2020 оныг улираая!

-фельетон-

Нэг. Илүү жилтэй зуун

Бидний 2020 оныг “Ковид-19” юу ч биш болголоо. “Токиогийн 2020” олимп “Токио 2021” болж таарав. Япон хүнийг хүртэл амнаас нь буцааж, худлаа хэлүүлнэ гэж юу гэсэн үг вэ, таминь? Дэлхий дахины хувь заяаг G7 шийддэг байсан бол одоо C19-ийн гарт шилжиж байна.

    Харин тийн, харинтийн тавиад хамаг баярыг маань оромдуулчихлаа. Хулгана жилийн цагаан сар, Март, Цэргийн баяр, аягүй бол “4 сарын 1”... хоолой зангираад цаашаа тоолж чадахгүйнэ ээ... “Нэгэнт өнгөрсөн баяруудаа санахаар хүрэл зүрх байтугаа хүрэл сүх ч хайлна

...Уучлаарай, энэ толбыг арччихаад цааш нь уншаарай. Корона вирус нулимсаар дамждаггүй юм шиг байна лээ. Эмч нар нусаа нийж, найтааж байгаа хүнээс болгоомжлоорой гэсэн атлаа уйлж байгаа хүний талаар юм хэлээгүйг бодоход.

   Гэвч “Зовлонгийн араас жаргал дагана, Зомбигийн араас муми гэтнэ” гэгчээр бидэнд энэ бүхнийг туулах сэтгэлийн тэнхээ байгаа. “Асуудлын ард шийдэл явдаг, авгайн ард үглэлт дагадаг” ч гэж манайхан ярьдаг. 

    Иймээс алдагдсан баяр, цүүлсдсэн нийллэг,пад харласан паари-гаа нөхөх сайхан санаа надад байна.

     Хойтонг дахиад 2020 он болгох санал. XXI зууны 20 оныг хоёр дараалан тоолно гэсэн үг. Илүү сартай зун гэдэг шиг “илүү жилтэй зуун” гэсэн үг. Хоёрдугаар сар нь 29 хоногтой өндөр жилийн адил 20 он нь хоёр давхарласан “өндөр зуун” байж болно гэсэн санаа. 

     Коронагаас болж алдсан цаг боломжийг ингэж л нөхнө. Яахав дээ, Дорнын тоололд зарим өдрүүд давхцаж, эсвэл дундаасаа бүлтэрч алга болдог шиг зүйл. Илүү жилтэй зуун байж яагаад болохгүй гэж. 

    Бас, муу сурвал анги улираадаг байсантай зүйрлэж ч болно. Хүн төрөлхтөн “Ковид-19”-ийн “он дэвших шалгалт”-д ташраараа унаад анги улирсан гээд бодчихьё! 

    Календариа тэгшитгэхийн тулд 2021 оныг хасаад 2020 оныхаа араас 2023 оныг залгуулж болж байна. Энэ санааг манай ерөнхийлөгч дэмжиж таарна. Жил нь алгасагдчихаар тэр үед болох учиртай Ерөнхийлөгчийн сонгууль ч юу яаж таардаг юм байгаа биз дээ.

    Зарим хүн энэ саналыг буруушааж “цаг хугацааг ухрааж болохгүй” хэмээн эсэргүүцэж харагдана. 2020 оныг улираах санал нь цаг хугацааг ухраасан хэрэг огоот биш. Харин “Цаг хугацааны суналтын онол”-ын жишээ. Орон зайд цаг хугацаа эрзээн шиг сунадаг, бас агшдаг, мултарвал харвадаг тухай шинэ онол. Сүүлийн үед, хэтэрхий сунгаснаас болж мулт үсэрч, чавхдсан цаг хугацаа огторгуйг цоо цохисноос “хар нүх үүссэн” гэх таамаглал гарсан байдгийг сануулах юун. Багадаа дүрсгүйтэж, чавхаар айлын цонх хага харваж байсан хүүхдүүдийг “Тухайн огторгуйд хар нүх үүсгэж байсан хэрэг” хэмээн тэр профессор үзсэн байдаг.

   Цаг хугацааны суналтын онолыг энгүүнээр “турсикний онол” гэх нь ч бий. Профессорууд энэ онолыг тайлбарлахдаа, оюутнуудын турсикний эрзээн дээр жишээ авдаг байснаас үүдэж тэгсэнбайна.

     2020-ийг дахихаас үүдэн нас сүүдрээ хэрхэн тоолох тал дээр маргаан гарч байна. Энэ хэцүү юм биш. Манайхан “хий настайгаа төд” хэмээн хэлдэг аргыг хэрэглээд “Календариар бол тийм, хий настайгаа бол ийм” гээд хоёр нас хэлж болно. Ер нь манай орон дэлхийн анхны “албан ёсны хоёр давхар настай улс” болоод Гиннесийн номд орохыг хэн байг гэх вэ? 

    Эсвэл энэ жил хүрсэн насаа хоёр улираан хэрэглэж ч болох. Ухаандаа, бүсгүй та гуч хүрэлгүй гацаад, хоёр жил дараалан 29 настай байвал гоё уу?

    Ер нь бол би “Хүн бүр өөрийн таалагдсан насаа сонгож хэрэглэх эрхтэй” гэж үздэг болохоо энэ дашрамд илэрхийлье. Юмыг яаж мэдэх вэ, намайг гишүүн болгочихвол “Иргэн бүр өөрийн насыг сонгох эрх”-ийг хуульчилна гэж боддог. Та иргэний паспортон дээр хүссэн насаа тэмдэглүүлээд л болно гэсэн үг. 

   Хэрвээ, 2020 оныг улираах саналыг НҮБ дэмжвэл Токиогийн олимп ч хойтон, гэхдээ товлосон 2020 ондоо багтаж болно. Гол нь Монголчууд бид хулгана жилийнхээ цагаан сар, маарт, цэргийн баяр, Балинтойн бүгдийг нь нөхөөд хийчихнэ. Хулгана жил гэснээс энэ жаран маань “хулгана давхцсан жаран” болох гээд байна. Давхцах ч яахав, жаран маань 61 жилтэй байж таарахгүй учраас нэг жилийг дундаас нь “аних” хэрэг гарч байна. Зуд турхан чинь мичин жилд голдуу таардаг бил үү, айн?

Хоёр. Асуумж ба хариуламж

   Ерийн үед хүмүүс асуултад хариулдаг байсан бол Онцгой байдлын үед бид “асуумж” бөглөх хэрэг гарч байна. Захирамж, санамж гэдэг шиг эрх мэдэл шингэсэн асуулт. Асуумж бол онцгой байдалд орсон асуулт юм. Асуумжид жирийн байдлаар хариулахын оронд “хариуламж” үйлдэх учиртай. 

    Тээврийн товчоон дээр цагдаа зогсоогоод “асуулт” тавибал зүгээр л шалгаж байгаа хэрэг. Харин “асуумж” гаргаад ирвэл Онцгой байдал гарчээ гэсэн үг. Цаашдаа, цагдаагийнхан Онцгой байдлын мэндчилгээтэй болоод “Амрамжийг эрье” гэдэг болох юм гэсэн. Хэрвээ, цагдаа нь ингэж мэндэлбэл та “халуурамж бий эсэх”, “хэнтэй нэгдүгээр зэргийн хавьтамж болсон” зэргээ сэргээн санах хэрэг гарна.

   Монгол судлаачид ч гэсэн “мж” хоёр үсгийг цаашид “Онцгой байдлыг гийгүүлэгч” нэрээр монгол хэлний дүрэмд оруулж, жийрэглэж орсон эгшгийг гээхгүй бичин “Зөв бичлэгийн хүндэтгэл” үзүүлэх болсон гэдэг. Цаашдаа, сурах бичигт “Эгшигт долоо”, “Заримдаг ес”, “Онцгойн хоёр” гэхчлэн орно. Ер нь бол Онцгой байдлын үед хууль үйлчлэх үү, хуулимж хэрэгжих үү гэдгийг ч бодох цаг болжээ.

    Улмаар, “Онцгой байдлын гийгүүлэгч”-ийг Онцгой байдал тогтоосон үед, нэр үгүүдэд нэмж оруулж байх болжээ. Жишээлэхэд, Тэргүүн шадар сайдыг “Тэргүүмж Шадарамж сайдамж” гэхчлэн. Харин хүнийх нь нэрийг хэрхэх эсэх дээр тодорхойгүй. Хэрвээ чингэвэл, манай хэнийг Энхтүвшимж гэх болж байна. 

  Харин, “Эрүүл мэндийн яамамж” гэх үү, “Эрүүлэмж, мэндэмжийн яам” гэвэл зүгээр үү гэдгээ хараахан шийдээгүй байгаа ажээ.

   Өдгөө 11 цагт хийдэг мэдээллээ цаашид “мэдээлэмж” болгохыг үгүйсгэхгүй гэнэ. 

   “Онцгой гийгүүлэгчийн үе”-д үед янз бүрийн сонин явдламжих гарч байна. Манай тусгаарлах байрамжид байгаа зарим хүн зохимжгүй авирламж гаргасан мэдээлэл их гарч байна. Зарим нь хооломжиндоо голомж үзүүлсэн ч гэх шиг. Идэмжээ голоод зогсоогүй өгсөн талхыг нь эмчийнхээ нүүрэмж рүү шидэмж хийсэн ч гэх шиг. Бас мөөгтэй хооломж өглөө гээд уйламж үйлдсэн явдал ч гарчээ.

   Бүүр “ийм оромжин дээр унтамж хийхгүй” гээд загнамжилсан ч дуулдав. Эмч нар нь хөөрхий “ Та нар ямар, зочломж хийж байгаа биш дээ” гэсэн тайлбарламж хийсэн гэнэ. 

    Тусгаарлалтаас гарсан нэг этгээд гэртээ цэвэр усаар уумж хийхийн оронд архи хэрэглэж, согтомж үзүүлсэн ноцтой зөрчил гарчээ. Ингэмж хийж яаж болох билээ, таминь!

31.03.2020