Алтангэрэлт судар-18
Хутагт Алтангэрэлт буюу Судрын аймгийн дээд эрхт хаан хэмээх Их хөлгөн судар оршвой
ИХ ДӨРВӨН ХААН ТЭНГЭР БОЛОН ХҮМҮҮНД НЭН ХАРСАН ХЭМЭЭХ
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ДӨРӨВ:
Тэгээд Ялж төгс нөгчсөн Бурхан багшид Их хаад айлтгав.
Ариун санваарт Ялж төгс нөчсөн Бурхан багшаа. Хэн нэгэн хүний хаан тэрбээр дээд Алтангэрэлт энэ судрыг сонсож шүтэх аваас. Тэрбээр өөртөө их сахиусыг[1] үйлдэх болно. Түүний хатан үр сад бүгдэд их сахиус хүрэх болно. Хааны орчимд бүгдэд амирлангуй сайхан болно. Эд баялаг санаад багтамгүй ихээр арвижана. Хаан тэр өөрөө улам бүр төгс төгөлдөр болж буяны цогцос хэмжээлшгүй сайтар хураагдах билээ. Дөрвөн их хаад бид нар. Хаан түүний хамаарал бүхий бүгдийг нь сайтар ивээн тэтгэж, сахиж хамгаалах болно.
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Тийм учраас. Энэ их судрыг биширч, сонсож үргэлжид үйлдэх хэрэгтэй. Дээд Алтангэрэлт энэ судрыг барихын тулд эхлээд цэцгэсийн баглаа болоод бусад тахилын эд юмсаар сайтар чимэглэж бэлтгэнэ. Бие сэтгэлээ угааж цэвэрлэж бэлтгэнэ. Үзэгсэлэнтэй сайн шинэ хувцас дээлийг өмсөж зүүж бэлтгэнэ. Суух суудлыг доор засан омог дээрэнгүйг орхиж, эд баялагт үл тачаан үл шунаж үйлдэнэ. Номыг өгүүлэгч гэлэн түүнд залбирч, эвлэг яруу сайхан түүний үгсийг урьж залан үйлдэнэ. Ном номлолд итгэж үйлдэнэ. Эрхтэн бүхнээ амирлуулан баясгаж үйлдэнэ. Ном өгүүлэгч гэлэнтэн түүнийг урьж залж угтаж үйлдэнэ хэмээн дөрвөн их хаантан Бурхан багшид айлтгалаа.
ТАВ:
Ялж төгс нөгчсөн Бурхан багш их хаадад зарлиглав.
Их хаад аа. Тэр цагт хүний хаан. Тэр цав цагаан хувцасыг өмсөж ном уншигч гэлэнг хүндэтгэн угтаж үйлдэнэ. Хааны бараа бологсод болон их баатар эрс элдэв олон янз өлзийт чимэг барин ном өгүүлэгч гэлэнг угтана. Энэ мэт болгоосноор. Хүний хаан тэр Загарвардын хааны язгуурыг олон удаа олох болой. Хүний хаан ном уншигч гэлэн ирэх тэр зүгт хэд алхана, түүний тоогоор эд баялаг нь аривдах болно. Тэрбээр тэр хэмжээгээрээ урт наслах болно. Авхаалж самбаа нь төгөлдөржиж, ухаан санаа нь амирлаж, хүч чадал төгөлдөр саруул сайхан болох болно. Машид агуу болно. Тэр мэт. Тэрбээр төрөл бүртээ түүнчлэн заларсан бурхадтай уулзаж учрах болно. Буяны садангуудыг саад тотгор үгүйгээр олох болно. Тийм учраас. Хүний хаан тэрбээр ном өгүүлэгч гэлэнг угтаж үйлдэх хэрэгтэй. Алс холоос зуун бээр, мянган бээрийн тэртээгээс ч угтаж үйлдэх хэрэгтэй хэмээн Бурхан багш зарлиглав.
Тэгээд Бурхан багш дахин зарлиглав.
Өнөөдөр Шагжаамуни бурхан миний ордонд бурхад заларч зоог барих болно. Өнөөдөр Шагжаамуни бурхан би өнгөрсөн, одоо цагт заларсан ирээдүй цагт залрах бурхад бүгдэд уужим агуу ихийг үйлдэх болно. Өнөөдөр би тамын амьтад, адгуус төрөлтөн, эрлэгийн амьтан бүрийн зовлонг огоорч таслах болно. Өнөөдөр би эсрэнгийн эрхэт хааны үндсийг тарих болно. Өнөөдөр би хүрд эргүүлэгч хаан болоод хурмаст тэнгэрийн бие-ийг олон удаа олох үндсийг тарих болно. Өнөөдөр би буян номын цогцос багташгүй ихийг хураах болно. Өнөөдөр би их сахиусыг үйлдэх болно. Өнөөдөр би эдгээр бүгдийг Алтангэрэлт судар ном түүний хүчээр сахих болно. Би эдгээр бүгдийг сайтар тэтгэж хорлол үгүй, дайсан үгүй, өвчин үгүй, хямрал үгүйг болгоож нигүүсэх их сэтгэлийг үүсгэж барьж үйлдэх болно.
Их хаадаа. Алтангэрэлт судар үүнийг өгүүлэгч гэлэн гэлэнмаа, гэнэн гэнэнмаа нарыг дээдийн ном хэмээн дээдлэж хүндлэж тахиж болгоох учиртай билээ. Тэр мэт. Үүнийг болгоож үйлдэгч тэр хүмүүний энэ насны цог жавхлан, аз хиймор нь улам бүр бадран гийх болно. Эд баялаг нь санаанд оромгүй ихээр аривжих болно. Тэр мэт. Тэр хүмүүнийг эсэргүүцэгч дайсан бүгдийг номын ёсоор эцэслэн шийдэх болно хэмээн Бурхан багш зарлиглав.
ЗУРГАА:
Тэгээд Ялж төгс нөгчсөн Бурхан багшид хандаж дөрвөн махаранз айлтгалаа.
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Ном айлтгагч гэлэн тэр цагт. Номын ширээнд суусан тэр даруйдаа элдэв олон сайн үнэрт хүж асаан ёсыг гүйцэтгэн ёслох ёстой. Хүжийн тансаг ариун сайхан үнэр асар ихээр анхилах болно. Энэ мэт. Тэр ариун үнэр нь их хаад бид дөрвийн гэрийн дээд агаарт шүхэр адил орших болно. Алтан гэрэл өнгөт үзэгдэл үзэгдэж түүгээр бид дөрвийн гэр орон гэрэлтэж гийх болно.
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Эсрэн тэнгэр Эрхэт хурмаст, их охин тэнгэр Сарсвати
/Эгшиглэнт/, охин тэнгэр Шри /Цогт/, болон Драда /Бат-эх/. Мөн түүнчлэн Ягчисын аймгийн их ноён Самжная
/Үнэнхүү мэдэлт/, ягчисын аймгийн хорин найман их ноёд, тэнгэрийн хөвүүн Эрхэт баялаг, их ягчисын ноён Манибадра, Булаагч эх түүний хүү нөхөр сэлт, болоод их лусын хаан Апаватапта, их лусын хаан Далай нарын байшингийн оройд хүжийн үнэрт мод мөн адил шүхэр мэт орших болно. Байшин бүгдэд алтан гэрэл үзэгдэнэ. Энэ мэт. Алтан гэрэл гэгээ түүгээр газар дэлхийд орон бүхэн гэрэлтэн гийх болно хэмээн дөрвөн махаранз Бурхан багшид айлтгав.
ДОЛОО:
Тэгээд Ялж төгс нөгчсөн Бурхан багш дөрвөн махаранзд зарлиглав.
Их хаадаа. Дээд Алтангэрэлт судрыг тахисны тул энэ үзэгдэл үзэгдсэн. Тэндээс ирсэн хүжийн үнэр, алтан гэрэл нь дөрвөн махаранз-ийн язгуурын орон болоод гурван мянган ертөнцийн орон, их далай, сүмбэр уул, тэнгэр лус, ягчис, гарьд, асур, миамжи бүгдэд үнэртэж үзэгдэх болно. Тэр бүгдийн гэр байрны дээд огторгуйд гэрэлтэн гийх болно. Энэ нь ном түүний хүч чадал билээ.
Их хаадаа. Тийм учраас. Түүнчлэн заларсан бурхад болон номыг өгүүлэгч гэлэнгүүд тэд бүгдээрээ түүнд баясдаг юм.
Дээд Алтангэрэлт судар түүний ёс гүнзгий их байдаг. Түүний гүн их үзэгдэл нь. Түүний эрдэм чадал нь. Санаад багташгүй агуу их байдаг. Хутагт Алтангэрэлт энэ судрыг сонссон тэр даруйдаа олон буман бодьсадва нар бодь-иос үл буцах болдог. Энэ мэт. Дээд Алтангэрэлт судар үүнийг сонссон, уншсан, сэтгэлдээ барьсан, хадгалсан, номлосон тэдгээр бүгдийг өгүүлэх нь утга учир илүүц буйзаа хэмээн Бурхан багш зарлиглав.
Тэгээд номыг өгүүлэгч гэлэнгүүдэд Бурхан багш зарлиглалаа.
Дээд төрөлхтөн та нар бүгдээрээ ирэх цагт бодь-ийн зүрхэнд одох болно. Дээд төрөлхтөн та нар тэнд очоод хаан модны урд сууж бод-ийн шимийг үйлдэх болно. Дээд төрөлхтөн та нар гурван мянган ертөнцийн хамаг амьтадыг аврах болно. Дээд та хаан модны өмнө нь суугаад машид аймшигт элдэв олон шулмасуудыг ялах болно. Дээд төрөлхтөн та нар бодь-ийн дээдийн дээдэд очиж, дээр үгүй үнэнхүү төгсөгсөн бурхан болох болно. Дээд та очир суудалд баттай сууна. Номын хүрдийг машид гүнзгий эргүүлэж номын их хэнгэргийг дэлдэх болно.
Дээд та нар номын цагаан лавайг[2] үлээх болно. Дээд та нар дээр үгүй номын зулыг[3]
бадруулан үйлдэж номын их хурыг буулгах болно. Дээд та нар олон олон амьтдыг аюулын далайгаас аврах болно. Дээд төрөлхтөн та олон буман амьтдыг орчлонгийн эргүүлгээс[4] машид ихээр гэтэлгэн үйлдэх болно. Дээд төрөлхтөн номыг өгүүлэгч гэлэн та бурхад бүгдийг баясгах болно хэмээг Бурхан багш зарлиглав.
НАЙМ.
Тэгээд Ялж төгс нөгчсөн Бурхан багшид дөрвөн махаранз айлтгалаа.
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Энэ мэт. Хэн нэгэн хаан буян үүсгэж дээд Алтангэрэлт судар үүнийг барих аваас. Дөрвөн махаранз бид дөрөв олон мянган өмөг зарц, олон буман ягчис нараа дагуулан номыг үйлдэх тэр газарт очих болно. Бид бие-ийг үл үзүүлэн тэр хааны ордонд залрах болно.
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Их буян үйлдсэн түүнийг бид дөрөв тэр даруйд нь авран хамгаалж сахих болно. Түүнийг амирлангуй амгалан сайн болгож үйлдэнэ. Түүний улс орныг аюул осол, хорлол өвчин, гачаал хямрал бүгдээс гэтэлгэж үйлдэнэ.
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Аль нэг хүний хаан. Түүний улс оронд дээд Алтангэрэлт судрыг баригч гэлэн гэлэнмаа, гэнэн гэнэнмаа нарыг тэд үл хүндэлж, үл дээдэлж, үл өргөмжлөн, үл тахих аваас. Дөрвөн их хаан бид тэднийг үл ойшоож үзэх болно. Тэдгээр бүгдийн цог хийморь, сүр жавхлан эд юмс бүгд үл аривжих болно хэмээн их дөрвөн хаад Бурхан багшид айлтгав.
ЕС:
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Бид дөрвөн хаан болоод бид дөрвийн зарц сэлт нар бид бүгдээрээ Алтангэрэлт судрыг үл ойшоогч тэр хүний хаан болоод түүний улс орныг орхих болно. Бид тэднийг орхих аваас. Тэнгэрийн чуулган бас тэднийг орхих билээ. Тэр цагт тэр хаан түүний улс оронд нь хямрал ихээр гарах болно. Амьтан бүгд өөр хоорондоо тэмцэлдэн хямрах болно. Гаригийн хорлол, элдэв олон муу өвчин гарах болно. Зүг бүрээс нь тал талаас нь оддын олон сум[5] унах болно. Гариг хийгээд одод үл зохилдоно. Хүчит салхи, их үер, ган зудын аюул гарна.
Улс орон нь доройтож амьтан хүмүүс бүгдээрээ нисваанисын хорлолд автана.
Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Их дөрвөн хаан бид дөрөв тэднийг орхих аваас. Тэр газар оронд энэ мэт элдэв олон хорлол гарах болно.
Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа. Хүний хаан болон хэн боловч амар амгаланг хүсдэг. Амжилт, ялалт, алдар, хүндэтгэлийг хүсдэг. Тэд нар энэ бүгдийг үнэн сэтгэлээсээ, чин ариунаар хүсэх аваас. Алтангэрэлт энэ судар номыг баригч гэлэн гэлэнмаа, гэнэн гэнэнмаа нарыг хүндэлж дээдэлж, өргөмжлөн тахиж шүтэж үйлдэх ёстой. Тэр цагт дөрвөн их хаан бид дөрөв тэдний амар амгалан хийгээд аз хийморь сүр жавхлан бусад сайн үйл бүгдийг нь нэн ихээр арвитган үйлдэх болно хэмээн айлтгав.
[1] Бурхан номын дээд их сахиус. Үнэмлэхүй хүчит их сахиус.
[2] Номын буяны болгоолт.
[3] Дээр үгүй. Номын гэрэл гэгээ.
[4] Зовлонт ертөнцийн үйлийн үр.
[5] Орчлонгийн олон одод ертөнцийн болгоолт.