Монголын хөрөнгө оруулалтын ээлжит чуулган Хонконгод өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөв. Алдарт “Дөрвөн улирал” зочид буудалд гурав дахь удаагаа болсон энэхүү арга хэмжээнд 15 орны 230 байгууллагыг төлөөлсөн 350-иад хүн оролцсоны гуравны нэг нь хөрөнгө оруулагчид байлаа. Монголд бизнестэй компаниуд хуралд үг хэлж, гадна нь үзэсгэлэн дэлгэж, төслөө танилцуулан сурталчилж байсан бөгөөд хаалтын дайллагыг Улаанбаатараас очсон хийлч (О.Байгаль), төгөлдөр хуурчийн (Б.Оюу) хослол уяхан аясаар түрэв.

Төр засгийн төлөөлөл болох Зам, тээврийн сайд (А.Гансүх), ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга (Г.Цогтсайхан), Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийн дарга (С.Жавхланбаатар) болон Уул уурхай (Х.Амаржаргал), Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамдын (Л.Дуурсах) газрын дарга нар идэвхтэй оролцов. Монгол Улс хууль эрх зүйн орчноо сайжруулж, хөрөнгө оруулалтын шинэ хуулиа батлан, бизнес эрхлэх дүрэм журмаа тодорхой болгосноо төр засгийн төлөөлөгч бүр онцлон, хүн бүр “Win win with Mongolia” буюу “Монголд хоёулаа хожъё” гэсэн нэг санааг давтан хүргэж байлаа. Чуулганыг олон улсын “Блүүмберг” телевизийн нэртэй хөтлөгч (Mia Saini) Зам тээврийн сайдтай (А.Гансүх) ярилцаж эхлүүлсэн нь өвөрмөц байлаа.

БОЛГООМЖТОЙ Ч, ЭЕРЭГ ХҮЛЭЭЛТ

Төрийн өмчит компаниуд оролцож (“Эрдэ нэс Монголиа”- О.Сайнбуян), “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь үг хэлж, төслийн явцаа танилцуулав. “ОюуТолгой” ХК-ийн шинэ томилогдсон Гүйцэтгэх захирал Грэйг Киннеллийг төслийн санхүүжилтийн явц, далд уурхайн бүтээн байгуулалтыг хэзээ дахин эхлүүлэхээ хэлэхийг нь хүн бүр хүлээж байлаа. Тэр энэ тухай тодорхой зүйл мэдэхгүй, та нартай адил шийдвэр гарахыг нь хүлээж байна гээд яагаад ч юм уурхайн аюулгүй байдлын тухай тогтож ярилаа. Үгийнхээ эцэст тэр амжилтыг зөвхөн хурдаар хэмждэггүй. Илүү сайн, илүү хүчирхэг, цаг хугацааны шалгуур давахуйц, найдвартай түншлэлд суурилсан ОюуТолгойн уурхайг бүтээн байгуулж чадвал тэр жинхэнэ амжилт болно гэж хэлчихээд гараад явчихав.

Энэ чуулганд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хоёр дахь удаагаа оролцож үг хэлээд, “The Wall Street Journal” сонинд ярилцлага өгсөн нь Монголын хөрөнгө оруулалтын тухай болгоомжилсон ч, эерэг хүлээлтийг олон улсын хөрөнгө оруулагчдад өглөө. Тэр Монголын эдийн засаг энэ онд 11-ээс арай илүү, харин ирэх онд 2011 оны өндөр түвшинд буюу 17 хувьд дөхнө гэж хэллээ. Хөрөнгө оруулалтын хууль шинэчлэгдсэн, Үнэт цаасны хууль батлагдсан, тогтвортой байдлын баталгаа нэмэгдсэн нь гадаадын хөрөнгө оруулалт шинээр татаж, мөн ОюуТолгойн төсөл дахин сэргэснээр 4.0 гаруй тэрбум ам доллар эргэлтэнд орж, улмаар ирэх онд эдийн засаг сэргэнэ гэдэгт тэр итгэлтэй байна гэлээ.

Хөрөнгө оруулагчид Монголд төрийн оролцоо улам томорч, төрийн компаниуд улам олширч байгаа учир хувийн салбар өсөх зай завсар бага болж, зөвхөн хувийн компанид хөрөнгө оруулдаг банкуудад (FMO, KfW) улам бэрхшээлтэй болж байгааг тэмдэглэв. Монголчууд дандаа асар том төслүүд ярьдаг, тэгээд тэр нь голдуу олон жил, сонгууль дамжин сунжирдаг гэлээ. Жишээ болгон ДЦС-5, хувийн хэвшил эхлүүлсэн ч төр нь зогсоосон Тавантолгойн болон Нарийнсухайтын уурхайгаас урд хил рүү тавих хоёр ч төмөр замыг нэрлэв. Энэ төмөр замуудыг аль хэдийнэ барьчихсан, нүүрсээ зөөж байх ёстой атал хугацаа алдсаныг тэмдэглэв. Үүнийг батлах гэсэн шиг чуулганы маргааш “Мууди’c” агентлаг “Mонголиа Майнинг” компанийн зээлжих зэрэглэлийг “Caa2” буюу хөрөнгө оруулж болохгүй ангилалд оруулснаа дэлхий даяар зарлав.

БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ МОНГОЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН

Уул уурхайн бус төслүүд олны анхаарлыг татаж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, үндсэн хөрөнгө, түүний дотор барилга, орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын байр худалдан авах, түрээслэх бизнес өндөр өгөөжтэй байх магадлалтайг хэлэлцэв.

ҮХААЯ-ны (Л.Дуурсах) танилцуулгад мах, сүү, ноолуураа түүхий эд чигээр нь биш, нэмүү үнэ цэнэ шингээн боловсруулж экспортлохыг Монгол Улс зорьж байгааг ярилаа. Монголын таван хошуу мал 41 сая толгойд хүрч, зах зээлийн өнөөгийн үнээр 7.15 тэрбум ам.дол-ын үнэ хүрчээ. Эдүгээ мал аж ахуйн бүтээгдэхүүнийхээ 10 хувийг л боловсруулж байгаа ч зөв хөрөнгө оруулалт хийгээд хөгжүүлж чадвал 88 тэрбум долларын үнэ цэнэтэй салбар энэ ажээ.

Чуулганы маргааш сэтгүүлч Б.Робертсоны Л.Дуурсахтай ярилцсан, хагас нүүр, таран бэлчсэн олон хонины зурагтай ярилцлага “South Morning China Post” сонинд гарчээ. Монгол Улс хөдөө аж ахуйд ашиглаж болохуйц нэг сая ам км талбайтай бөгөөд цэвэр байгалийн гаралтай мах, сүү, болон бусад амьтны гаралтай хүнсний барааг дэлхийн зах зээлд гаргах бодлого төрөөс нь баримталж байгаа, хөрөнгө оруулалтын асар их боломж той тухай мэдээллийг Зүүн өмнөд Азийн ун шигчдад толилуулжээ.

ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙ

“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэг. Монгол Улсад 2014-2018 онд уул уурхайгаа олборлох, боловсруулах, хот, дэд бүтцээ барьж байгуулах, нийгмийн хөрөнгө оруулалт хийхэд 55-84 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай гэж ХХБ-ны ерөнхийлөгч Р. Коппа хэлэв. Шаардлагатай энэ хөрөнгийн гуравны нэг нь гадаадын хөрөнгө оруулалтаар, үлдсэ ний 28.0 тэрбумыг до тоодын эх үүсвэрээс, 6.0 тэрбумыг бондоор, 13.0-ыг гадаадын хөрөнгийн зах зээлээс, 14.0-ийг арилжааны банкууд, 2.0 тэрбумыг нь донор болон бусад эх үүсвэрээс гаргах магадлалтайг таамагласан нь гайгүй баримжаатай болохыг уржнан жилийн таамаглалынх нь биелэлт харуулж байна.

Ямар ч гэсэн Монголын хөгжилд шаардлагатай нийт хөрөнгийн хагасыг бид гадаадаас оруулах бөгөөд асуудлын гол нь энэ их хөрөнгийг татан оруулахаас гадна ухаалаг зарцуулах, шинийг санаачлагч эдийн засгийн суурийг тавих, тодорхой чиглэлд дэлхийн зах зээл дээр гарсан үйлдвэрлэл үйлчилгээг бий болгоход байгаа юм.

Гэхдээ энэ бүхнийг хувийн салбар хийх ёстой бөгөөд төрөөс эхлүүлсэн ч тодорхой түвшинд олон нийтийн болгон хувьцааг нь хөрөнгийн биржээр зарж, сайн засаглалтай хувьцаат компани болгох учиртай. Энэ замаар эрдэс баялгаа оновчтой ашиглан өндөр хурдтай хөгжсөн Чили улсын загварыг дахин нэг санацгаая.

Монголд хөрөнгө гэхээсээ илүү итгэл дутаж байгааг нэгэн гадаадын хөрөнгө оруулагч хэлээд “Итгэл хөлөөр ирдэг ч, харин мориор буцдаг” гэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр лүү” чуулган дээр саяхан хэлсэн үгийг хэрэгжүүлж чадвал хөрөнгө оруулагчдын итгэлийг татахад томоохон алхам болох тухай зарим оролцогчид тэмдэглэж байлаа.

Монгол Улсад хөрөнгө оруулаад өгөөч гэж гуйж явдаг биш, танайд хөрөнгөө оруулах гэсэн юм гээд гуйлгаж явдаг орон болох цаг түргэн ирэх болтугай.

 

Хонконг-Улаанбаатар