Америк долларын зуутын дэвсгэр дээр хөрөг нь байдаг хүн гэвэл бүгд төрхийг нь санах ч дэндүү болхи танилцуулга биз ээ. АНУ гүрнийг үндэслэгчдийн нэг Бэнжамин Франклин хүн болж төлөвшсөн хийгээд аугаа эрдэмтэн, дипломатч, зохион бүтээгч, улстөрчийн хувьд үзэл санаа болон улс төрийн итгэл үнэмшил нь хэрхэн бүрэлдсэнийг сонирхол татам өгүүлсэн гайхалтай намтар монголоор хэвлэгдлээ. Энэ түүхэн сүлжээсийг өөрөө бичсэн намтар, өөрийнх нь зохиол бүтээл, хувийн тэмдэглэл, Франклины захидал болоод тухайн цагийн олон гэрчийн дурсамж дээр үндэслэн нэхжээ.

Номын зохиогч нь алдартай намтар бичээч Волтэр Айзексон. Айзексоны туурвисан Стив Жобс, Альберт Эйнштейн, Хэнри Киссинжэр зэрэг америк улстөрчдийн намтарууд нь олон улсын бэстсэллэр болсон. Суутнуудын намтар, Америкийн түүх, уран зохиолын түүх сонирхогч хүн бүхний заавал нээж үзэх ёстой номын нэг.

Олоон жилийн тэртээ Филадэльфид хөл тавьсан нэрэлхүү атлаа шазруун хөвүүний амьдралд хөлөө олсон, гагц хөлөө олоод зогсохгүй Америкийн түүхэнд, улмаар хүний түүхнээ үлдээсэн тод мөрийг эндээс олж харна. Бэнжамин бол тал бүрийн авьяастай, хүндлэхээс аргагүй хүн төдийгүй бүтээлч, эрүүл саруулаар сэтгэдэг уйгагүй хөдөлмөрч хүн. Түүний намтраас уншигч бүр өөрт таалагдах, сэтгэлд нь хоногших тийм үйл явдлыг заавал олно.

Бэнжамин Франклиныг АНУ-ын ерөнхийлөгч байсан гэж бодох нь элбэг. АНУ-ын 14 дэх ерөнхийлөгч Франклин Пирс, 32 дахь ерөнхийлөгч Франклин Дэлано Рузвэльт хоёртой ижил овогтой нь ч зарим талаар нөлөөлдөг биз. Зуутын дэвсгэр дээр хөрөг нь байдаг болохоор тийм хүндэтгэл гагцхүү ерөнхийлөгчид ногддог гэж үздэгтэй ч холбоотой болов уу.

Бэнжамин Франклин савладаг сандал зохион бүтээсэн патент эзэмшигч нь, Алтантын далайн Гольфстримын урсгалыг тодорхойлоход идэвхийлэн зүтгэсэн. Аянга зайлуулагч бүтээж, хол-ойрын харааны шилийг нэг раманд хосоор нь суулгах санааг сэдсэн, бага оврын хэмнэлттэй зуух бодож олсон, цахилгаан хөдөлгүүрийн санааг урагш ахиулсан, ирээдүйд хүн төрөлхтөнд гүн хөлдөөлт их найдвар төрүүлнэ гэдгийг урьдчилж хэлсэн ийм л хүн.

Бэнжамин Франклины амьдралдаа олж авсан туршлагаараа зохиосон олон мэргэн цэцэн үгийн аль нэгийг нь ихэнх нь хүн сонссон байдаг:

  • Энэ амьдралд үхэл,      татвар хоёр л үнэн.
  • Хүүхнүүдийн сул      талыг мэдье гэвэл найзад нь магт
  • Ирээдүйн бүх      хүслээ биелүүлэхээс анхны хүслээ даран унтраах нь хялбар.
  • Бээлийтэй муур      хулгана барьж чаддаггүй.
    Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг      бай. Харин заримтай нь л илэн далангүй бай.

  • Байнга хэрэглэдэг      түлхүүр ямагт гялалзаж байдаг.

  • Залхуурал, зэв      хоёр адилхан, төмөр эдлэл эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй      болдог.

  • Аливааг олж үзэх      амархан, урьдчилж харах л хэцүү.

  • Бурууг зөвтгөж      чаддаг хүн өөр юм чаддаг байх нь ховор.

  • Эзэн хүний нүд хоёр      гараас ч ихийг бүтээдэг.

  • Бүх философич      сургаал айлдахдаа ухаалаг ч гэлээ ааш авир нь мунхаг байдаг.
  • Нэг нүүх түймэрт      гурав өртөхтэйг адилхан
  • Олдгоосоо бага      мөнгө зарцуулах нь ид шидээс илүү... гэх мэт.


Фэнжамин Франклины өөрөө бичсэн намтар, бусад намтрыг нь уншсан байлаа ч Волтэр Айзексоны бичсэн бүтээл урьд өмнө дэлгэгдээгүй хувь хүнийх нь хачин, хачирхмаар түүхийг дэлгэсэн буй. Хүн төрөлхтөнд гайхалтай өв үлдээсэн Бэнжамин яагаад эхнэрээсээ нүүр буруулсан, Нью-Жэрси мужийн амбан захирагч болсон хүүтэйгээ юунаас тангараг тасарсан зэргийг тодорхой бичсэн буй. Хүн бүхэнтэй найзархуу Бэнжамин сэтгэлдээ юу тээж явсныг хэн ч мэдээгүй боловч баримт фактаар тэр бүхнийг илрүүлэхийг зорьсонд энэ номын үнэ цэн орших ажээ. Мэдээж Америкийг бүтээгчийн намтарт Америкийн тухай өгүүлэх нь гарцаагүй. Энэ утгаараа хоёр түүхийг хамтад уншина.