Xоёр төвшин
Нийгэм, түүх, улстөрийн аливаа үйл явдалд хоёр өөр төвшнөөс хандаж дүгнэж болдог. Хувь хүний, нийт үндэстний гэсэн хоёр төвшин.
Гэвч 1930-аад онд энэ бүх аймшигт төлбөрийг төлж байж бид Орос улсыг дагах эрхтэйгээ нотолж, үй олон ламаа алж, сүм хийдийг нурааж байж бий болсон хоосон орон зай, айдас хүйдэс дээр нь Европ соёл, шинжлэх ухаан боловсролын үрийг хүчээр тарьж эхэлсэн. Хэрэв энэ аймшигт өөрчлөлтийг хийгээгүй бол бид өнөөдрийн Түвдийн араас орох ч байсан юм бил үү, хэн мэдлээ. Нийт үндэстний төвшинд бид хожсон. Тэгээд ч бидэнд өөр сонголт байсан бил үү. Бие даан өөрийн хөгжлийн замыг сонгох боломжийг бидэнд Орос, Хятад, Япон тэгэхэд өгөх байсан гэж үү. Өөр ямар арга замаар бид өнөөдрийн тусгаар тогтнолд хүрэх байсан гэж. Орос мангасыг дагаж далайсан газар нь далд орж, далласан газар нь гарч ирж, мангаст хүссэн үед нь ерөнхий сайд нараасаа эхлүүлээд язгууртан ноёд, сэхээтэн, лам нараараа золиос барьж байж л үлдсэн хүн ам нь амь гарч, тусгаар тогтнов. Манга;ууд ч биднийг улам айлган доромжлохын тулд Монголын гуравхан үндэсний баяр, Наадам, Цагаан Сар, Бүгд найрамдах улс тунхагласны баяраар Ерөнхий сайд Амар, Гэндэн, Чойбалсан нараар зоог барьж байлаа.
ХХ зууны үйл явдлууд хувь хүний төвшинд гаслан зовлон байсан ч нийт үндэстний хувьд дундад зуунаас салж ХХ зуунд орох, бараг боломжгүй байсан тусгаар тогтнолоо олж авах харгис хатуу төлбөр байлаа. Олон арван мянган монгол айл гэр, бараг л өрх бүр энэ хувь хүний эмгэнэлт тавилангаа даван туулж чадсандаа бид нийт үндэстнийхээ хувьд өөрчлөгдөн дэвшиж чадсан юм.
Харин тухайн үед хувь хүмүүсийнхээ хувьд арай эрсдэл багатай бууж өгөх замыг сонгосон Түвд өнөөдөр тусгаар тогтнолгүй, харанхуй бүдүүлэг хэвээр үлдэж ойрын 50-100 жилд уусч устан, мөхөж магадгүй асуудалтай тулгараад байна. Түвдүүд ч гэлтгүй бидний мах цусны тасархай Буриад, Халимаг, Тува, Алтайн хязгаар, Өвөрмонгол, Хөхнуур, Шинжааны ойрад монголчуудын ирээдүй тун бүрхэг. Нэг бол алс хэтдээ хятад, мангад үндэстэнд уусx алга болох эс бөгөөд Монгол Улсад бага сагаар нүүн ирэхээс өөр сонголт байхгүй биз. Хувь хүний төвшний аюул эмгэнэл, зовлон бэрхшээл болгоныг зориглон туулж, нүүн ирж чадваас харин нийт үндэстнийхээ хувьд амьд үлдэж ялан дийлэх, хөгжин хүчирхэгжих бололцоотой.
Өнөөдөр ч Монголын улстөрчид бас л хувь хүний, эсвэл нийт үндэстний төвшнөөс улс орныхоо ирээдүйг харж улстөр, эдийн засгийн шийдвэр гаргаж байна уу гэдгээс хамаарч Монгол Улсын ойр холын ирээдүй хамаарах болно. Магадгүй өөрийн хувь хүний төвшний асуудлаа мартаж нийт үндэстний төвшинд сэтгэж чадаж байна уу, үгүй юу гэдэг ганц л шалгуураар тэр хүн улстөрч үү, эсвэл хувийн ашиг хонжоо хайгч уу гэдгийг тодорхойлж болмоор. Хувь хүн улстөрийн, эсвэл улс орны эдийн засгийн хэмжээний шийдвэр гаргах сууринд очоогүй үед үнэхээр хувиа борлуулж, довоо шарлуулж явж болдог байх. Харин нэгэнт биеэ засаад, гэрээ засчихсан, одоо төрөө засалцъя гэж байгаа хүн бол асуудалд хувь хүний төвшнөөс биш, улс үндэстний төвшнөөс хандах ёстой. Эс бөгөөс төрөөс хулгай хийлгүй хувийн секторт амжилттай бизнесээ хийгээд л явах хэрэгтэй биз.
Залуучуудад зөвлөгөө өгөхдөө зөвхөн өөрийгөө бод, амиа л авч явахаа бод, тэгээд цаг нь ирэхээр улс орон, дэлхий ертөнцийг бод гэж зөвлөдөг хүн ч байдаг. Нэг талаас биеэ засах, гэрээ засах үед бол зөв л дөө, энэ зөвлөгөө. Гэхдээ нөгөө талаас их хүсэл мөрөөдөл, идеализмгүй бол ямар залуу нас байх билээ. Харин ч монгол оюутан залуус өнөөдөр хэт жижгэрч, дэндүү амиа бодон хувь хүний төвшинд амьдарч байх шиг. Жагсч, эвлэлдсэн ч үсрээд л автобусны хөнгөлөлт, сургалтын төлбөрийн нэмэгдэл гээд л болоо. Эсвэл хагас өдрийн 5000 төгрөгийн хөлсөөр хэний ч төлөө хамаагүй жагсана. Монголын 1960-1980-аад оны оюутнуудын асар том мөрөөдөл тэмүүлэл идеализм, Солонгос Европ оюутнуудын улс орноо ч өөрчлөн хувьсгаж байсан залуу энерги өнөөдрийн монгол оюутанд өчүүхэн ч алга гэж үү. Бүхнийг автобусны мөнгөний хэмжээнд харж байна гэж үү. Тийм бол тун харамсалтай, өчүүхэн байна гэсэн үг. Харин бидний үеийнхний улстөрийн энэ хулгай, дээрэм, гэмт хэрэгтнүүдийн бүлэглэлээс жигшээд ийм бохир юмнаас цэрвэж яваа бол өөр хэрэг. Гэхдээ л өнөөдрийн Монголын улстөрийн амьдралд залуу насны цэвэр ариун, гэгээн идеалист дуу хоолой үгүйлэгдэж байгаа. Харин ч хулгайч ах нарын тамхинд гүйдэг жаалын дүрүүд бол нилээн элбэг.
Түүхийн аль ч цаг үед, аль ч улс оронд хувийн эрх ашгаа мартаж нийт үндэстэний эрх ашгийн төлөө тэмцэж амьдардаг хүмүүс нийгмээ удирдахаар гарч ирсэн үед л тэр үндэстэн хөгжин дэвшдэг. Модун, Боорчи, Мухулай, Мандухай, Ханддорж, Намнансүрэн, Бодоо, Данзан, Зориг, Бат-Үүл, Баабар нарын эр зоригтой ухаантнууд гарч ирэх үед Монгол Төр сэргэн мандаж байсан. Харин төрийн залуурт суучихаад өчүүхэн хармааны хулгайч, бүлэг дээрэмчин шиг авирлагчид гарч ирвэл үндэстэн сүйрэн ядуурч дампуурдаг зүй тогтолтой. Тогоон Төмөр, Чахундорж, шанзов Бадамдорж, Цэрэндорж, Энхбаяр нарын үед Монгол Төр дампуурч байсан. Өнөөдөр Монгол Улсын нийгмийн жолоон дээр улс үндэстнээ яаж хөгжүүлэх вэ гэсэн зөв үзэл баримтлалтай, нийт үндэстний төвшинд сэтгэж ажиллаж чаддаг зөв хүмүүс гарч ирэх цаг болсон байх. Эс бөгөөс нийт үндэстнээрээ дэлхийн улсуудын адгийг мушгиж, хөрш орнууддаа шоглуулж доромжлуулж явах хүсэмгүй ирээдүй айсуй. Хулгайч дээрэмчдийг өөрсдөө сонгон төрийн удирдлагад гаргасан ядруухан ард түмэнд өөр ямар ирээдүй байх билээ дээ.
Зочин