МАН-ын ээлжит бус Бага хурал хуралдаж, АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах тухай тогтоол баталснаас хойш зургаа хоног өнгөрөв. АН Засгийн газраас хөөгдөх болсон шалтгаан нь МАН-ын Бага хурлын гишүүдийн тодорхойлсноор “УИХ дахь АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд гэрээ зөрчсөн” буюу Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагад гарын үсэг зурсан явдал байлаа. Өмнө хэлсэнчлэн хамтарсан Засгийн газрын гэрээнд УИХ-ын нэг ч гишүүн гарын үсэг зураагүй, мөн гэрээгээр гишүүдэд ямар нэг үүрэг хүлээлгээгүй. Тиймээс АН-ын дарга Л.Гантөмөр МАН-ын Бага хурлын энэ шийдвэрийг “гүтгэлэг” хэмээн нэрлэв. Гэсэн хэдий ч нэгэнт Засгийн газарт урьсан нам нь “айлд гийчин ирэх ирэх сайхан, явах бүр сайхан” гэдэг шийдвэр гаргасан учир түүнд эргэж буцах зам байхгүй. Тиймээс хамтарсан Засгийн газар огцорч байгаад хамтын хариуцлага хүлээж, намын даргаа өгнө гэдгээ мэдэгдсэн.

Харин хамтралын нөгөө тал болох МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бага хурлын индэр дээрээс зарласан “огцрох” өргөдлөө өгдөггүй ээ. Өргөдлөө нэг мөр өгчихвөл уг нь ажил явчих гээд байдаг. Парламент өргөдлийг нь хүлээж аваад, Ерөнхий сайдыг чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчийг томилоод дараачийн Засгийн газрыг байгуулах ажилдаа орох ёстой. Гэвч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийм чөлөө өгөхгүй нь бололтой.

Өргөдлөө өгөхгүй гэдийсэн шалтгааныг өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр янз бүрээр тайлбарлав. Эхлээд Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг эчнээгээр тодруулав, тэднийх нь эсрэг бөөн дургүйцэл. Дараа нь Ерөнхий сайд тахимаа өгөхийн тулд өөрийн үеэл Х.Нямбаатарыг дараачийн Ерөнхий сайдад зүтгүүлж, мөн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хамтдаа зурах, өөрийн хүмүүсийг томилуулахаар нам дотроо наймаалцаж яваа тухай мэдээ гарав. Үнэн, худал нь тодорхойгүй. Ерөнхий сайд өргөдлөө өгч, парламентаар асуудлаа шийдүүлсний дараа тодорхой болно.

Харин биднийг ийнхүү “чулуу хөөж” явах зуурт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “хөзрийн ноён”-ыг бараг л зарлачих шиг боллоо. УИХ дахь АН-ын бүлгээс “Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахгүй” гэдэг шаардлагаар АН-ын 42 гишүүн гарын үсэг цуглуулсан тухай мэдэгджээ. Энэ үг нь хэдхэн хоногийн өмнө “Үндсэн хуулийг өөрчлөхгүй, Ерөнхийлөгч энэ байр суурь дээрээ байгаа” гэж мэдэгдсэн Ерөнхийлөгчийн институц, ЕТГ-ын мэдэгдлийн шууд эсрэг чиглэж байгааг ойлгох биз. Товчхондоо Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийг дахин сонгодог болох, эсвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр одоогийн Ерөнхийлөгчийг “уснаас хуурай гаргах” хоёр замын голд МАН-ын гол тохиролцоо явж байгаа гэдгийг Х.Тэмүүжин гишүүн тов тодорхой хэлжээ. Үүгээр Л.Оюун-Эрдэнийн ч гэсэн эрх ашиг хамгаалагдана.

Хамгийн түрүүнд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгөх үү, үгүй юу? Өглөө гэхэд түүний нэр дээр явагдаж байгаа хуулийн байгууллагын ажиллагааг яаж дуусгах вэ? Гэх мэтчилэн. Товчхон хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн өргөдлөө өгөхгүй удсанаар гэрийн зовлонгоо намын зовлон, намын зовлонгоо төрийн зовлон болгож дууслаа. Бүр Монгол Улс парламентын засаглалтай байх эсэх тухай заналхийлэл яригдаж байна.

Х.Тэмүүжиний үгний үзүүрт өлгөгдсөн өөр нэг асуудал бол УИХ-ын нэгдүгээр тойрогт болох нөхөн сонгууль. Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг авилгын гэмт хэрэгт буруутган шүүхээс ял оноосон. Уг асуудлаар Дээд шүүх шийдвэрээ гаргачихсан учраас бид өнөөдөр түүний гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй. Гэвч “гэмт хэрэг үйлдсэн” талаар шүүхийн тогтоол гарчихаад байхад энэ хүн өнөөдрийг хүртэл УИХ-ын танхимд сууж байгаа нь өөрөө оньсого. Тэгвэл энэ үүд хаалга хэнд зориулагдсан талаар гишүүн Х.Тэмүүжин өөрийн хувилбарыг дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших МАН-ын дараачийн хүн парламентын гадна байна гэж.

Энэ бол 2024 оны сонгуульд тус тойргоос нэр дэвшээд ялагдсан УИХ-ын дарга асан, одоогийн ЕТГ-ын газрын дарга Г.Занданшатарын тухай юм. Бүр шүүхийн шийдвэр гарсны дараачаас эхлээд орон гарсан тойрогт МАН-аас хэн нэр дэвших тухай төлөг, таамгууд явж ирсэн. Хамгийн түрүүнд нэр нь гозойсон нэр бол Г.Занданшатар.

Тэгэхээр энэ бол “Үндсэн хуулийг өөрчлөх”-ийн нөгөө талд зогсч байгаа “одоогийн Ерөнхийлөгчийг ухахгүй байх” зохицуулалтын нэг хэсэг юм. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийг дахин сонгодог болчихвол манайх шууд Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүний дарангуйлал руу явна гэсэн үг. Тиймээс ч унаж буй талаас “Оюун-Эрдэнэ огцорвол тогтолцооны өөрчлөлт рүү явна шүү” гэдэг сүрдүүлгийг маш хүчтэй хийж байна. Ерөнхий сайдыг огцруулах нь чухал биш, парламентын тогтолцоогоо хамгаалж үлдэх нь чухал шүү гэж.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн зовлонг МАН-ын зовлон, МАН-ын зовлонг төрийн зовлон болгохгүйн тулд хамтарсан Засгийн газраас хөөгдсөн АН-ын 42 гишүүн гарын үсэг зураад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Тэгж байж МАН дотор үүсээд байгаа энэ “хар нүх”-ийг битүүлэх, парламентын тогтолцоогоо хамгаалж үлдэх боломжтой болно. МАН гэрээгээ зөрчиж, АН-ыг засгаас хөөх шийдвэр гаргаснаар Хамтарсан Засгийн газрын потенциаль нэгэнт дууссан. Удсаныг хожсонд тооцдоггүй.

inews.mn