Ирэх долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын ээлжит бус хуралдаан хуралдана. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой хамгийн чухал хоёрхон асуудал бий. Хэрвээ МАН-ынхан энэ хугацаанд бүлгээ байгуулахаар хуулийн төсөл боловсруулж орж ирж чадвал дахиад нэг асуудал нэмэгдэж мэдэх юм.

Дээр хэлсэн “хоёр гол” асуудал маань удахгүй болох орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон 2012 оны төсөвт тодотгол хийх тухай. Тодруулбал, Засгийн газрын шинэ бүтэц, яам, агентлагуудад орсон бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор 2012 оны төсвийн хуульд тодотгол хийх шаардлага тулгараад байгаа. Гэхдээ энэ тодотгол нь үлдэж буй хугацаанд Засгийн газраас хийхээр төлөвлөж буй ажил, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг дэмжихэд зориулагдсан байх учиртай. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар батлуулахдаа ч гэсэн энэ зарчмыг хамгийн нэгдүгээрт тавьсан гэдгээ мэдэгдээд байгаа. Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлэхийн наана Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлах гэж бас нэг том ажил бий. Мөрийн хөтөлбөргүй Засгийн газар төсвөө батлуулна гэж юу байх билээ.

Өмнө нь байсан 11 яамыг 16 болгон задалж, 43 агентлагийг 28 болгон цөөлсний дараа сөрөг хүчин болон нийгмийн зүгээс “дахиад л төрийг данхайлгаж, төсвийн зардлыг нэмэгдүүлсэн бүтэц бий болгож байгаа юм биш биз” гэсэн шүүмжлэл, болгоомжлол байсан хэдий ч УИХ-ын дарга энэ удаа Ерөнхий сайдын шийдвэрийг хамгаалж “Үгүй, илүү чадварлаг цомхон болсон” гэдэг хариултыг өгсөн билээ. Тухайлбал, төрийн захиргаанд ажиллаж байсан албан хаагчдаас 600 хүнийг цомхотгож, ажил үүргийн давхардлыг арилгаж байгаагаа нийтэд зарласан.
Энэ өдрүүдэд төрийн эрхийг нэг улс төрийн хүчнээс нөгөө улс төрийн хүчин шилжүүлэн авах процесс үргэлжилж байна. Зарим нэг агентлагийн дарга нарыг өөрчлөөд эхэлчихсэн,  Засгийн газрын хуралдаан дэд сайд нарыг томилох ажлаар үргэлжлэх ёстой. Ирэх өдрүүдэд МАН-аас томилогдсон улс төрийн албан тушаалтнууд бүгд байр сууриа тавьж өгнө. Энэ бол тэдний хувьд хамгийн хүнд үе. Сонгуулийн дараа Н.Алтанхуяг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарна гэхэд МАН-ын удирдлагууд тэгтлээ их эсэргүүцэж байсны ч учир шалтгаан энэ. Ажилгүй болсон олон гишүүд нь намаа ч, Ардчилсан намыг ч адилхан харааж байгаа. Гэхдээ яана гэх вэ, эзний алба ээлжтэй, хааны алба халаатай байдаг хойно. МАН-ын хувьд албаа хэрхэн хаасан бэ гэдэгт нь иргэд хэдийнэ дүнгээ тавьчихсан.



Ирж буй томилгоонууд нэг талаар олонхи болсон нам эвсэл эрх мэдлийн сүр хүчийг үзүүлж буй мэт харагдавч нөгөө талаар Ардчилсан намын хуьд “ялсан намын зовлонг” одоо л эдэлж буй. Төрийн ордон хавиар сонгуульд оруулсан хандив, хүч хөлснийхөө үр шимийг үзэх, томилгоонд өртчих гэсэн “элээ”-нүүд тэнгэр харанхуйлтал эргэлдэж буй нь лав. Ийм үед л улс төрийн намын удирдлагууд барьц алдаж гэмээ нь өмнөх бүх чармайлт талаар өнгөрнө гэсэн үг.Тиймээс одоо хийгдэж буй томилгоо, бялуу хуваалттай зэрэгцүүлэн энэ Засгийн газраас иргэдийн хүлээж буй хүлээлтийг дахин нэг сануулах шаардлага байна.

Сонгуулийн өмнө Ардчилсан нам иргэдийн өмнө маш том амлалтыг авсан. Энэ бол хоёр жил гаруй үргэлжилсэн “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн үр дүнгээр бий болсон сонгуулийн мөрийн хөтөлбөр. Мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар Ардчилсан намын бодлогод багтаагүй Монголын нэг ч иргэн үлдээгүй. Гэвч хэлэх амархан, хийх хэцүү гэж үг бий. Өмнөх Засгийн газрууд ч гэсэн сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж толгойд орсон бүхнээ “Мөрийн хөтөлбөр” хэмээн жагсааж байгаад амнаасаа болж унаж байсан тохиолдол бий. Ялангуяа 2008-2012 оны хамтарсан Засгийн газрынх шиг мөрийн хөтөлбөрийн биелэлт нь 93 хувьтай гэж зарласан ч ард түмний амьжиргаа алд дэлмээр унаж байсан гашуун туршлагыг энэ Засгийн газар давтах учиргүй.

Тиймээс хэрвээ Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг мөрөөдлийн жагсаалт хэмээн үзвэл одоо гарах Засгийн газрын мөрийн хөтөлбөр тэр мөрөөдөлд хүрэх арга замууд байх учиртай.

Хамгийн нэгдүгээрт, монгол хүн бүрийн эдийн засгийн эрх чөлөөг хангах. Чөлөөтэй хөдөлмөрлөх, хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж чадахуйц цалин орлоготой байх, хуримтлал бий болгох, хувийн орон сууцтай болох, үүнд нь түлхэц болохуйц банк санхүүгийн систем, зээлийн эх үүсвэр, урт хугацааны хөгжлийн сангуудыг бий болгож өгөх нь төрийн хийх ёстой ажил. Халамжийн системийг халж, иргэнээ хөрөнгөжүүлэх бодлого руу явна, иргэн баян байж төр нь баян байх Ардчилсан намын анхны зорилтыг хэрэгжүүлнэ гэсэн нь энэ Засгийн газрын хамгийн том зорилт. Мөрийн хөтөлбөр нь түүнд хүрэх арга зам байх ёстой.

Хоёрдугаарт мэдээж монгол хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээгээр хангагдах явдал. Нэг онигоо байдаг даа. Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн замын уулзвар дээр нохой машинд дайруулаад үхчихсэн байжээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн цагдаа ирээд “нохойны толгой танай үүрэг рүү харсан байх тул энэ танай хэлтэс шалгах ёстой” гээд орхиод явж. Гэтэл Чингэлтэй дүүргийн цагдаа ирээд нохойны толгойг өшиглөж Сүхбаатар дүүрэг рүү харуулчихаад яваад өгчээ гэж. Монгол Улсад жирийн иргэд дээр очиж байгаа эрүүл мэндийн үйлчилгээ ч ялгаагүй, яг л ийм байдалтай болчихоод байгаа. “Харьяаллын бус” гэсэн ганцхан шалтгаанаар хоёр төрөхийн хооронд явсаар байгаад хүүхдээ алдсан ээж, хагалгаа хийлгэж чадалгүй амьсгал хураасан өвчтөн, халуураад Эрүүл мэндийн төв дээрээ үзүүлэхээр очиход нь “номер дууссан, маргааш ир” гээд буцаахаас авахуулаад эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах, хөнгөвчлөх маш олон шаардлага бий. Нөгөө утаа угаар, байгаль орчны бохирдол эд нар бол монгол хүний эрүүл мэндийг хөнөөж буй наад захын асуудал.

Дээр нь эцэг эхийнхээ хөлс хүчийг шавхаж, хамаг залуу насаа үрэн байж хоёр дээд сургууль төгссөн нөхөр “мэргэжлийн шаардлага хангаагүй”-н улмаас ресторонд зөөгч, лангууны худалдагч хийгээд дуусч байгаа тохиолдол бол зууны ерэн хувь. Хувь хүний амьдралыг 5-10 жилээр үрэхээс гадна улс орны хөгжлийн алхааг төдий хэмжээгээр хойш татаж байгаа чанаргүй боловсрол, эдийн засгийн энэ үрэлгэн байдлаасаа салах цаг хэдийнэ болсон. Ардчилсан нам үүн дээр “Монгол Улсыг Тавантолгой, Оюутолгой бус, монгол хүний толгой хөгжүүлнэ” гэж хэлсэндээ одоо л хүрэх ёстой. Төлсөн шиг төлөөд сурсан шиг сурдаг, суралцаад гарсны дараа ажлын байр, амьдралын баталгаа нь хангагдсан байдаг барууны өндөр хөгжилтэй орнуудын боловсролын жишгийг Монголын боловсролын систем гүйцэж очдоггүй юм гэхэд дөхөж унах ёстой. Энэ дөрвөн жилд.

Энэ хоёроос дутахгүй бас нэг чухал зорилт бол хуулийн байгууллагын шинэчлэл, хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх шударга ёсны зарчмыг нийгэмд тогтоох явдал. Төрийн авлига, эдийн засгийн ялгаварлал, баян хоосны ялгаа нэмэх хасах хоёр туйл руу жийж буй явдал, хүний эрхийн зөрчил энэ бүхэн бүгд хуулийн байгууллагын хоцрогдолтой холбоотой гэдгийг судалгаагаар тогтоочихсон. Эдийн засаг хөгжихийн хэрээр эрх зүйн системийн хоцрогдол нь нийгмийнхээ хөгжилд чөдөр тушаа болж байна гээд.

Мэдээж улс төрийн гурван нам, эвсэл хамтран эрх барьж буй нөхцөлд Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж бодлогын баримт бичиг өмнөхөөсөө улам ч зузаарч, жин нь нэмэгдэж таарна. Гэвч хүн рүүгээ чиглэсэн энэ мэт бодлогууд нь мөрийн хөтөлбөрийн цөм хэсэг байж, албан тушаалыг ажил хийх боломж гэж харсан хүмүүс нь төрд ажиллаасай билээ гэж ард түмэн хүсч байгаа. Төсвийн бодлого ч гэсэн үүнд чиглэх ёстой.

Ирэх долоо хоногт хэлэлцэж эхлэх Төсвийн хуулийн тодотгол дээр салбарын сайд бүхэн өөрийн төсөвт оруулах өөрчлөлтийн төслийг оруулж ирнэ. Ардчилсан намын санаачлагаар Төсвийн ил тод байдлын тухай хуулийг өнгөрсөн парламентын үед батлан гаргасан /2013 оноос эхэлж мөрдөхөөр/. Тэгвэл хуулийн хэрэгжилтийг хүлээлгүйгээр энэ удаагийн төсвийн тодотголоос эхлэн энэ Засгийн газар салбарын яамд бүрт хийгдэж буй төсвийн хөрөнгө оруулалтыг ард түмнээрэ шүүн хэлэлцүүлж, татвар төлөгчдийн мөнгөөр хийгдэж буй ажил бүхний гүйцэтгэлийг эргэж тайлагнадаг байгаасай гэдэг нь шинэ Засгийн газраас хүлээх бас нэг хүлээлт.