1989 оны 6-р сарын 4-нд Польшид анхны чөлөөт сонгууль боллоо. Коммунист оронд болсон анхны чөлөөт сонгууль. Ерөөсөө коммунист ертөнцийн бүхий л түүхэнд шүү дээ. Бас чөлөөтэй гэж хэлэхэд ч хэцүү. Учир нь парламентийн дээд танхимын тал суудлыг коммунистууд эхнээс нь өөрсөддөө авчихаад өрсөлдөөнийг өөрийн намын дотор л явуулахаар тохиролцсон байв. Өөрөөр хэлбэл нэг тал явганаар, нөгөө тал машинтайгаар уралдахаар болжээ. Өнөөгийн нүдээр харахад дэндүү шудрага бус мэт боловч тухайн үедээ коммунизмын дарангуйлалд байсан ертөнцөд энэ нь аугаа том дэвшил байлаа. Ялагдчихлаа. Хэн гээч, машинтай уралдсан хэд явган гүйсэндээ сүнсгүй туулгах нь тэр. Хүчийрхэлэл дээр тогтож байсан нийгэм ард түмний хүсэл зоригийг асуусан хамгийн анхны сонгуульд л нам тавиулах нь тэр. Ийнхүү энэ өдрийг коммунизм мөхсний баяр болгон тэмдэглэх болжээ. Полшид энэ баярыг дуулиантай тэмдэглэлээ. Валенса, Хавэл нар гол баатрууд нь. Жагсагчид болон дэмжигчид Валенсагийн алдартай сахлыг дуурайн хиймэл живэр уруулдаа наацгаажээ. Баярт Европын бараг бүх удирдагчид ирж. Польшууд анхдагч нь байсан. Тэд энэ амжилтанд хүрэхийн тулд 10 жил зогсолтгүй тэмцэлдсэн. Солидарность үйлдвэрчний эвлэлд нийт 14 сая ажиллагсадын 10 сая нь хамрагдаж коммунизмд эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Түүнээс надна польш ажилчин, оюутан, сэхээтнүүд нийгмийн энэ бурангуй дарангуйллыг эсэргүүцэж 1956, 1968, 1970 онуудад удаа дараа бослого гарган тэмцэж байсан. Нэг бус нь цусаар будагдсан.

Иймээс 1989 оны тэр өдрийг дэлхий даяар амьсгал даран харж байлаа. Ялангуяа нийгмийн ижил нөхцөлд дарлагдаж байсан сая сая хүний хувьд энэ сонгуулийн дүн цаашдын хувь заяаг нь тодорхойлох ач холбогдолтой байсан юм. Коммунизм нь дийлдэшгүй мангас биш юм байна, ард түмэн санаа зоригоо нэгтгэн тэмцвэл амархан ялагдах цаасан бар юм гэдгийг энэхүү түүхэн сонгууль дэлхий даяар харууллаа. Ердөө хэдхэн сарын дараа Унгарт коммунист засаглалыг эцэс болгов. 10-р сард Прагад бослого гаран 17 хүний амиар дэглэмийг түлхэн унаглаа. Гайхалтай нь дэглэмийнхээ 40 жилийн ойг тэмдэглэх гэсэн оролдлого нь Зүүн Германыг байхгүй болгосноор үл барам коммунизмыг ертөнцөөс тусгаарлаж байсан Берлиний хана нуран уналаа. Ингэж гэж ямар ч өөдрөг үзэлтэн арай зүүдлээгүй байх. Ийм хурдан уу? Дараа нь Румынд аймаар юм болсон доо. Харгис дэглэм өөрийгөө аврах гэж цусан далай үйсэн. Зүүн Европт болсон их хувьсгал Монголд шууд л нөлөөлсөн. 1989 оны 12-р сарын 10-нд Улаанбаатарт анхны эсэргүүцлийн цуглаан боллоо. Өнөөдөр цөөхөн хүн санадаг болохоос үүнээс хэд хоногийн өмнө Ховдод, бас Эрдэнэтэд цуглаан жагсаал болж тэр байтугай Улс төрийн товчоог огцрохыг шаардаж байжээ. Юутай ч манай нийгмийн байгууламж, зарчмыг тэр чигээр нь өөрслөх аугаа хувьсгал ингэж гараагаа авсан юм. Энэ онд монголчууд ч эрх чөлөөгөө олсны 20 жилийн ойг тэмдэглэнэ. Хийвэл хийсэн шиг хийчихгүй зориг зүрх алдан эргэж буцаж хойш урагшаагаа холхисоор байтал хүний бүтэн үе өнгөрчээ. 20 жил гэдэг аугаа том хугацаа шүү. 1989 оны 6-р сарын 4-нд буюу Польшид коммунист ертөнцийн анхны чөлөөт сонгууль болж байхад ертөнцийн нөгөө өнцөгт аймшигт цусан намаг буй болж байлаа. Хятадын чөлөөлөх армийн танкууд Тянь Аньминий талбай руу “довтлон” эрх чөлөө хүссэн гар хоосон оюутнуудыг бяцалж эхлэв.


Бээжингийн албан ёсны тоогоор 300 хүрэхгүй хүн алагдсан гэдэг авч өрнөдийн эх сурвалж хамгийн багаар бодоход гурван мянган хүн үрэгдсэн гэж үздэг юм билээ. Зүүн Герман байгуулагдсаны 40 жилийн ойд ирсэн Горбачёвыг берлинчүүд “Горби, бидэнд туслаач” гэсэн уриатайгаар угтаж улмаар Берлиний ханыг нураасан. Түүний перестройка, гласность нь коммунизмын дарлалд байгаа сая сая хүнд шинэ итгэл найдвар, эрх чөлөөний мэдрэмж өгсөн юм. Хятад оюутнууд ч Горбачёвт ихээхэн найдлага тавьж, түүний Бээжинд хийх айлчлалыг угтан төв талбай дээрээ суулт зохион байгуулжээ. Тэд мөн л 1956 оны унгарууд шиг, 1968 оны чехууд шиг коммунизмыг засаж сайжруулан “хүний нүүртэй” болгож болно гэж бодож байсан хэрэг. Үр дүн нь яг л дээрх тохиолдлуудтай нэгэн адил цус нулимсаар өндөрлөсөн юм. Энэ нийгэм зөвхөн хүчирхийлэл дээр тогтоно, ард түмний санал хүслээр бол тогтох бололцоогүй гэдгийг польшууд 1989 оны тэр зун сүүлчийн удаа баталсан. Нийгмийн ийм загвар анх буй болохдоо л уг нь үүнийг баталсан юм. 1917 онд Октябрийн эргэлтийн дөнгөж дараа Петрградад болсон сонгууль үүнийг хөдөлбөргүй нотолсон. 2009 оны 6 дугаар сар 8