ХОЁР:

Тэгээд язгуурын охин Самукчаяа Бурхан багшид дахин айлтгав. 

Ариун санваарт Ялж төгс.нөгчсөн Бурхан багшаа. Энэ газарт Жваланан-таратежорожа тэргүүтэй нэг түмэн тэнгэрийг хөвгүүд байна. Эд нар урьд өмнө хэзээ боловч зургаан чанадад хичээсэнгүй. Бодьсадва-гийн явдалд хичээгээгүй. Урьд цагт эд нар бие эрхтэн, эхнэр хүүхэд байгаа бүхнийгээ орхин Бурханы номд шамдсангүй.Эд бурхад, хамаг амьтаны тусын тулд алт, мөнгө элдэв олон тахил юмс өргөөгүй. 

Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Гэтэл олон буман бодьсадва нар Ялж төгс нөгчсөн бурхадтэд олон олон мянга, түм, буман жилийн тэртээгээс эхлэн элдэв олон тахил эд сэдийг өргөсөн байдаг. Тэд өөрт буй бодитой бүхнээ өргөж чанадад хүргэх зургааг ёсчлон гүйцээсэн байдаг. Чанадад хүргэх зургааг ёсчлон гүйцээж хэмээнэ орчлонгийн олон амьтад амгаланг олох учиртай билээ.

Бурхан багшаа. Гэтэл ямар ямар учир шалтгаанаар Жваланан-таратежорожа тэргүүтэй нэг түмэн тэнгэрийн хөвүүд Бурхан багш таны номыг сонсоно хэмээн энд байгаа учрыг хэлж өгнө үү? хэмээн давтан айлтгав.


ГУРАВ:

Ялж төгс нөгчсөн Бурхан багш бээр язгуурын охин тэнгэр бодьсадва Самукчаяа-д зарлиглав. 

Язгуурын охин тэнгэрээ. Жваланан-тратежоража тэргүүтэй нэг түмэн тэнгэрийн хөвүүд дээд Алтангэрэлт ном сонсохоор гучин гурван тэнгэрийн орноос энд ирсэн. Тэдний буяны ёзоор нь ариун байна.

Язгуурын охин тэнгэрээ. Тэд нар дээд Алтангэрэлт судар үүнийг сонсож мэдээд машид сүшиглэсэн. Тэд сонссон тэр даруйдаа баясал бишрэлийг олсон.

Энэ мэт. Тэд нар биндэрья мэт ариун сэтгэл, огторгуй адил уужим их бишрэлийг олсон билээ. Энэ мэт. Тэд нар буяны цогцсыг асар ихээр хураажээ. 

Язгуурын охин тэнгэрээ. Жваланан-тратежорожа тэргүүтэй эдгээр тэнгэрийн хөвгүүд. Тэд нар урьд урьдын ерөөлийн хүчинд, өнөөдөр дээр үгүй, үнэнхүү төгссөн бодь-д эш бошгийг үзүүлсэн хэмээн Ялж төгс нөгчсөн Бурхан багш зарлиглав.

Жич: Энэ бүлэгт Алтангэрэлт энэ судрыг хэрхэн яаж сонсох, унших харах, болон, хэрхэн яаж шүтэж хүлээж авах учир явдал болбоос. Урьд урдын үйлдсэн буяны ерөөлөөс харгалздаг тухай номлосон байдаг.


ӨВЧИН БҮГДИЙГ МАШИД АМИРЛУУЛАН ҮЙЛДСЭН ХЭМЭЭХ БҮЛЭГ.

ХОРИН ДӨРӨВ ДҮГЭЭР БҮЛЭГ.

НЭГ:

Бурхан багш зарлиглав.

Язгуурын Хөвүүд, язгуурын охид оо. 

Урьдын ерөөл. Энэ мэт байдаг.

Эрт урьд өнгөрсөн тэр нэгэн цагт түүнчлэн заларсан, дайснаа дарсан, дээр үгүй, тэнгэр болоод хүмүүний багш Ялж төгс нөгчсөн их багш Бурхан Радна-шикхин /Их эрдэнийн үснэрт/ энэ ертөнцөд заларсан. 

Язгуурын хөвүүд, Язгуурын охидоо. Тэр нэг цагт Радна-шикхин Бурхан гаслангаас огоорч нөгчсөн. Тэр цагт дээдийн ном доройтож ёс төдий болох тэр үед Сурешвара-прабха /Тэнгэрийн эрхэт баялгийн гэрэл/ гэдэг нэртэй нэгэн хаан байсан. Тэр хаан аливаа амьтан бүхнийг номоор тэтгэгч хаан байсан. Тэр үед Сурешвара-прабха хааны улсад Жатимдара /Шанхийг баригч/ хэмээгч нэгэн мэргэн оточ байсан. Жатимдара оточ тэрбээр номд мэргэн Жавалахана /Ус буулгагч/ гэдэг хүүтэй байсан. Тэр цагт Сурешвара хааны улсад аюулт өвчин тахал олноор дэлгэрч амьтан хүн олноор өвчлөн, тэд тэсэшгүй хатуу их зовлонг эдлэх болов. 

Язгуурын хөвүүд, язгуурын охидоо. 

Тэр хүнд бэрх цаг үед Жавалахана тэрбээр "Миний эцэг оточ эмч хүн билээ. Тэр нас сүүдэр өндөр болсон. Тийм учраас. Би өөрөө анагаахын эрдэмд суралцсугай. Би улс орноороо хэсэн явсугай. Элдэв муу олон өвчнөөр энэлэн шаналах олон хүмүүст тусыг хүргэсүгэй" хэмээн зориглон шийдэв. Тэгээд Жавалахана тэр хүү өөрийн эцэг мэргэн оточ Жатимдара-гийн өлмийд мөргөн суугаад шүлэг үүнийг өгүүлсэн билээ.


Ямар мэтээр эрхтэн эврэх вэ?

Яагаад махбод нь хямарч хувирна вэ?

Аль цаг үед амьтдын бие махбодод

Өвчний язгуур гарч болох вэ?

Цаг ба цаг бусын идээг идсэнээр өвдвөл

Цаашид хэрхэн өвчнийг илааршуулах вэ?

Алин бие махбодын дотор үлдвэл

Бие махбодод хорлол үл болох вэ?

Хийнээс болсон, шараас болсон

Хурснаас болсон, бадганаас болсон

Тэдгээр өвчнийг амирлуулахын тулд

Ямар аргаар анагаан засах вэ?

Хүний биед хорлол болох

Хий аль цагт хөдлөх вэ?

Ямар цагт шар хөдлөх вэ?

Бадгана ямар цагт хөдлөх вэ?


Мэргэн оточ Жатимдара өөрийн хүү Жавалахана-д эдгээр шүлэг номлолоор бие махбодын оронд мэргэшин үзүүлэхийг нэн үзүүлсэн байдал. 


Гурван сар нь зун, гурван сар нь намар

Гурав нь өвөл бөгөөд гурав нь хавар байдаг билээ.

Тэр мэт сарын дарааллаар зургаан цаг

Нэгэн жилд арван хоёр сар байдаг.

Гурав гурваараа улиралд хуваагддаг

Хоёр хоёроор цаг болохыг үзүүлсэн.

Идээ, ундаа нь тэр мэт шингэх болно

Эмч, махбод, цагийг ч бас үзүүлсэн.

Эрхтэн ба махбодууд бүгд нь

Нэг жилийн доторх улирал улирлаар урвана.

Эрхтнүүд нь чанх урван өөрчлөгдөх үед

Элдэв өвчин амьтдын биед гарна.

Энд эмч бээр гурван сараар дөрвөн

Улиралд хуваах ба зургаан цагуудад

Зургаан махбодод мэргэжихийг мэдэж үйлд.

Зоог, ундаа, эмүүд дэс дараачлан

Хий ихэдсэн өвчин нь зуны цагт босно

Харин намар орой болохуйд шар хөдөлнө

Өвлийн цагт хурмал өвчин арвидна.

Бадгана арвидсан өвчин хавар цагт босно

Зуны цагт тослог, илчлэг, давслаг ба исгэлэн

Намар цагт амтлаг, тослог, сэрүүн төдий

Өвлийн цагт амтлаг, тослог, исгэлэн төдий

Хаврын цагт халуун, ширүүн амт

Бадгана ихдэх нь идсэн даруй босно.

Шар ихдэх нь шингэхийн үед босно

Хий ихдэх нь шингэсэн даруйд босно

Гурван махбод хөдлөх нь тэр мэт билээ.

Хийн өвчнийг шимт зүйлээр арилгаж үйлдэнэ

Хурмал нь гурвууланг хүч төгөлдөр ахуйд

Бадганы үе бууваас бөөлжих эмийг өг

Хий ихдэх хийгээд шар, хурмал болон

Бадгана ихдэхийн үесийг мэдэж үйлд.

Ямар цагт ямар махбод бие нь ямар байгаа

Түүний эм хийгээд идээ ундааг таацуулж үйлд.

Жатимдара хүү анагаахын ухаанд ихэд мэргэшив. Аюурведийн найман гишүүн бүгдэд мэргэшив. Тэгээд тэр хүү улс орноороо "Би эмч хүн. Би эмч хүн. Би бүгдийг эмчлэх болно. Би өвчин зовлонд нэрвэгдсэн ард олноо өвчин эмгэгээс ангижруулах болно" хэмээн андгайлан явсан. Өвчин үгүй болсон.

Язгуурын хөвүүдээ. Язгуурын охидоо.

Жавалахана нэртэй тэр хүүгийн ачаар өвчинд нэрвэгдэж, өвдөж шаналсан түм буман хүн амьтан өвчнөөсөө салж, урд урдын адил хүч чадал, оюун ухаан төгөлдөр болсон. Өвчин үгүй болсон билээ хэмээн Бурхан багш зарлиглав.

Жич: Энэ бүлэгт хүмүүний өвчин эмгэгийн холын болон ойрын шалтгааны тухай өгүүлсэн байдаг.