ЖАВАЛАХАНА-ИЙН НОМХРУУЛСАН ЗАГАСНЫ УРЬДЫН ЦАДИГ ХЭМЭЭХ БҮЛЭГ.

ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ.

НЭГ:

Бурхан багш зарлиглав.

Язгуурийн хөвүүд. Язгуурын охидоо. Жавалахана хичээн чармайж зүтгэсэнээр

Сурешвара-прабха хааны нутагт өвчин зовлон амирлав. Тэр хүү өглөг өгч буян номыг үйлдэх болов. Амьтан бүхэн бүгдээрээ "Жавалахана мандах болтугай. Ялах болтугай" хэмээн ерөөх болов. Эмийн хаан өвчнийг анагаагч, илтэд бодьсадва, аюурведийн найман гишүүн бүгдийг мэдэгч хэмээн түүнийг өргөмжлөх болсон билээ.

Язгуурын хөвүүд. Язгуурын охидоо.

Жавалахана тэр Жаламбу-гарба гэдэг эхнэртэй. Тэр эхнэр хоёр хүү төрүүлсэн байдаг. Нэг хүүгийн нэр нь Жаламбара гэдэг бөгөөд нөгөө нэг хүүг нь Жалагарба гэдэг байлаа. Тэр нэг удаа Жавалахана хоёр хүүгийнхээ хамтдаа хот тосгон, ус гол, уул модоор аялан явав. Тэгэж яваад тэр нэгэн хадан хавцалт цөөрөмийн зүгт чоно, нохой, шувуу махан идэшт амьтад гүйн одохийг тэд харлаа. "Юуны учир эд зэрлэг амьтад энэ нэг цөөрөм рүү гүйх билээ?" хэмээн Жавалахана бодоод хавцлын дундах тэр цөөрөм дээр ирлээ.

Тиймээ. Тэр цөөрөмд нэг түмэн загас.байдаг ажээ. Тэр олон загаснууд цөөрөмийн уснаас гарч үхэл хагацалын зовлонд унасныг тэр гурав харав. Тэд машид их харамсан нигүүсэх сэтгэлд автсан ажээ. Жавалахана ойролцоо модон дээр суух нэгэн охин тэнгэрийг олж харлаа. Тэр охин тэнгэр "Сайн болой." "Ус буулгач /Жавалахана та эдгээр олон загаснуудад ус буулгаж өгөгтүн. Яагаад гэвээс. Та энэ утгыг агуулсан нэртэй. Та нарын нэг нь ус буулгагч, нөгөө нь ус өгөгч нэртэй билээ. Тийм учраас. Та нар өөр өөрсдийнхээ нэртэй зохилдсон үйлийг даруй түргэн хийгтүн хэмээн өгүүлэв.

Язгуурын хөвүүд. Язгуурын охидоо.

Тэр үед тэр цөөрмийн ус ширгэж, цөөрмийн ёроолд багахан ус үлдсэн байлаа. Тэд зүг зүгрүү гүйвч тусыг эс олов. Тэр хөөрхийлэлтэй түмэн загаснууд Жавалахана тэд хаашаа гүйнэ тэр зүгт харцгаана. Тэндээс холгүй том том моднууд байхыг Жавалахана олж харав. Тэр моднуудаар тэр гурав маш том сүүдрэвч барив. 

Язгуурын хөвүүд. Язгуурын охидоо.

Тэр цөөрөмд Жалагама /Усыг буулгагч/ гэдэг их мөрний ус буудаг байлаа. Тэр цагт нэгэн хилэнц ихт муу амьтан бээр тэр түмэн загасыг хөнөөх муу бодлоор мөрний усыг хаасан байв. Жавалахана үүнийг үзэж мэдээд яаран очиж Сурешвара хаанд бараалхав. Тэрбээр хааны өлмийд мөргөв. "Их хаантаан. Дээдэс таны таалалын газарт нэг түмэн загас цөөрмийн уснаас хагацаад, үхэж үрэгдэн зовж шаналаж байхыг би үзлээ. Адгуусны төрөлт тэдэнд бас амь насаа хайрлах сэтгэл байдаг билээ. Тийм учраас. Тэнгэр дээдэс минь. Та тэдгээр амьтадын амийг аврах тусыг хичээн болгоож хорин их заан надад өгөхийг хүснэм" хэмээн айлтгалаа. Хаан түүнд хорин их заан өгөхийг албат зарц нартаа тушаав.

ХОЁР:

Тэгээд Жавалахана хорин их заан, нэг зуун ширэн тулам аваад цөөрмийн зүг буцлаа. Жавалахана хоёр хүүгийнхээ хамт Жалагама их хүрхрээнээс ус авч, цөөрмийн дөрвөн талаас нь усаа юүлэн хийв. Цөөрмийг усаар дүүргэн явах аяст түмэн загаснууд түүнийг даган сэлэх ажээ. Жавалахана учрыг төдөлгүй ойлгов. Тэр загаснууд өлсөхийн эрхэнд биднийг даган хуйлран сэлцгээх ажээ хэмээн тэр бодлоо. “Хоол өгч үйлдье” хэмээгээд өөрийн хүү Жарамбара-д тэр ийн өгүүлэв. Хүү минь. Чи гэртээ үтэр түргэн оч. Өвгөн ааваасаа гуй. Аяа өвөг эцэг минь. Олон амьтаны амийг аврах хэрэгтэй боллоо. Энэ гэрт хамаарах бүх хүмүүс ах эгч, зарц шивэгчин бүгдээс нь өлсөж зовж буй загасанд өгөх хоол авч ир хэмээн эцэг минь хэллээ. Үйлдэгтүн хэмээн гуйж байна гэж эцэг минь танд хэлүүллээ хэмээн хэлэв.

Тэгээд тэр хүү эцгийн захиасыг гүйцээн үйлдээд хадан хавцалын тэр цөөрөмд ирэв. Жавалахана эцэг нь ихэд баясав. Түүний авч ирсэн идээ будааг бүгдийг цөөрөмд цацав. Түмэн загас ингэж өлсгөлөнгөөс аврагдсан билээ. Түмэн загас цэнгэн жаргав.

Жавалахана бодлоо. “Урьд тэр нэгэн цагт нэгэн хийдэд ном айлтгагч гэлэнгээс би ингэж сонссон. Үхэх тэр цагт хэн боловч түүнчлэн заларсан бурхан Радна-шикхин бурханы алдрыг сонсох төдийд өндөр язгуурт төрдөг” хэмээн би сонссон билээ. Түүнчлэн заларсан Бурхан Радна-шикхин тэрбээр урьд тэр цагт бодьсадва-гийн явдалд хичээх тэр үедээ арван зүгт хэнд боловч үхэх тэр мөчид нь миний нэрийг сонсгох хэрэгтэй. Тэд бүгд гучин гурван тэнгэрийн оронд хувь тэнцүү төрөх болно хэмээх ерөөлийг талбисан байдаг. Тийм учраас. Би хөөрхий энэ загаснуудад шүтэн барилдлагын гүн гүнзгий номыг номлоё. Түүнчлэн заларсан, дайснаа дарсан, үнэнхүү төгссөн Радна-шикхин бурханы алдарыг эдэнд дуурсгаж сонсгомой” гэж бодоод хоёр хөлөө цөөрмийн усанд дүрээд суулаа. Тэгээд “Ялж төгс нөгчсөн, дайснаа дарсан, түүнчлэн заларсан үнэнхүү төгссөн Бурхан Радна-шикхин танд сөгдөн мөргөмү” хэмээн тухайлан өгүүлэв. Жавалахана тэрбээр адгуусны төрөлд төрсөн.тэр загаснуудад ном үүнийг номлов. "Энэ мэт буюу. Энэ байх аваас. Тэр гарна. Энэ төрвөөс. Тэр бас төрнө. Энэ мэт. Мунхаг ухааны шалтгаанаар хуран үйлдэгч, хуран үйлдсэний шалтгаанаар тийн мэдэл төрнө. Тийн мэдлийн шалтгаанаар нэр дүрс, нэр дүрсийн шалтгаанаар зургаан төрөл түгэх болно. Зургаан төрөл түгэхүйн шалтгаанаар хүрэлцэхзй, хүрэлцэхүйн шалтгаанаар мэдрэхүй төрнө.

ГУРАВ:

Мэдрэхүйн шалтгаанаар шунал, шуналын шалтгаанаар авахуй. Авахуйн шалтгаанаар сансар, сансарын шалтгаанаар төрөл төрдөг. Төрлийн шалтгаанаар хөгшрөх, үхэх, гаслал, харуусал, зовлон болон амгалан үгүй сэтгэл, хямрал зэрэг олон муу юмс төрдөг. Энэ мэт. Зовлонгийн их цогц бүрэлдэж бий болдог. Харин хэрвээ чи мунхаг үйлийг хааж барьж чадах аваас. Тэр бүгд хуран үйлдэгчид хаагдах болно. Тэр мэт. Зовлонгийн их цогц хаагдана” хэмээн номлосон.

Язгуурын хөвүүд. Язгуурын охидоо.

Жавалхана тэрбээр адгуусны төрөлд төрсөн тэдгээр загаснуудад ном төгөлдөр эдгээр үгсийг өгүүлээд өөрийн хоёр хүүгийн хамт гэртээ буцаж ирсэн билээ хэмээн Бурхан багш зарлиглав.