Алтангэрэлт судар-16
Хутагт Алтангэрэлт буюу Судрын аймгийн дээд эрхт хаан хэмээх Их хөлгөн судар оршвой
ХООСОН ЧАНАРТ ШҮТЭЭД САНААГАА
БҮРЭН ГҮЙЦЭЭХ ХЭМЭЭХ АРАВДУГААР БҮЛЭГ.
НЭГ:
Тэгээд охин тэнгэр Радна-арчи суудлаасаа босов. Ялж төгс нөхчсөн бурхан багшид ёсыг үйлдэв. Бурхан багшид айлтгав. Хорвоо ертөнц бүгдийг гийгүүлэгч, Ялж төгс нөхчсөн Бурхан багш минь. Бодь замналын үнэнхүү ёсыг бид бүгдэд номлон соёрх хэмээн айлтгалаа. Асуух зүйлээ айлтгагтүн. Сайтар номлол үйлдье хэмээн Бурхан багш зарлиглав. Их бодьсадва нар, тэд нар сэтгэлийн гэмээс хагацсан. Түүнийг хэрхэн яаж үйлддэг вэ? хэмээн Радна-арчи айлтгалаа. Бурхан багш зарлиглав. Охин тэнгэр ээ. Номын чанарт орших хэрэгтэй. Тэгээд бодь-ийн явдалд ямагт жигд шамдан үйлдэх ёстой хэмээн зарлиглав. Охин тэнгэр айлтгав. Ариун санваарт Ялж төгс нөхчсөн Бурхан багшаа хэрхэн бодь-ийн чанарт оршиж, бодь-ийн явдалд яаж тэгш жигдхэн шамдан үйлдэх ёсыг болгоон соёрх гэлээ.Бурхан багш зарлиглав. Охин тэнгэр ээ. Таван цогцос.[1] Энэ бол номын чанар. Номын чанар бол таван цогцос. Хоёр хязгаарт үл орших. Үйл үзэгдэхүүнээс ангид орших. Үзэл үгүй. Нэр үгүй. Билэг үгүй. Эдгээр бүгд номын чанарт байдаг. Язгуурын охин тэнгэр ээ. Таван цогцост уг үндэс үгүй байдаг. Тийм учраас тэр учир шалтгаанаас үл үүсдэг. Уг шалтгаас үүссэн юмс төрснөөс үү? эсхүл эс төрснөөс үүссэн эсэх нь чухал байдаг. Хэрэв тэр уг шалтгаанаас төрсөн бол түүнд уг хийгээд учир шалтгаан хэрэггүй. Хэрэв тэр эс төрснөөс төрсөн бол төрөх гэдэг үгүй байдаг юм. Яагаад гэвэл эс төрсөн тэр эс оршдог. Тэр нэр үгүй. Билэг үгүй. Мэдэх, жиших гэм түүнд үгүй. Үлгэрлэн жишигдэх өгүүлэл үгүй. Шалтгаан болон нөхцөлөөр үүсгэгдэх нь үгүй байдаг. Язгуурын охин тэнгэр ээ. Үлгэрлэвээс. Хэнгэргийн дуу байна. Тэр дуу мод ба ширнээс гарын цохилтоор үүссэн. Тэр дуу өнгөрсөнд хоосон. Ирээдүйд хоосон билээ. Тийм учраас түүний оршин буй байдал нь бас хоосон байдаг. Тэр дуу алга болно. Тийм учраас тэр дуу мөнх бус. Тэр дуу замхарч алга болно. Тийм учраас тэр хоосон. Тэр эс төрсөн. Тийм учраас тэр дуу үл эвдрэх билээ. Үл эвдрэх тэр дуу хаанаас ч үл ирнэ. Хаанаас ч үл ирэх тул, тэр хаашаа ч үл одно. Тийм учраас тэр үл мөнхөрнө.
ХОЁР:
Тийм учраас. Тэр хэнгэргийн дуу нэгдмэл бус байдаг. Тэр бас тус тусдаа бус байдаг. Хэрвээ тэр нэгдмэл байх аваас номын чанар үгүй болж тусдаа орших болно. Эгэл амьтан, эгэл хүмүүн бүгдээрээ үнэмлэхүй үнэнийг мэдрэх болно. Тэд бүгдээрээ үнэмлэхүй их үнэнийг мэдэж гаслангаас гэтэлгэсэн дээд амгаланг олох болно. Тийм байдаггүй учраас л тэд нэгдмэл байдаггүй билээ хэмээн Бурхан багш зарлиглав. Тийм учраас. Таван цогцсыг номын төв чанар хэмээн бурхад зарлигласан.
Хэрвээ тэр хэнгэргийн дуу тус тусдаа орших аваас бодьсадва нарын явдлын утга учир нь алдагдана. Бодьсадва нар нисваанисаас үл хагацах бөгөөд тэдний олж мэдсэн бүхэн зөвхөн билэг төдий үлдэнэ. Тэд үнэнхүү төгсгөсөн гэгээрэлд /Бодь-д/ үл очих болно. Яагаад гэвэл. Хутагт нар хуран үйлдсэн ба эс хуран үйлдсэн хоёр нь үнэмлэхүй мөн чанарт нэгдмэл байдаг. Тус тусдаа биш байдаг. Тийм учраас. Таван цогцос тэр оршиж байгаа ч биш, эс оршиж байгаа ч биш. Уг шалтгаанаар үүссэн ч биш. Уг шалтгаан үгүйгээр үүссэн ч биш байдаг юм.
Таван цогцос түүнд нэр ба билэг чанар үгүй байдаг. Түүнд уг ба шалтгаан үгүй. Эхэн ба адаг үгүй. Тэр хоосон байдаг. Тэр өөр бусдын мэдлийн орон биш байдаг билээ хэмээн Бурхан багш зарлиглав.
Язгуурын охин тэнгэрээ. Язгуурын хөвгүүд, язгуурын охид хутагт ба эгэл хүмүүний мэдлийн орон нэгдмэл нэг, аль эсхүл тус тусдаа байдаг эсэх. Энэ явдал жишихэд бэрх байдаг. Янагуухыг үл тэвчиж үнэмлэхүйгээс үл хагацах. Энэ бол бодь-ийн явдалд хичээсэн бодьсадва нарын хичээлт мөн билээ хэмээн Бурхан багш зарлиглав.
Язгуурын охин тэнгэр. Ратна-арчи машид их баясав. Суудлаасаа босож ёсыг үйлдээд, алга хавсран бөхийж Бурхан багшид айлтгав.
Бурхан багшаа. Би Ялж төгс нөгчсөн Бурхан багшийн зарлигласан ёсоор бодьсадва-гийн явдалд шамдан суралцах болно хэмээн айлтгалаа.
ГУРАВ:
Тэр цагт “Тэсэшгүй” ертөнцийн эзэн их Эсрэн язгуурын охин тэнгэр Радна-арч-аас асуулаа. Охин тэнгэр ээ. Бодьсадва-гийн эрхийг олоход нэн их бэрх байдаг. Хэрхэн яаж бясалгаваас бодьсадва-гийн эрхийг олж чаддаг вэ? хэмээн асуув. Язгуурын охин тэнгэр Радна-арчи айлдав. Их Эсрэн тэнгэр ээ. Бурханы зарлигийн утга нь машид их гүн билээ. Тэр хутагт нарын зарлигийн оронд оршдог. Эгэл нэгэн түүнийг үл мэднэ. Би бээр Алтангэрэлт энэ судрын хүчинд амгалан оршихуйг олсон. Хэрэв энэ судар номонд ингэж үйлдэх аваас. Хэмжээлшгүй их амгаланг эдлэх болно хэмээн өгүүлэв. Тэр даруй таван цөвүүн цагийн орон бүгдэд буй амьтан бүгд их эрдэнийн цэцгэн суудалд сууж хэмжээ үгүй, жишишгүй их амгаланг эдлэх болов. Тэр цагт тэнгэрийн их харшид муу заяа бүгд үгүй болов. Элдэв олон модод цэцэглэв. Тэнгэрийн цэцгийн хур бууж, элдэв олон тэнгэрийн хөгжим сонсох мэт болов. Тийн Радна-арчи бээр эмэгтэй биенээс Эсрэн тэнгэрийн биед хувилав.
ДӨРӨВ:
Эсрэн их хаан бодьсадва Радна-арчигаас ийн асуулаа.
Ариун санваартан. Та бодьсадва-гийн замд хэрхэн яаж орсон. Хэрхэн яаж энэ замналыг гүйцээсэн бэ? хэмээн асуув.
Бодьсадва Радна-арчи өгүүлэв.
Эсрэн их хаантаан. Би орчлонгийн олон олон юмсыг усанд унах чулуу мэтэд бодож бодь-ийн явдалд хичээсэн. Зүүд адилд бодож би бодь-ийн явдалд хичээсэн. Зэрэглээ адилд, Цуурай мэт бодож би бодь-ийн явдалд хичээсэн билээ хэмээн өгүүлэв.
Их эсрэн хаантан үүнийг сонсоод.
Ариун санваартаан. Та үүнийг ямар утга учраас өгүүлэв? хэмээн асуулаа.
Их хаантаан Юмс бүгдээрээ үндэс болоод учир шалтгаанаас үүсэж бий болдог. Үнэн мөн чанараараа бүтэж бий болох нь үгүй билээ гэлээ.
Эсрэн их хаан өгүүлэв.
Хэрвээ энэ мэт аваас. Эгэл нэгэн төрөлхтөн ч гэсэн адил, илтэд гэгээрэх боловоос. Бурхан болох зүй тогтол бүрдэх бус уу?
Радна-арчи бодьсадва өгүүлэв.
Та юуны учир ийн өгүүлнэм билээ. Эгэл хүмүүс өөр. Мэргэн хүмүүс өөр. Гэгээрсэн хүн өөр байдаг. Гэсэн хэдий ч тэд нар бүгдээрээ номын чанарт тэнцүү байдаг. Үнэнхүү ялгаа үгүй. Завсар үгүй. Аривдах үгүй. Хомсдох үгүйд илтэд тачаан барьсан байдаг. Их эсрэн хаантаан. Үлгэрлэх аваас. Илбэчин хүн. Тэр илбэ хуурмаг ухаанд мэршэжсэн. Тэр хууурмаг элс шороо, өвс мод, алт эрднэсийг нэг дор, нэг газарт овоолох аваас. Учир эс мэдэх эгэл нэгэн түүнийг хараад илбэ үл оршихуй хэмээн мэдэрч чаддагүй. Тэд түүний үнэн мөн чанарыг нягтлан боддоггүй. Үнэхээр мөн гэж хардаг. Харин мэргэн хүн түүнийг үзээд бодож ойлгоод үнэн бус, бусдын нүдийг хуурах төдий буйг таниж мэддэг. Мэргэн ухаант хүмүүс тэд нар юмс бүгд үнэмлэхүй бус мөн чанартайг мэддэг. Харин эгэл хүмүүс бол амьд амьдралын үнэн мөн чанар түүнийг үл ойшоодог. Тэд өнөө маргааш өдөр өнгөрөөх төдийд хууртаж явдаг. Тийм учраас тэд нар үг хэл, үйл үйлдлийн үнэмлэхүй мөн чанарийг үл ойшоодог.
Их эсрэн хаантаан. Тийм учраас. Эгэл хүмүүс өөр байдаг. Мэргэн хүн өөр байдаг юм. Тийм учраас. Эгэл хүмүүс тэд билгүүний нүдийг олоход үл хичээдэг. Тэд үйлдсэн сонссон, хэлсэн ямар мэт харагдана. Тэд яг тэгэж ойлгоцгоодог юм. Тийм учраас. Тэд юмсын үнэмлэхүй их утга учрыг үл олж чадна. Харин мэргэн их ухаант хутагт нар бол өөр байдаг. Тэд сонссон харсан үйлдсэн, эс үйлдсэн аливаа юмсад үнэн чанарт нь үл итгэдэг. Түүнд тэд нар үл шунадаг. Тэд үнэмлэхүй төдийд нэрийдсэн тэр юмсад үл автдаг.
Тиймээ. Аливаа юмсын мөн чанар нь нэр төдий. Үнэмлэхүй мөн чанарт бүтээгдээгүй юм.
Их эсрэн хаантаан. Тийм учраас. Хутагт нар билгүүн ухаант мэргэн хүмүүс үнэмлэхүй үнэн утгат үүнийг номлож явдаг билээ. Хутагт билгүүн их ухаан хийгээд номын авралд багтах юмсын мөн чанар өгүүлэшгүй их байдаг. Тэр мэт аливаа юмс бүгдээрээ үйлдсэн, эс үйлдсэн мөнх бус хуурмаг байдаг хэмээн тэд номлодог хэмээн бодьсадва Радна-арчи өгүүлэв.
ТАВ:
Тэгээд их Эсрэн хаан бээр бодьсадва Радна-арчигаас асуулаа. Радна-арчи. Энэхүү гүн утгат их номыг
/Алтангэрэлт судар/ хэдий олон хүмүүн сайтар олж мэдэж чаддаг вэ? хэмээн асуув.
Бодьсадва Радна-арчи өгүүлэв. Их Эсрэн хаантаан. Хэдий олон амьтан бодь-д оршино. Төдий олон амьтан гүн гүнзгий утгат энэ номыг мэдэх болно гэв.
Тэгээд их Эсрэн хаан Бурхан багшид айлтгав. Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Бодьсадва Радна-арчи аваас сэтгэшгүй гайхам ажээ. Тэрээр гүн гүнзгий утгат энэ номонд /Алтангэрэлт судар/ , түүнд тэр мэргэшсэн ажээ хэмээн айлтгав.
Бурхан багш зарлиглав. Их Эсрэн хаантаан. Таны өгүүлсэн адил. Тэр тийм билээ. Энэ бодьсадва Радна-арчи адил та нөхөд бүгдээрээ үл төрөхүйн энэ номыг сахиж үйлд. Шамдан үйлд. Тэвчээрийг олох болно хэмээн зарлиглав.
Тэгээд тэнгэрийн их хаан Эсрэн болон бусад нөхөд тэд бүгдээрээ суудлаасаа босов. Тэд ёсыг үйлдэв. Тэд алга хавсран үг үүнийг өгүүлэв. Өнөөдөр бид нар их төрөлхтөн тантай учарч дээдийн номыг сонслоо. Их эд гайхамшигтай билээ хэмээн өгүүлээд тэд бүгдээр бодьсадва Радна-арчид мөргөлөө.
Бурхан багш их Эсрэн тэнгэрт хандан зарлиглав. Бодьсадва Радна-арчи болвоос. Тэр ирээдүй цагт "Их эрдэнийн гэрэл цогийн зүрхэн" нэртэй болно. Түүнчлэн заларсан, дайснаа дарсан төрлөхтнийг гэгээрүүлэх жолоог болгоогч, тэнгэр болоод хүмүүний их багш Ялж төгс нөгчсөн Бурхан болох болно хэмээн зарлиглав.
Тэр цагт нэг түм гурван мянган бодьсадва нар дээрх үгүй үнэнхүү төгссөн бодь-иос эргэж үл буцах болов. Нэг түм найман мянган тэнгэрийн хөвгүүд нэн ариун номын авшиг олов. Хурсан олон нөхөд тэдний дотор тавин түмэн гэлэн бодьсадва-гийн явдалд хичээгсэд бодьсадва Радна-арчи-гийн энэхүү номын дууг тэд сонслоо. Тэд бүгдийн номын гэрэл улам ихээр нэмэгдэж батжив. Тэд бүгдээр дээрх үгүй дээд сэтгэлийг үүсгээд ерөөлийг ийнхүү соёрхлоо.
Бид бүгдээр дээрх үгүй дээдийн дээд ном.номлохыг сонсов. Би бүгдээрээ, бид бүгдийн буяны суурь юу байна тэр бүгдийгээ дээрх үгүй үнэнхүү бодь-д бүрэн зоиулах болно хэмээн ерөөлийг талбив.
ЗУРГАА:
Тэгээд Бурхан багш зарлиглав. Гэлэнгүүдээ. Та бүгд бүгдээрээ гэгээрсэн бурхад болох болно. Тэр нэгэн цагт та бүгд бүгдээрээ "Ерөөлийг нэн их байгуулсан хаан" хэмээх эрдмийн арван, арван алдарыг бүтэн гүйцээх болно хэмээн Бурхан багш их бошгийг[2]үзүүлэв.
Тэгээд Бурхан багш. Их Эсрэн хаантаан. Дээд Алтангэрэлт судар үүнийг бодох, сонсох унших аваас. Хэн боловч тэр нэн их хүч чадалд орших болно. Тэр сүр жавхлан төгөлдөр болно. Түүнийг үлгэрлэн жишиж үл чадах билээ. Тийм учраас. Дээд Алтангэрэлт судар үүнийг та бүгдээрээ сэтгэл оюундаа машид ихээр бясалган үйлдэх хэрэгтэй. Бусдад номлож үйлд. Тэр мэт үйлд. Учир нь. Энэ мэт. Би өнгөрсөн цагт бодьсадва-гийн явдалд хийчээхдээ. Амь, бие-ээ үл хайрлан судар үүнийг уншиж судлаж, санаж, хичээж үйлдсэн. Энэ мэт үйлдсэн. Бусдад ч бас агуу ихээр номлосон билээ.
Их Эсрэн хаантаан. Номын хүрд эргүүлэгч[3] хаан тэрбээр орчлон ертөнцөд хэдий удаан оршино. Долоон зүйл их эрдэнэ үгүй болохгүй. Хэрвээ тэр их хаан үгүй болох аваас. Долоон зүйл эрдэнэ тэр даруй алга болно. Тэр мэт. Дээд Алтангэрэлт судар ном ертөнцөд эс орших хүртэл номын ёс болоод бусад юмс бүгд үл доройтох билээ. Судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх эл судар ном хэзээ үгүй болно. Тэр мэт. Бусад юмс бүгд үгүй болно. Тийм учраас. Энэ их судар номыг нэгэн үзүүрт их сэтгэлийг барин, хичээнгүйлэн сонсож, барьж, уншиж бусдад агуу ихээр номлох хэрэгтэй. Алжаал зүдрэлийг тэвчиж үйлд. Буяны дээдийн дээд нь энэ билээ хэмээн хичээж шамдан үйлдээрэй хэмээн Бурхан багш зарлиглав.
Тэд бүгдээрээ суудлаасаа босов. Ёсыг ёсчилон үйлдээд алгаа хавсран бөхийгөөд Бурхан багшид айлтгалаа.
Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшаа. Бид бүгдээрээ Дээд Алтангэрэлт хэмээх энэ их судрыг бүрэн сахих хийгээд дэлгэрүүлэн түгээх болно.
Энэ судар номыг номлох тэр цагт саад бэрх зүйлс бүгд арилах болно. Ад чөтгөр, хор хорлол. Тэр мэт муу юмс бүгд үгүй болно. Өнгө ба хүч чадал бүтэн болно. Авхаалж самбаа, оюун ухаан төгс төгөлдөр орших болно. Амар амгалан ирнэ. Тэр болон түүний нөхөд сэлт бүгд амар амгаланг эдлэх болно.
Хүмүүн болоод хүмүүн бусын хорлол хөнөөл, саад тотгор үгүй болж, тэд бүгд амгаланг амсан эдлэх болно. Хэн нэгэн энэ судрыг хүндлэн тахиж үйлдэх аваас. Түүнийг тэнгэр бурхад бид тахиж хүндлэх болно хэмээн айлтгав.
Тэгээд Бурхан багш тэдгээр нөхдөд "Сайн болой" хэмээн зарлиглав. Гүнзгий их утгат дээдийн ном үүнийг сахих сэтгэлийг үүсгэвээс. Дээдэс доодос хэн боловч илтэд гэгээрэх болно хэмээн зарлиглав.
Жич: Энэ бүлэгт юмсын оршихуйн язгуур чанар болох хоосон чанарт тулгуурлан, уурлах тачаах болон бусад муу
юмсаас хагацан салж тэгшид оршоод бодь сэтгэлийг олох тухай айлддаг.
[1] Номын төв чанар
[2] Их аврал, их болгоолт.
[3] Дээд Алтангэрэлт номыг хэлжээ.