамгийн дөхөм аргыг сүвэгчилжээ. Эхийн хайр шиг, гэхдээ шавийнхаа харж чадахгүй, ойлгож мэдэхгүй байгаа амьдрал хувь зохиолыг нэвт харах билгийн мэлмийтэй хайр учраас эхийн хайраас ч агуу. 

Хоёр дахь удаагаа сүмээ орхин одож байгаа тэр нэгэн бол жаалхүү биш идэр залуу. Шөнө дөлөөр оргож зугтаагүй. Гэгээн цагаан өдрөөр багшийнхаа өлмийд мөргөл үйлдээд оддог. Багш нь бас л дуугүйхэн үдсэн. Завийг нь нууран дунд зогсоож байгаад гараа даллаж үдсэн. Залууг авч яваа “хорвоогийн хүмүүс” хэчнээн сэлүүрдсэн ч завь хөдөлдөггүй. Шавь эргэж хараад багшийнхаа даллахыг харсан хойно л завь хөдөлдөг. Тэр агшинд шавь нэг зүйлийг ойлгосон. Хэзээ ч сүмээсээ холдохгүй, багшаасаа хагацахгүй гэдгээ. Тийм хойно хорвоогийн гянданд бие уягдавч сүнс уягдаа гэж үү. 

Бүгдийг туулан жинхэнэ ёсоор эрийн цээнд хүрээд эргэж тэр ирсэн. Ирэхэд нь багш хэдийн жанч халжээ. Оршихуйд уусан, зүрхэнд нь нэгдсэн учраас шавьд шаналж гансрах зүйлгүй. Тэр өөрөө багш болсон хэрэг. Нэгэн цагт өөрийг нь сүмд орхиод одсон шиг нялх хүүхдээ эх нь түүнд үлдээгээд явдаг. Нялхсын хөтөч бодьсадва болохын тулд энэ бүхнийг туулснаа одоо тэр мэдэж буй. Уулын оройгоос Буддагийн амарлингуй бөгөөд нигүүлсэнгүй мэлмий бүгдийг тольдоостой...

Ай, багш минь муу хүү чинь альхан замдаа явна даа?

Цэнгэг булаг ундрахын өмнө
Шавар булингар гарахаас яах вэ.
Цээж дотор ариусахын өмнө
Шаналал зовлон эдлэхээс яах вэ.

Цэцгий нүдэнд зангирах нулимс
Шанзны чавхдас хөглөө ч бил үү.
Цэвэрхэн цаасанд дуссан бэх
Зэнгийн хөрөг болоо ч бил үү.

Утгыг сэрэх рашаан болгож
Усанд хувилсан галыг амсъя уу.
Уянгын хорвоод найраг нэмж
Уйд хувилсан гэрлийг тосъё уу.

Сүүлчийн навчийг хийсгэх салхинд
Анхны борооны үүл айсуй.
Сүсгийн цагаан сүүгээ өргөж
Амьдрал чамдаа биширмү, би.