Ажил хаялтаар улс төр хийх хэрэгтэй, намууд аа!
УИХ-ын сонгууль болсноор хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрч, парламент бүрэн эрхийнхээ хугацааны талаас илүү үдчихээд "Та нар өөрсдөө эдийн засгаа унагачихаад" гэж хэлэх эрх МАН-д байхгүй. Одоо өмнөх Засгийн газруудын биш, өөрсдийнх нь Засгийн газруудын үйл ажиллагаа шүүгдэнэ. Сонгууль ямар өчигдөр болсон биш дээ.
Багш нарын ажил хаялт үргэлжилж байна. Үйлдвэрчний эвлэл хамгийн сүүлд улсын хэмжээнд 130 сургууль, цэцэрлэг ажил хаялтад нэгдсэн тухай мэдээлсэн. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам энэ тоог бууруулж, 68 сургууль, 18 цэцэрлэг ажил хаясан гэв. Үүнээс 56 нь нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд юм байна. Ийнхүү хоёр талаас гаргаж байгаа тоо баримт зөрүүтэй байгаа ч ажил хаялтад оролцож байгаа сургууль, цэцэрлэгүүд, багш нарын тоо нэмэгдсээр байгаа нь бол бодитой зүйл. Хичээлийн эхний өдөр Ц.Цогзолмаа сайд “12-хон сургууль ажил хаясан” гэж мэдэгдсэн шүү дээ.
Ажил хаясан багш нарыг эсэргүүцэх аав ээжүүдийн холбоо ч билүү, сүлжээ ч билүү хэсэг иргэд “Ажил хаялтын улмаас 300 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна” гэв. Энэ тоо үнэн бол Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын бараг тал хувь нь гэсэн үг. Засгийн газар, багш нарын хооронд үүссэн зөрчилдөөнөөс болж энэ тооны хүүхэд сурах эрхээ хасуулаад байна. Үүнийг дан ганц багш нартай холбож үзэх аргагүй. Нөгөө талд нь ажил олгогчийн үүрэг гэж бас бий.
Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр цацагдаж буй мэдээллийг үзвэл ажил хаясан багш нарын ард сөрөг хүчний намууд тэднийг дэмжиж байгаа гэнэ. Ажил хаялт эхэлсэн өдөр “АН-ын дарга С.Эрдэнэ багш нарын ажил хаялтыг санхүүжүүлсэн, АН ялсан дүүргүүдэд багш нар ажил хаяж байна” гэсэн билээ. Харин сүүлийн хоёр өдөр МАХН-ын нэр багш нарын ажил хаялтын ард хавчуулагдаж эхэллээ. Энэ нь Үйлдвэрчний эвлэл ажил хаялтыг удирдаж (Боловсрол, шинжлэх ухааны үйлвэрчний эвлэлийн холбоо ажил хаялтыг анх зохион байгуулсан) эхэлсэнтэй холбоотой.
Үүнийг далимдуулаад “Улс төрийн намуудтай л ганзага нийлбэл тэмцэл чинь дууслаа шүү, багш нар аа” гэсэн гэнэн маягийн ухуулга олон нийтийн сүлжээ, хэвлэлийн мэдээгээр урсаж эхлэв. Хэрэвзээ МАХН, эсвэл Үйлдвэрчний эвлэл оролцоогүй бол багш нар юу юугүй ялаад гараад ирэх байсан юм гэнэ. “Өөрсдөө эрх барьж байхдаа эдийн засгаа унагачаад” гэх маягийн сөрөг давшилтууд ч явж байна. Бодвол АН-д хаяглаж байгаа бололтой. Багш нарт ямар засаг барьсан удаа байх биш.
Үнэндээ бол анх ажил хаялт эхэлсэн өдрөөс л “Багш нар Засгийн газрыг унагах гэсэн улстөрчдийн гар хол боллоо”, эсвэл “Цалингаа нэмүүлэхийн төлөө хүүхдүүдээ золиосолж байгаа ийм арчаагүй хүмүүс багш байх эрхтэй юу?” гэсэн сөрөгдайралтуудыг нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттай явуулсан. Засгийн газар ажил хаясан багш нартай уулзаж, зөвшилцөлд хүрэх арга зам, дундын хувилбар хайхын оронд эцэг эхчүүдийн нэрээр эсрэг акци зохион байгуулж эхэлсэн. Ийм тохиолдолд парламентын гадна байгаа, дотор байгаа сөрөг намууд бүгд үүнийг эсэргүүцэх ёстой. Эрх баригчдын эсрэг босгосон овоо болон дээр очиж суух нь сөрөг хүчний үүрэг. АН лав энэ боломжийг ашиглаагүй. МАХН үүнийг ашиглаж эхэлсэн бол харин ч сайн хэрэг. Хэрэвзээ (АН шиг) эрх барьж байгаа намын хамжлага аятай хэлсэн, хийсэн болгоныг нь дуугүй хүлээн зөвшөөрөөд явбал улс төрийн сөрөг хүчин гэж үзэгдэхгүй. Харин ч улс төр хийхгүй бол илүү инээдэмтэй харагдана. Яг үнэндээ УИХ-ын сонгууль болсноор хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрч, парламент бүрэн эрхийнхээ хугацааны талаас илүү үдчихээд "Та нар өөрсдөө эдийн засгаа унагачихаад" гэж хэлэх эрх МАН-д байхгүй. Одоо өмнөх Засгийн газруудын биш, өөрсдийнх нь Засгийн газруудын үйл ажиллагаа шүүгдэнэ. Сонгууль ямар өчигдөр болсон биш дээ.
Дахин хэлэхэд багш нарын ажил хаялтаар улс төр хийж болно. Засгийн газрыг огцруулсан ч болно. Засгийн газар бүрэн бүтэн ажиллах нь эрх баригч намын асуудал болохоос сөрөг хүчний үүрэг биш. Тэгээд ч багш нарыг “Улс төр хийлээ” гэж буруутгах нь угаасаа гэнэн зүйл. Улс төр гэж зөвхөн засгийн эрхийн төлөө хэдэн намыг хэлдэггүй. Ардчилсан нийгэмд эрх ашгийнхаа төлөө тэмцэж байгаа, нэгдэж байгаа хүн бүр улс төрийн оролцогчид. Улс төрчдөд, эрх баригчдад үзүүлж байгаа шахалт, тавьж байгаа шаардлага болгон улс төрийн шаардлага мөн. Ажил хаялт бол багш нар, боловсролын салбарынхны өөрсдийн эрх ашгийг хамгаалах гэсэн улс төрийн тэмцэл. Харамсалтай нь манайхан улс төр гэдэг үгийн дан ганц ар талыг хардаг, улстөрчдийн найруулсан хорт ундаа гэж итгэдэг. Улс төр гэдэг үгний хамгийн энгийн утга, ил байгаа зүйлийг нь олж хардаггүй.
zochin
Зочин
хуульч
ЗОЧИН