Бэлчээрийн мал аж ахуй үнэлэгдэнэ, үгүйлэгдэнэ.

Монголчууд олон мянган жил бэлчээрийн мал аж ахуй эрхэлсэн.

Үхэр, хонь, ямаа, гахай, нохой, тахиа гэх малыг арван мянган жилийн өмнө гэршүүлсэн, тэр үед саяар тоологдож байсан эдгээр малын ихэнх Ази, Африк тивд байсан гэж Ю. Н. Хараригийн “Хүн төрөлхтөний товч түүх“ номонд бичжээ. Үүнээс үзвэл монголчууд таван төрлийн малыг гэршүүлсэн, дээр үеэс бэлчээрийн мал аж ахуйг одоо хүртэл эрхэлж байгаа олон мянган жилийн туршлагатай хүмүүс юм.

Орчин үед дэлхийн ихэнх улс орон хүнснийхээ хэрэгцээг хангах шаардлагад шахагдаж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж байгаа бол Монгол мэт цөөхөн улс Нүүдлийн өв соёл - бэлчээрийн мал аж ахуйг хадгалан амьдарч байна. Мал аж ахуйг эрхэлж байгаа энэ хоёр системийн эерэг сөрөгийг зөв дүгнэж, бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлж, уламжлан авч яваа арга технолог буюу агуу мэдлэг ухааныг нь хадгалж байх эрхэм үүргийг хүн төрөлхтөний өмнө хүлээх хүмүүс бол бидний монголчууд.

Эрчимжсэн мал аж ахуйн зарим нэгжийг зөвхөн томхон хотын хүн амын сүүний хэрэгцээ, нийтийн хоолны газрын махны хэрэгцээг захиалгын нь дагуу хангах зориулалтаар, зохих нөхцөл бүрдсэнцөөн байршилд байгуулахыг, тэгэхдээ малаатодорхой хугацаанд заавал бэлчээрт хариулдаг нөхцөлтэй зөвшөөрдөг байх нь зүйтэй юм.

Эрчимжсэн мал аж ахуй, түүний бүтээгдэхүүн.

Арван хоёр мянга орчим жилийн өмнө 5-8 саяар тоологддог байсан дэлхийн бүх хүн ам одоо 7 тэрбум болтол өсөхдөө хэдэн сая байсан малыг олон тэрбум болтол нэмэгдүүлжээ. Орчин үед дэлхий дээр тахиа хамгийн их буюу 25 тэрбум, хонь, үхэр, гахай тус бүр тэрбум байгаа гэдэг.

Дэлхий дахины олон мянга дахин өссөн хүн ам махныхаа хэрэгцээг зөвхөн малын тооны өсөлтөөр хангах боломжгүй байсан учраас эрчимжсэн мал аж ахуйг бий болгосон байна. Эрчимжсэн мал аж ахуй гэдэг юу вэ гэвэл: малыг хашаа, хороонд хөдөлгөөнгүй хорино, цөөн төрлийн тэжээлийн ургамалын үр сүрэл хоёрыг нийлүүлж тээрэмдээд зарим витаминаар баяжуулж багсарсан тэжээлээр бордоно, чөлөөт хөдөлгөөнгүй болгосон малын булчин хөгждөггүй учраас мах нь зөөлөн болдог гэж үздэг.Цэвэр агаарын дутагдал, байгаль орчны бохирдол, элдэв микроб вирусийн үржих орчинд байдаг.

Ийм аж ахуйн мал богино хугацаанд мах сүү болж хувирдаг, хагас амьтай амьтан гэмээр юм болдог байна. Хэтрүүлэг гэж хэлж болох. Гэвч хүн төрөлхтөн, түүний бусад амьтадтай хэрцгий харьцаж байсан түүх талаас үзвэл хэтрүүлэг биш юм. Тэр түүхийг товчоор үгүүлвэл: хүн төрөлхтөн эхлээд зэрлэг амьтадыг агнаж идсээр байгаад ихэнхийг устгасан, зарим хэсгийг нь гэршүүлсэн, одоо гэршүүлсэнийгээ амь төдий амьтан болгож мах үйлдвэрлэх хэрэгсэл болгож байгаа түүх юм.


Энэ түүхэн амьдралын үр дүнд олон тэрбумаар тоологддог мал гэгчээс гаргаж авч байгаа мах сүү нэртэй хүнсний бүтээгдэхүүний бүтэц чанар эрс өөрчлөгдсөн байна. Эрчимжсээр байгаа аж ахуйд үйлдвэрлэсэн махны амт муу учраас түүнийг зөвхөн элдэв янзын амтлагчтай хэрэглэж болдог. Ирээдүйд эрчимжсэн мал аж ахуйн хүнсний гэх бүтээгдэхүүний амт чанар сайжрахгүй, түүний өнгө үзэмжийг яаж ч гоё болгоод амтлаад ч хэрэглэх аргагүй болж магад.

Харин бэлчээрийн малын мах сүү олж хэрэглэх явдал аз жаргалтай, эрүүл амьдрах хүсэлтэй хүн төрөлхтөний мөрөөддөг зүйл болно.

Бэлчээрийн мал аж ахуй, түүний бүтээгдэхүүн.

Гадаадын зочид монгол үндэсний хоол хүнсийг сонирхдог. Миний танилцсан орос, украйн, польш, чех, герман зэрэг олон хүн анх монголд ирэхдээ хонины махыг үнэр амт нь таалагддаггүй учраас идэхгүй, үхэр тахианы мах иддэг гэдэг байлаа. Хэсэг хугацааны дараа нөгөө нөхөр маань хонины махыг монголчуудтай адил зөвхөн давсалж чанаад ямарч амтлагчгүйгээр амтархан зооглодог болсон байдаг байв. Одоо ч гадаадынхан тийм. Социализмын үед Монголоос тэр үеийн ЗХУ-д экспортолж байсан малын махны чанар өндөр үнэлэгддэг байсан. Гурван жилийн өмнө би Япон улсад монголын тухай лекц уншихаар очихдоо чөлөөт ярилцлагатай уулзалтад оролцоход нэг япон хүн “монгол хонины мах онцгой сайхан амттай юм билээ, ямар учиртай вэ“ гэж асуусан. Би “Монголд малыг бэлчээрт малладаг учраас мах нь амттай байдаг” гэж хариулж билээ.

Монголд уламжлан хадгалж байгаа бэлчээрийн мал аж ахуйн таван төрлийн мал нь цэвэр хөрсөнд жамаараа ургаж байгаа олон төрлийн ургамалаас өөртөө таалагддагийг сонгож идэж, цэнгэг ус ууж, цэвэр агаарт байнгын хөдөлгөөнтэй байдаг учраас мах нь амт чанарын хувьд эрчимжсэн аж ахуйд үйлдвэрлэсэн махнаас эрс өөр буюу гайхалтай сайн байдаг. Алтайн ууланд эмийн гэж болох ховор өвс ургамалаар хооллодог учраас мах нь өвчин шарх эдгээдэг шидтэй, тийм учраас монголчууд агнахыг цээрлэж байдаг ХОЙЛОГ хэмээх ховор шувуу бий. Монголын бэлчээрийн мал хойлог шувуутай бараг адил идэшлэдэг учраас мах нь бас хүч дархлаанд нөлөөлдөг байж болох.Олон зуун сая хүн амтай улсуудын дэлхий, тив, олимпийн аварга тамирчдын дэргэд манай гуравхан сая монголчуудаас төрсөн аварга залуучууд байгаа.

Монголчууд бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж хөгжүүлэх ёстой.

Дэлхийд одоо 30 орчим тэрбум мал байдаг, харин манай улсад үржүүлдэг таван төрлийн мал дэлхийн улс орнуудад барагцаалбал 5 тэрбум орчим байдаг бололтой.Бэлчээр ашиглаж мал аж ахуйгаа авч явдаг, нүүдэлчин өв соёл, нүүдэлчин сэтгэхүйгээ хадгалж амьдардаг ард иргэд зөвхөн манай Монголд, мөн БНХАУ-ын Өвөр монгол, ОХУ-ын Тува-д байна.

Ардчилсан хувьсгалаас хойших гучаад жилд манай улсын нийгэм эдийн засаг, үүний дотор хөдөөгийн иргэдийн амьдрал, тэдний голлон эрхэлдэг мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлд өөрчлөлт гарсан. Хүн ам 1990 онд 2,15 сая байсан бол 2019 онд 3,3 сая болсон. Нядалгааны жингээр 1990 онд 249 мянган тонн мах үйлдвэрлэж байсан бол 2019 онд 450 орчим мянган тонныг үйлдвэрлэдэг болсон. Нэг хүнд оногдох махны үйлдвэрлэл 116 орчим кг байсан бол 140 орчим кг болж нэмэгдсэн байгаа. Махны үйлдвэрлэл ийнхүү нэмэгдсэн нь малын тооны өсөлттэй холбоотой.

Монгол улс 1990 онд 25,8 сая малтай байсан бол 2019 онд 70 сая малтай боллоо. Гучин жилийн хугацаанд нийт малын тоо 2,7 дахин нэмэгдсэн.Адуу 2,26 саяаас 4,4 сая, Үхэр 2,85 саяаас 4,9 сая, Хонь 15,1 саяаас 32 сая, Ямаа 5,1 саяаас 29,2 сая хүртэл нэмэгджээ.

Сүүлийн гучаад жилийн хугацаанд малчин иргэдийн тоо 2 дахин нэмэгдсэн, нэг малчинд дундачаар 174 мал оногдож байсан бол 229 мал оногддог болсон. Мал аж ахуй голлон эрхэлж байгаа хөдөөгийн иргэдийн гэр бүлийн тоо энэ хугацаанд 85 мянгаар нэмэгдсэн. Монгол улсын эдийн засагт, хүн амын хүнсний хэрэгцээг хангахад шийдвэрлэх ач холбогдолтой энэ салбарыг авч яваа олон мянган Монгол малчид бол бэлчээр ашиглаж малаа үржүүлэх олон мянган жилийн арга технологийг эзэмшин хадгалж, нүүдлийн өв соёлоо уламжилж байгаа эрхэм хүмүүс.

Эрхэмлэх, шийдэх ёстой гол асуудлууд:

Бэлчээрийн мал аж ахуй, нүүдлийн өв соёлоо хадгалах нь Монголчууд бидний хамгийн эрхэмлэх зүйл. Энэ эрхэм зорилтоо бэлчээрээ хамгаалж, малчдаа хадгалж чадсан нөхцөлд л хэрэгжүүлнэ.

Бэлчээр хамгаалах чиглэлээр шийдэх асуудал:

Монголчууд бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байсны ачаар нутгийнхаа хангай, хээр, говийн байгаль орчноо унаган төрхөөр нь олон мянган жилд хадгалж ашигласан юм.Бэлчээрийн мал аж ахуй эрхлэхгүй бол бэлчээргүй, мал аж ахуйгүй болно. Ардчилсан хувьсгалаас хойших гучаад жилд 2,7 дахин өсч 70 саяд хүрсэн малын тоог бэлчээрийн даацаас хэтэрсэн, цөөн тооны чанартай малтай байх нь зөв гэж үздэг болсон.

Малынхаа бэлчээрийг хамгаалах, малын тоо хэт өсч бэлчээр талхлагдахаас сэргийлэхийн тул хэрэгжүүлэх шаардлагатай, харилцан уялдаатай ажлууд бол:

- бэлчээрийн даацад тохирсон тоо бүхий чанартай малтай байх, зарим малын тоог аажим цөөрүүлэх,

- малын тооны өсөлтийг хязгаарлаж бэлчээрийн даацад тохирсон хэмжээнд байлгахын тулд тухайн жилд бойжуулж байгаа төлийн тооноос багагүй малыг зарлагадаж байх,

- зарлагадах малыг үр ашигтай ашиглахын тулд иргэдийн хэрэгцээнээс илүү үйлдвэрлэгдэх малын махыг экспортод гаргаж байх,

- экспортод болон дотоодын төвлөрсөн хэрэгцээнд зарцуулах малыг төхөөрөх, мах боловсруулах үйлвэрүүдийг бий болгох асуудлыг яаралтай шийдэх,

- мах төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдийг сумдад байгуулах.

Эдгээрийн дотор шийдвэрлэх ач холбогдолтой гол ажил нь сумдад мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр байгуулах юм. Сум болгоныг ийм үйлдвэртэй болгосоноор:

- орон даяр тархан байршиж хөдөлмөрлөдөг олон мянган малчин иргэд хувийн хэрэгцээнээс илүү малаа нутагтаа борлуулдаг болж орлого нь нэмэгдэнэ,

-малчид олширч төвлөрөл саархад нөлөөлнө,

-сумдын төвд үндсэн үйлдвэр болон түүнийг дагасан туслах үйлдвэр үйлчилгээний ажлын олон байр бий болно,

- улсын төвлөрсөн дотоод хэрэгцээ болон гадаад зах зээлд чанар стандартын шаардлага хангасан мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг болно.

- үйлдвэрийн нөхцөлд төхөөрсөн малын гэмтэлгүй өвчигдсөж, давслагдсан арьс ширийг бүрэн боловсруулж ашиглах боломжтой болно.

- жилийн хугацаанд ашигтай үнээр худалдаалагдаж байх мах махан бүтээгдэхүүн зах зээлд гарч байх учраас банк санхүүгийн салбарын хөгжилд эерэг нөлөөлөх нь зайлшгүй.

Эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх иймолон талын ач холбогдолтой.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, малчдын хөдөлмөр ахуйн нөхцөлийг сайжруулахад шийдвэрлэх ач холбогдолтой учраас энэ ажлыг малчид хөдөөгийн хөдөлмөрчид дэмжих болно. Мал төхөөрөх мах боловсруулах үйлдвэрүүдийг тухайн сумын малчдад хувьчилахыг ч дэмжинэ.Ийм үйлдвэрийг эхний ээлжинд гурван сум болгоны дунд нэг буюу 100 суманд байгуулаад зөв ажиллуулахаар, цаашид сум болгон ийм үйлдвэртэй болох хөдөлгөөн өрнөх болно.

Малчдаа хадгалах чиглэлээр шийдэх асуудал:

Монголын малчид бол бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх амьдралын их сургууль, түүний багш нар.

Монгол улсад, түүний байгаль орчинд, цаг агаарын дөрвөн улирлын нөхцөлд таван төрлийн малыг бэлчээр ашиглаж үржүүлэх эрдэм ухааныг мэддэг, тэр мэдлэгээ ашиглаж чаддаг ховор хүмүүс бол манай малчид. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх ухааныг бичсэн ном байдаггүй учраас би тэгэж боддог.

Англи улсад Самуэл Смайлс гэдэг хүн 170 орчим жилийн өмнө “Өөртөө туслах ухаан“ нэртэй алдартай ном бичсэн, түүнийг одоо хүртэл олон улсад орчуулж уншдаг юм байна. Амьдралаар шалгагдсан мэдлэг боловсрол онц чухал гэж С. Смайлс номондоо бичсэн байдаг. Тухайлбал: “Амьдрал түшсэн боловсрол үр өгөөжөөр хавьгүй их байдаг. Бодит амьдралыг сайн ажвал, шинжлэх ухаан дөхөж очоогүй, шинжлэх ухаанаас хавьгүй илүү мэдлэг ухааныг амьдралаас олж авдаг. Хүн бичиг номоос бус ажил хөдөлмөрөөр өөрийгөө төгсжүүлдэг. Хүнийг өөд нь татах зүйл бол уран зохиол бус амьдрал, шинжлэх ухаан бус үйлдэл, намтар цадиг бус тэр хүний угийн хүмүүжил хүмүүнлэг чанар мөн болой” гэж бичжээ. Амьдралын ухаантай манай малчдыг хараад бичсэн юм шиг санагддаг.

Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх арга ухааны тулаар Ж. Самбуу гуайн товч бичсэн ном байдаг, Малчдын ажлын туршлага, мал аж ахуйн холбогдолтой шинжлэх ухааны ололтоор бичсэн ном, малчин ардын ажил амьдралыг харуулсан кино, уран зохиолын бүтээлүүд байдаг. Гэвч бэлчээрийн мал аж ахуйг нүүдлийн өв соёлтой хослуулж авч явдаг мэдлэг ухааныг гүнзгий судалж гаргасан шинжлэх ухааны бүтээл байдаггүй. Байх ч аргагүй байх. Яагаад гэвэл С. Смайлсын хэлсэнчлэн амьдрал түшсэн, шинжлэх ухаанч дөхөж очоогүй, шинжлэх ухаанаас хавьгүй илүү мэдлэг ухааныг манай малчид номоос бус, ажил хөдөлмөрөөр олж авч өөрөө төгөсжүүлж байдаг.Манай малчин хүн бүхэн өдөр дутмынхаа амьдрал хөдөлмөрөөр өөрийгөө хөгжүүлж төгөсжүүлж байдаг тус тусдаа үнэтэй эрдэнэ. Энэ бүх эрдэнийн нийлбэр байвал мэдлэг ухааны том уурхай болно гэж хэлж болох.

Тийм аймгийн, тийм сумын, тийм багийн малчин тэр гэвэл сураглаад олж болно. Хаана нутаглаж амьдардаг вэ гэвэл зөвхөн тэр нутгийн хүн олох боловч, чухам ямар нэртэй уул усны ямар нэртэй өвөлжөө хаваржааг нь хэлэхгүй бол олохгүй. Манай улсын 1,5 сая гаруй кв. км нутгийн бүх уул овоо, гол нуур, худаг шанд, өвөлжөө хаваржаа, дурсгалт газар зэрэг бүгд нэртэй, тэр бүхнийг нутгийн нь иргэн малчид л мэднэ. Тэр хүмүүст ямарч зүг заагч, газрын зураг хэрэггүй. Малчин болгон нутагладаг газрынхаа цаг уурын нөхцөл, өвс ургамалын бүтэцийг мэднэ, харанхуй шөнө зөвхөн алтан гадас од л харагдаж байвал зорьсон газараа олоод очино. Тийм учраас би малчин ардаа өөрийгөө төгсжүүлсэн тус тусын үнэт эрдэнэ гэж боддог. Тийм учраас малчдаа халамжилах, уламжлуулан хадгалахыг Монгол улсын төр засгийн эрхэмлэж хэрэгжүүлэх бодлого байх ёстой гэж боддог.

Төрсөн нутагтаа, эцэг эхийнхээ халамжид өсч хүмүүжиж, мал маллах арчлах ажилд оролцон сурч, тэр амьдарлаас өөрийгөө төгөсжүүлж, нутаг орчноо мэддэг болж өсч хүмүүжсэн хүүхдүүд монголын эрдэм ухаантай малчин болно. Энэ үүднээс би малчдын хүүхдийг 6 настайд нь мал аж ахуй эрхэлж амьдардаг нөхцөлөөс нь холдуулж байгааг буруу болсон, 9 хүртэл нас хүргэж байж сургуульд оруулдаг байхыг малчин өрхийн эздэд зөвшөөрдөг байх нь зөв гэж боддог.

Энэ бүх санал бодлыг нэг бүрчлэн малчидтайгаа зөвлөж шийдэх юмсан гэсэндээ бичлээ.

Монгол улсын 14 дэх Ерөнхий сайд Д. Содном

2020 – 03 – 20