Ц.Нарантуяа: Иргэд өөрсдийнхөө эрх мэдлийг намуудад өгөхийг хүсэхгүй байгаа
“Бүс нутгийн хүний эрх, иргэний оролцоо, хөгжил” Иргэний нийгмийн байгууллагын тэргүүн Ц.Нарантуяатай ярилцлаа. Түүнтэй өнгөрсөн сард болсон “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэдийн оролцоо” олон улсын бага хурлын үеэр танилцаж байсан юм.
“Бүс нутгийн хүний эрх, иргэний оролцоо, хөгжил” Иргэний нийгмийн байгууллагын тэргүүн Ц.Нарантуяатай ярилцлаа. Түүнтэй өнгөрсөн сард болсон “Монгол Улс дахь төвлөрлийг сааруулах бодлого ба иргэдийн оролцоо” олон улсын бага хурлын үеэр танилцаж байсан юм. Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болсон олон эмэгтэйчүүд энэ хуралд оролцож байсны нэг нь Ховдоос ирсэн Ц.Нарантуяа байв. Сүүлийн үед орон нутагт өрнөөд байгаа үйл явдал иргэний нийгмийн төлөөлөл болсон түүний санааг зовниход хүргэсэн учраас тэрбээр олон нийттэй санал бодлоо хуваалцахаар шийдсэнийг ийн хүргэж байна.
-Танай аймгийн төв болох Жаргалант суманд багийн дарга, иргэдийн нийтийн хурлын даргыг сонгох үйл явдал болж байгаа юм байна. Чухам ямар үйл явдал өрнөж, таны анхаарлыг ингэтлээ татаж байгаа билээ?
-Ховд хотын Жаргалант сумын 12 багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид багийн засаг дарга сонгох хуралдаанууд болж өнгөрсөн. Гэхдээ зарим багт иргэд, оролцогчдын 50 хувиас давсан санал авсан хүмүүс гараагүй зэрэг асуудлаас болоод дийлэнх багт дахин энэ сарын 21, 22-ны өдөр хийхээр болоод байна. Манай Жаргалант сум 12 багтайгаас зургаа, зургаагаар нь нэгдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд хурлыг хийхээр зарлаж хийсэн ч дээр хэлсэн зарим шалтгаанаас болоод ингэж хугацаа сунгачихаад байгаа юм. Уг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хуулиар анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасан нь бий. Ямар ч мэдээлэлгүй байж байгаад өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд зарлагдсан зараар энэ сарын 7-8-ны өдрүүдэд багуудын “Иргэдийн нийтийн хурал” явагдсан. Цугларсан иргэдийн 50 хувиас дээш санал авсан нэр дэвшигч гараагүй тохиолдолд хуралд оролцож байгаа иргэд дахин санал хураалтаа тухайн өдрөө явуулах боломжтой ч дахиад өдөр товлочихоод сууж байна даа. Иргэдийн дунд хуралтай гэж зарласнаас ямар хурал болох, ямар асуудлыг хэлэлцэх гэх мэт мэдээллийг дэлгэрэнгүй бүрэн өгөөгүй, зарыг хангалттай хугацаанд явуулаагүй, багийн засаг дарга иргэдийн нийтийн хурлын даргаа сонгох байсан тохиолдолд иргэний баримт бичигтэйгээ ирж, санал хураалтад оролцож чадаагүй гээд ихээхэн бухимдалтай байгаа. Иргэний нийгмийн төлөөллийн хувьд ажиглаж байхад өнгөрсөн он жилүүдэд иргэд өөрсдийнхөө оролцооны талаар мэдээлэл мэдлэгтэй болж, оролцоог нь хангах алхам хийгдээгүйд бухимдалтай байгаа юм. Хурлыг 11 цагт зарласан атлаа санал 15, 16 цаг хүртэл хураалган сунжруулж, гэрээс нь хүн дуудан өгүүлэх нь хуралдаа ирсэн хүмүүсийг залхаах бухимдуулах арга барил ч явагдсан талаар иргэд ярьж байна. Болж өнгөрсөн үйл явдлыг тухайн багийн иргэдийн оролцоог тэгш хангаагүй, хэт нэг талыг барьж, улстөржсөн хэрэг болчихлоо гэж анзаарагдаж байгааг хэлэх нь зөв болов уу.
-Хуулиндаа багийн дарга, иргэдийн нийтийн хурлын дарга тэргүүлэгчдийг тухайн газар оршин сууж байгаа иргэдийн хуралд ирсэн хүмүүс нэр дэвшүүлж олонхийн саналаар томилох ёстой. Гэтэл аль нэг намын хүмүүс дарга болдог уламжлал тогтсон байсан шүү дээ. Сүүлийн жилүүдэд энэ өөрчлөгдсөн байсан юм уу?
-Тийм ээ, хэдийгээр хуулинд иргэд нь саналаараа даргаа сонгох ёстой байдаг ч манайд аль нэг нам, хүчний хүмүүс багийн дарга болох явдал их байсан. Угаасаа тэгж явж ирсэн. 2008 оноос иргэд шүүмжлэлтэй хандах болж, улмаар 2009 оноос Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнийг хууль бус болохыг онцолж, иргэдийн оролцоог чухалчлах болсноор өөрчлөгдөж хууль эрх зүйн журмаа баримталж эхэлсэн. Өмнө нь МАН-ынхан илэрхий өөрийн намын гишүүдээ багийн дарга болгодог тэр жишиг 2012 онд ч АН дээр давтагдах талтай байсан. Гэхдээ иргэдийн байр суурь, үзэл бодол өмнөхөөсөө өөрчлөгдсөн байсан гэж болно. Хуулиндаа иргэд хурал дээрээ дотроосоо нэр дэвшүүлж сонгох ёстой байтал намууд ингэдэг явдал буруу гэсэн шүүмжлэл гарч, тухайн үедээ эрх барьж байсан АН-ынхан иргэдийн энэ хүсэлт шаардлагад хуулийн дагуу хандаж иргэдийнхээ гаргасан саналыг хүндэтгэн баталгаажуулж байсан. Өөрөөр хэлбэл, иргэд өөрсдөө дотроосоо сонгодог зарчим руу бид дөхөж байсан. Гэвч энэ удаад бүр илэрхий улстөржиж байгаа нь ажиглагдаж байна. Энэ бол ухралт.
Багийн даргад нэр дэвшиж байгаа хүмүүс МАН-ын лого бүхий танилцуулгыг айл өрхөд тарааж байна. Яг иргэдийнхээ дундаас итгэлийг нь аваад ажиллая, хийж бүтээе гэж байсан залуус хуралдааныг ингэж хийх байсан бол орон нутгийн сонгууль шиг зарлачихсан бол шударга байх байж дээ гэж байгаа нь аргаа барсан л хүний үг шүү дээ.
-Намаас нэр дэвшүүлэх талаар хуулинд заагаагүй байхад ингэж болно гэж үү. Иргэд үүнийг ялгаж салгаж ойлгож байна уу?
-Харин үүнд иргэд гайхаж байна. Жаргалант сумын МАН-аас, намын багийн үүрээс нэр дэвшүүлж байгаа тогтоол танилцуулчихаар иргэдийн дунд эргэлзээ төрж байна. Нэг үеэ бодвол иргэд баг, хорооны хурлаа улстөржилгүй, өөрсдийнхөө оролцоогоор хийх ёстой гэдгийг мэддэг болчихсон. Хэдийгээр аль нэг намд харьяалагддаг ч, иргэн тэр гээд нэрээ дэвшүүлж байвал хүмүүс ойлгоно. Гэтэл бүр намын үүрээс гээд зарлахаар өөрийн эрхгүй гайхаж бухимдаж байгаа юм. Гэхдээ иргэд ялгаж, салгадаг болжээ гэдэг нь харагдаж байна. Тухайлбал, миний оршин суудаг Магсаржав багт 2000-2008 онд МАН-аас төлөөлж багийн даргаар ажиллаж байсан хүн, 2008-2012 онд АН-аас төлөөлж ажиллаж байсан багийн дарга, энгийн иргэн нэг залуу гээд хүмүүс өрсөлдлөө. Санал хураалт явуулахад 50+1 хувийн санал авч чадаагүй ч аль нэг намын харьяалалгүй тэр залуу илүү олон хүний санал авч байна. Тэгэхээр иргэд энэ бол намын ажил биш ээ, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн асуудал гэдгийг мэддэг болжээ гэдгийг баталж байгаа юм. Ер нь иргэний нийгмийн байгууллагынхаа шугамаар бид болж буй хуралдаануудыг ажиглаж, мэдээлэл цуглуулж байна. Иргэд хуучны адил дарга юу гэж хэлнэ саналаа өгөөд явдаг биш харин бидний оролцоог хангаж, хуралдаан хийх байрыг бэлдэж, санал хураах үйл явцыг зөв зохион байгуулж, хурлын зарыг өрх болгонд түгээж , иргэдэд зөв мэдээлэл өгөх ёстой. Түүнээс хуралдааныг даргалж, өөрсдийн намдаа ашигтай бол хурлыг өөр нэг өдөр дахин зарлаж болохгүй гэсэн байр суурьтай байна. Мэдээлэлд ойр, магадгүй намын хүмүүс нь иргэний баримт бичигтэйгээ ирээд саналаа өгөх боломжтой, бусад нь авч ирээгүйгээс саналаа өгөх боломжгүй байна гэдэг нь эрх мэдэл бүхий дарга нар зориуд зохион байгуулж, мэдээлэл өгөх ажлаа сайн хийгээгүй ялгаварласан гэж тэд шүүмжилэлтэй хандаж үзэж байгаа юм. Манай аймагт Иргэдийн оролцоо-Шууд ардчиллын талаар 2009 оноос хойш хэлэлцүүллэг сургалтууд цөөнгүй болж, хүмүүс ойлголт мэдлэгтэй болж авсан. Тийм ч учраас энэ удаагийн хурлын үйл ажиллагаанд бүгд анхааралтай хандаж байгаа.
-Орон нутгийн хэмжээнд ялалт байгуулсан нам улс төрийн хүчин төрийн анхан шатны нэгж баг дээр хүртэл эрх мэдлээ тогтоох ёстой гэсэн хандлага байна уу?
-Өмнө асуудал ингэж шийдэгддэг байсан. Өнөөдөр иргэд цуглаж өөрсдөө анхан шатны нэгж даргаа томилдог, асуудлаа өөрсдөө хэлэлцэж шийддэг энэ эрх мэдлээ өгөх нь буруу гэдгийг мэдэж ойлгодог болсон. Цаашид ч тийм байх болно. Гэтэл эрх мэдэлтэй дарга нар бүхий л боломжоор энэ эрх мэдлийг иргэдээс авах гэж оролдож байгаа нь анзаарагдаж байна. Багийн нийгмийн ажилтнуудыг ажлын байраа суллаж өгөхийг дээрээс нь шаардсан байгаа юм. Ажлын байран дээр нь сонгон шалгаруулалт зарлах бус суллаж өг гэхээр тэр хүмүүс ажилтай байхын тулд багийн даргын албанд өрсөлдөж байх жишээтэй. Манай нэг баг дээр гэхэд тухайн багийн нийгмийн ажилтан, зэргэлдээ багийн нийгмийн ажилтан багийн даргын албанд өрсөлдөж байна. Ингэхээр гуравдагч энгийн иргэнд өрсөлдөх боломж хумигдаад ирнэ л дээ. Бас нэг зүйл надад анзаарагдаж, сэтгэл зовоход хүргэж байна.
-Тэр нь юу вэ?
-Манай аймаг олон ястны өлгий гэж бид онцолдог. Аль нэг яс үндсээр хуваагддаггүй онцлогтой. Гэтэл сүүлийн үед ийм байдал энэ хуралдаантай холбоотой гаарч байгаа нь ихээхэн буруу юм. Манай Жаргалант сумын Рашаант багийн 60-70 хувь нь монголчууд үлдэх нь казахууд. Бас Наран багт тал орчим нь казах, тал нь бусад ястны хүмүүс. Гэтэл монгол, казахаар нь хуваах байдал газар авч байна. Бид ингэх шаардлагагүй. Тэнд ямар ч яс үндэс, нам эвсэл хамаагүй. Тухайн 500-600 өрхийнхөө иргэдийн олонхийн саналыг авч, тэр багийнхаа төлөө ажил хийж чадах хүн хэрэгтэй. Хүмүүс өнгөрсөн жилүүдэд үүнийг сайн ойлгосон. Иргэдийнхээ оролцоог хангаж, тэднийхээ санал бодлыг тусгаад ажиллаж чадах хүн хэрэгтэй болохоос аль нэг намаар дамжсан, орж ирсэн хүнийг цалинтай байлгах, эсвэл тэтгэврийн нь хажуугаар цалинтай байлгах ажил энэ биш. Бүр төрийн албанд ажилладаг хүн багийн даргын албанд өрсөлдөж байгаа тохиолдол ч байна. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сантай болсноор эдийн засгийн эрх мэдэл хүмүүст ирсэн. Тэр эрх мэдлийг зөв хүнд атгуулж байж баг, хороо нь хөгжинө гэдгийг иргэд ойлгосон. Өөрсдийн эрх мэдлээ нам хүчинд шилжүүлэхийг зөвшөөрөхгүй байна. Бид төвлөрлийг сааруулах бодлогын тухай яриад л байна. Гэтэл үндсэн хөрсөн дээрээ хуулиа хэрэгжүүлж, иргэдийнхээ оролцоог хангаж ажиллахгүй бол урагшаа алхаж ирсэн дэвшил маань ухралт болох гээд байна шүү. Үүнийг л олон нийттэй хуваалцахыг хүссэн юм.