Энэ 7 хоногт
Эрх баригчид No double standarts-ын эсрэг төрийн төмөр нүүрээ харуулах тусам асуудал улам хүндэрнэ
Эрх баригчдын сурталдаад байгаа шиг тийм сайн сайхан зүйл огт харагдахгүй байна. Эсрэгээрээ, сул гэж дүгнүүлсэн асуудлууд маань бүр муу гэж дүгнүүлэхдээ тулах вий гэх болгоомжлол байна.
Өмнөх нийтлэлдээ Монгол Улс нь ардчиллын индексээр Гажуудсан ардчилал, Сонгуулийн ардчилалтай улсын ангилалд багтдаг тухай бичсэн. 5 баллын системээр үнэлбэл энэ нь дээрээсээ 2 дахь ангилал тул 4 буюу сайн гэсэн үг. Яагаад Либерал ардчилал бишийн, өөрөөр хэлбэл онц дүн авахгүй байгаагийн шалтгаан нь хүний эрх, иргэний эрх чөлөөний хамгаалалт, баталгаа, иргэний нийгмийн хөгжил, засаглалын хяналт тэнцэл, хэвлэлийн эрх чөлөө, шүүх эрх мэдлийн бие даасан байдал бүгд сул гэж дүгнэгддэг учир аж. Харин яагаад дараагийн 3 дахь буюу Гибрид дэглэмтэй эсвэл Сонгуулийн дарангуйлалтай улсын ангилалд орохгүй байна вэ гэвэл чөлөөт, “шударга” сонгуультай гэж ойлгогдоод байгаагаас гадна дээр дурдсан ардчиллын суурь зарчмуудын хэрэгжилт сул ч гэсэн амь тавьчихаагүй байгаатай холбоотой юм. Хүний эрх, иргэний эрх чөлөө буюу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх индексийг тусад нь гаргадаг судалгааны байгууллагын тайлангаас харвал манай улс 2014-2016 онд хамгийн өндөр оноо авч байгаад 2020 онд буурсан дүнтэй байна. Дотоод гадаадын олон эх сурвалж, судалгаанаас харахад, элдэв янзаар яаж ч дүгнэсэн бидний ардчилал, хүний эрх, эрх чөлөөний асуудал тийм төгс сайхан биш болох нь тодорхой харагдаж байна. Ямар ч гэсэн бидний хүсэж байсан ардчилал, хүний эрх, эрх чөлөө бол биш. Эрх баригчдын сурталдаад байгаа шиг тийм сайн сайхан зүйл огт харагдахгүй байна. Эсрэгээрээ, сул гэж дүгнүүлсэн асуудлууд маань бүр муу гэж дүгнүүлэхдээ тулах вий гэх болгоомжлол байна.
Жамаараа жагссан иргэд “ашиглагдсан” нь
Уг нь энэ 2021 оны эхэнд Монголд нялх хүүхэдтэй эхийг гэрийн шаахаатай нь гаргасан үйлдлийг эсэргүүцэж, олон мянган жирийн иргэд Чингисийн талбай дээр жамаараа цугласан онцгой явдал тохиож билээ. Аль аль талын “хүчин чармайлтаар” алга эргүүлэх төдийд Засаг огцорч, зүүдэнд ч оромгүй явдал болсон. Монголд анхны үзэгдэл тул “Муу ажилласандаа хариуцлага хүлээдэг улс төрийн шинэ соёл тогтож байгаа юм байна. Тэгмээр дээ” хэмээн бараг л Монгол хүн сансрын пуужин хийснээс дутахгүй шахам баярлаж хөөрсөн хүн багагүй байсан. Үүнд гэгээнээр итгэсэн залуус үүнээс хойш түүнээс цааш дарга, цэрэг гэж ялгалгүй хууль хүн бүрд тэгш үйлчилдэг болохын төлөө, шударга бус зүйлийн эсрэг тэмцээд тэмцээд явчихъя хэмээн “No double standart”, “Тэвчээр тасарлаа” зэрэг байгууллага, хөдөлгөөнүүдийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэн гарч ирцгээсэн. Эхэндээ гэрийн шаахай арга хэмжээ маань тухайн үеийн Засгийн тэргүүний далд хүслийг биелүүлэх арга хэрэгсэл болж ашиглагдахыг хэн ч төсөөлөөгүй. Тэр нь одоогийн байдлаар анхны бөгөөд сүүлчийн онцгой огцролт болж Монголын түүхэнд үлдэнэ чинээ ч гадарлаагүй байх. Харамсалтай нь төд удалгүй төр маань төмөр нүүрээ харуулснаар нийгмээ зөв болгох гэсэн залуусын хүсэл мөрөөдөл өнөөдрийн байдлаар талаар болж байна.
Үзэл бодлоо илэрхийлэх эрсдэл
Ялгавартай стандарт тогтоод буйг эсэргүүцсэн “No double standart” хөдөлгөөний Одбаяр, Монголхүү нарыг хориод 23 орчим хоног өнгөрлөө. Эдний хамтрагчид болох 10-аад залууст, мөн өмгөөлөгчид нь хүртэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Эрүүл мэндийн хувьд асуудалтай, цагаар хооллож, эм уудаг нэг залууг нь мөн баривчлан ямар ч хоол унд өгөлгүй 60 цаг хорьсон гэсэн. Эмч нарын үйлдвэрчний хорооны Тэргүүлэгч гишүүдийг бас жагсаж цугласан хэмээн тагнуулын газраас байцааж байгааг мэдээлсэн. Маш олон энгийн иргэдийг тагнуул, цагдаа дээр дуудан эрүүгийн хэрэг үүсгэдэг, торгодог, үгүй ядаж л өдөр бүр дуудан хүлээлгэх, байцаах зэргээр залхаан цээрлүүлдэг болж. Үүнд өртсөн иргэдийн зарим нь талбай дээр гарч үгээ хэлж байна. Энэ бүгдийн шалтгаан, зүйл анги ердөө л үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийх гэнэ. Ихэнх нь талбай дээр очиж амьдаар бус facebook-ээр голцуу илэрхийлсэн гэх. Талбай дээр ярилцлага өгч байсан АН-ын нэг залуу дээр цагдаа хүрч ирж юуны тухай, яах гэж, хаана ярилцлага өгч байгааг шалгааж байсныг зурагтаар харсан. Мөн “Чиний царай “эсэргүү” лайв-уудаар харагдаад байдаг” хэмээн тагнуулаас хүмүүсийг бас дууддаг гэнэ. Хууль зүйн сайдыг шүүмжилсний төлөө хэд хэдэн удаа 100 мянгаар торгуулсан гэх залуугийн яриаг сонсоод, хөдөөний сумын иргэд Засаг дарга, удирдлагаа шүүмжилсэн зоригтны постыг лайкдахаас үхтлээ айдаг тухай яриа ч үнэхээр ортойг ойлголоо. Задгай сошиалаас олж аваад байцаагаад байгаа юм чинь нэгнийхээ нохойг ч бараг андахгүй шахам сумын төвд бол бүр дорхноо баригдах нь аргагүй юм байна. Сонгуулийн үеэр МАН-д ажилласан нэгэн танил маань хэн хэн, хэний юун дээр лайк дарж, “шири” хийсэн талаар үүр, хорооны даргын сошиалд хийсэн мониторингийн тайлан/сануулга/ донгодохоос өглөөний шуурхай нь эхэлдэг тухай сонирхуулж ярьж билээ. Нөгөө 72 төрлийн 511 халамжийн аль нэгэнд хамрагддаг нийт иргэдийн 70% маань ч бас ийм дарамтад байдаг юм биш байгаа гэх хардалт, өрөвдөлт өөрийн эрхгүй төрж билээ. Задраагүй улс төрийн соёл, сэтгэлгээ, инерцээрээ МАН засгийн эрх барих бүрдээ сонгогчдыг болон намын гишүүдээ хайрцаглан үзэл бодлыг нь хянах, хуучнаа санагалзсан ухралт, алхам хийх гэж оролддогийн нэгэн илрэл энэ гэлтэй.
Одбаяр, Монголхүү нарын хэрэг гэгч
Иргэн Одбаяр өлсгөлөн зарлаад бие нь муудаж, бөөрний дутагдалд орсон гэх мэдээ сүүлийн хэд хоногоос сэтгэл эмзэглүүлж эхэллээ. Бие эрхтний дутагдалд орох нь сонсгол, мэдрэл, амьсгалын зам зэрэг бүхий л эрхтэн системд ихэд хортой гэнэ. Харсаар байгаад амийг нь эрстүүлчихгүй байх гэж найдаж байгаа ч эрүүл мэндээр нь хохироож хорлож байгааг нь бодохоор ямар гээч биелүүлж болохгүй шаардлага тавиад байгаа тул ингэж хатуурхаад байгааг нь ойлгохгүй юм. Одбаяр, Монголхүү нар бол хүний эрхийн төлөө тэмцэгчид. Магад эд нарын тэмцэл нь өөрөө Монголыг Сонгуулийн дарангуйлалтай орны ангилалд оруулчихгүй торгоох вакцин байсан юм. Гэтэл тэдний эрүүл мэнд, амь нас хутганы ирэн дээр байхад УИХ-ын Хүний эрхийн дэд хороо ирцгүйн улмаас хуралдаж чадсангүй. Сайндаа эсвэл санаачлагаараа ч бус парламент дахь сөрөг хүчний шахалтаар хуралдах гэсэн бололтой уг нь. Парламентаар харин өнөөх л цахимийн тухай хэрхэн академи байгуулах тухай яриа л яваа харагдана. Уг нь иргэдийн цахим орчинд алдагдаад буй эрх чөлөөг хэрхэн хангах нь тулгамдсан болчихоод байдаг.
Монголхүүг лав ямар ч прокурорын зөвшөөрөлгүй, шүүхийн шийдвэргүй, өмгөөлөгчийг нь байлцуулахгүйгээр шөнө дөлөөр хойшлуулшгүй тохиолдол гэдгээр барьж хорьсон байдаг. Харин Одбаярыг баривчилсныг нөхөд нь хэзээ хойно мэдсэн байдаг.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.26-р “хойшлуулшгүй тохиолдол” гэж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгаа тохиолдлыг хэлдэг аж. Гэтэл Одбаяр, Монголхүү нар яг хэнд ямар ноцтой хохирол учруулсан юм бол, ер нь яагаад баригдсаныг нь тодруулъя.
Иргэн Одбаярын хийсэн “гэм”-ээс дурдвал “Ковидын үеэр гадаадад гацсан иргэдийн эрх зөрчигдөж байгаа тул яаралтай Монголдоо авчир” хэмээх шаардлагыг эрх баригчдад тавьж байж. Мөн Монголхүү болон бусадтайгаа нийлэн “цар тахлын үед олон тэрбумыг зарлагадах наадмыг хийлгэхгүй, no naadam” хэмээн тэмцсэн нь үр дүнд хүрсэн ч эрх баригчид зүс нэрийг нь хувирган хөдөө гадаагүй наадсаныг бид бүгд мэднэ. Энэ бүхнийхээ төлөө хоёулаа удаа дараа баригдан саатуулагдаж, торгуулж байсан бололтой. Баригдах шалтгаан болсон сүүлийнхээ жагсаалд (жагсаал ч гэхэд 10-20-иод хүнтэй тул хэцүү л юм) хүүхдийн эрх, эрүүл мэнд хохирч байгааг сануулах зорилгоор хүүхдийн гуталнууд талбайд тавихаар завдсан байдаг. Жагсаал цуглааны шинэлэг хэлбэрийг ашигласныг нь гутал дотроо тэсрэх бөмбөг нуусан хэмээн хардсан цагдаа нар айн сандарч, хурааж авсан байдаг. Гэтэл АНУ-ын Цагаан ордны гадаа ямар нэгэн юмыг эсэргүүцсэн жагсаал янз бүрийн хэлбэртэй өдөр бүр болж байдаг. Ямар ч цагдаа тэднийг баривчилдаггүй.
Хорих 461-р ангиас оргон зайлсан, оргуулсан гэх зүйл анги тулгаж байсан нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болсон гэх мэдээлэл гарсан ч ямар хэрэг нь үлдчихээд суллахгүй байгааг нь ойлгохгүй байна.
Хууль эрх зүйн хүрээнд
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 16/ итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан байдаг. Монгол Улсын бүхий л хууль тогтоомжууд Үндсэн хуульд нийцэж гарах зарчимтай. Дуучин Жавхлангийн тэмцэл эхлэхээс өмнө дээрх залуусыг Ковидын гэх урт нэртэй хуулийг зөрчиж, жагсаал цуглаан хийсэн тул баривчилсан хэмээн ойлгосон. Албаныхан ч тэгж тайлбарлаж байсан. Үндсэн хуулийн жагсах, цуглах эрхийг зөрчсөн ямар заалт орсон юм бол хэмээн уг хуулиас хайхад ямар ч заалт олдсонгүй. УОК-ын шийдвэрээр хориглосон юм болов уу гэж таамаглатал уг хуулийн 11 дүгээр зүйлд Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, арга хэмжээнд тавих шаардлагад: 11.1.2.үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх; гэж заажээ. Өөрөөр хэлбэл, эсрэгээрээ эрх бүхий байгууллага болох УОК ч юмуу ямар нэгэн шийдвэр гаргахдаа ҮХ-ийн 16-д заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх ҮНДСЭН ЭРХИЙГ хамгаалах зорилготой байх ёстой юм байна. Монгол Улс НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн пактад нэгдэн орсон. Түүний 19.2-т “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана” гэж заажээ. Энэ заалт нь жагсаалд гутал ашиглахыг завдаад бүтэлгүйтсэн нь хуулийн дагуу байжээ гэдгийг илтгэж байна. Мөн өмнөх өдөр нь олон хүний амь үрэгдлээ гэсэн санаагаа уран сайхны аргаар илэрхийлэх гэж хөдөлмөр гаргаж бэлдсэн “цогцсуудыг” нь өшиглөхийг нь өшиглөж, хурааж авч жагсаалыг тараасан нь ч мөн хууль бус байсныг бас нотолж байна.
Манай улс цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын горимд байгаа гэж ойлгож байгаа. Гамшгаас хамгаалах тухай хуульд энэ горимын үед 10.4.6-аар соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох ёстой аж. Гэтэл Засгийн газраас зохион байгуулсан Цахим үндэстэн шоу чинь жинхэнэ хориглосон арга хэмжээ байсан нь үүгээр нотлогдож байна.
Ялгамжтай стандарт
Хүн бөөгнөрүүлэхгүй зорилгоор Ковидын хууль гэгчийг гаргаснаа гул барин хэнээс ч гуйхгүй өөрсдийгөө, төдийгүй өрөөл бусдыг бас тэжээж, бор зүрхээрээ яваа хувийн хэвшлийнхнийг хааж боон, элдэв зөвшөөрөл лиценз нэхэн, гэрээ хийхийг шаардаж, тал хүчин чадлаар нь ажиллуулж, орлогоос нь хумсалчихаад өөрсдөө болохоор тангараг өргүүлэх ёслолын парад, Цахим үндэстэн зэрэг хэдэн арван мянган хүн шавуулсан шоуг хээв нэг хийнэ. Хийсэн ажлаа рекламдаж сурталчлахыг тэчядах нь хүний эрүүл мэнд, амь наснаас илүү үнэтэй байгаагаараа харгис гэлтэй. Цахим үндэстэн болсноо цахимын гайхамшгийг ашиглан рекламдсан бол тэр нь жинхэнэ Цахим байх байлаа. Бүр сүүлдээ Шадар сайд, Улсын Онцгой Комиссын Даргынх нь хамаарал бүхий газарт урлагийн шоу хүртэл зохион байгуулагдсан.
Дээрх ганцхан жишээнээс л бид эрх баригч дарга анги хуулийг хэрхэн гууль болгодог, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагууд хууль зөрчигсдөд хэрхэн ялгамжтай ханддагийг дахин харж болж байна. Энэхүү ялгамжтай стандартаа түмний нүдэнд ил асуудалд ийнхүү айж эмээлгүй баримталж байгаа юм чинь нүднээс далд нийгмийн эмзэг хэсэгт ямар түвшинд очиж хэрэгжүүлдгийг төсөөлөхөд ч бэрх байна. Энэ бол гэхдээ мөсөн уулын зөвхөн оройн хэсэг. Доошилбол нөгөө нэг өөр стандартынхаа ачаар сул чөлөөтэй яваа хэдэн тэрбумаар төрийг хохироогчид, албан тушаалд ахин шигдэцгээсэн авилгач, ЖДҮ-чид,тендерчид, дарга ангийнхан багшралдаж
байгаа. Худал мэдээлэл тараасан төдийд Эрүүгийн хэргээр шийтгүүлдэг, өнчин ишиг хулгайлсан ч шорон явдаг болсон хэмээн сайрхах эрх баригчдийн үнэн нүүр царай энэ бөлгөө. ”Талх хулгайлвал шоронд, Төмөр зам хулгайлвал парламентад” гэж тэртээх 150 гаруй жилийн өмнө Марк Твений хэлсэн үгийн агуулга Монголд өнөөдөөр. Утгаараа хэрэгжиж байгаа. Дүйцүүлж бодвол бид бусад орноос хэдэн ч жилээр хоцроод байгаа юм, бүү мэдээ!
Зүрх зориг гарган ил гарч, төр, засгийн болохгүй бүтэхгүйтэй тайван замаар тэмцсэн залуусыг бусдыг айлгах, мохоох төрийн “үзүүлэн” болгож байгааг харахад харамсаад ч барахгүй. Гэхдээ энэ “үзүүлэн” нь ихэд хэврэгээс гадна зорилгынхоо эсрэгээр олон түмний жигшил зэвүүцлийг улам ихээр өдөөж байх бий дээ.Нэгэнт эхэлсэн үйл, тэмцлээсээ ухрахгүйг зорих нь зөв боловч нэгэнт алдсан эрүүл мэндийг нөхөхөд бас хэцүү.....
Нэгэн цагт жамаараа жагссан олон түмнээ ашиглаж Ерөнхийлөгч болох гараагаа эхлүүлсэн эрхэм Ерөнхийлөгч маань Гажуудсан ч гэсэн ардчилсан дэглэмийг амь оруулж байсан жагсагчдаа эргэн нэгэн харж, шударга ёсыг тогтоон, хууль бүгдэд тэгш үйлчилдэг нэг л стандартыг мөрдүүлэх яаралтай шаардлагатай байна. Гоё чамин үгтэй сонгуулийн амлалтууд нь эрх баригч МАН-ын хувьд худал байсан нь тодорхой болсон чЕрөнхийлөгчийн хувьд үнэн байсан эсэхийг харах л үлдлээ. Эс бөгөөс нийтлэлийн эхэнд бичсэний дагуу бүх зүйл, үзүүлэлтээрээ ЭП (F) авч, тэр чинээгээрээ олон улсад нэр хүндгүй болж, ядаж байхад яр гэгчийн юм болох бий дээ!! Эрх баригчид No double standarts-ын эсрэг төрийн төмөр нүүрээ харуулах тусам асуудал улам хүндэрнэ.
Жудагийн Баярмаа
2021.10.29
Хандаа(Америкаас)