Хар цагаан
Орчин үеийн Европт хүмүүстэй мөр зэрэгцэн хар, цагаан шулмууд нууцлагхан амьдарч, хоорондоо үхэх, сэхэхийн аюумшигт тэмцэл явуулсаар иржээ.
Салли Грийн
Орчин үеийн Европт хүмүүстэй мөр зэрэгцэн хар, цагаан шулмууд нууцлагхан амьдарч, хоорондоо үхэх, сэхэхийн аюумшигт тэмцэл явуулсаар иржээ. Хүүхэд наснаасаа өнчрөл, хагацал, бусдад гадуурхагдахын зовлонг ханатал амссан Натан хүүгийн эх нь өөрийгөө эмчилдэг шидтэй цагаан шулам, харин эцэг нь бүх цагаан шулмын зүрхэнд шар ус хуруулсан хамгийн хүчирхэг хар шулам ажээ. Тэрээр 17 нас хүрэхээсээ өмнө эцгээ олж уулзан, гурван шид увдисыг нь өвлөн авахгүй аваас үхэгсдийн орон руу илгээгдэх тавилантай...Харри Поттэр, Өлсгөлөн тоглоом, Луун шивээст охин, Бүрэнхий зэрэг номуудын араас шил даран гарч ирж орон орны уншигчдыг байлдан дагуулж буй онц сонирхолтой ном монгол хэлнээ анх удаа хөрвүүлэгдэн танд хүрч байна. Английн зохиолч Салли Грийний энэхүү роман хэвлэгдэн гарахаасаа өмнө дэлхийн 45 орны хэлнээ орчуулагдаж Гиннэсийн дээд амжилт тогтоожээ. Өдгөө Холливүүдийн “ХХ зуун Фокс” студи Хар Цагаан романаар бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр ажиллаж буй.
Хар Цагаан алдарт романы дараагийн дэвтрүүд тун удахгүй таны гарт очно.
“Сайн буюу муу хэмээгч нь дангаараа
оршдоггүй. Бидний өгсөн дүгнэлтээс л болдог.”
оршдоггүй. Бидний өгсөн дүгнэлтээс л болдог.”
Хамлэт, Виллиам Шэкспир
САБАГИЙН НАС БАРСАН ТҮҮХ
Саба хэмээх Хар шидтэн байжээ. Тэр нэгэн ангуучийг хөнөөгөөд зугтжээ. Ангуучдын удирдагч болох Виржиниа болон түүний элит бүлэг Сабагийн мөрөөр мөшгөжээ. Тэд Англи даяар, хөдөө хээр, хот тосгоныг самнасаар түүнийг бараг бүслэх дөхжээ.
Сабагийн тамир барагдаж, арга ядахдаа тосгоны захад нэгэн том байшингийн зооринд нуугдсан гэдэг. Нэг бол үнэхээр цөхсөн хэрэг, эс бол ерөөсөө нуугдъя гэж бодоогүй байх. Ангуучдаас нуугдана гэх ойлголт үгүй билээ. Араас нь мөшгөсөөр дагаад ирнэ гэдгийг тэр тооцоолсон байх ёстой. Тэр ёсоор ч болов. Ангуучид өнөө байшинг нь олоод тэр дор нь бүслээд авжээ. Сабагийн хувьд гарах гарцгүй боллоо. Ангуучдын зарим нь зоорь уруу дайрах санаатай байсан ч Виржиниа ахин өөр хэн нэгнээ алдахыг хүссэнгүй. Зоорь уруу гагцхүү сөхдөг хаалгаар дамждаг агаад уг орцыг бүтэн сарын турш бүслэх тушаал буулгажээ, эл хугацаа өндөрлөхөд Саба нэг бол үхсэн, эс бол эцэж туйлдахдаа Ангуучдын багт хохирол учруулалгүйгээр баригдана гэж үзсэн хэрэг.
Ангуучдын дийлэнх нь уг шийдвэрт таагүй хандаж байгааг Виржиниа мэдэж байлаа. Тэд Сабагаас өшөөгөө авч, алдар цуугаа дуурсган, түүнийг шалавхан хүйс тэмтрэхийн тулд энэ анд мордсон. Виржиниа Сабаг оргуулчихгүйн тулд зоорины үүдэнд харуул томилохдоо Ангуучдын хэн нь ч түүний тушаалыг зөрчихгүй байхыг хянах давхар санаа агуулжээ.
Шөнө болж, Ангуучид өнөө байшинд болон гадаах цэцэрлэгт нь тус тусын унтах газрыг олж авчээ. Харанхуй бүчин авмагц зоориноос хахир дуу хадаж эхэлсэн тул хэн ч унтсангүй.
Ангуучид хэн нэг нь Виржиниагийн тушаалыг зөрчиж, зоорь уруу дайрч ороод Сабад тамлуулж байгаа юм болов уу хэмээн бодоод сөхдөг хаалга уруу гүйлдэн иржээ. Гэвч харуул цоожтой хаалганы өмнө номхон зогссон хэвээр байж гэнэ. Өнөөх улиан зоориноос гарч байсан бөгөөд үүр цайтал тасалдаагүй гэдэг. Ангуучид унтчих санаатай чихээ бөглөж, хувцас хунараасаа тасдан чихэж үзсэн ч толгойг нь нэвт хатгах дууг юу ч зогсоож чадсангүй гэнэ. Тэд өөрсдөө дор бүрнээ орилж буй мэт бодогдтол төвөгтэй байжээ.
Өглөө болоход Ангуучид эцэж туйлдсан байлаа. Уул нь хүдэр чийрэг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хамгийн шилэгдмэлүүд нь байсан хэдий ч Сабагийн араас хэдэн долоо хоног мөшгиж явсаар одоо ядарч эцжээ.
Удаах шөнө өнөөх дуу ахин хадсан тул бүгд мөн нойргүй хоножээ.
Энэ байдал шөнө болгон давтагдсаар эхний долоо хоног өндөрлөхөд Ангуучид хоорондоо маргалдаж, гар зөрүүлэхэд хүрчээ. Нэг Ангууч нөгөөгөө хутгалан хөнөөж, өөр нэг нь тэднийг орхин явж гэнэ. Виржиниа өөрөө хүртэл арга нь барагджээ: нойр алдсанаас гадна шилмэл бүлэг нь нүдэн дээр нь хөл толгойгоо мэдэхээ байн задарч буйг харж байлаа. Найм дахь шөнөө өнөө орилох чимээ гарахтай зэрэг тэрээр зоорь уруу улангасан гүйж очоод сөхдөг хаалган дээр тавьсан хаалтуудыг авч шидэлж эхлэв. Түүнийг тойрон бүчсэн ангуучид ёстой мэл гайхан цэл хөхрөнө гэгч болжээ. Хэдийгээр тэд дотогш орж, энэ зүдэргээтэй байдлыг эцэс болгохыг хүсэвч ердийн цагт биеэ барих чадвараараа тэднийг үлгэрлэн дагуулдаг удирдагчаа ийнхүү хаалганы урд хамаг юм авч шидлэхийг үзээд галзуурсан юм болов уу хэмээн гайхжээ.
Нэг ангууч түүн рүү дөхөж, ихэд зүрх гарган байж, Сабаг нэг сар хорих тушаалыг тэр өөрөө гаргаснаас хойш одоо ердөө долоохон хонож буйг сануулжээ. Виржиниа Ангуучийг гэдэргээ нь түлхэж, энэ тамыг дуусгахын тулд өөрийн болон нөхдийнхөө амь насыг дэнчинд тавих бодолтой байгаагаа хэлжээ.
Тэгээд хаалгыг сөхөн зоорь уруу араасаа ангуучдаа бөөнөөр нь дагуулан орж явчихав аа.
Зооринд хав харанхуй. Виржиниа гар чийдэнгээ шал уруу тусган авдар сав, хайрцаг, хуучин сандал, шилтэй дарснууд болон шуудайтай төмс зэргийг зайчилж явлаа. Өөр өрөө рүү орох хаалга харагдана. Чухам тэндээс өнөө дуу хадна. Виржиниаг тийш зүглэхэд Ангуучид араас нь дагалаа.
Хоёр дахь өрөө хоосон оргино. Харин тээр буланд элдэв хог новш овоолсон нь муухан үзэгдэнэ.
Виржиниа том том алхан овоолсон хог новшнуудыг ярахад дор нь Саба хэвтэж байх нь харагдлаа. Хагас үхлүүт байдалтай, ухаан санаа нь элийрсэн хэдий ч чарласаар хэвтэж байна гэнэ. Нүүрээ юу ч үгүй ураад, үй зайгүй шарх сорви болжээ. Бас өөрөө өөрийнхөө хэлийг тас хазсан болохоор ярьж үл чадна. Гэсэн ч чарласан хэвээр.
Виржиниа түүнийг цааш харуулахад ядах юмгүй ч Зөвлөлд аваачиж байцаалт өгүүлэх хэрэгтэй гэж хэлжээ. Саба дөнгөн данган амьтай голтой байсан хэдий ч маш хүчирхэг Хар шидтэн байсан болохоор Виржиниа түүнийг авч явахын өмнө хүлж баглахыг тушаажээ.
Цаг шөнө дунд болж байсан хэр нь сарны гэрэлд бараг өдөр аятай гэрэлтэй аж. Ангуучид түүнийг дамжлан гадаа гаргасан даруйд Саба гунганан мурчиганаж эхэлжээ. Шөнө агаарт гарсан түүний чадал эргэн ирж буйг Виржиниа анзаарсан ч нэгэнт оройтжээ. Саба амнаасаа гал гарган түүнийг чирж гаргасан хоёр Ангуучийг галджээ. Тэр газар хэвтэж байгаад гал гарган уяа хүлгээ шатаасан байна. Виржиниа буугаа гаргаж ирээд Сабагийн цээж рүү буудсан ч Сабад Виржиниаг барьж аваад галдчих хэмжээний чадал үлдсэн байжээ. Виржиниа хүүтэйгээ цуг шатаж байх хооронд хүү Клэй нь Сабагийн ар шил рүү бууджээ. Саба сая нэг юм чимээгүй болж, байшингийн урд талын зүлгэн дээр үхэтхийн унажээ.
НЭПКО хэвлэлийн газар
Зочин
u/b
sh
Зочин
Зочин
Уншигч
Зочин
Зочин
Батболд
орчуулагч