Тэтгэврээ хүртээд үхлээ хүлээгээд эрих имэрч нүдээ аниад хэвтэхэд үр хүүхдээс хааяа халиад толгойд хоёрхон бодол эргэлдэх болж. 50-60 жил тархинд чуулсан сэдвүүд үргэн нисээд ердөө хоёр үлдэж. Нэг нь угаасан нүүрсээ төмөр замаар зөөх. Нөгөө нь эрчим хүчний эх үүсвэр. Уудам цэлгэр эл хуль нутгаа туучиж-амьдралаа залгуулахад бидэнд асар их шатахуун, алс холын өнцөг буланд эрчим хүч түгээхэд маш урт сүлжээ хэрэгтэй. Шатахуун цахилгааныхаа хугасыг ч атугай өөрөө үйлдвэрлэхгүй бол хэт үнэтэй импорт босгохгүй нь. Давхар дээлтэй хоёр сайдынхаа хуулийг гялс өөрчилж бүх сайдаа давхар дээлтэй болгосон хурдаар энэ хоёр төслөө хөдөлгөөч. “Алд” төмөр замаа гацаасан арав гаруй жилдээ малтмалаа галт тэрэгний урт урт цуваагаар сая сая тонноор зөөсөн бол монголчууд өдийд цулайсан. Энэ хоёр төсөл биелээгүй цагт зөнөг би хэвтэртээ пөн пөн хуцсаар байх болно. Дахин ахин улиглаад буйн учир минь ердөө энэ. Номын захиалга авах утас: 99259730



Нүүрлээд ирсэн хөгжлөө үргээчвээ хөөрхий

Эрдэс түүхий эд шингээх ходоодоор дэлхийд нэгд эрэмбэлэгдэх манайдаа далайн гарц аварга захын хажууд коксжих нүүрсээр энгүй Таван толгой орд маань азаар оршдог. Арилжаа, гадны хөрөнгө оруулалт хөгжлийн үндэс. Мөнгөтэй аваас бүтээн байгуулалт өрнөж амьдрал өөдөлнө. Мөнгө олохыг бодлогынхоо эхэнд тавих мөнгөний шунал бус жижиг улсын тулгамдсан хэрэгцээ болдог аж. Хоёр аварга гүрний завсар хавчигдсан байршлаа өөрчилж чадахгүйгээс заяасан ганц жимээр сажилж л таарна. Малтмалаар энгүй баян Орос маниас нүүрс хүдэр авахгүй. Манай малтмал мөнгөжүү болсон Хятадад эрэлт их. Тиймээс хөгжил болгох мөнгө хойноос биш урдаас олдох-нүүрлэсэн өгөгдлөө үргээчихгүй юмсан.

Бидэнд хил залгаа ашигтай өөр түнш заяасангүй. Хаяа дэрлэсэн ганц аварга захад чулуу шороогоо чадлаараа шахаж, ахиу зоос олж, дэд бүтцээ түргэн байгуулах гэсэн намайг ойлгооч. Шинжлэх ухаан нүүрсийг маань үнс болгочих гээд биднийг яаруулж байна. Хөгжлөөс хоцорсон бидэнд хурд маш чухал болов. Хятад улс манууст маш ашигтай хөрш. Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаагаа яаж тэлэх билээ. Нүүрсээ солилцох уу. Хоёул чулуу шороогоо зарах гэж өрсөлдөж буй. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад төмөр зам тавиулсангүй.

Цар тахлын хорио цээрт орлогогүй гуриатаад төмөр замаа тавихаар яарсан ч 280 сая доллароор далангийн шороо овоолсон Гашуун сухайт руу бус, тэр ч бүү хэл нүүрс худалдан авагч Хятад руу ч бус, хэвтээ тэнхлэгийн 416 км өргөн төмөр замыг ТЭЗҮ-гүй, гео судалгаагүй Зүүнбаян руу зүтгүүлэв. Санхүүжилт нь төрийн нууц! Галт тэрэгний урт цуваагаар Таван толгойгоос нүүрсээ ачаад Зүүн баянд очно. Нүүрсээ Зүүн баянд зөөснөөр зорилго биелэхгүй. Эцсийн өгөөж-төмөр зам тавихад бус нүүрсээ худалдаж зоос олох! Галт тэрэг өдөрт хэд ч сүнгэнэсэн ээрэм говьд түгжрэлгүй. Мунадаг амжилт, өнгөц харвал. Гэвч нүүрсээ Зүүнбаянд Шилийн богд шиг овоолоод ч ганц доллар олохгүй. Харин тээврийн зардлаар шатна. Суурь бүтцэд 280 сая доллар булчихсан, хил давмагц түүхий нүүрс авдаг хэрэглэгчтэй, 10 жил гацсан замын урдуур дайрсан галзуу төсөл. 

Нүүрсээ сул шахам барьцаалж эхлүүлсэн Зүүн баянгийн 416 км төмөр зам чинь бүтнэ. Харин нүүрсээ галт тэрэгний урт цуваагаар тээвэрлэж, өндөр үнээр борлуулж мөнгө олохоо хойш тавьсан ээлжит мэх чинь хоног хоногоор тодорно. Ийм ил мангуу залиар дөнгөөд буй нь бидний лоймлынх. Өөр хэний ч буруу биш. Ард түмэн минь тэнэг духаа шаа. Би ч гэсэн юм ухаардаггүй маанаг духаа шаангаа энэ нийтлэлийг бичив. Шулуулж буйгаа ухаардаггүй маанагууд шулаачаа магтаж мөргөсөөр хувхайрах тавилантай. Хойд хөрш бидний урдуур нүүрсээ борлуулснаар хожих юм биз. Бяцхан Монгол гацсаар бахь байдаг зүдүү хэвээр шар нар бор хоног элээх аугаа Оросын хөгжилд хурд нэмнэ гэж үү? Жилд 3,4 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг Хятадын мангас шиг ходоод Орос Монголын нүүрсийг залгиад Австрал Индонез зэрэг улсаас авч буй тул аугаа Орос ядуу Монголыг бизнесийн харгуйд дэгээдэж унагах нэрийн хор байгууштай. 

Зүүнбаянгийн 416 км төмөр замд баясахын хамт энэ замаар тээвэрлэсэн нүүрснээсээ цэвэр ашиг хэдийг хүртэв гэх эцсийн үр дүн Монголд наалдах хөгжил. Үүнийг л хэлэх гэж нуршив. Баттулга Таван толгойг нарийн төмөр замаар Ганц модтой 10 жилийн өмнө гацаалгүй холбочихсон бол түүнд мөргөх сөн. Төмөр замгүйгээс бараг хүн бүр нүүрс машинаар экспортолж хулгай ч гаарав. 2012 оноос нүүрсээ нарийн царигаар жирэлзүүлсэн бол 6-7 тэрбум долларын нүүрсний хулгай гараагүй.

Угаасан коксоо галт тэргээр 10 жил зөөсөн бол монголчууд баяжсан. Үгүй ядаж ковидын үед нүүрсээ вагоноор саадгүй тээвэрлээд гуриатаагүй. Хөрөнгө оруулагчид манай ордуудыг төмөр замгүй гээд буцдаг. Хэн хэнийхээ ард түмний сонгосон замналыг хүндэтгэж, адилхан хожихоор дээд түвшиндээ тохирсон их хөрш БНХАУ, нарийн цариг тавивал хятадууд танк их буугаа ачиж ирээд эзэлчихнэ гэх мангуу Х.Баттулгыг тоож эмзэглээгүй. Зуун жил орос сүрдүүлэгт сүнс нь зайлчихсан монголчуудыг сэтгэхүйн олдмол эмгэгээ ХХI зууны гэгээрэлд яваандаа хаяна гэж оношилдог биз.

Өнөөдөр өргөн ч гэлээ төмөр зам 10 гаруй жил баарсаар яаж ийгээд Гашуун сухайт хүрчээ. “Бид бие дааж төмөр зам тавив” гэж эрхбаригчид сүржигнэв. Харанхуй массаа ингэж малласнаар тэдний рейтенг өслөө. Гэвч айлын замтай холбосноор нүүрсээ галт тэрэгний цуваагаар хил давуулж байж санасандаа хүрнэ. Холболтоо бүх сайдаа давхар дээлтэй болгосон шигээ гялалзуулаач. Нүүрсээ галт тэрэгний цуваагаар экспортолж валют хүүдийл. Маниусын ингэж мөнгөжихийг л оросууд тэвчихгүй гацаадаг. Өргөн царигаас нарийн руу сэлгүүлэх гэж хэдэн зуун сая доллар үрнэ. Орос магнатууд манай төр засгийг гоё дөнгөсөн байгаа биз. Манайхан одоо холбох цэгээ тохиролцоно гэж аргацаахдаа-гацаа БНХАУ-аас үүсээд буй мэт ойлголт битүүхэн төрүүлэхийг хичээх бөгөөд ард түмэн ч дуун дээр тэгж эргүүтнэ. Ингэснээр орос магнатууд ядмаг хөршөө мөнгөгүй байлгах далд санаагаа биелүүлж, экспортоо өсгөх хугацаа хождог юм. Оросууд гацаахдаа маньдаа л баавгай. Зовхи нь өөдөө үндэстнийг бол тэд яаж ч чадахгүй. Унхиагүй монголчуудаа, зовхио сөхөөд эргэн тойрноо тольдооч

Танк их бууны аюул зайлшгүйг өргөн цариг тавьснаар нотлов

Өргөн цариг тавихыг ямар түвшинд шийдлээ? Мэдээж УИХ. Зүүнбаян, Гашуунсухайт, Ханги гурван чиглэлд өргөн цариг тавьсан 76 гишүүний шийд-“танк их бууны аюул бодиттой” гэж итгэдгээ гадаад дотоодод нотлов. Яагаад гэвэл нарийн царигаар Хятадын төмөр замтай шууд холбох боломж байсаар атал сэлгүүлэн ачих терминалд асар их хөрөнгө үнэт хугацаагаа зориуд дэмий үрээд зогссонгүй, галт тэрэгний урт урт цуваагаар сая сая тонн эрдсээ хил хамгийн хямдаар шууд давуулах ховор боломжоо алдах өөр шалтгаан огт байгаагүй юм чинь дэлхий дахин тэгж ойлгохоос өөр яах вэ.

Наад захын хэрэгцээнд төсөв хүрэхгүй, хүн ам өлөн зэлэм ядаж байхад яагаад маш их давхар үрлэг бүхий терминал шаардлагатай өргөн цариг тавив гэхэд “танк их буунаас айгаад” гэхээс өөр хариулт олдсонгүй. “Сэлгүүлэн ачих буулгахад дурлаад” гэлтэй ч биш, “мөнгөө хоосон үрмээр санагдаад” гэхэд хэн ч итгэхгүй. УИХ бодож бодож өргөн цариг тавьсан нь танк их буунаас айжээ. Өөр шалгаан байна уу? Байвал хэлээч УИХ-аа. 

Юутай ч 12 жил гацсан галт тэрэг эцсийн эцэст зэргэлээт говиор нэг удаа туршилтаар жирэлзэв. Таван толгойд туг далбаа дарцаглан хөгжим нижигнэж дарс ханхаллаа. Жилд 70 сая тонн нүүрс экспортолно гэж ерөнхийлөгч хөөрцөглөв. Дагаад хөөрчих гэсэн чинь хилийн боомтоос 10 км-ийн наана өргөн төмөр зам маань мухардаж, нүүрсээ хээр асгаад цааш төмпөнгөөр айлын нарийн цариг руу зөөх болж. “Ашиглалтад оруулав” гэж сүржигнэсэн төмөр замаа “ашиглаж” нүүрсээ илчит тэрэгний цуваагаар хил давуултал 3-4 жил хүлээх болоод явчхав. 1,5 ихнаядын өртөгтэй терминал барьж гүйцэхэд УИХ, ерөнхийлөгчийн хугацаа дуусаж, зориуд буй болгосон энэ нүсэр дарамт дараагийн төрийн нурууг хотолзуулна. Энэ бол бодлогын залгамж чанараа нулимж, зөвхөн өөрөө баяждаг 76 хоноцын тарьдаг гай. Тэгээд бас ичих ч үгүй “тархиа ширгэтэл чөмгөө дундартал зүтгэсэн” гэнэ. 

Сэлгүүлэх терминалд УИХ хомс төсвөө яагаад өм цөм хоослов? Орос магнатууд сэм айлгасан бол 76 минь нуулгүй бидэндээ шивнээч. Буурай улсынхаа зовлонг иргэн бүр мэдье. Чадлаараа хамгаалъя. Царигаа дэлхийн стандарт нарийнаар тавьсан бол Гашуун сухайт Шивээ хүрэн Хангийн терминалуудыг барих тэр их зардлыг ядуурсан мань хүртэх байв.

Уг нь нүүрсээ галт тэрэгний цуваагаар хил давуулж валют болгож байж л тугаа мандуулж, хөгжмөө нижигнүүлж, дарсаа ханхлуулмаар. “Экспортын төмөр замаа гацаасны улмаас 10 гаруй жилд хохирсон 80 ихнаядын алдагдлыг экс ерөнхийлөгч Х.Баттулгаас нэхэмжлэх учиртай” гэж Засаг мэдэгдсэн ч монголчууд Украйны нацистуудыг зүхээд 80 ихнаядын хохирлоо хайхарсангүй. Ах нарынхаа бурууг ч сохор нохой мэт нүүр нүдгүй өмөөрдөг биднийхээ “чулуу шороогоо төсөр тээх-төмөр зам”, “дааж давшгүй дарамт хөнгөлөх-эрчим хүчний эх үүсвэрийг минь” ах нар маань гацаахдаа нугаршгүй ажээ.

Нарийн цариг тавьсан бол танк их буу ачиж ирээд эзлэх дайсан буйг УИХ дэлхийд зарлачлаа. УИХ-ын энэ дүнхүү шийдвэр түүхэнд мөнхөрнө. Хэн хэндээ ашигтай найрсаг харилцаа дээд түвшиндөө тохирсон БНХАУ их буу танк гэх өдөлтөд хэрхэн ханддаг бол? Тэд тэвчээртэй ч тэвчээр барагддаг. Бидний болчимгүй авир ноцтой юманд бүү хүргээсэй бурхан минь. Хятад Орос шиг довтлохгүй. Хилээ хаачихад л бид хэцүүднэ. Орос үүнийг хүсэж буй. Нүүрс хүдэр зэсээ галт тэргээр экспортлох Гашуун сухайтын зам гацсанаар Монгол сэхсэнгүй. Энэ бол 30 жил эрх барьсан та бүхний үлдээсэн мөр. Түүх тамгалсан мөр арилдаггүй-сургамж болсоор үлдэнэ. Монгол хүн муу зан авираа засахгүй бол гацаа хойшид давтагдах нигуртай гэх гээд байна би. Эдийн засгаар дэлхийд тэргүүлэх гэж шамдаж яваа Хятад жижиг хөршөө дэмжихийг хичээнэ. Энэ бол маньд том боломж.


Зөвлөлт тусламж гэх сүржин молги орос гацаанд хувираад дээрэлхэв

V-ДЦС. Энэ станцыг барих дов-сая таван зуун мянган кв. км нутгаасаа ололгүй 15 жил будиллаа. Мэдээж нууц тулгалтаар өрнөж буй жүжиг. Тууз хайчилж хуврагуудаар тарина дүнгэнүүлж хадаг цай өдий төдий нүхэнд булсны зардал юу гавиа. Харин шав тавьсан дош болгонд ТЭЗҮ зохиодог бол хэсэг хүн цадаа. Гэхдээ барууны ба инээсэн данжаад нарын дээрмээс аварч байна гээд үүнд мөргөх ёстой юм гэдэг-эрчим хүчний эх үүсвэрийн аллергитай Ц.Даваасүрэн гишүүнийхээр бол. Эдийн засгийн алуурчдаас ингэж хамгаалдаг баатруудаа бид Төр засагтаа бөөнддөг.

Хэдэн жилийн тэртээ Ангела Меркель-Монголд хөрөнгө оруулахад хоёр бэрхшээл байдаг. Нэгд баялгийн ордууд нь олон зуун, бүр мянган км-ийн чанад дэд бүтэцгүй цөлд оршдог, хоёрт хөршөөс нь зөвшөөрөл авахгүй бол төсөл нь явдаггүй гэж телевизээр мэдэгдэж харагдсан.

В.Путин: “Монгол улсын эрчим хүчний хомсдолтой холбогдох асуудал нь чухал гэдгийг бид ойлгодог. Энэ хомсдолыг нөхөхөд Оросын цахилгаан станцуудаас Монгол руу нийлүүлэх эрчим хүчийг нэмэгдүүлэх боломжтой”. (Гурван улсын төрийн тэргүүний уулзалт. Ташкент). В.Путины олигархиуд эрчим хүчээ өөрийндөө борлуулдгаас буриадад 3, манайд 9 дахин өсгөдөг гэж өдөр тутмын сониноос уншив. Хэдээр панзлах-тэдний эрх. Харин баялгаа түшиглэн станц байгуулах-манай төр засгийн үүрэг.

V ДЦС-д хөрөнгө оруулахаар солонгос франц япончууд хэдэн жил тэвчээртэй хүлээсний эцэст энэ төслийг Орос хэзээ ч зөвшөөрөхгүйг мэдээд буцсан. Цөхөрсөн биз. V цахилгаан станцыг хэн гацаасан тухай нэхэл ковидоор сөхөгдмөгц манай эрх баригчид “монголчуудаас болоод гадны хөрөнгө оруулагч нар V цахилгаан станц төслийг орхисон” гэж орос ахаа хаацайлж байх юм. Том албан тушаалтанд орос ахаасаа айж үнэнийг нуух мөч тулгардаг байлгүй. Харин үнэнийг сөхөх боломж зохиолчдод ардчилал олгосон. “Үнэн”-ээр бид цангаагүй гэж үү. Зохиолчийн үг төрийн мэдэгдэл биш. Эрх баригчдын хэлэлгүй залгисан үгийг иргэд ярьж төрөө сэлбэж явцгаая. Энэ нь ардчиллын үнэт зүйлсийн нэг авай.

Багануурын цахилгаан станц: Нийслэлд идэр ес тачигнаж 40 хэм хүйтрэх ердийн үзэгдэл. Сүх далайтал үхэр амар гэгч эрсдэлд амьдардгаа бид хайхардаггүй. Насжилт хэтэрсэн станцууд унтрах, Орос экспортоо хаах хоёрын аль нь ч дайрсан 1,6 сая оршин суугчтай нийслэл тэс хөлдөнө. 90-ээд онд Япон тусалсны ачаар хөлдүүс болоогүйгээсээ сургамж авсангүй. “Сүйрүүлэх хужаа төсөл” гэх суртлаар барьж барагласан Багануурынхаа ЦС-ыг юу ч биш болгов. Өвгөн станцууд оргил ачааллын үед бүх тэнхээгээ шавхаж, дээр нь Оросоос авдаг өндөр үнэтэй цахилгаанаар сэлбэвч, нөхөх үүсвэр-зуух трубингүй учир нүүрсээ нүдээ аньж өрдсөөр осол гарах аюул хутагны ирэн дээр өвөлждөг. Эрчим хүчний доголдлыг арилгах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл бол Багануурын станц! Идэр ес эхлэхгүй юм шиг, эрчим хүч тасрахгүй юм шиг, заяа мэд гэсэн шигээ занхалзаад байх уу.

Ц.Даваасүрэн сайд, “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр хоёр Багануурт ЦС баривал Хятад арми хяналтаа тогтоож, тэнд 5000 хужаа бүхий тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хятад тогонд навс цохиулж шатна гэх инээдэмтэй марзан ухуулга цацсан. Энэ тэнэг пиар хужааг үзэн ядагчдын цөсийг хөөргөв. Харанхуй тархи тоглоом болдгийн жишээ. “Олны шаардлага”-аар Багануур ЦС царцсанд Ц.Даваасүрэн сайд буруугүй гээд сугарчхав. Ингэснээр орос олигархиудын цахилгаан манай руу хэдий хүртэл урсахыг бид биш тэд шийднэ. Монгол улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квот дагуу хятад ажилчдын тоо хязгаартай. Ажиллагсдын 90 хувь монголчууд байна гээд гэрээгээр тохирчээ. Юун 5000 хужаа, юун Хятадын арми вэ? Хүчдэлээ маневрлан тохируулах боломжтой тул юун шатах аюул бэ? 

Нас сүүдэр хоёр нугарсан буурай станцуудын үхсэн цогцсуудыг авч хаяад орлуулах донор “эрхтэн”-үүдийг зөвхөн Оросоос авна. Энэ нь цахилгаанаа шахахын дээр-араас нь сэлбэгээ бас байнга шахах тулгалт гэж ойлго. Тэр нь дүүрч гэхэд хоцрогдсон орос технологиор үйлдсэн эд анги дорхноо эвдэрч дахин дахин авч ядуу бидний валют хойшоо урсана. Ийм аргаар шулахын тулд мануусыг юмны учир олдоггүй арчаагүй дүнхүү, эрх ашгаа хамгаалах оюунгүй байдалд уяад, чадамж өндөр шинэ технологиор эрчим хүчний сүпер эх үүсвэр барихыг гацаадаг-угтаа орос геополитик юм. Ахын заль ужиг агаад хорон хажир. Манай инженерүүд амбасын үеийн станцуудын болохгүйг болгон монголчилж, эрсдэл бүрийг хэтэлж яваа нь юутай их буян бэ. Хөлдөж үхэхээс аврагч та нарыг минь бурхан өршөөг. 

Дундаж насжилтаасаа хоёр дахин урт сүүдэр зооглосон буурай станцуудыг гадаад дотоодын докторууд шинжлээд үхэх цаг нь хэтэрчихэж. Хасах 40 хэмийн оргил ачааллынхаа үед дэлбэрэх осол тун ойртжээ гэж анхааруулсан ч манай эрх баригчид эрдэмтдийн үгэнд ордог жижиг гарууд биш билээ. Өтөл станцууд эцэстээ тулаад амьсгал хурааж хот хөлдвөл зовлонг далимдуулж буяны үйлсээр оросууд өндөр үнэтэй цахилгаанаа бүр өндөр өртгөөр шахаж “өгөөмөр туслагч” гэх алдраа мандуулах хэдий ч манууст заавал тэгж өрөнд унаж амиа дэнслэх хожоо гэж үү? (Энэ эрсдэлийг давах Багануурын станц боссоор атал).

Багануур төслийн нийт өртөг 1,2 тэрбум ам. доллар. Барих-ашиглах-шилжүүлэх гэрээг 2015 онд хөрөнгө оруулагч талтай үзэглэсэн бөгөөд 25 жилийн дараа Монголд үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Технологийн хувьд хүчин чадлаа 140 МВт хүртэл бууруулж маневрлан цохицуулах боломжтой. Гэрээт хугацаа дуусмагц нэг ч төгрөг төлөлгүйгээр өөрийн мэдэлдээ авахаас гадна концессын 1,2 тэрбум ам. долларын гэрээнд Монгол улсын Засгийн газраас ямар ч баталгаа шаардахгүй гэх заалт тусгачихаж. Мөн худалдах, худалдан авах гэрээнд зааснаар станц ашиглалтад орсноос хойш эхний 4 жилд 220 МВт-ыг нэг блокоор нийлүүлнэ. Тав дахь жилээс хоёр блокыг тус бүр 220 МВт-аар, зургаа дахь жилд тус бүр 245 МВт-аар шат дараатай нийлүүлэх уян нөхцөл гэрээнд заагаад өгчээ. Гол нь тохируулан маневрлах боломж нээлттэй. Үүнд монгол ухаан хүрнэ. Багануурын ЦС-ын ажлыг зогсоох шаардалга байж уу.

2028 онд блок тус бүр нь 315 МВт-аар ажиллаж эхэлнэ. Энэ нь технологийн том дэвшил, бас цахилгааны найдвартай аюулгүй ажиллагааг хангах эх үүсвэр гэнэ. Тус станц нэг кВт цахилгааныг өдгөө ОХУ-аас импортолж буй цахилгааны тарифаас хямд үнээр төвийн бүсэд нийлүүлэх нөхцөл тавьсан. 21 жилийн хугацаанд үсрээд 70 сая тонн нүүрс хэрэглэнэ. 812 саяын нөөцтэй уурхайнхаа аман дээрх станц тээврийн зардлаа хэмнэнэ. Хүчирхэг боловсронгуй, маневрлах өргөн боломжтой төсөл гээд бодчих. 

Эрчим хүч, шатахууны экспортоо зэвсэг болгодог геополитикийн нөөлгөнд Монгол хувхайрах нигуртай. Маниусын аймхай хулчгар зан бол өнгөрөгч зуунд зүрхээ зүсүүлснийх. Өдгөө ч дээрэлхүүлдгээ бид дэлхий дахин ялангуяа баруунаас чанд нуудаг. Айдас арилах яагаа ч үгүйг В.Путин харуулж байна. Нас хэтэрч үжирсэн станцуудаа хальхуулж, хулхи сэлбэгээр шулаач оросуудтай хавсайдаж олноо сульдуулагч Ц.Даваасүрэнгээ хөвсгөлчүүд сонгодог. Мега төслүүд саатуулж эх орноо хорлон сүйтгэсэн этгээдүүдэд ял сонсгох гэж буй гэл үү? Зөв! Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг гацаасан Увсын Өмнөговь сумын нэг багийн даргаас Ц.Даваасүрэн ч том золиг доо. 

Н.Тавинбэх сайд ярилцлага даа “Багануурын ДЦС-ын гэрээ их сайн гэрээ болсон юм билээ. Ажил эхлээд явж байхад нь Монголын тал тодорхойгүй шалтгаанаар зогсоосон... Ши Жинпинь даргын үгтэй холбоотойгоор нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоосон ч 2022 оны IV сард Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэх буюу Ши Жинпинь даргын үгнээс хамааралгүйгээр санхүүжүүлэх төсөлд оруулсан. Тиймээс “танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтын асуудлыг ярилцъя” гэсэн... Гэтэл концесс эзэмшигч 8-р сарын эхээр “Бид энэ төслийг санхүүгийн хувьд цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас хувьцаагаа шилжүүлэх хүсэлтэй байна” гэсэн албан бичиг ирүүлсэн” гэв.

Хятадын тал “танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтын асуудлыг ярилцъя” гэснээс дүгнэхэд манай концесс эзэмшигч энэ төслийг цаашид үргэлжлүүлэхгүй, хувьцаагаа шилжүүлье гэжээ. Энэ бол-Эрчим хүчний сайд байхдаа Ц.Даваасүрэн гишүүний амжуулсан хорлол. Багануур ДЦС ашиглалтад орвол Оросын эрчим хүчний хэт өндөр үнэтэй урсгал хумигдана. Манай эрчим хүчний бүх үүсвэр энэ замаар гацдаг.

Тулган дорх нүүрсний ордоо түшиглэж хэдэн залуу Хөвсгөл Завханы хязгаарт станц барьж, (бэл нь хүрээгүйгээс хятадуудтай хамтарч) эрчим хүчний эх үүсвэртэй болж, сумынхаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг тогтой болгосноор орос цахилгаанд урсдаг валютаа улсдаа шингээх гэжээ. Өнөөхийг нь Ц.Даваасүрэн сайдын аллерги унтрааж, Хятадад эзлэгдэх аюулаас аварч хэмээн тэрбээр рейтенгээ суга өсгөжээ.

Хорин жилийн дараа хөл дорх хүрэн нүүрсээ цахилгаан болгох хүсэлдээ хөтлөгдөн дахиад л тууз хайчлав. 20 насаар хөгширсөн ахимаг эрс цөхрөөгүй ч Даваасүрэн анасаар. Эрхэм гишүүний “эх оронч” үйлдлээс ямар үр дүн ургав? Оросууд эрчим хүчээ шахсаар. Гишүүний сонгогчид ижилгүй үнэтэй импортын тогонд шулуулсаар. Хөвсгөлийн төлөөлөл-яс махны тасархай Ц.Даваасүрэнг УИХ-д оросууд сонгоогүй байлтай. 

Их Хятадын сонирхол Монгол бус дэлхий. Тэд маниусыг тоож хуйсагнахгүй. Гацаа бол мулгуу монголчуудыг элэг барьж эрчим хүчээ хэт өндөр үнээр үүрд шахах орос ховдоглол. Увайгүй хэдэн оросыг бид “оросын ард түмэн” гэж мөргөөд байх уу. Төслийг гацаая гэвэл сэвэх өө олдог. Рио Тинто цахилгаан станц барих үүргээ биелүүлээгүй гэж Ц.Даваасүрэн туйлж, рейтенгээ өсгөв. Тэгтэл гэрээнд тийм заалт огт тусгаагүй болж шувтарсан. 

Нас хэтэрсэн станцуудаа байнга өндөр үнээр сэлбэж, хөрөнгөө дэмий үрдгийг больж, орчин үеийн станц барих манай төсөл бүхэн аварга орос саварт атгаастай. III ДЦС-д оросууд 655 сая долларын сэлбэг шахсан мэдээ цацагдав. Багануур станцын нийт өртгийн талаас илүү үнэтэй сэлбэг?! Мөн III ДЦС-ын элэгдсэн эд ангийг сэлбэх төслийг Оросын “Интер РАО-экспорт” компани гүйцэтгэхээр ТЭЗҮ-гээ ирүүлж, ОХУ-аас олгох өндөр хүүтэй зээлийг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулна гэж манайхан хөөрцөглөв. Үүгээр Багануур ЦС алсарч үжирсэн станцуудаа өндөр үнээр байнга сэлбэх төлбөр, хэт үнэтэй эрчим хүчний өртөгтэй нийлээд хойшоо урсана. 

Орос гацааг-хоёр хөршийн гацаа гэсээр байх уу?

“Зөвлөлт тусламж Хятад аюул” гэх амны уншлагаар өнгөрөгч зууныг бид үдсэн. Тэгвэл энэ зуунаас “хоёр хөршийн гацаа” гэх хэллэгт шилжсэн нь бас ч гэж дэвшил шүү. (Бурхны, бишээ би хадуурч байна) орос ахынхаа ачаар амьд явнаа хөөрхий. Зөвлөлтийн тусламж Хятадын аюул аль аль нь арилжээ гэвэл улстөрийн хэрэгт ороох уу? Зөвлөлт тусламжийг арилсан гэв, Хятад аюулыг арилсан гэв гээд урьд бол ална. “Орос монгол цусаар гагнагдсан найрамдалд цав суулгав. Хятадын талыг баримтлалаа” гээд шилдэг сэхээтнүүд насаараа цөлөгдөж, цөөнгүй нь амиа алдсан-хөдлөшгүй баримт хуучраагүй. Тиймээс “улстөрийн хэргээр ороох уу” гэж лавласныг минь өршөөнө буй зээ. 

Өдгөө Зөвлөлтийн тусламж байтугай нөгөө агуу Зөвлөлт минь алга. Харин Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг болжээ. Энэ өөрчлөлтөд далдуур дурамчхан коммунист цөөнгүй. Тэдний хонзонгоо авч дөнгөдөг-гарын дорх сөргөлдөгчид нь ардчилал гэж ангалзсан анхны хэд. Хорвоод өөрчлөгдөхгүй юм гэж байх биш. Нүүдэлчид хүртэл ардчилагдаж, “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх таринаа “Хоёр хөршийн гацаа” гэж шинэчилжээ. Гэвч энэ шинэчлэл косметик төдий учраас гацаасныг гацаасан, гацаагаагүйг гацаагаагүй хэмээж сур гэх гээд байна би. “Оросууд гацаав” гэж бид шууд хэлж зүрхэлдэггүй. Айсандаа “хоёр хөрш гацаав” гэж хамсруулан зөөлөлдөг ч айх тусам оросууд чангардаг нь гомдмоор. БНХАУ, АНУ-ын дээрэнгүй хавчлагын эсрэг ОХУ-ыг хань татах-том ашиг сонирхлоо чухалчлаад, өчүүхэн бидний оросуудын бурууг ч бялдуучлан өмөөрч, хятадуудыг ор үндэсгүй доромжлохыг ч тоодоггүй. 

Нөхөрлөл нялуурлаар бөхжихгүй үнэнээр гагнагдах учиртайг монголчууд эрхэмлэж “нялуунаас шулуун дээр” гэдэг. Зөвлөлт импер манж Чин гүрэн шиг нурж, социалист лагерь бутарснаар бяцхан Монгол хаягдсан. Коммунизм байтугай СССР ч үгүй хоцорсон Монгол мөнгөгүй хувхай. Социализмын намагт зоогдоод үлдэхэд хөтөлж явсан Орос гараас татсангүй гэж бид гомдоогүй. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гээд хүн төрөлхтөний хөгжлөөс зүүгдэхээр сарвалзав. 

Хоёр их гүрний завсар хашигдсан буурай бөглүү Монгол ардчилал, чөлөөт зах зээлд хөлөө зоригмог тавив гээд барууны хөрөнгө оруулагчид Орос Хятадыг даваад үүд сөхлөө. Ашигт малтмалын үнэ өсөх мөчлөг азаар таарч, урд хөршийн хэрэглээ эрс ихэссэнээр ядуу бидний эдийн засаг сэргэж эхэлмэгц харамсалтай нь зөвлөлт тусламж гэх сүржин молги маань-орос гацаанд хувираад дээрэлхэв. Эрчим хүчний орос магнатууд БНХАУ-ын нэг тэрбум долларын урт хугацааны нэн хөнгөлөлттэй зээлээр барьж эхэлсэн Эгийн УЦС-ын санхүүжилтыг хаалгав. Аварга гангийн үйлдвэр бүхий Бугат манай коксжих нүүрсний ордоос өндөр уулан дээрээс бараг харагдах газар. Тийш нь уурхайн төмөр зам тавих гээд үзэж тарсан чинь ахын далд хатгаасаар 280 сая долларын овоолго шороотой хоцорч олон тэрбум долларын ашиг хаагдав. 

Тэглээ ч Орос гацааг бид ярих дургүй. Ярихдаа тулбал “хоёр хөрш гацаав” гэж Хятадыг заавал хамсруулж Орост бялдуучилдгаа боль гэх гээд би хулмагнаад байна. Энүүхэндээ шивэгнэхэд нэг нь хөгжүүлэхгүй гээд, нөгөө нь сэм хөгжүүлье гээд байгаа юм биш үү. Ийм эгзэгтэй үед “Хоёр хөрш хоёул манай хөгжилд дургүй” гэх суртал дэврээж нэг гацаагчаа хоёр болгох-өөрийгөө хорлож буй хэрэг бус уу. Цаашид орос гацааг “хоёр хөршийн гацаа” гэсээр сажлах уу.

Манай өдөр тутмын сонин ингэж бичив: “хэсэг бүлэг нөхдүүд Байгал нуурын ус ширгэнэ гэсэн таамаг төдий зүйл ярьж, түүнийгээ улаан цээжээрээ хамгаалчихаад бариулахгүй байгаа. Тэд оросууд биш. Иргэний хөдөлгөөнийхөн гэж өөрийгөө нэрлэсэн манай улсын иргэд. Ингэж сунжирсаар 2015 онд Эгийн цахилгаан станцыг урд хөршийн хөнгөлттэй зээлээр барих болсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үед Хятадын тал “ОХУ зөвшөөрвөл бид санхүүжүүлж болно” гэж байв. Бид Оросын, эсвэл Хятадын харъяат уу. Ингэж хэлснээс нь дүгнэхэд ямар ч байсан тусгаар улс биш, өөрийн мэдэлгүй улс юм шиг байгаа юм” гэж гацааг иргэний хөдөлгөөн ба Эгийн УЦС-ыг санхүүжүүлж эхэлсэн БНХАУ-д тохож, буруутныг “Тэд оросууд биш” гэж зусардсаныг хар. Ийм жишээг тоолшгүй. 

Хятадын тал монголчуудыг “Та нар оросуудтайгаа тохир. ОХУ зөвшөөрвөл бид санхүүжилтээ сэргээе” гэсэндээ Эгийн УЦС төсөл гацсаны гол буруутан болжээ. Оросын гацаасныг “Орос гацаасан” гэж үнэнийг шууд хэлэхийн оронд “хоёр хөрш гацаав” гэж өмнөд хөршөө харлуулах бодлого-ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөнд даамжирсан. Тусалсныг тусалсан, гацаасныг гацаасан гэх тодорхой байр суурь хоёр хөршид ч таалагдах учиртай. Би энэ зарчмаар явъя гэж уриалж буй нэгэн.

Зориглон хэлэхэд хоёр хөршийн нэг нь манай мега төслүүдийг гацаадаг бол нөгөө нь хамтдаа хожьё гээд зээл олгодог. Нэгний нь хорон санааг хөнгөлөхөөр хоёр хувааж талыг нөгөөд нааж ижилсүүлэх муухай. Нөгөө хөрш гацаанд огт оролцоогүй бол яах вэ? Бусдын балгаар гэмгүй нэрээ хөөдөх гүрэн байтугай хувь хүн ч олдохгүй. Урд хөрш ашгүй төдийлөн тоодоггүй. Хэрэв тоож хатуурхвал түүхий эдээ мөнгө болгодог гол урсгал тасарч ядуу Монгол яг сууна. Яг суувал “хоёр хөрш гацаав” гэж бидний долигонодгийг ОХУ харгалзан үнэлэх бүү хэл санах ч үгүй. Америк, Европын холбоо, Нато, Сири, Украйн гээд В.Путины тархи зайгүй. Дотооддоо А.Навальныйгаас өгсүүлээд олон улсын хоригт орсон Кремль юун муу Монголыг бодох манатай.

“Хоёр хөршийн гацаа” гэх хортой хоргүйг хольж хутгасан бохир бантан бол зөвлөлтөөс үлдсэн шавхруу. Муудсан шавхруугаар хооллогч бид “гацах” гүн хордлогод оржээ. Хоёр нүүрт өөдгүй зан түншээ үргээнэ. Юмыг бодит хэмжээнд нь цэгнэж суравал хөрөнгө оруулагчдад тоогдоно. Үл бүтэх олон төсөл донгосдогоо цэглэж, тарамдсан бодлогоо хоёр цэгт хумь. Нэгд-ямар ч гацаанд бүү маллуул. (Харанхуй омог мэхлүүдгээс гэгээрсэн нь дөнгүүлдэггүйг буурал түүх хэлээд өгнө). Хоёрт-гадны гар хөлийг Төрийнхөө жолоонд бүү ойртуул. (Тийм эрхийг сонгогч бүрт ардчилал олгосон). Энэ хоёр санаа бүтвэл тээглүүлэгч аварга оньс мултарч, ядмаг эх орон чинь аяндаа хөдөлнө. Гэхдээ “Оросын гацаасныг хоёр хөрш гацаав” гэдэг тархины эргээ чинь гарвал шүү дээ.

20220426_143033.jpg