Дэлхийн түүхэнд нэр нь үлдсэн олон тулалдаан байдаг. Нэн эртний алдартай нь МЭӨ 490 онд болсон Марафоны тулалдаан. Энэ тулалдаанаар Персийн довтолгооныг герегчүүд зогсоож чадсан юм. Алдаршсан гол шалтгаан нь персүүд ирж явааг нэгэн цэрэг 42 километр 195 метр гүйж ирж мэдэгдээд нас барсан гэсэн домогтой. Одоо энэ зайд марафончид гүйдэг. Хамгийн сүүлчийн аугаа тулалдаан бол хэдэн сараар үргэлжилж олон хүний аминд хүрсэн Сталинградын алдарт тулалдаан билээ. Алдартай тулалдаануудыг цэргийн түүхчид янз бүрээр жагсаадаг ч дээрх хоёроос гадна арабуудын цөмрөлтийг зогсоосон 732 оны Поитирийн тулалдаан, Испаний Армадыг бут ниргэсэн 1588 оны тэнгисийн тулалдаан, 1709 оны Швед Оросын Полтавын тулалдаан, 1815 оны алдарт Ватэрлоогийн тулалдаан, Америк-Японы Мидвэйн тулалдаан зэргийг заавал нэрлэдэг амой.
   
Нүүдэлчдийн хийсэн хэдэн том тулалдаан түүхэнд нэрлэгддэг. Баруун Ромын цэргүүд 451 онд Атиллагийн Хүн нартай Каталаний хөндийд тулалджээ. Үүгээр бараг бүх Европыг эзлэх гээд байсан хүн нарын довтолгоог зогсоосон гэдэг. 1242 онд Нoрман Долтшийн нэгдсэн цэрэгтэй Бат хааны монголчууд байлдсан нь цэргийн шинжлэх ухаан судлаачдын анхаардаг нэг тулалдаан. Европчуудын огт мэдэхгүй техникийг тэнд монголчууд анх удаа үзүүлсэн гэдэг.
   
Маш их алдартай боловч нэн олон оньсого агуулсан тулалдаан 1223 оны 5 дугаар сарын 31-нд Калка голд болжээ. Он сар нь тодорхой, оролцон талууд нь мэдэгдэж байгаа мөртөө яг хаана болсон нь мэдэгддэггүй. Нэг талаас алдарт жанжин Зэв, Сүвээдэй нарын удирдсан монгол цэрэг, нөгөө талаас Орос-Половецийн нэгдсэн хүчин байлджээ. Цэргийн тоог янз бүр хэлдэг ч ихэнх нь монголчууд 20 мянгуулаа, орос-половуцчүүд 100 орчим мянгуулаа байсан бололтой. Цөөхөн монголчууд өөрөөсөө олон дахин их хүчийг ердөө гурав хоногийн дотор эд бадыг нь хөтөлж бүрэн ялалт байгуулсан гэх.
   
Хамгийн сонирхолтой нь Калка гол хаана байсныг одоо болтол яг таг тодорхойлж чадаагүй л явна. Ихэнх нь үүнийг өнөөгийн Украины Донецк мужид гэж заах юм. Донецк бол өдгөө Украины салан тусгаарлагчдыг үүр овоохой болж байгаагаараа илүү алдаршиж байх шиг.
   
Монголчууд Сартуулыг түйвээж Үргэнч хотыг эзэлсний дараа шах Мухамэт Каспийн тэнгисийн тийш зугтжээ. Өст дайснаа дарахаар араас нь нь Зэв, Сүвээдэй нар хөөв. Тэгэж явахдаа тэд Кавказ орж, Иранд жаал цохиулчихаад, уулнаас бууж ирэхдээ половецүүдийн эзэмшдэг талд ороод ирсэн гэнэ. Половецүүд сандран оросуудаас тусламж гуйж. Монголчууд гэж ямар аймшигтай мундаг байлдаанчид болохыг дуулаагүй Киевийн Мстислав хаан “Намайг Киевт байгаа цагт Дунай эрэгт татаарын сэлэм үзэгдэх ёсгүй” гэж томорсон юм биз дээ.
   
Судлаачид 800 жилийн турш Калкагийн тулалдааныг сонирхон, бодит зураглалыг нь гаргах гэж хөөцөлдлөө. Тэндний гаргасан зураглал, түүхэн баримт сэлт, дүгнэлт хоорондоо хэтэрхий зөрөөтэй. Тухайн үеийн үлдээсэн баримт бичиг нь тэр болгон үнэмшилтэй биш. Дундат зууны үеийн үлдээсэн баримт гол төлөв өөрсдийгөө өмөөрсөн, дайсныхаа хүч чадлын хэт даваадуулсан байдаг ба дараа үеийн түүхчид болохоор үүнийг нь хуулан үнэн мэтээр үргэлжлүүлсэн нь нэн их. Монголчуудын байлдан дагуулалтыг тухайн үедээ хамгийн соёл боловсролтой гэгдэж байсан араб, персийн түүхчид бичиж үлдээсэн байдаг. Олон үеийн судлаачид үүнийг нь шүүрч аван улам баталгаажуулсан. Гэтэл орчин үеийн шинжлэх ухаанжсан судлаачдын нүдээр харахад олон баримт логик болон эрүүл ухаантай зөрчилдөх нь нэн элбэг. Наад захын жишээ гэхэд Хүлэгү хаан Багдадыг эзлээд 800 мянган хүн алсан хэмээн араб эх сурвалжид тэмдэглэжээ. Тэр үеийн хүн ам зүйн судалгаатай мөргөлдүүлэхэд энэ нь даан ч бололцоогүй тоо. Бат хаан Рязань, Владимирыг эзлээд хүүрэн овоо болгосон гэж орос эх сурвалж мэдээлдэг. Гэтэл эдгээр хотууд тус болгондоо 15-20 мянган оршин суугчтай байжээ. 10 мянган оршин суугчтай асан Краков Бат хааны довтолсон цэргээс ч цөөхүүл байж. Киев 50 мянган хүнтэй байсан нь одоогийнхоор манай нэг аймгийн төв л гэсэн үг. Хоёрдугаарт тухайн үйл явдлыг тэмдэглэн үлдээсэн баримтууд хоорондоо маш зөрөөтэй байх нь тун элбэг тул алинд нь итгэх итгэхгүй нь нэлээд үзэмжийн хэрэг болдог юм.
   
Гадаадын, ялангуяа Оросын судлаачид үе үеийн турш Калкагийн тулалдааныг тодруулахаар ажилласаар ирсэн. Гэвч эцсийн дүгнэлт, нэгдсэн зураглал гаргаж чадаагүй л явна. Монголын эрдэмтэдийн зүгээс энэ талаар тухайлан судалгаа хийсэн нь үгүй. Харин залуу судлаач А.Ариунболд энэ талаар олон жил сонирхон, өмнөх үеийн олон судлаач эрдэмтэдийн бүтээлийг үзэж, тухайн цагийн үлдсэн баримт бичгийг цуглуулсаар өөрийн гэх үнэлэмж, дүгнэлтийг буй болгожээ. Дагнан сонирхож судалсан бүтээлээ олонд дэлгэж буй түүнд юутай ч баяр хүргэх хэрэгтэй. Энэ алдарт тулалдааны тухай монгол хүний хийсэн анхны судалгаа бүтээл энэ юм.

2016.5.10