ДРАДА /БАТ ЭХ/ ГАЗРЫН ОХИН ТЭНГЭРИЙН БҮЛЭГ ХЭМЭЭХ 

АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ.

НЭГ:

Тэр цагт охин тэнгэр Драда Бурхан багшид айлтгав. 

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Дээд Алтангэрэлт судар хаана оршино би тэнд орших болно. Би биеэ нууцлана. Би үл харагдах болно. Ном номлох ширээний доор би оршоод, номыг номлогч гэлэн түүний хөлийг би түшиж үйлдэнэ. Тэр цагт ном номлогч гэлэн болон ном сонсож буй олон нөхөд тэд бүгдээрээ номын аршааны шим түүгээр цэнгэх болно. Тэд бүгдээрээ машид баясан хүндлэл үйлдэнэ. 

Тэр цагт цөөрөм цэцэрлэгүүд элдэв олон ургамал мод, цэцэг навчисаар дүүрэх болно. Байгаль машид үзэсгэлэн төгөлдөр болно. Амьтан бүгд амтат идээ ундаа бүгдийг хүртэж нас урт, хүч чадал төгс, үзэсгэлэн гоо төгөлдөр болох болно. Тэд тэр газарт сайн үйл үйлдэх болно. Тэд хичээх болно. Тэд шамдах болно. Хүчит их үйлүүдийг тэд үйлдэх болно.

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Замбуу тивийн амьтан бүгд амгалан, аз жаргалтай сайхан байх болно. Дээд Алтангэрэлт ном сонссон, уншсан, барьсан, түгээсэн амьтан бүхэн сүр жавхлан, эрдэм ном, хүч чадал, өнгө зүс төгөлдөр болно. Дээд Алтангэрэлт энэ номыг номлогч гэлэн гэлэнмаа, гэнэн гэнэнмаа нар номын ширээний дээд суудалд залрах болно. Тийнхүү дээд Алтангэрэлт энэ судар номыг хамаг амьтаны тусын тулд хэмээн үнэнхүү буян номын сэтгэлээр тэд нар номлож үйлдэнэ. Тэр цагт газрын охин тэнгэр би болон миний нөхөд машид их сүр жавхлан төгс төгөлдөр болно. Бид хүч чадал төгс болно Бид бүгдээрээ үзэсгэлэн төгс болно.

Ариун санвэарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Газрын охин тэнгэр би энэ номын аршааны хүч юугаар цэнгэх билээ. Би эрдэм чадал, хичээнгүй хийгээд тэсвэр.тэвчээр, сэтгэлийн их хүчийг тэндээс олох болно. Тэгээд би газар дэлхийг шим баялгаар нэн их аривжуулах болно хэмээн Бурхан багшид айлтгав.


ХОЁР:

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Алтангэрэлт судрыг шүтсэн амьтан бүхэн төгс сайн эдлэл элдэв олон янзыг эдлэнэ. Тэд уужим агуу их болно. Газрын охин тэнгэр би тэр бүгдээс амсах болно. Газарт шүтсэн бүхэн. Энэ мэт. Газраас гарсан эд эдлэл бүгдийг эдлэж хэрэглэх болно. 

Бурхан багшаа. Эдгээр амьтан бүгд миний ачийг дурсах болно. Амьтан бүхэн бүгдээрээ дээдийн энэ судрыг дээдлэн хүндлэж, сонсож, өргөмжлөн үйлдэх учиртай билээ. Дээдийн номыг сонсохдоо ном номлогч гэлэнгийн хажууд нь очиж сонсох учиртай. Судар номыг сонсож үйлдээд хот, тосгон, гэртээ буцаж очоод "Би дээд Алтангэрэлт хэмээх их номын дууг сонслоо. Ингэснээр би санаанд багтамгүй их буяны үйлийг үйлдлээ. Би энэ их судрын хүчинд, түүний авралд багтсанаар. Амьтны там, адгуусны төрөл, эрлэгийн ертөнц болон бирдийн орны зовлонгоос ангижрах болно. Би энэ их номыг сонссон буянаар ирээдүй цагт олон төрөлдөө тэнгэр ба хүний төрлийг олох болно" хэмээн үг хэлэлцэх хэрэгтэй. Энэ номын нэг үлгэрийг хэлэлцэх, нэг бүлэг, нэг бадаг шүлэг аль эсхүл бурхад бодьсадва-гийн нэрийг олон амьтанд сонсгох хэрэгтэй. Ялж төгс нөгчсөн Бурхан багш болон дээд Алтангэрэлт номыг нэг нэгэндээ өгүүлэх буюу түүнийг түүх болгон ярих хэрэгтэй. Машид их сүр жавхлан төгөлдөр болно. Элдэв олон эд зүйлс ихэд арвижин дэлгэрэх болно. Амьтан бүхэн өглөгийн буянд дурлах болно. Түүний хүч буянаар амьтан бүхэн чухаг гурван эрдэнэ-д[1] ихэд бишрэн сүшиглэх болно. Үүнээс дээд өглөг буян гэдэг үгүй билээ хэмээн газрын охин тэнгэр Драда Бурхан багшид айлтгав. ...


ГУРАВ:

Ялж төгс нөгчсөн Бурхан багш газрын охин тэнгэр Драд-д зарлиглав. 

Газрын охин тэнгэрээ. Алтангэрэлт судар үүнээс адаглаад ганц удаа сонсож, ганц удаа бишрэн шүтэх хэрэгтэй. Тэр хүн тэнгэр язгуурт эсвэл хүний төрөлд төрөх болно. Дээд Алтангэрэлт судар үүнийг тахих аваас. Түүний орших орон газрыг сайтар цэвэрлэж чимэглэн бэлдэх хэрэгтэй. Адаглаад шүхэр нэг, дауз нэгийг бэлдэж ам даавуугаар бүтээж үйлдэх хэрэгтэй. Тэр газар орон нь хүсэл бүтээгч долоон язгууртан нарт долоон тэнгэрийн их эрдэнийн чимэгт орд харш адил үзэгдэх болно. Тэгэж бишрэн шүтэж тахиж үйлдэх аваас. Судар ном номлогч, номыг баригч, ном сонсогч хэн боловч тэнгэрийн эрдэнийн долоон орд харш бүрт долоо долоон удаа төрөх болно. Тэд нар тэнгэрийн амгаланг эдлэх болно хэмээн Бурхан багш зарлиглав. 

Бурхан багшид охин тэнгэр Шри айлтгав.

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Тэр цагт би ном номлогч гэлэнгийн номын ширээний доор нь орших болно.

Олон буман бурхадад буяны үндэсийг үүсгэгч амьтан бүгдийн тусын тулд дээд Алтангэрэлт судар замбуу тивд өнө удаан орших билээ. Тэр үл доройтох болно. Амьтан бүхэн энэ номыг шүтэн биширч сонсох болно. Түүнчлэн заларсан бурхад бүхэнтэй уулзах билээ. Тэд бүгдээрээ амгаланг аз жаргалыг амсаж эдлэх болно. Тэд нар ирээдүй цагт бодь-д гэгээрэх болно. Тэд амьтаны там, адгуусны төрөл болоод эрлэгийн ертөнцийн зовлонгоос ангижрах болно. Номыг үйлдэгч гэлэн тэрбээр тэд бүгдийг багтаан номыг айлтгах билээ хэмээн Бурхан багш зарлиглав. ... 

Товчлон хүргэв


ДӨРӨВ:

Газрын охин тэнгэр Драда Бурхан багшид айлтгав. 

Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшаа. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу хэн боловч алт эрдэнэс үнэт эдлэл хүсэх аваас. Аль эсхүл. Гадна дотнын дайсан үгүй байхыг хүсэх аваас. Урт нас, удаан жаргалыг хүсэх аваас. Тэд аглаг ариун газарт угаал үйлдээд шинэ сайхан хувцас өмсөна. Тэгээд дүрва өвсөнд чандарласан лагшингийн өмнө эсхүл чандарт сувраганд идээ хүнс зоогоор тахил өргөнө. Тэгээд хаан од тохиосон өдөр шинийн найманд тарни үүнийг тоолж Драда газрын охин тэнгэр намайг урин залах хэрэгтэй. Тарни тогтоол нь. Энэ мэт.

"ТАДЯАТА ЧИЛИ ЧИЛИ ЧУЛУ ЧУЛУ КҮРУ КУРУ КУДЯА КУРУ ТОДЯА ТОДЯА БАХА БАХА ШАПАРИ ШАПАРИ СУХА"

Бурхан багшаа. Тэд намайг урин залахаар нэг зуун найман удаа тарни үүнийг тоолон үйлдэх хэрэгтэй. Тэр цагт би түүний хажууд очно. 

Бурхан багшаа. Хэрвээ хэн нэгэн надтай уулзахыг хүсэх аваас. Зан үйлийг дээр хэлсэнчлэн бэлдээд тарни үүнийг тоолж унших хэрэгтэй. Тарни тогтоол аль вэ? хэмээвээс. Энэ мэт байдаг. 

"ТАДЯАТА АНЧАНИКЯА ЛИКШАНИ ШИШИДАРИ ХА ХА ХИ ХИ КУРУ БАРЭ СУХА" 

Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшаа. Энэ мэт. Энэ тарнийг нэг зуун найман удаа тоолоод урьдах тарнийг мөн адил тоолох аваас. Газрын охин тэнгэр би түүнд үзэгдэх болно. Түүний хүсэл санааг би гүйцээж үйлдэх болно. Энэ тарнийг тоолохын өмнө нь бие сэтгэлээ болгоох үүднээс. Дараах тарнийг өгүүлнэ. 

"ТАДЯАТА НИШИРИ БАША КАТИ ДАТИ ШУДТИ БУТА БУТЭРИ ТИТИ ВАТИ ГУГУТИ КАВАЧИЛИ СУХА" 

Бурхан багшаа. Тарни үүнийг бүтээх зан үйл ямар вэ? хэмээвээс. Энэ мэт байдаг. Таван өнгийн утсанд тарни үүнийг шивнэн нэг удаа хэлээд, нэг удаа зангидна. Энэ мэт. Хорин нэгэн удаа үйлдэнэ. Тэгээд зүүн гартаа зүүж үйлдэнэ. Ингэж өөрийн биеийг хамгаална. Сэтгэл бүү алдар. Санаа бүгд бүтнэ. Миний үг хуурмаг үгүй билээ. Бурхад дээдэс надад илтэд болгоох билээ. Таалан соёрхоно уу. хэмээн газрын охин тэнгэр Драда Бурхан багшид айлтгав. 

Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багш. Газрын охин тэнгэрт "Сайн болой. Сайн болой" хэмээн зарлиглав. Газрын охин тэнгэр Драда таний энэ тарни үгс дээд Алтангэрэлт судрыг өгүүлэгч, шүтэгч нарыг сахиж хамгаалах болно. "Сайн болой. Сайн болой" Та өөрөө хэмжээ үгүй их буяны чуулган төгөлдөр болно хэмээн Бурхан багш зарлиглав. 

Жич: Энэ бүлэгт элдэв хуурмаг үгүй, жам ёсны нууц тарнийн үгийн мөн чанарыг илтэд өгүүлсэн байдаг. Газрын охин тэнгэр Бурхан багшийн өмнө. Энэ мэт. Дээд Алтангэрэлт судрыг хадгалсан, уншсан, сонссон, түгээсэн, дээдлэсэн, номлосон бүгдийг үгүйрэл хоосрол, өвчин зовлонгоос гэтэлгэн, сайн санааг ёсчлон бүтээх оюун ухааны тогтоол тарнийг уншиж үйлдсэний ач үрийн тухай айлддаг.


[1] Ном, багш, бурхан гурвыг хэлжээ.