Э.Бат-Үүл баатар дахиад л “бархирч” байна. Гэр хорооллын барилгажилт хөдөлгөөний зохицуулагч Б.Батсүх өчигдөр хотын даргын цонх руу өндөг шидсэн хэргээр ачигдаж, хаана хүргэгдсэн нь тодорхойгүй, хайгаад олдохгүй байна гэнэ. Уг нь цагийн сайханд нийслэлийн цагдаагийн даргыг өмнөө ёслуулж явсан хүн шүү дээ. Цагдаагийн албаны тухай шинэ хуулиар хотын цагдаагийн даргыг Нийслэлийн Засаг дарга томилох эрхтэй болсон юм. Яах вэ, иргэндээ илүү үйлчилдэг, иргэнээ гэсэн сэтгэлтэй хүн цагдааг удирдаасай гэсэндээ тэр. Бүр цаашлаад хотын иргэд өөрсдөө хуралдаад цагдаагийн даргаа сонгодог болно гэлцэж байлаа. Гэвч 2014 онд баталсан энэ хуулийг 2017 онд МАН олонхи болоод буцаасан л даа.

Асуудал юу гэвэл Монгол Улсын иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхтэй.  Тэгснийх нь төлөө барьж хорих хууль байхгүй юм л даа. Харин Гэр хорооллын барилгажилт хөдөлгөөний зохицуулагчийг ЦЕГ-ын харьяа Нийгмийн хэв журмыг хамгаалах хэлтэст аваачин байцааж, Дотоодын цэргийн 805-р ангид хорьсон гэнэ. Энэ хоёр байгууллага яагаад нэг дор байдгийг мэдэхгүй юм. Ямартай ч Хууль зүйн яамыг дотоод хэргийн яам болгон зохион байгууласантай холбоотой байх.

Товчоор хэлбэл Б.Батсүх гэдэг хүнийг нийгмийн хэв журам зөрчиж, төрийн өндөр албан тушаалтанд аюул занал учруулсан бололтой юм. Миний л сонссоноор өнгөрөгч долдугаар сард Нийслэлийн прокурорын газраас журам гаргаж, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой гомдлыг (бүр тодруулбал төрийн өндөр албан тушаалтнуудаас иргэдийн эсрэг гаргасан гомдол) гаргасан хэргийг дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд дээр биш ЦЕГ дээр татаж, нэгтгэн шалгадаг болсон гэсэн. Тэгэхээр хотын дарга Су.Батболд мань хүнийг хориулжээ гэсэн үг. Одоо бүр үг хэлэх ч эрхгүй болж байгаа юм байна.

Арван жилийн өмнө бол төрийн ордны саарал байшинг өндөг, улаан лоолиор будчихаад ялалтын дуутай харьдаг байлаа. Тэр үед иргэд нь илүү эрх дархтай байж. Удах тусмаа улам бүр уруудан доройтож байна даа, бид.

Саяхан даа, сургууль цэцэрлэгийн багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаяхад хэн ч тэднийг дэмжээгүй, бүр багш нар өөрсдөө ч дэмжээгүй. Харин ч эсрэгээрээ “ажил хаясан багш нарын оронд ажилгүй багш нар нь ажиллая” гээд хэвлэлийн бага хурал хийхэд монгол хүний хамгийн адгийн зан чанарыг олж харсан. Тэр хэвлэлийн бага хурлыг захиалсан, зохион байгуулсан яамны нөхдөд биш, тэнд мэдэгдэл хийгээд сууж байгаа залуухан эмэгтэйчүүдийг хараад гутсан. МАН засаг барих болгонд нэг ийм адгийн юм болдог. Өлсгөлөнгийн эсрэг өлсгөлөн зохион байгуулна, ажил хаялтын эсрэг ажил хаяж, жагсаал цуглааны эсрэг жагсаал цуглаан хүртэл хийнэ. Бүүр нэг тэрэндээ гаршчихсан.

Цаг хугацаа өнгөрөх тусам бид ардчиллаар олж авсан үнэ цэнэтэй бүхнээсээ улам бүр алсран холдож байна даа. Хүний эрх, эрх чөлөө гэдэг юм үнэ цэнэгүй болж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болсон байна. Хэлсэн нэгнээ адалдаг, хавчдаг, нийлж байгаад боорлодог, нүүрээ буруулдаг болсон байна. Нийгмийн шударга ёс, ёс суртахуун гэдэг зүйл байхгүй болж, монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж улам бүр дордож, шалдаа буутлаа унаж байна. Бид мэдсэн мөртлөө мэдээгүй юм шиг, харсан мөртлөө хараагүй юм шиг дуугүй л байна. Юу биднийг ингэтэл өөрчлөөд байгааг бүү мэд. Ийм байхад Э.Бат-Үүл бархирахгүй гээд ч яах билээ.

inews.mn