Эсэргүүний хүүхдүүд гэгч дахин бий болох нь
Дундаас дээш насныхан бараг мэднэ дээ. Эсэргүүний хүүхдүүд гэж нийгэмд ямар өрөвдөм нүд үзүүрлэгдсэн хэсэг байсныг.
Ийм хандлага нийгэмд бий болох нь гэсэн болгоомжлол байна. Дундаас дээш насныхан бараг мэднэ дээ. Эсэргүүний хүүхдүүд гэж нийгэмд ямар өрөвдөм нүд үзүүрлэгдсэн хэсэг байсныг. 1937 оны их хэлмэгдүүлэлт гэхэд Хэнтий аймгийн Дадал сумын 1939 оны хүн амын тоогоор хүүхэд оруулаад ердөө дөрөвхөн эрэгтэй хүн үлдсэн өнөөдрийнхөн үнэмшимгүй түүх бий. Бусад бүх эрчүүдийг нь эсэргүү хэмээн буудаж хороосон. Японы тагнуул, хар шар феодал, Гэндэн, Дэмидийн хамсаатан, эсэргүүний үр хүүхдүүд хэмээн цоллож, тэднийг олон жил амьдын тамд байлгасан юм. Эсэргүүний хүүхдүүдийн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох бүх эрхийг хорьж, үндсэндээ Монголын нийгмийн илүүдэл болгож хорвоог туулуулсан юм. Залгуулаад 1960-аад оны үеэс эхлээд Хятадын тагнуул, Цэнд, Төмөр-Очирын хэрэг. Хятадын тагнуулууд, Лоохууз, Сурмаажав, Нямбуу нарын намын эсрэг бүлэглэл гэсэн эсэргүүнүүдийг нийгэмд тодруулж, тэднийг нутаг заан цөлж, үр хүүхдүүдийг нь сургуульд сурах эрхийг хасч, мөн л эсэргүүний хүүхдүүд гэх нэр хаягтай хэдэн үеэр байлгаж ерэн он хүргэсэн. Тухайн үеийн Монголын нийгэмд гадаадад боловсрол эзэмшиж, төр засгийн голлох албан тушаалуудад ажиллаж байсан 200 гаруй сэхээтнийг эсэргүү болгосон юм. Тэдний үр хүүхдүүд болох нийгэмд нүд үзүүрлэгдсэн хэдэн мянган хүүхэд байсныг хэлж мэдэхгүй байна. Сумаасаа аймгийн төв орох эрхгүй эдгээр эсэргүүний хүүхдүүдийн дээд тал нь давсны үйлдвэрийн ажилтан, ихэнх нь малчид болсон. Эсэргүү хэмээн нутаг заагдсан аав ээжүүдийнх нь голдоо ортол харамсаж хорвоог орхисон ганц зүйл нь үлдэж буй үр хүүхдүүд нь бүгдээрээ өөрсдийнх нь үүрсэн ялыг нялх балчираасаа давхар үүрэн хоцорч буй тэр харуусал л байсан байх.
Эсэргүүний хүүхдүүд гэх энэ муухай эмгэнэлд 1990 оны ардчилсан хувьсгал цэг тавьсан билээ. Ерэн оноос эхлэн нийгэм дэх энэхүү ангийн ялгаа нэг мөр арилж, Үндсэн хуулиараа иргэн бүр эрх тэгш байх, үзэл бодол, шашин шүтлэг, хөрөнгө чинээ үл ялгаварлах... гэхчлэн Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалд суурилсан шинэ Үндсэн хуулийг баталж, эсэргүүний хүүхдүүдийг эрх чөлөөт иргэд болгосон юм. Хамгийн гол нь шинэ Үндсэн хуулиар иргэн бүр хуулийн этгээд байна гэж зааж өгсөн юм. Энэ бол их хэлмэгдүүлэлт, эсэргүүний үр хүүхдүүд гэх бүхэл бүтэн үе давхаргыг бий болгочихсон байсан Монголын нийгэмд гайхамшигт ололт байлаа. Дэлхий дахинаараа Азийн цээжин дэх ардчиллын ганц туг бол Монгол Улс мөн хэмээх нэр алдрыг олсон юм.
Гэтэл өнөөдөр тэрхүү аймшигт цаг үеийг мартжээ. Ялангуяа шинэ үеийн залуус бол энэ түүхийг багцаалах ч үгүй байна. Эсэргүүний хүүхдүүд гэгч дахин бий болох гээд байна. Сошиал сүлжээн дэх хараал зүхэл, улс төрийн том зүтгэлтнүүдийн хэлж ярьж, хийрхэж байгаагаас харахад “Луйварчдын хүүхдүүд улс төрд орох нь, улсаа тоносон улс төрчдийн хүүхдүүд удам залган төрд орж ирж байна. Үүнийг таслан зогсооё...” хэмээн уриалан дуудаж, тодорхой нэр хаяг бүхий хүмүүс рүү, тэдний үр хүүхдүүд дайрч давшлах боллоо. Тухайлбал, М.Энхболдын охиныг гутаан доромжлох, Ц.Элбэгдоржийн хүүг бага дээр нь дарж авъя... гэсэн үзэл суртлыг нийгмийн сэтгэл зүй рүү хүчтэй хаяж байгаа нь үнэхээр болгоомжлол төрүүлж байна. Энэ хийрхэл маягийн өдөөн хатгасан үгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хүртэл өөрсдөө хэлэх боллоо. Төрийн өндөрлөгүүдээсээ эхлэн ийнхүү дэвэргэж байгаа нь ерэн онд дэлхийд бахархалтайгаар тунхагласан ардчиллаасаа ухарч, хуучин соц нийгмийн үеийн эсэргүүний хүүхэд хэмээх ялгаварлан гадуурхагдаж, нийгмийн илүүдэл хэсгийг бий болгож байсан үеийнх рүү аваачих гэж буй эхлэл биш үү. Ингэж эцэг эхийнх нь ял зэмийг үр хүүхдэд нь нялзаах, үр хүүхдийнх нь ял зэмийг эцэг эхэд нь тохож ирсэн гашуун түүхийг бид 1992 оныхоо Үндсэн хуулиар хэдийнэ хориглочихсон шүү дээ. Дахин дахин шинэ Үндсэн хуулийн хүний эрхийн заалтуудыг сануулаад байгаа нь бид бие сэтгэлээрээ олон арван жил эсэргүүний хүүхэд байхын зовлонг туулсан учраас тэр юм шүү.
Үнэндээ өнөөдөр төрийн өндөрлөгүүд зарим улстөрчдийн үр хүүхэд рүү нь хандсан ийм муухай үгийг албан ёсоор хэлж ярьж, нийгэмд дэвэргэж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Аавын ял хүүд ямар ч хамаагүй. Үүнийг Үндсэн хуулиар аль аль нь тусдаа хуулийн этгээд гэж заачихсан. Энэ нь аав, хүү хоёр хоорондоо ямар ч хамаагүй гэсэн үг. Ийм хууль зөрчсөн, ард түмний сэтгэлийг үймүүлсэн, дэмий яриаг нийгэмд хориглох цаг болжээ. Төрийн өндөрлөгүүд иймэрхүү утгатай үг хэлсэндээ даруй уучлалт гуйх ёстой. Энэ бол хууль ёсны шаардлага. Ард нийтээрээ энэхүү эсэргүүний хүүхэд гэсэн хандлагад нухацтай, сэрэмжтэй, эрүүлээр хандах цаг болж! Учир нь бид өдөр тутмынхаа ажил амьдралд түүртсээр явтал нэг л мэдсэн юм өөр болчихсон, дарангуйлал, хэлмэгдүүлэлт рүү нэг алхам гишгэчихсэн байх нь байна шүү. Хамгийн гэнэн тэнэг нь нэг улстөрч нь нөгөө улс төрчдөө өширхсөн үгэнд нийгэм даяараа автаж, ямарч гэмгүй сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөж яваа залуу сайхан хүнийг нийтээрээ үзэн ядах хэмжээнд өөрийн мэдэлгүй оччихсон байх бий дээ. Ингэх л юм бол энэ улс орон чинь замбараагаа алдана. Монголоо алдсан хэрэг болно.
Та бид саяхан харлаа, телевизийн дэлгэцээр, олон мянган үзэгчдийн өөдөөс харж байгаад “Хүүхдээрээ хүртэл туг тахиад...” гэж хэлэх чинь ямар хүний үнэр вэ. Гэнэн цагаан насныхаа зангаар зуурдаар л хорвоог орхичихсон хүний охин үр шүү дээ. Тэр үгийг сонсоод үнэндээ зүрх рүү зүүгээр шивэх шиг болсон. Ийм юм ярьж чадаж байгаа хүн ер нь юу ч хийж чадах юм байна гэж бодсон.
Ам нээсэн дээр уушги нээ гэсэн үг бий. Тэгж яривал М.Энхболдыг миний хувьд газрыг эдийн засгийн эргэлтэд төгс оруулсан гавьяатан гэж үнэлнэ. Элбэгээтэй ганц үг ч сольж үзээгүй хүн өрсөлдөгчийнх нь үгэнд автаж “Элбэгээ муу новш” хэмээн зүхэж байгаа нь дэндүү гэнэн, гоомой хэрэг. Энэ чинь л нийгмийг аюулд хүргэж мэдэх нь.
1990 оны гуравдугаар сарын 7-9-ний хооронд болсон Улс төрийн товчоог огцруулах ардчилсан хувьсгалын шийдвэрлэх өлсгөлөнг тухайн үед нэг минут ч болтугай очиж харсан хүнд бол Элбэгээ, Үүл, Дорлиг гурвыг өнөөдөр барих хорих тухай сонсохоос ч зүрх нь үхнэ. Энэ хүмүүс ямар аймшгийн эсрэг сөрж өнөөдрийн эрх чөлөө, эд баялгийг авчирсныг Монголын ард түмэн мартаж болохгүй. Тэр үед хэдхэн сарын өмнөхөн нь Тянь Миний талбайд олон мянган залууг танкаар хавтгайлж, Румынд удирдагчаа эхнэртэй нь Шүүхгүйгээр буудан хороож байсан үе шүү дээ. Нэг л гарын үсэг зурагдахад тэднийг тийм л хувь тавилан хүлээж байсан юм.
Ерэн оны хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэл эдгээр хүмүүс улстөрчдийн сайн муу хэлүүлдэг, зүхүүлдэг, бас манддаг, буурдаг тэр замналаар явж ирлээ. Юу үнэн гэвэл бүгдээрээ Монголын нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид болцгоосон нь үнэн. Юу ч хийж бүтээгээгүй, гавьяа байгуулаагүй хүн ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн түүх хүний нийгмийн бүх цаг үед байхгүй. Тэгвэл аавынхаа бий болгосон улс төрийн капиталыг хамгийн сайн мэдэх, үнэ цэнийг нь мэдэрсэн, сайныг нь өөртөө шингээсэн хүмүүс бол тэдний үр хүүхдүүд л байдаг. Тийм болохоор нэгдүгээрт, 1992 оны шинэ Үндсэн хуулиар баталгаажсан тус тусдаа хуулийн этгээд хүмүүс гэдэг талаас нь улстөрчдийн үр хүүхдүүдэд монголчууд хандах ёстой. Хоёрдугаарт дэлхийн жишиг болох нэгэнт эцгийн бий болгосон улс төрийн үнэт капиталыг үр хүүхэд нь залгамжлаад явдаг Америк жишгээр хандаж, тэд бол ирээдүйд Монголын хувь заяаг авч явалцахаар бэлтгэгдсэн залуус гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ерөөсөө төрийн том зүтгэлтнүүдийн замнал ийм л байдаг. Тохиолдлын хүн улс орны хувь заяаг авч явна гэж байдаггүй. Тохиолдлын, завсарын хэн нэгэнд хувь заяагаа даатгасан улс орнууд дампуурсан түүх л байдаг юм даа.