Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох болзлоо хангалаа
Айлын зуух онгичиж, бичлэг цацсан Байгаль орчны сайдыг огцруулсан. Иргэдээ “улны” гэж нэрлээд Нийгэм хамгааллын сайд нь огцорсон. Нүүрсний хулгайд холбогдоод Т.Аюурсайхан огцорсон. Одоо Онцгой байдлын сайд нь агентлагийн даргатайгаа нь огцрох болзлоо хангачихлаа. Л.Оюун-Эрдэнэ өөрөө хэзээ огцрох вэ?
Манай төрд, өөрөөр хэлбэл төрийн эрх мэдлийг атгаж байгаа этгээдүүдэд ажлын хариуцлага, албан тушаалын болон мэргэжлийн ёс зүй гэдэг юм "түй" ч байхгүй юм байна. Тэр байтугай наад захын хүнлэг сэтгэл гэх зүйл байхгүй болсныг хоёр хоногийн өмнө болсон гамшигт осол бүрнээ харууллаа. Ялангуяа өчигдөр хуралдсан УОК-ийн хуралдааны үеэр зарим нэг албан тушаалтнуудын хэлсэн үг, биеэ авч явж байгаа байдал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох цаг болсныг ойлгуулав.
Хамгийн түрүүнд гурвын гурван алба хаагчийнхаа амиар тахил өргөчихсөн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Галыг унтраахад тактикийн алдаа гараагүй, гэнэтийн осол байсан" гэсэн нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулав. Ослоор амиа алдсан алба хаагчид, биеийнх нь 80-95 хувь түлэгдэж, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа иргэдийн ар гэрийнхэнд яаж тусах тухай яриад ч хэрэггүй. Хэрвээ гал унтраах ажиллагаанд тактикийн алдаа гараагүй юм бол яагаад гурвын гурван гал сөнөөгч амиа алдав? Ёмкост 40 метр газарт шидэгдсэн золгүй осол өмнө нь Монголд гарч байгаагүй. "Ёмкостод хий болон шатахуун зэрэг тэсэрч дэлбэрэх ачааачиж яваад бид мэдээгүй” гэдэг нь өөрийгөө өмгөөлөх шалтгаан мөн үү? Хэн тэр хүнд мэдүүлэх ёстой байсан юм бэ. Мэдэх ёстой үүрэг нь өөрт нь байгаа биш үү.
"Монголд урьд өмнө ийм осол гарч байгаагүй” гэдэг нь Онцгойгийн даргын өөрийгөө өмгөөлөх, зөвтгөх шалтгаан мөн үү? Хотоор дүүрэн газ, шатахуун түгээх цэг байхад, хувийн компаниуд тэдгээр цэгүүд рүү өдөр шөнөгүй тээвэрлэлт хийж байхад хэрэв ийм хэмжээний осол болбол ямар арга хэмжээ авах вэ? Аврагчид, алба хаагчдынхаа аюулгүй байдлыг яаж хамгаалж, ямархуу тусгай техник ашиглаж, яаж аврах хамгаалах ажиллагаа явуулах вэ?" гэдэг бэлтгэлийг аль хэдийн хангасан, сургалт, дадлага хийгдсэн, урьдчилан сэргийлсэн байх ёстой биз дээ. Гэтэл шатаж байгаа барилга руу гарах өндрийн шат ч байхгүй, гал унтраах тусгай техник хэрэгсэл нь байхгүй, зүгээр л "аз нь мэдэг" гээд аврагчдаа улаан гал руу түлхэж байгаа Онцгойгийн даргаас бид өөр юу хүлээх ёстой вэ? Томилогдоод хоёр, гуравхан жил болсон ч биш, 2015 оноос хойш 9-10 жил энэ байгууллагыг удирдаж байгаа хүн шүү дээ. Мэргэжлийн бус, энгийн хүн биш шүү дээ.
“Онцгой байлын албаны тусгай техник хэрэгсэл улсын хэмжээнд 57 хувь, Улаанбаатар хотод 55 хувьтай, аврагч, гал сөнөөгчдийн нэг бүрийн хэрэгсэл 38 хувьтай, дөрвөн алба хаагч дундаа нэг усанд шумбах хувцастай” гэдэг тайланг сонсохын тулд (осол гарч дэлбэрэлт болоод өч төчнөөн хүний ам үрэгдээд, эрүүл мэндээрээ хохироод, орон гэргүй болчихсоны дараа шүү дээ) сонсохын тулд л энэ хүнийг томилсон хэрэг үү? Жилийн жилд улсын төсөв хэлэлцдэг, салбарынхаа төсвийг оруулж ирдэг байхад энэ хүн юу хийж, юу бодож явсан бэ?
Хоёрдугаарт, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Амарсайханы “Өнгөрсөн олон арван жилийн эмх замбараагүй, стандартгүй байдлаас болж энэ осол гарлаа” гэдэг үг. Ядахдаа нэг нь ч гэсэн өөр дээрээ бурууг авдаггүй, хашиж байгаа албан тушаалын чиг үүрэгтээ тэнцэж, тохирч байна уу, үгүй юу гэдгээ дэнсэлж чаддаггүй. Асуудлыг хэзээ ч одоо цаг дээр ярьдаггүй, дандаа өнгөрсөн цаг дээр ярьдаг. Эсвэл "ингэнэ, тэгнэ" гэж ирээдүй цаг дээр ярьдаг, худлаа хошгоруулдаг. Өмнөх “олон арван жилд” нь замбараагүй явсан байдаг байлаа гэхэд ажил хариуцсан хугацаандаа яагаад тэр стандартаа, дүрэм журмаа баримтлаагүй, сайжруулаагүй, засаж залруулаагүй юм бэ? Яагаад "Ийм ийм стандарт байх ёстой, байсан, байгаа, үүнийг ингэж ингэж зөрчсөн байна, үүнээс болоод галын осол, дэлбэрэлт гарлаа" гээд тов тодорхой хэлчихэж чадахгүй, тойруулаад, зайлуулаад байгаа юм бэ? Энэ хүн ер нь салбараа мэддэг хүн юм уу? Яриад байгаа стандарт, шаардлага, дүрэм журмынхаа талаар ямар нэг ойлголт, мэдлэг, мэдээлэл толгойд нь байгаа юм уу?.
Гуравдугаарт, хотын дарга Х.Нямбаатар байна. Сонгинын сонгогчдын итгэж өгсөн мандатыг хог дээр чулуудчихаад, хууль зүйн салбарыг самарч дуусаад хот руу бууж ирсэн хүн. Х.Нямбаатарыг хотын даргаар иргэд сонгоогүй, МАН сонгосон, МАН-ын дарга томилсон нь үнэн. (Харьцуулахад, Сумьяабазар нь ядаж сонгуулиар гарч ирсэн юм шүү дээ, нийслэлийн сонгуульд намаа ялуулсан) Ажил аваад гурван сар хагас болж байна.
Хотын даргаар томилогдсон цагаасаа л 2024 оны сонгуулийн тухай ярьж эхэлсэн. "Би нийслэлд нэр дэвшинэ" гэсэн. Улсаараа эрчим хүчний хязгаарлалтад орчихсон байхад Улаанбаатар хотыг метротой болгоно гэж донгоссон. Ам нь тэнгэрт, ажилнь газарт явдаг нөхөр. Нийслэлчүүд энэ хүнээс нэг их юм нэхээгүй. Метро энэ тэр бүр яриагүй. Автобус хүлээж хөлдмөөргүй байна, мөсөн зам дээр хальтарч үхмээргүй байна, утаагүй түлшинд чинь угаартаж үхмээргүй байна л гэсэн. Гэтэл зам дээрээ цацах давсаа хүчрэхгүй, цасаа цэвэрлэх машингүй, хотоороо мөсөн гулгуур дээгүүр гүйлдэж, халтирч, гулгаад, хүүхэд хөгшидгүй хөл, гараа хугалаад, гэмтлийн эмнэлгийг дүүргэж байхад мань хүн метро яриад, гадаадаар айлчлаад. Өмнө нь гэмтлийн эмнэлгийг согтуучууд нь осгоод, залуучууд зодолдоод дүүргэдэг байсан бол өнөөдөр хальтирч унаад хөл гараа хугалсан, сүүжээ хэмхэлсэн хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшдөөр дүүрсэн. Хөл, гар нь хугарсан хүнд эмнэлэгт багтах зай байхгүй, үзүүлж байгаа ганц тусламж нь гипсдээд гэрт нь хариулах.
Х.Нямбаатарын хотын дарга болоод хийсэн ганц ажил нь ердөө автомашиныг тэгш, сондгойгоор явуулдаг болсон. Нийслэлд бүртгэлтэй автомашины тэн хагас нь л зам дээр гарч байгаа. Тэгсэн хэдий ч түгжрэлтэй, халтиргаа, гулгаатай, утаа тортогтой хэвээрээ. Хот тохижуулахынхан яасан бэ? гэхээр “Дүүрэг рүү нь шилжүүлсэн, тэндээс асуу” гэдэг ганц үгтэй. Тэрийгээ өөрөө ч хэлэхгүй, хэвлэлийн төлөөлөгч нь дамжуулдаг. Бүр даргынхаа өмнөөс уучлалт гуйна. Сүүлдээ Х.Нямбаатар, Н.Сугар хоёрын аль нь хотын дарга вэ гэдгийг ч мэдэхээ больсон. Д.Сумьяабазар нь байхдаа арай ч ийм байгаагүй, байлгаагүй.
Сүүлд автобусны шинэ маршрут гаргаад амралтын хоёр өдөр нийслэлийнхнийг зам дээр хөлдөөсөн. Хоёрхон хоногийн дараа шийдвэрээ цуцалж, чиглэлүүдийг өөрчилсөн ч автобусууд нь ирдэггүй. Хувийнхаа машинаар явахыг нь хориглочихсон мөртлөө автобус нь байхгүй. 60 тонн газ ачсан машин хот дотор дэлбэрчихээд байхад хотын даргын бараа ч байхгүй.
Энэ бүх хариуцлагыг зангидах ёстой, үүрэх ёстой өөр нэг хүн бий. Тэр бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. 2019 оны МАН “Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээнэ шүү, “шүд сугалах” замаар сайд нарыг огцруулахгүй шүү. Алдаа гаргавал Ерөнхий сайд нь хариуцлага хүлээнэ, танхимаараа огцорно шүү” гэж хэлээд Үндсэн хуулиа өөрчилсөн. Ерөнхий сайд бүх эрх мэдлийг авсан. Энэ бол “Томилсон хүмүүсийнхээ өмнөөс би хариуцлага хүлээнэ ээ” гэсэн амлалт юм. Ковидын жил УОК-ийнхон хүүхэдтэй эмэгтэйг тавчиктай нь эмнэлгээс зөөсний төлөө У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаас буугаа биз дээ. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноос хойш хэдэн сайд огцорсон бэ?
Айлын гэрт дайрч ороод зуухыг онгичиж бичлэг хийсэн Байгаль орчны сайдыг огцруулсан. Иргэдээ “улны” гэж нэрлээд Нийгэм хамгааллын сайд нь огцорсон. Нүүрсний хулгайд холбогдоод Т.Аюурсайхан огцорсон. Одоо Онцгой байдлын сайд нь агентлагийн даргатайгаа нь огцрох болзлоо хангачихлаа. Л.Оюун-Эрдэнэ өөрөө хэзээ огцрох вэ?
Хэн ч билээ нэг нь, хэзээ ч билээ “Бид нэг юм үзнэ” гэж бичиж байсан. Нэг бус удаа бичсэн Нийслэлчүүд лав үзэх ёстойгоо үзээд дуусч байх шиг байна. Өнгөрсөн зуны үер усны гамшиг, өнөөдрийн энэ гал түймрийн аюул. Одоо газар хөдөлбөл хотоороо сүйрлээ. Тэрийг ч гэсэн хүлээх ёстой юу?
Өчигдөр хуралдсан УОК-ийн хурал дээр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Нийслэлийн 13 сургуулийн 200 метрийн радиус дотор 16 ШТС, газ түгээх цэг байна” гэж ярьсан. Өнөөдөр өглөө энэ асуудлаар УОК тусгай ажлын хэсэг гаргасан гэнэ. Атал энэ асуудлаар бүр жилийн өмнө, өнгөрөгч оны гуравдугаар сард холбогдох яамдад нь шаардлага хүргүүлж байсан юм байна. Хэрэв өчигдөр, уржигдар ийм дэлбэрэлт болоогүй, хүний амь нас олноороо эрсдээгүй бол сөхөж ярих ч үгүй байсан юм байна. Одоо ирж энэ осол гамшигт ШТС-ууд буруутай болж байх шиг байна. Ийм болгосон төрийн байгууллага, албан тушаалтнууд, газрын наймаачид нь ямар ч хариуцлага хүлээхгүй юм байна. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн огцорч байж энэ асуудал шийдэгдэх юм шиг байна.
Манайхаас өөр, арай нэг соёлжсон, иргэншсэн улсад бол ийм хэмжээний осол, гамшиг тохиосны дараа Онцгой байдлын сайдаас түрүүлээд хотын дарга нь, Ерөнхий сайд нь гарч ирээд мэдэгдэл хийдэг, иргэдээ тайвшруулж, гамшигтай тэмцэж байгаа алба хаагчдаа сэтгэл санаагаар дэмжиж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлдэг. Атал хэн нь ч царайгаа харуулсангүй. Тэрнийх нь төлөө ч болов энэ хоёр хүнийг огцруулах хангалттай үндэслэл байна.
зочин
Иргэн
Оноч
Зочин
Зочин
Уншлаа
1990
гомбожав
Хулгайч дарга саыдууд
zochin
галбадрах
Элбэгдорж
Ард
Ц.Эрдэнэбат
Зочин
иргэн
Зочин
Зочин
Зочин