Гайхамшигт бодисууд
Бодис бидэнд ямар чухал болохыг хүний нийгмийн он тооллыг хэрхэн нэрлэснээс харж болно: Чулуун зэвсэг, Хүрэл зэвсэг, Төмөр зэвсгийн үе. Шинэ тутам материалууд хүний нийгмийн шинэ эрин үеийг дуудаж ирсэн байх нь.
Гайхамшигт бодисууд
Доорх зурагт би байшингийнхаа дээвэр дээр цайлан сууна. Сүртэй зураг биш л дээ. Гэвч сайн ажиглавал хүний нийгмийг бүтээлцсэн маш олон төрлийн бодисыг олж харна. Бодис хамгийн чухал нь. Зурагт харагдах бетон, шил, даавуу, металл хийгээд бусад бүх материалыг байхгүй гэж төсөөлбөл би хов хоосон газар шалдан нүцгэн чичрээд л суух байсан даа. Хүн төрөлхтөн өөрсдийгөө нийгэмшсэн, соёлтой гэж хэлэх дуртай ч үнэндээ бидний нийгмийг бодис бүтээсэн юм шүү дээ. Эдгээр материал байгаагүй бол бид зэрлэг амьтантай адил байгаль дэлхийд захирагдаж амьдрах байсан. Хүн хувцас, байшин, хот болоод бусад эд юмсын хүчинд хүн болдог. Хүн эд юмстай харьцаж, хэрэглэж дадаж, түүнийгээ хэл ярианыхаа хүчээр амь оруулдаг (энэ бүхэн ялангуяа гамшиг тохиолдсоны дараа илт тодорч харагддаг). Материаллаг ертөнц хүн төрөлхтний бүтээсэн технологи, соёлын үр дүн мөн авч мөн бидний салшгүй нэгэн хэсэг болжээ. Хүн хэдийгээр материалуудыг нээж илрүүлж, боловсруулсан ч, бодис эргээд хүнийг хүн байлгах үүрэгтэй болжээ.
Бодис бидэнд ямар чухал болохыг хүний нийгмийн он тооллыг хэрхэн нэрлэснээс харж болно: Чулуун зэвсэг, Хүрэл зэвсэг, Төмөр зэвсгийн үе. Шинэ тутам материалууд хүний нийгмийн шинэ эрин үеийг дуудаж ирсэн байх нь. Ган XIX зууныг тэр чигт нь эзэмдэж, ухаан цэлгэр инженерүүд гүүр, төмөр зам, уурын хөдөлгүүр, зорчигч тээврийн усан онгоц зэрэг санаандаа орсноо урлан бүтээх болов. Аугаа инженер Изамбард Кингдом Брунэл ертөнцийн нүүр царайг гангаар өөрчилж орчин үеийг угтан авлаа. Материал судлал улам боловсронгуй хөгжиж компьютерын чип, мэдээллийн технологийн хувьсгалаас шалтгаалан XX зууныг цахиурын эрин үе ч гэж нэрлэх болов.
Энэхүү номыг хүний ертөнцийг бүтээгч бодис материалтай танилцаж ойлгохыг хүссэн, эд хэдийгээр хүний гараар бүтсэн ч эргээд бидний амьдралын салшгүй хэсэг болж хүний нийгмийн илэрхийлэл болох тухай сонирхсон хүн бүрд зориулав. Эргэн тойрон хаашаа ч харсан танил материалууд байх ч, хүмүүс эдний тухай даанч бага мэдэх юм даа. Өдөр тутмын амьдралд уусан шингэсэн эдгээр бодисыг гаднаас нь харахад хэн ч дотор нь юу болж байгааг сайн мэдэхгүй
Би харин бодисыг судалж шинжлэх дуртай. Яагаад гэдгийг номоос уншиж сонирхоно уу. Хүний ертөнцийг бүрдүүлэгч материалын тухай бичмээр байвал хаанаас ч хамаагүй эхэлж болно. Тиймээс би байшингийнхаа дээвэр дээр авхуулсан зургийг сонгон авч түүн дээр буусан арван төрлийн бодисын тусламжтайгаар хүний гараар бүтсэн ертөнцийг тайлбарлан бичихийг хичээлээ. Бодис бүрийн нээлт нь хүний ямар гээч хүсэл эрмэлзлийн үр дүн байсан, шинжлэх ухааны суурь нь юу байв, үйл явц хэрхэн өрнөсөн, технологийн ямар ололт нөлөөлсөн, бидэнд ямар ашиг тустай вэ гэдгийг мөн авч үзнэ.
Материал хоорондын ялгаа нь яг л хүмүүстэй адил, гадаргуу дээрээ ил биш харин гүнд нь нуугдана. Харин энэ гүн рүү шинжлэх ухааны томруулдаг шилээр өнгийж харвал нууцыг нь тайлж чадна даа. Тиймээс энгийн нүдээр харах хэмжээснээс хальж материалын дотоод мөн чанар луу өнгийвөл зарим бодис яагаад үнэртэй байхад зарим нь үнэргүй, зарим бодис олон мянган жилийг ажралгүй давдаг байхад зарим нь наранд гарав уу үгүй юу бутран задарч ганддаг, дарсны хундага амархан хагардаг байхад зарим шил сум нэвтэрдэггүй бат бөх байдгийн учрыг тайлах болно.