ИХ ДӨРВӨН ХААН ТЭНГЭР БОЛОН ХҮМҮҮНД НЭН ХАРСАН ХЭМЭЭХ
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ


НЭГ:

Их хаан Намсрай /Нэн сонсогчийн хөвүүн/ болон Их хаан Дртараштра 

/Орныг сахигч/, Их хаан Вирудака /Хутагт төрөлт/, Их хаан Вирупакша нар суудлаасаа босов. Тэд ёсыг ёсчилон гүйцэтгэв. Бурхан багш хаана байгаа тэр зүгт алга хавсран бөхийж мөргөөд Бурхан багшид ийн айлтгалаа. 

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Дээд Алтангэрэлт энэхүү судар нь заларсан бурхад бүгдийн зарлиг. Заларсан бурхад бүгдийн болгоолт.[1] Заларсан бурхад бүгдийн таалал билээ. Ертөнцийг тэтгэгч бүгд тахисан хийгээд сайшаасан. Амьтан бүгдэд дээдийн дээд амгаланг өгч үйлдсэн. Зовлон бүгдийг хатаагч. Аюул бүгдийг хатаагч. Гамшиг бүгдийг амирлуулан гэтэлгэгч билээ. Гараг оддын хорлол бүгдийг, машид арилган дээдэд амирлуулсан. Гаслан, нисваанис бүгдийг ихэд амирлуулан үйлдэгч. Түм буман хорлолыг даран үйлдэгч билээ.

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Дээд Алтангэрэлт энэ судар номыг үнэнхүү номлох аваас. Номыг сонссон хаан болон тэнгэрийн биет, зарц сэлт хэн боловч сүр жавхлангаар нэн их аривжих болно. Тэд бүгдийн бие-д хичээл чармайлт, хүч чадал орших болно. Тэд бүгд ухаан санаа саруул болж, сүр хүч машид ихээр тэдэнд орших болно.

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Их хаад бид дөрөв ном төгөлдөр номыг өгүүлэгч, номын хаад больё. Болгоон соёрхоно уу.

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Бид дөрөв номын хүчээр тэнгэр, лус, асар гарьд, үнэр идэшт, хэвлээр явагч хийгээд хүмүүн нарын хаан больюу. Бид адын чуулган[2] бүгдийг, нигүүсэл үгүй бүхнийг, бусдын сайн үйл, сүр сүлдийг булаагч бүгдийг номхотгон үйлдэх болно. 

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Дөрвөн их хаан бид болвоос. Ягчисын аймгийн хорин найман их ноёд болоод олон буман ягчис нартай хамтдаа цаг үргэлжид нэн ариун тэнгэрийн нүдээр бүх замбуулин тивийг харж үйлдэх болно. 

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн та бээр үүний тулд бид дөрвийг "Ертөнцийг тэтгэгч" хэмээн нэрлэсэн билээ хэмээн их дөрвөн хаан Бурхан багшид айлтгав.


ХОЁР:

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Дөрвөн их хаан бид нар Дээд Алтангэрэлт эл судрыг баригч гэлэн юмуу номыг уншигч хэн бүгдийг өвчин зовлон болон элдэв олон гамшигаас авран хамгаалах болно. 

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Номыг өгүүлэгч гэлэн, гэлэнмаа нар энэ судрыг номыг номлох аваас. Бид дөрөв тэдэнд энэ номын ач тусыг асар ихээр үнэнхүү номлох болно. Тэдгээрийн улс оронд учирсан элдэв олон хорлол, гай түүтгэрүүд нь тэр мэтээр машид амирлах болно. 

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Хүний хаан тэрбээр энэ судар номыг анхааран уншиж сонсоод бишрэн дагах аваас. Гадна дотор халдлага, аюул эсэргүүцэл бүгдээс бид түүнийг сахиж хамгаалах болно. Номыг номлосон газар орны ард иргэдийг амирлангуй тайван, аз жаргалтай болгон тэтгэж үйлдэнэ.

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Энэ судар номыг хүндэтгэн

дээдэд өргөмжлөн залах аваас. Хэнд боловч бид дөрөвөн их хаан бээр тэднийг бусдаас илүү ихээр өргөмжлөх болно. Дээд Алтан гэрэлт энэ судрыг бусдаас илүү ихээр тахиж үйлдэх болно хэмээн дөрвөн их хаад Бурхан багшид айлтгав.

Жич: Энэ бүлэгт Дээдийн номыг эрхэмлэн шүтэгч хаадын улс оронд амгалан жаргалан, сүр жавхлан ирдэг тухай айлдсан байдаг.


ИХ ДӨРВӨН ХААН БЭЭР ОРОН УЛСЫГ БҮРЭН ТЭТГЭХ ХЭМЭЭХ 

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ.

НЭГ:

Тэгээд Бурхан багш тэр дөрвөн махаранз-д "Сайн" хэмээн зарлиглав. 

Их хаадаа "Сайн болой. Сайн болой" Их хаад та бүгд урьд урьдын бурхадад үлэмж их сайн үйлийг бүтээсэн. Буяны үйлийг үйлдсэн. Олон мянган бурхадад тахил өргөсөн. Номонд төгөлдөр сайн болсон. Номыг өгүүлэгч номын хаад болсон билээ. Та нар хамаг бүгдэд өнөд уртад туслах сэтгэлийг илтэд эзэмшсэн. Тэд бүгдэд жаргалан өгөх тэр сэтгэлд оршсон. Та нар хүмүүнд үл туслах тэр сэтгэлийг хорьсон барьсан. Та дөрөв хамаг амьтны тусын тулд илтэд хичээгсэд билээ хэмээн Бурхан багш зарлиглав. 

Их хаадаа. Та дөрөв Дээд Алтангэрэлт энэ судрыг тахисан, хүндлэн үйлдэхэд хичээсэн хэнд боловч тусыг үйлдэгтүн. Тэднийг сахин хамгаалахад хичээгтүн. Тэд бүгдэд авралыг баригтүн. Сайтар ивээж амгалан энх, сайн сайхныг тэдэнд болгоож үйлдэгтүн. Тийм аваас. Та дөрөв өнгөрсөн, одоо цагт заларсан, ирээдүй цагт залрах бурхадын номын ёсыг зүйл бүхэнд сахин барьж чадна. Сайтар баригтүн. Тэр цагт та дөрөв Тэнгэрт болоод Асурт ялах болно. Энэ мэт. Дээд Алтангэрэлт судар бээр гадаад дотоод эсрэг бүгдийг номхотгон дардаг билээ. Тийм учраас. Энэ мэт. Эзэд хаад, гэлэн гэлэнмаа нар болон судар номыг баригч хэнийг боловч тэднийг сайтар сахиж хамгаалаж үйлдэгтүн. Авралыг бариад амирлангуйд оршиж амгалан сайн болгоож үйлдэгтүн хэмээн Бурхан багш зарлиглав.

Их хаан Вайшравана, Их хаан Вирудака, Их хаан Дртараштра болон Их хаан Вирупакша дөрөв суудлаасаа босов.

Тэд ёсыг үйлдээд, алгаа хавсран сөгдөөд Бурхан багшид айлтгав.

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Дээд Алтангэрэлт энэ судрыг хот балгас, улс орон, хааны өргөө хаана боловч уншиж номлож болно. Хүний хаан тэр "Тэнгэрийн эрхэтийн тангараг" судар түүгээр хаан төрийг барьдаг боловч "Алтангэрэлт судар" үүнийг хүндлэн биширч, судлаж хүндлэн үйлдэх нь ёс зарлиг билээ. Тэр мэт. Энэ нь гэлэн гэлэнмаа нарт ч мөн адилхан байдаг. Тэд ийн үйлдэх аваас. Тэд бүгдийн сүр жавхлан, нэр алдар, хүч чадал нь нэн ихээр арвижих болно.

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Их хаад бид дөрөв болон буман ягчис, зарц сэлт бид нар бүгдээрээ одоо ба ирээдүй цагт хаана боловч Алтангэрэлт эл судар номыг уншиж номлож байгаа тэр газарт хүрч очих болно. Биеэ үл үзүүлэн тэдгээрийн дэргэд очоод тэд нартай хамтдаа судар үүнийг уншиж үйлдэнэ. Хүний хаан тэр. Тэрбээр судар үүнийг сонсож, уншиж, тахиж үйлдэх аваас. Бид түүнийг хамгаалан сахиж үйлдэх болно. Авралыг сайтар бариад шийтгэлийг няцааж амгалангуй амгалан тайван болгож үйлдэх болно. Хааны ордон орон гэр тэдгээрийг бид дөрөв бас сахиж үйлдэнэ. Улс орон ард иргэд бүгдийг нь бид аюул осол, хорлол, хямрал бүгдээс гэтэлгэж үйлдэнэ. Гадаад дотоод дайснаас хамгаалаж үйлдэнэ. Түүнийг буцааж үйлдэнэ хэмээн дөрвөн махаранз Бурхан багшид айлтгав.


ХОЁР:

Хэрэв дайсан хэн нэгэн бусадтай хамжин түүнд очиж түүний орон байр бас түүнийг эвдсүгэй хэмээн бодох төдийд, Дээд Алтангэрэлт судар номын хүчээр тэнцэх дайсан тэр өөр бусадтай хагаралдан тэмцэлдэх болно. Тэр дайсан өөрийн бодлоос буцавч түүний бие сэтгэл, аз хиймор нь хямрах болно. Тэр түүний хямрал зовлон үргэлжид барагдашгүй ихээр ирэх болно. Тэр гараг хийгээд муугийн хараал шившлэгт өртөх болно. Өвчин шаналалыг тэр хар санаат дайсан этгээд эдлэх болно. Түүний эсрэг хуйвалдаан самуун олон их гарах болно. 

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Хар хорон санаат тэр нэгэн өөрийн бодлоос няцсан боловч нэмэр үл олдоно. Түүнд тохиох элдэв олон хорлол төгсөшгүй.

Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Алин боловч Дээд Алтангэрэлт судар ном оршсон тэр газар оронд дөрвөн их хаан бид дөрөв хүрч очих болно. Бид олон буман ягчис, өмөг зарц сэлтэд лугаа хамтдаа тэнд хүрч биеэ үл үзүүлэн үйлдэх болно. Хориг, хорлол, үймээн самуун явдлыг зогсоож үйлдэнэ. Элдэв олон муу хорлол, ад бээр тэнд очиж үл чадах болно. Тийм учраас тэнд ихэд дээдэс ард олон нь амар төвшинг олох болой хэмээн дөрвөн махаранз Бурхан багшид айлтгалаа.


ГУРАВ:

Тэгээд Бурхан багш "Сайн болой" хэмээн зарлиглав.

Их хаадаа. Та нар тоолшгүй олон галавт тэнцэшгүй үнэнхүү их бүтээлийг бүтээсэн билээ. Хүмүүний хаан тэрбээр дээд Алтангэрэлт энэ судрыг тахиж үйлдэх аваас. Та нар тэдгээр хаадыг сахиж хамгаалаж үйлдэгтүн. Авралыг барьж сайтар тэтгэн үйлдэгтүн. Тэд бүгдийг амирлангуй амгалан сайн болгож үйлдэгтүн. Ард олон түшмэд бүгдийг нь сайтар тэтгэгтүн. Хорон муу санаа агуулсан цэргийн эзэгнэлийг буцааж үйлдэгтүн. Гаслал, зовлон, хямрал бүгдээс огоорч гэтэлгэгтүн. Хутагт Алтангэрэлт энэ судар ном илтэд сайн дэлгэрэх тэр цагт. Замбуу тивийн найман түм найман мянган хаад ноёд тэд харилцан бие биесдээ асрахуй болно. Тусч сэтгэлтэй болж үл тэмцэлдэх, үл ялгаврлах үзэл бодол сэтгэлтэй болно. Бурхад бүгд тэр цагт тэдгээр бүхэнд баясах билээ. Орчлон ертөнц тэр цагт олон буянт сайн хүнээр дүүрэх болно. Хур бороо элбэг цаг цагтаа хурмаст тэнгэрээс бууж, газар дэлхий үржил шимтэй болно. Нар сар од гарагс, өдөр шөнө сайтар орчих болно. Замбуу тивд орших амьтан бүгд эд баялаг, үр тариа, идэх уух, өмсөх зүүхээр баян болно. Тэд төгс сайн эдлэл ихтэй боловч харам сэтгэлгүй болно. Тэд өгөх сэтгэл төгөлдөр болно. Аврал буян номын үйлс бүгд төгөлдөр их сайн болно. Хүмүүс сайн буян заяанд төрж, тэнгэрийн орон, дээд тэнгэр тэнгэрийн хөвгүүд, охидоор дүүрэх болно.

Их хаадаа. Та нар дээд Алтангэрэлт энэ номын эрхийг баригч гэлэн гэлэнмаа, гэнэн гэнэнмаа нарыг дээдлэн хүндлэх хэрэгтэй. Номыг сонсохын мөрөн хийгээд номын аршааны тусал түүгээр та бүгдийн бие сэтгэл тань цэнгэх болно. Сүр жавхлан тань арвин их болж, та нарт хичээнгүй хийгээд хүч чадал улам ихээр ирэх болно. Та нарын сүр хүч, жавхлан цог заль, хотол чуулган аривдах болно.

Дээд Алтангэрэлт энэ судар түүнчлэн заларсан, дайснаа дарсан, үнэхүү төгссөн Шагжаамуни бурханд мөн адил санаанд багтамгүй сэтгэшгүй олон их тахилыг өргөсөн билээ. Тийм учраас. Хэн энэ судар номыг үйлдэнэ. Түүнийг учрал бүгдэд нь бурхад сахиж хамгаалах болно. Хаад ноёд түшмэд, ард иргэд бүгд амгалан сайн орших болно. Хорлол үгүй дайсан үгүй болно. Хөнөөл үгүй болно. Хямрал дайн үгүй амар баясгаланг амсах болно хэмээн Бурхан багш зарлиглав.

[1] Бурхад бүгдийн ёс зүй. 

[2] Муу бүгдийн хуран чуулах чуулган.