УИХ-ын гишүүн асан Д.Энхбатыг “iToim”-ын зочноор урьж ярилцлаа.




-Төрд ойртуулж болохгүй хүмүүсийн “Хар жагсаалт” гаргах тухай ярьж байна. Энэ нь хүний сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаа хэрэг биш үү?

-Иргэд эрх чөлөөтэй учраас ямар жагсаалт хийх, бас хийхгүй нь тэдний эрх.Сонгуулийн PR л эхэлчихэж. Нэгэнт “Хар жагсаалт” гэж байгаа юм чинь хүнийг муулахаас гадна галыг гол хүмүүсээс зайлуулах гэж ийм технологи хэрэглэдэг.

-Гол хүмүүс гэдэг нь хэн бэ, энэ жагсаалтыг захиалгачид уу?

-Сүүлийн хоёр жилд эдийн засаг хүндэрч, улс орны амьдрал доройтлоо. Энэ бухимдлыг сонгуулийн өмнө гаргах хэрэгтэй. Золигт хэн нэгнийг гаргах хэрэгтэй болно. Монгол Улсыг өрөнд оруулаагүй, том мөнгөний асуудалд холбогдоогүй атлаа асуудалд ул суурьгүй ханддаг, үг хэл, үйлдлээрээ олны дунд жаахан нэр муутай хэн нэгэн л “хар жагсаалт”-д багтдаг. Сүүлийн нэг жилд УИХ дээр компюьтер тоглож суусныхаа төлөө “хар жагсаалт”-ын шалгуурыг хангаж ч болно. Яагаад гэвэл хүмүүс ерөнхийдөө гуравхан сарын санах ойтой учраас “энэ хүн үнэхээр тэрбум төгрөгийн гэмт хэрэгтэн үү, эсвэл зүгээр л дэмий ярьдаг нөхөр юмуу” гэдгийн цаад мөн чанарыг ялгахгүй, асуудалд эмоцоороо ханддаг. Тэрийг нь улстөрч эзэнтэй, улстөр эдийн засгийн бүлэглэлээс амь тариа залгуулж амьдардаг цөөн хэвлэл өдөөж өрдөхөд л ийм жагсаалтын зорилго биелж байгаа юм. Тэгэхээр “Хар жагсаалт” бол шударга хүнийг олоход биш, шударга бус үйлдлийг жинхэнэ эздээс нь төөрүүлэхэд ашигладаг бие даасан технологи, осолтой тоглоом.

-Хамгийн гол нь Монголын залуучуудын холбоо ийм санаачилга гаргаад байгаад л гайхаад байгаа юм.

-Тухайн байгууллага үнэхээр олон нийтийн, улстөрийн намуудаас хол, улстөрийн үйл ажиллагаа явуулдаггүй л бол ийм PR санаачлах, гардах хэрэггүй л дээ. Хэрвээ хийх гээд байгаа бол хувь хүний нэрээр биш, ажил, үйл явдлаар нь нэрлэх хэрэгтэй. Жишээ нь, Монголын эдийн засагт хамгийн их өгөөж авчирсан 10 үйл явдал гэдэг ч юмуу, эсвэл эдийн засгийг хамгийн их унагасан 10 шийдвэр гэж. Тэгээд уг үйл явдал ийм жагсаалтад яагаад багтаж байгааг үнэ зөвөөр ойлгуулж, таниулах нь харин иргэний нийгмийн байгууллагуудын хийх ажил. Үйл явдал болгон эзэнтэй учраас хэн буруутайг үнэлж дүгнэх нь иргэдийн сонголт. Түүнээс бус, хэн нэгнийг муулах нь жагсаалтын зорилго биш.