ЯГЧИСЫН ХААН САМЖНАЯА /ҮНЭНХҮҮ МЭДЭЛТ/-ИЙН
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.

НЭГ:

Ягчисын аймгийн их хаан Самжняа /Үнэнхүү мэдэлт/ хорин найман их ноёдынхаа хамт сууддаасаа босов.

Тэд дээдийн хувцасыг нэг мөрөндөө буулгаад баруун өвдөгөө газарт хатган Бурхан багшид алга хавсран сөгдөн айлтгав.

Ариун сагваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Дээд Алтангэрэлт энэ ном номлох тэр газар оронд Ягчисын их хаан би өөрийн ягчисын аймгийн их ноёдын хамт орших болно. Бид нар өөрсдийн биеийг нууцлаад ном өгүүлэгч гэлэн түүнийг сахиж хамгаална. Түүнийг бид бүрэн тэтгэх болно. Аюул бүгдийг бид номхотгон дарна. Сайн бүхнийг бид болгоох болно. 

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Дээд Алтангэрэлт энэ судар номыг сонсож, уншиж, түгээж үйлдсэн бүгдийг бид нар сахин хамгаалах болно. Тэднийг бид амгалан сайн амирлангуй их болгоно. Тэдний хот тосгон, ард олон, гэр бүлийг нь бид аврал номондоо багтаана. 

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Эрсэн, харсан. олсон үзэгдэл юмсыг би бүрэн харж ажигласан. Би янагуух үнэн[1] хийгээд үнэмлэхүй үнэн[2] мөн эсэхийг мэдэж чаддаг. Тэд бүгд миний дотор оршдог. Тийм учраас. Би ягчисын аймгийн их хаан Самжная гэдэг нэрийг олсон билээ. 

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Би ном номлогч гэлэн түүнд туслах болно. Номын чухал үгийг бүтээж түүнд сануулах болно. Ном үгүүлэгч түүний алжаалыг үгүй болгож үйлдэнэ. Түүнд их баясгаланг төрүүлэж үйлдэнэ. Түүний бие эрхэтэнг амгалан сайн болгож үйлдэнэ. Олон амьтаны тусын тулд дээд Алтангэрэлт энэ судар үл доройтох билээ. Энэ судар ном замбуу тивд өнө удаан орших болно.

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Дээд Алтангэрэлт энэ судар номыг уншсан, сонссон, хадгалсан, түгээсэн бүгдийн билэг оюун санаанд багташгүй төгөлдөр их байдаг. Тэд түүнчлэн заларсан бурхад бүгдэд сайшаагдана. Буяны цогцосыг машид ихээр хураах болно. Ирээдүй цагт бурхан болох болно. Дээд Алтаггэрэлт энэ номыг сонсовоос. Тэд амьтаны там, адгуусны төрөл, эрлэгийн ертөнцийн элдэв олон тамд үл унана. Ягчисын их хаан Самжная би энэ бүгдийг хичээн үйлдэнэ. Дотороо би багтаан үйлдэнэ хэмээн Бурхан багшид айлтгав.


ХОЁР: 

Тэгээд ягчисын хаан Самжнаяа дахин айлтгав. 

Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшаа. Надад нэг тарни тогтоол байгаа. Үүнийг би амьтан бүхний тусын тулд Бурхан багш таны мэлмийн дор уншиж айлтганаму. Тарни тогтоол. Энэ мэт байдаг гэлээ. 

НАМУ БУДДАЯА НАМУ ДАРМАЯА НАМУ САНГАЯА НАМУ БРАХМАЯА НАМУ ИНДРАЯА НАМА ЧАТУР МАХАРАЖАНАНА ТАДЯАТА ХИЛИ ХИЛИ МИЛИ МИЛИ ГАУРИ МАХА ГАУРИ ГАНДАРИ МАХА ГАНДАРИ ДРИМИДИ МАХА ДРИМИДИ ДАНДА КУКУНДЭ ХА ХА ХА ХА ХА ХА?? ХИ ХИ ХИ ХИ ХИ ХУ ХУ ХУ ХУ ХУ ХАЛО ДАМЭ ГУДАМЭ ЧА ЧА ЧА ЧА ЧИ ЧИ ЧИ ЧИ ЧУ ЧУ ЧУ ЧУ ЧАНДЭШВАРА ШИКАРА ШИКАРА УТТИШТА ХЭ БАГАВАНА САМВИДА ГЯАЯА СУХА.

Энэ тарнийг уншсан хадгалсан бүгдэд би эд юмс, эрдэнэс бүгдийг хайрлана. Энэ бол билэг оюун ухааны тарни билээ. Энэ тарни тэр өөрөө асар их жавхлан төгөлдөр байдаг. Тарнийг унших тэр мөчид би өөрөө тарни үйлдэгч түүний дэргэд очно. Би түүний юм бүгдийг саад тотгор үгүй болгож бүтээж үйлдэнэ. Нууцын тарни үүнийг уншихдаа ягчисын их эзэн миний зургийг гартаа байлдааны сүх барьсанаар, урт нь дөрвөөс таван барим зурж бүтээж үйлдээрэй. Зургийн өмнө нь дөрвөлжин хот мандал нэгийг бүтээнэ. Хот мандалынхаа дөрвөн талд амтат бал эсхүл бурамтай усаар дүүргэсэн дөрвөн бумба тавина. Түрхлэг хийгээд талх, хүж уугиулаж цэцгэсээр чимэж үйлдээрэй. Хот мандлын өмнө өглөгийн тулга тавиад утаагүй галд тос хийж нэг юнгэр холиод, нэг удаа тарнийг уншиж тулганд өглөгийн түллэг үйлдэнэ. Энэ мэт. Нэг зуун найман удаа үйлдэнэ. Тэр цагт би өөрөө тарни ёс үйлдэгч түүнд үзэгдэнэ. Би түүнээс "Та юуг хүснэ вэ?" хэмээн асуух болно. Түүний хүссэн зүйлийг би түүнд өгөх болно. Алт мөнгө, тэнгэрийн арш хүсэвч би түүнд өгөх болно. Тэр хүмүүн бээр тэнгэрийн таалалд багтах болно. Бусад хүмүүний сэдэл санааг тэр мэддэг болно. Амьтаны санаа сэдлийг тэр өөрөө өөрчилөж чаддаг болно. Нисваанисын үргэлжлэлийг таслаж, нэн ихээр бүтээх чанарыг тэр олох болно хэмээн ягчисын их хаан Самжнаяа Бурхан багшид айлтгав.

Бурхан багш их хаан түүнд зарлиглав.

"Сайн болой. Сайн болой" хэмээн зарлиглав.

Амьтан бүгдэд туслаж, амгалан сайныг үйлдэгч дээдийн номыг сахихын тулд тарнийн үг үүнийг өгүүлсэнээр хэмжээ үгүй их буяныг хураах билээ хэмээн Бурхан багш зарлиглалаа.

Жич: Энэ бүлэгт. "Дээд Алтангэрэлт судар үүнийг хичээн барих аваас. Тэд бүгд ертөнцийн зовлонгоос ангижрах болно. Ягчисын их хаан Самжнаяа[3] би бээр энэ бүгдийг хичээж үйлдэнэ. Дотроо би багтааж үйлдэнэ" хэмээн ягчисын их хаан Бурхан багшид айлтгав. Энэ мэт. Дээд Алтангэрэлт судар үүнийг үйлдсэн сонссон, уншсан, түгээсэн, дээдэлсэн бүхний хүссэн хэрэг сэтгэлчлэн бүтэх тухай айлдсан байдаг. 


ХААНЫ ШАСТИР ТЭНГЭРИЙН ЭРХЭТИЙН
ТАНГАРАГ ХЭМЭЭХ БҮЛЭГ

ХОРЬДУГААР БҮЛЭГ.

НЭГ:

Газрын охин тэнгэр Драда суудлаасаа бослоо. Тэрбээр Бурхан багшийн өлмийд алга хавсран сөгдөн мөргөөд айлтгалаа.

Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшаа. Хүний хаан бээр олон амьтаны тусын тулд улс орноо үнэмлэхүй үнэн зөв удирдаж, энэрэхүй ихийг тэр бүрчлэн гүйцэд болгоож чадахгүй билээ. Тийм учраас. Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшаа. Та "Үнэмлэхүй хааны шастир" номын ёсонд төр улсыг хэрхэн яаж удирдах талаар бид бүгдэд болгоон соёрхоно уу? Энэ мэт. Номын ёсонд хичээснээр хүмүүний хаад тэд нар хааны суудалд удаан сууна. Тэр улс орны ард иргэд нь бүгд эв эеийг хичээн амар амгаланг олох билээ хэмээн Бурхан багшид айлтгав.

Бурхан багш. Газрын охин тэнгэр Драда-д зарлиглав.

Газрын охин тэнгэрээ. Машид сайн сонсогтун. Эрт өнгөрсөн цагт билээ. Балендра-кету /Хүчний охь/ хэмээх хаантан Ручира-кету /Үзэсгэлэнгийн охь/ гэдэг нэртэй хүүтэй байв. Тэрбээр хүүгээ хаан ширээ залгамжлуулахаар шийдэв. Тэгээд өнө удалгүй тэр хаан өөрийн дээд эцэг Варендра-кету /Эрхэтийн охь/ хаанаас өв уламжлагдан ирсэн "Хааны шастир Тэнгэрийн эрхэтийн тангараг" хэмээх номыг өөрийн хүү Ручера-кету-д өгсөн байдаг. 

Язгуурын охин тэнгэрээ. Тэр цагт. Тэр үед хаан титэм өв уламжлан авсан Ручера-кету хан хүү бээр "Хааны шастир Тэнгэрийн эрхэтийн тангараг" хэмээгч энэ шастир номыг ихэд болгоосон байдаг. 

Тэр нь. Энэ мэт билээ гээд Бурхан багш шүлэг ном үүнийг зарлиглав.


Амьтан бүгдэд туслагч

Эргэлзээ бүгдийг таслагч

Хамаг гэмийг эвдэгч

Хааны шастир номыг номлосугай.

Бүх хаад тус бүртээ

Баясангуй сэтгэлийг төрүүлж

Тэнгэрийн эрхэтийн тангараг бүгдийг

Алгаа хавсран сонсож үйлд.


Эрхэт уул Хувирашгүй орон энд

Хурмастын хаан чуулганы дотроос

Эрхэт хаад нар босож

Эсрэн тэнгэрээс ийн асуув:


“Та тэнгэрийн эрхэм эсрэн билээ

Та тэнгэр нарны эрхэт баялагт нь билээ

Та бидний эргэлзээг таслагч билээ

Тиймээс бидний сэжгийг таслан соёрх”


Хүн болж төрсөн хаан түүнийг

Хэрхэн юунд тэнгэр хэмээн өгүүлнэ вэ?

Ямар учраас хүний хааныг

Ямагт тэнгэр хэмээн хүндлэх болов?


Тэнгэр өөрөө ямар мэт

Хүний ертөнц энд төрж

Хүний эзэн болж

Хүний хаан нь болдог юм уу?


Эрхэм дээдсүүд Эсрэн тэнгэрээс

Ийнхүү асуусан ба

Тэнгэрийн эрхэн эсрэн тэр бээр

Тэдгээр хаадад ийн өгүүлэв:


Тэр мэт ертөнцийг тэтгэгч нар

Тийнхүү надаас асуусан учир

Амьтан бүгдэд туслахын тулд

Агуу шастирыг би номлосугай.


Хүний оронд мэндлэн төрсөн

Хаан бологсодын төрөл хийгээд

Ямар шалтгаанаар хүний орнуудад

Ялгуусан хаан болдгийг номлоё.


Хүчит тэнгэрүүдийн адистидаар

Хүний оронд төрдөг буюу

Тэнгэр урьд нь адислаад

Түүний хойно умайд ордог болой.


Хүний ертөнцөд төрөөд тэр

Хүмүүний эзэн болдог билээ

Тэнгэрээс төрсөн учраас түүнийг

Тэнгэрийн хөвгүүн хэмээн өгүүлдэг.


“Та бол тэнгэрийн хүү мөн” хэмээн

Гучин гурван тэнгэрийн хаан өөрөө

Хааны хувийг түүнд өгөөд

Хүний эзэнд өргөмжилдөг билээ.

[1] Ил харагдах үнэн.

[2] Дээд үнэн.

[3] Эрхэт тэнгэрийн их хаан.