Сайхан хаваржиж байна уу, манайхаан? 

Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг шиг та бүгддээ энэ карантины үеэр эдийн засаг, зах зээл, банк, санхүү, төсөв, бизнес, хөрөнгө мөнгөний талаар өөрийн мэдэж сурсан ганц нэг зүйлийг тайлбарлан суух нь хэн хэндээ өгөөжтэй байх болов уу гэж бодоод түрүүчийн долоо хоногт бичсэн фельетоны үргэлжлэл болгоод энэ нийтлэлийг хүргэж байна. Авах гэхийн ухаанаар хандана биз дээ.

Дэлхий нийтийг айдаст авахуулсан коронавирусын цар тахлын үед улсын Ерөнхий Сайд эдийн засаг, зах зээлээ хамгаалахад зориулсан 7 зоримог шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт танилцуулж, түүнийг нь залгуулаад Сангийн Сайд нь тэдгээрийг хэрэгжүүлэх нарийн ширийнийг нь зарласан. Ажил олгогч татвар төлөгчдийн хувьд ч тэр, ажилтан иргэдийн хувьд ч тэр баярлуулаад гомдоочих шиг л болоод явчихав. Бүх аж ахуйн нэгж, түүний ажилтнуудыг хамруулна гэсэн Хүрэлсүхийн мэдэгдлийг задлаад, шинжлээд үзэхлээр бараг хамрагдах боломжтой аж ахуйн нэгж байхгүй болоод явчих юм байна гэж бодсоноо нуухгүй ээ. 

Мэдээжийн хэрэг хүүхдийн 10 мянга, Таван Толгойн ногдол ашиг л баараггүй байх. Яах вэ, чамрахаар чанга атга гэдэг шүү дээ, бид чинь. 

Үүний өмнө Санхүүгийн Тогтвортой Байдлын Зөвлөл хуралдаад зээлээ төлнө, төлөхгүй, хойшлуулна, хойшлуулахгүй, хүүгээ бууруулна, бууруулахгүй гээд бас баахан бужигнаад авсан бид чинь. Энэ талаар бүх нийтээрээ хэрэлдэж, гадаадаас банкийг нь оруулаад ирье гэдэг дээр бараг бүгд шахуу санал нэгдсэнийг няцаах зорилгоор би өмнөх нийтлэлдээ тодорхой бичсэн тул сонирхвол олоод үзнэ биз дээ. Баабар дээр нийтлэгдсэн байна лээ. 

Харин дээрх хоёр үйл явдлаас харин нэг зүйл маш тодорхой харагдлаа. Монгол Улсад банкны салбарын реформыг хийх хөрс, нийгмийн сэтгэлзүй, улстөрийн тохироо бэлэн болжээ гэж дүгнэв. Гэхдээ яг үүнтэй зэрэгцээд олны бухимдлыг далимдуулж, бүр албаар төөрөгдүүлж байгаад төөрөлдүүлж байгаад гадаад банк оруулж ирэх лобби хүчээ авлаа. Уг нь бол гадаад хөрөнгө оруулалт оруулж ирэхийг хамгийн ихээр уриалдаг нь би. Гадны банк ороод ирвэл бүр ч сайн хэрэг – Монголд орж ирэхгээд өргөдлөө өгчихөөд, биднийг зөвшөөрөхийг хүлээгээд суугаа гадны банк байгаа бол ороод ирээсэй билээ дээ. Юутай сайнсан. 

Өмнө нь харин миний дэвшүүлсэн санал дээр бүгдээрээ харин тохироод авья – гадны төрийн банкийг хэдүүлээ хэзээ ч Монголдоо оруулахгүй шүү. Болж байна уу?

Төрийн мөнгөний бодлого нь өөрөө Монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангаж, худалдан авах чадварыг нь хамгаалах үндсэн зорилготой. Энэ нь манай тусгаар улсын аюулгүй байдалтай шууд холбоотой юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд нэг талдаа эдийн засгийн өрсөлдөх чадварыг хангах, багтаамжийг нь тэлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд Монголбанк анхаарч ажилладаг. Мөнгөний бодлогоо зөвшөөрлийг нь өгч, хяналтандаа байлгадаг улсын онцгой обьект гэж сүрхий тодотголтой арилжааны банкуудаараа дамжуулан явуулдаг юм. 

Мөнгөний нийлүүлэлтийг төв банк удирдахын тулд бодлогын хүү, заавал байлгах нөөц, хөрвөх чадварын харьцаа үзүүлэлт зэргийг тогтоох байдлаар хэрэглэдэг. Арилжааны банкуудаа савлуулахгүй, тогтвортой ажиллуулах давхар үүргийг мөн хүлээнэ. Мөнгөний бодлого нь Засгийн Газраас хэрэгжүүлдэг төсвийн буюу сангийн бодлогыг тэнцвэржүүлэх үүргийг манайд гүйцэтгэж ирсэн – Засгийн Газар төсвөө тэлж, зах зээл рүү мөнгө оруулж эхэлбэл Монголбанк эдийн засгийг хэт халааж, төгрөгний үнэ цэнийг алдагдуулахгүйн тулд бодлогын хүү, нөөцийн шаардлага нэмэгдүүлж, арилжааны банкнуудын хазаарыг нь татдаг. Эсрэгээрээ эдийн засаг удаашран төсвийн орлого, зарлага хумигдвал Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлсээр ирсэн. Тийм л учраас Засгийн Газар, Монголбанк аль аль нь УИХ-аас томилогдон тайлагнадаг бие биенээсээ хараат бус төрийн институт байдаг юм. Бодит амьдрал дээр, яг хэрэгжүүлээд ирэхлээр бол, мэдээж, арай ярьвигтай. 

Нөгөө талдаа нэгэнтээ бид хэрэглээнийхээ дийлэнхийг гаднаас худалдан авдаг тул импортын хэрэгцээг хангах хэмжээний хатуу валют зах зээл руугаа нийлүүлэх шаардлага гарч ирдэг. Долларыг бид экспорт хийж олж болдог. 90-ээд онд бид олон улсын байгууллагын тусламжаар эдийн засгийн шилжилтийн хүнд нүсэр ажлыг нугалсан бол сүүлийн арав гаруй жил бид нүүрснийхээ буяныг эдлэж байна. Мэдээжийн хэрэг Монгол Улсыг бүхлээр нь сүүлийн 40 жил зэсийн экспорт тэтгэж яваа. Энэ зах зээл дээр Эрдэнэт үйлдвэр, түүн дээр Оюу Толгой нэмэгдэж орж ирсэн байгаа. Аль аль нь нийгмийн анхаарлын төвд байж, хэл амны бай болдог. Нэгэнд нь улстөрчид шахаа хийсэн хийгээгүй, хэн нь дутуу хийсэн гэж алалцдаг бол нөгөөхөд нь шахаа хийж чадахгүйдээ шаралхаж, ашигтай, ашиггүй, манайх, танайх гэж дайрдагт бид дасчээ. 

Гагцхүү энэ хоёр үндэсний аврага үйлдвэр, дээрээс нь нүүрсний салбарын хэдэн гадаад дотоодын компанийн экспортоор олдог доллараар бид нийгмийнхээ бүхий л хэрэглээг хангаж ирсэн гэж хэлж болно. Тэд Монголын эдийн засагт амин чухал хатуу валютыг нийлүүлэхээс гадна ажлын байр, туслан гүйцэтгэгч олон мянган компанийг тэтгэж, Монгол Улсын эдийн засгийн ачааны хүндийг нуруун дээрээ үүрч яваа нь бодит үнэн. Мэдээжийн хэрэг мал, алт, ноолуураар бид баян улс ч түүнийхээ шүүсийг хангалттай бас шахаж сураагүй л яваа. Эдгээр нь бидний дунд болон хэтийн ирээдүйд зонхилох үүрэг гүйцэтгэж эхлэх нь мадаггүй. 

Манайд орж ирдэг долларын дараачийн эх сурвалжид мэдээжийн хэрэг, бидний бусад улс, олон улсын байгууллага банкнаас авч байгаа зээл, зах зээл дээр гаргасан бондын санхүүжилт орно. Эдгээр нь тодорхой хугацааны дараа эргэн төлөгдөх нөхцөлтэй байдаг тул бидэнд ирээдүйд дарамт учруулдаг талтай. 

Дээрх хэд дээр нэмээд бидний ярианы гол сэдэв болох гадаадын хөрөнгө оруулалтаар мөн бид доллар оруулж ирэх боломжтой байдаг. Түүний сайн тал нь гэвэл ажлын байрыг нэмэгдүүлж, төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойгоос гадна технологи, бизнесийн арга ухаан дагаж орж ирдгээрээ онцлогтой. Хөгжиж буй манай эдийн засагт байтугай дэлхийн хамгийн томчууд үүний төлөө алалцдаг учир бидэнд олддог, биднийг тоодог нь өдрийн од шиг цөөн. Тоосон ганц нэгийг нь бид цохиод явуулчихаж дөнгөдөг. Гаслантай. 

Гадаадын банк ороод л ирвэл бид цэнгэлийн манлайд хүрч, бараг шахуу хүүгүй зээлээр бизнесээ, ард иргэдээ цутгаад байх тухай яриаг эцэслэх зорилгоор нэг зүйлийг энд нэмье гэж бодлоо. Өнөөдөр Фэйсбүүкээ ухаж сууж байгаад энд хавсаргасан хүснэгтийг олж харлаа. Манайх улсаараа олон улсад гаргасан элдэв чимэг нэртэй бондын өгөөжийг энд харуулжээ. Манай манлай банкны 5 сард эргэн төлөгдөх бондын өгөөж нь жилийн 33.62 хувьтай болж. Түүний эзэмшдэг компанийн 2 жилийн дараа төлөгдөх бондын өгөөж нь 23.39 хүрчээ. Манай засгийн бондууд хамгийн багадаа 9.21-ээс 12.07 хувьтай байгааг мэргэн уншигч та сайтар хараад аваарай. Энэ бүгд чинь доллараар шүү. Эднийг дундажлаад манай улсын эрсдэл тогтоно. 

Бид энд юу гэж бодож, ярьж, хоосон цээжээ дэлдэн мэдэмхийрэх нь чухал биш байгаа биз? Нөгөө гадны банкууд чинь бидэнд ийм л хүүтэй долларын зээл өгчээ. Хөрөнгө оруулжээ. Манайдаа хамгийн эрсдэлгүй гэж үзээд төр засагт нь. Цаашилбал, та биднийг оруулсан Монголын ард түмэнд. Хамгийн бага эрсдэлтэй, хамгийн бага өртөгтэй байж л 10-12 хувийн өгөөжийг тэд доллараар авна. 

Дорж, Дулмаад зээл өгч, хөрөнгө оруулан буян үйлдэнэ гэж бүү санаарх. Тийм бизнес гэж байхгүй ээ. Үлгэр үүгээр дуусав. 

Тэгэхлээр нэг асуулт зүй ёсоор гараад ирнэ. Засгийн Газрынх нь долларын бонд нь 12 хувьтай байхад би энд тэнэг биш л бол юугаа хийж төгрөгөөр 5-аас доош хүүтэй зээл өгдөг салбар нээх гэж улайрах вэ? Салбар нээнэ. Зардал гаргана. Зээлээ өгнө. Нөгөөдүүл нь зугтана. Шүүх дээр муур, хулгана болно. Төгрөгний ханшинд нирвэгдэнэ. Эдгээрийг нэмээд яаж ч сайн байгаад 25 хувиас багаар Монголд зээл өгөхгүй. Тэгээд, эцэст нь, бүсээ чангалаад алдагдалтай зээл өгсөн ч муу хэлүүлнэ. 

Мэдээжийн хэрэг би зарим нэг улсын жишгээр газраа, төмөр замаа, стратегийн ач холбогдолтой лиценз, хилийн боомтоо барьцаанд тавьж туугаад урд хөршдөө алдах чин хүсэл зориг, манай цогтой золбоотой ч толгой хоосон, сэтгэл шунаг зарим улстөрчдөд байхгүй, тэнэгээсээ л болж улайраад байгаа юм гэж бодоод, үүнийг зөвхөн цэвэр эдийн засгийн ашиг сонирхолтой хөрөнгө оруулагчийн үүднээс л, явцуу ч байж магад байдлаар, тайлбарлаж байгаа юм шүү. 

Тэр Самурай чинь юу юм бэ гэж магад, уншигч авхай. Аан, тэр бол Япончууд шүү. Нөгөө л хэцүү үед нь Монгол ахан дүүсдээ орж ирээд туслая гээд өгчихсөн бонд. Бид ч ачийг нь мартах учиргүй. 

Харин банкны реформын хувьд бид өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 13 банкаа үтэр түргэн олон нийтийн өмчлөлтэй болгоё. Түүнийгээ ч яг одооноос Төрийн Банкийг хувьчлах замаар нийт ард иргэддээ Монголынхоо Хөрөнгийн Биржээр санал болгож эхлүүлье. Бусдад нь ч цаг хугацааг нь заагаад өгье – 2021 онд багтаагаад бүгд хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн байгаа тул 2021 ондоо багтаад олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох шаардлагыг тавья. Ингэх нь ер нь хамгийн зөв алхам болно. Нэг нөхөр банк гэж юм байгуулчихаад 10 хүнээс мөнгө хадгаламжаар аваад мөнгө хүлээд суух нь орчин цагийн бизнес загвар яавч биш. Банкууд том болж байж, үр ашиг нь нэмэгдэж, бидний хүсэн хүлээсэн хүү буурах ч боломж гарах болно. Олон улсад ч өрсөлдөх чадвартай болно. Нөгөө хүсээд байгаа гадны хөрөнгө оруулагч чинь ч хувьцааг нь аваад ороод ирж юу магад. Гол нь нээлттэй өрсөлдөөний замаар явуулах нь чухал. 

Нэг эзэнтэй банкны балгийг бид өдөр бүр л улстөрчдийн хэрүүл, хэвлэлийн нүүрнээс харсаар, нийтээрээ уралдан амаараа уралцаж байна. Банкны эзэн 1 төгрөг гаргачихаад 10 төгрөгийг хадгаламжаар татаад ганцаараа элдэв бизнесийн шийдвэрийг гаргадаг, улстөрчидтэй сүлбэлдэн байгаа байхгүй хувьчлалд оролцон хэл амны бай болдгийг яг энд таслан зогсоох боломж бидэнд байна. Тэгээд ч муусайн цус сорогч, мөнгө хүүлэгч гэж ганц нөхрийг чичлэхээ болин бүгдээрээ жигдхэн сайхан банкны эзэд болъё. Харин эзэн нь болонгуутаа наад ашиггүй нөхөддөө ямар бага хүүтэй зээл өгөөд байгаа юм бэ гэж новшрохгүй байхаа санаана шүү, манайхаан. 

Төрд банк байвал ямар уршигтайг бид бүгд л дахин дахин сонин хэвлэлээр гарах захирлууд нь яаж, идэж ууж байгаа тухай мэдээнээс харж байгаа. Аргагүй шүү дээ, эзэнгүй мөнгөн дээр оччихоод албан тушаалд тавьсан намдаа, танил намчиддаа буцаагаад хариуг нь барих гэж л үзнэ. Дундуур нь өөрийн хамаатан садандаа тусалчих юмсан гэж бодолгүй яах вэ, хөөрхий. Хааны алба халаатай гэж байгаад л амжуулчих гээд үзнэ шүү дээ, сонгуулиас өмнө. Энэ байдал бүх л төрийн гэсэн албан дээр их бага хэлбэрээр байдаг жамтай. Зөвхөн Монголд ч биш хаа сайгүй л тийм гэвэл уншигч та тайвширч магад. Энэ бол төрийн өмчийн нийтлэг дүр төрх, гажуудал. Агентын проблем гэдэг эдийн засгийн нэр томьёотой. Үүнийг нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зөв зохистой засаглал, ил тод тайлагнал, хөндлөнгийн аудит, төрийн зохицуулалт, мэргэжлийн хяналт шалгалтаар л чу ай зохицуулдаг юм.

Миний энэ энгийн саналыг дэмжиж байгаа бол үүнийг сайтар уншиж аваад цааш нь бусдадаа хүргэх тал дээр туслахыг хүсье, та бүхнээсээ. Ярилцья, хэлэлцье, шэйрлэе, лайкдая. Дээрээс нь захихад Ардын хувьцааг яг одооноос Монголынхоо Хөрөнгийн Бирж дээрээс авч эхлээрэй. Бид хамтдаа банктай болох ёстой. Би тэр саналыг 2015 онд та бүхэндээ Хөрөнгө Оруулагч Үндэстэн гэж нэрийдэн танилцуулснаас хойш зогсолтгүй зүтгүүлж байгаа. Нөгөө итгэл байвал зүтгэл байдгийг та гадарлах болсон байлгүй дээ – Монгол Шуудангийн хувьчлалд оролцож, олон түмэнд нээлттэй болгоход хувь нэмэр орууллаа, 2 IPO гэгчийг нь хийж, 2 удаа RTO буюу миний орчуулснаар урвуу нэгдлийг хийж, 3-н ч компаниа нээлттэй болгож амжууллаа. Үүн дээр ХасБанк, анхны хадгаламж зээлийн хоршоо, анхны банк бус, анхны лизингийн компани, анхны гадаад руу чиглэсэн хөрөнгө оруулалт хийсэн гээд бидний хуримтлуулсан туршлага, хийсэн ажил бас байгаа, байна. Хичээж л яваа, манай баг. 

За, ёстой халих шиг боллоо, буцаад сэдэв рүүгээ орьё. Бидний 30 жил хөөцөлдөөд болдоггүй хөрөнгийн зах зээлийн хөгжилд миний дээрх санал яах аргагүй шууд нөлөө үзүүлнэ. МХБ дээр банкууд нь гараад ирэхлээр байдал шууд өөрөөр эргэж, хөгжүүлж чадаагүй биржээ бид нэг ташуураар хурдлуулна гэж би харж байгаа. Монголын ард түмэн эдийн засгийн хамгийн амин чухал, улс орны хувьд жинхнээсээ стратегийн салбарт хөрөнгө оруулах боломжтой болно. Харааж зүхэнгээ үйлчлүүлж ирсэн банкныхаа эзэн болж, ашиг өгөөжийг нь хүртэх боломжтой болно. Тийм ч их ашигтай биш юм байна гэдгийг нь мэдрэх ч боломжтой болох байх. Магадгүй ухамсартай хэд нь уучлал ч гуйж магад, энэ бүхний эцэст.

Харин яг одоо, энэ сонгуулиас өмнө, эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан энэ өдрүүдэд хөрөнгийн зах дээр бид 2012 онд хүртсэн төрийн хишиг болох Эрдэнэс Таван Толгойн 1,072 ширхэг хувьцаагаа бүртгүүлж, чулуу болгож авах ёстой шүү, бүгдээрээ. Сая төгрөг зайлшгүй хэрэгтэй болоод байгаа хэдийн хувьцааг худалдаж авах буюу market making хийх ажлыг засаг зохион байгуулах ёстой.Үнийг нь савлуулахгүй байх тал дээр ажиллаж, өөрт ногдох ногдол ашгаараа буцааж худалдан авах үүргийг хүлээн банк, даатгал, бусад институционал хөрөнгө оруулагчдыг оруулах талын ажлыг зохион байгуулах ёстой. Эдийн засагт цутгагдах энэ их мөнгөний үржүүлбэр нөлөө энэ вирусны улмаас эдийн засагт үүсээд буй хямралын хүлээлтийг бяц цохиж, хөгжил цэнгэлийн манлайд хүргэх бололцоотой. Аймшгийг бид ашиг болгох алтан боломж гэж харж байна. Харин цаг л алдаж болохгүй – бүгдээрээ эрхбаригчдыг шавдуулья. Шахан шаардья гэж уриалж байна. Эх орноо гэсэн чин сэтгэлтэй эдийн засагчийн хувиар та бүхнээсээ хүсч байна.

Залуу гишүүн Учралын ахалсан тэтгэврийн реформыг мөн бид амжуулаад хийчихвэл ч сап хийгээд босоод ирэх боломж бололцоо бидэнд бий шүү гэж эцэст нь сануулья. 

Энд бидний Фэйсбүүк групп бий. Тэтгэврийн Шинэчлэл/Pension Reform группд та заавал нэгдээрэй. Бидний зорьсноор эхний ээлжинд хувийн тэтгэврийн хуримтлалын тогтолцоог бид бий болгож, түүний дараа залгуулаад төрийн тэтгэврийн сантай болох хоёр алхамтай реформыг сэдсэн байгаа. Та орж үзэж, танилцаад санал бодлоо бидэнтэй заавал хуваалцаарай. 

Хүн төрөлхтний хувьд хүнд хэцүү энэ үед Монголчууд бид гаднаас гуйж гувшилгүй, тэнгэр өөдөө харан алгаа тосож суухгүй ээ. Бид илүү хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй, ухаантай байж, өөрсөддөө найдаж, өөрөө өөрийнхөө хувь тавиланг тэгшитгээд авья, хамтдаа. Бид бүхэнд бахархах түүх бий, гэрэлтэй гэгээтэй ирээдүй бий. Айлаас гуйлгүй, авдраа уудлахад бэлэн шийдлүүд яг энд, яг одоо байна. Харж байна уу? 

Хүчтэй Монголын төлөө, тэгвэл, бүгдээрээ хамтдаа зүтгэх үү? 


Х. Ч. Ганхуяг
Будапешт хот, 2020-4-3