Адагт үзэгдсэн 10 хувь
Оны эхний өдрөөс долоон төрлийн татвар нэмэгдээд байна.
Оны эхний өдрөөс долоон төрлийн татвар нэмэгдээд байна. ХХОАТ, НДШ, Авто бензин болон дизель түлшний ОАТ, архи, тамхины ОАТ, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газрын эрх борлуулсны орлогоос авах татвар гэх мэт. Энэ дундаас иргэдийн зүгээс хамгийн их бухимдал төрүүлж буй нь ХХОАТ болон НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн явдал болоод үүний эргэнд тойронд хийсэн эрх баригчдын ээлж дараатай мэдэгдлүүд. Ялангуяа “Бид зөвхөн өндөр орлого, тансаг хэрэглээнд л татвар нэмэгдүүлсэн” гэсэн УИХ-ын даргын үг. Ингэхэд 1,5 сая төгрөг өндөр орлого мөн үү?
Ердөө жил гаруйн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газар гарч ирээд “Төсөв хүндрэлтэй байгаа тул төрийн албаныхны цалинг бууруулна” гэхэд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Би цалингаараа амьдардаг хүн, төрийн албаны цалинг бууруулж болохгүй ээ” гэсэн. Энэ үед “Энэ, авлигачин яг цалингаараа амьдарч харагдаач. Болж, хохь нь” гээд инээд алдаж суусан олон хүн бий. Харин одоо эсрэгээрээ, өөрсдийнх нь ээлж ирэв. Цалинг нь бууруулж болдоггүй юм бол татварыг нь нэмээд үзье л гэж байна.
Яг үнэндээ төрийн албаныхан дотор сая 500 мянгаас дээш цалинтай хүн хуруу дарам. АТГ-ын комиссарууд, 400 гаруй шүүгч, сүүлд заргалдаж байж шүүгчийн цалинтай дүйцүүлсэн прокурорууд, тэгээд УИХ, Засгийн газрын гишүүд. Засгийн газрын гишүүний цалин 1,5 сая, УИХ-ын гишүүнийх 1,8 сая. Бүгдээрээ нийлээд 1500 хүрэхгүй л хүний асуудал. НДС-д бүртгэлтэй татвар төлөгчдийн бол 0,25 хувь. Харин үлдсэн нь хувийн хэвшлийнхэн.
Тиймээс УИХ-ын дарга “Нийт иргэдийн 90 хувьд татварын нэмэгдэл огт нөлөөлөхгүй. 10 хувьд л татвар нэмэгдэж байгаа” гэж том дуугарсан хэрэг. Гэтэл тэр 10 хувь нь хэн байв?
Хамгийн түрүүнд Оюутолгойд ажилладаг монгол залуу фэйсбүүкээр өөрийн хэрэглээгээ зарласан. Эхнэр, гурван хүүхэдтэй, байрны лизингтэй. Өөрөө сарын 20 хоногт хөдөө ажиллаж, эхнэр нь гэртээ суугаад гурван хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөдөг. Нэг хүний цалингаар таван ам бүлийг тэжээдэг гэсэн үг. Харин ХХОАТ болон НДШ-ийг нэмэгдүүлний дараа “Хүүхэддээ хааяа нэг авч өгдөг амттанд аавынх нь цалин хүрэлцэхгүй боллоо шүү, уучлаарай” гэсэн.
Дараа нь Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс анх удаа Эрдэнэт хотод татварын нэмэгдлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болсон. Эрдэнэт хотынхныг тэжээдэг ганц зүйл нь “Эрдэнэт” үйлдвэр. Лангуун дээр 10 мянгаар зарагддаг дотуур цамц үйлдвэрийн ажилчдын цалин буусан өдөр 30 мянгаар зарагддаг. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын тоо хэд билээ, хотын хүн ам хэд билээ. 6000 ажилчинтай нэг үйлдвэр 100 мянган хүнтэй бүхэл бүтэн хотыг тэжээдэг гэсэн үг.
Эрх баригчдын “өндөр орлоготой” гэж ад шоо үзээд байгаа 10 хувь эдийн засагтаа ийм л нөлөөтэй хэсэг. Хамгийн хүнд хүчир мөртлөө бүтээмж өндөртэй ажлыг хийдэг. Тиймээс энэ 10 хувиа татварын дарамтаар татаад унагачихвал эдийн засаг дахиад 10 хувиар унана. Татвараа нэмүүлсэн хэсэг нь хэрэглээгээ танаж эхэлнэ, тэр хэрээр лангуун дээр байгаа барааны борлуулалт багасна, бараа эргэлт байхгүй болчихвол үлдсэн 90 хувийн орлого дахиад хумигдана, үр дүнд нь татварын орлого эсрэгээрээ буурна.
Ийм учраас “Татварын нэмэгдэл иргэдийн 90 хувьд огт нөлөөлөхгүй” гэдэг эрх баригчдын амлалт худлаа болж таарав. Харин ч энэ 10 хувьдаа өндөр татвар тавьснаар үлдсэн 90 хувиа давхар нэрмэсэн хэрэг болж байна. Тэгээд ч 1,5 сая төгрөг гэдэг Монголын нөхцөлд өндөр орлого мөн үү?
СЭЗДС-ийн доктор, дэд профессор, Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөх С.Бямбархорол ингэж ярьж байна. Өнөөдрийн нөхцөлд ресторонд оролгүйгээр гэртээ хоол хийж идэхэд нэг хүний зардал 5000 төгрөг гэсэн тооцоо гарч. Таван ам бүлтэй нэг айлын сарын хэрэглээ 750 мянган төгрөг. Байрны лизинтэйгээ нийлээд /дунджаар 650 мянган төгрөг/ сая 300 мянган төгрөг. Үлдсэн 200 мянган төгрөгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд, хувцас авч өмсөөд, өрхийн бусад хэрэглээгээ хангах ёстой. Энэ тансаг амьдрал, өндөр орлого мөн үү? гэж.
Яг үнэндээ эрх баригчдын “өндөр орлого” гэж тооцоод байгаа 1,5 сая төгрөгийн босгыг юун дээр үндэслэж тогтоосон бэ гэдэг ч ойлгомжгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг гэж байгаа бол дор хаяж үүнийгээ 10 дахин өсгөсөн (2,4 сая төгрөг) хэмжээг өндөр орлоготойд тооцож, татварын босго тавих ёстой. Үүнийгээ дахин өсгөсөн хэмжээгээр (4,8 сая, 9,6 сая гэх мэт) татварын шатлалаа өсгөөд явдаг. Бусад улс оронд шаталсан татварыг ингэж тогтоодог. (ярилцлагыг https://www.infomongol.mn/content/read/155055.htm линкээр орж үзнэ үү) Гэтэл манайд 1,5-2,5 сая, 2,5-3,5 сая, 3,5 саяас дээш гэж шатлаад 15-25 хувийн татвар тавьсан нь хэрэглээгээ тооцоод үзсэн ч, төгрөгийн ханш (1,5 сая төгрөг нь ойролцоогор 630 амдоллартай тэнцэж байна), үнийн инфляциа тооцоод үзсэн ч “хэт өндөр орлоготой”-д тооцох үндэслэлгүй юм.
Үнэндээ бол өнгөрсөн оны байдлаар хувь хүний орлогын албан татвар 560 тэрбум төгрөг болсон нь өмнөх оныхоос 10 хувиар өссөн дүн гарч. Гэтэл энэ байгаа өсөлтөө хадгалахын оронд татварын шатлал нэрээр иргэдийн нуруунд дарамт үүсгэж байгаа нь эргээд эдийн засгаа боомилсон, иргэд, аж ахуйн нэгжийг татвараас зугтаахад түлхсэн хэтэрхий харалган бодлого гэж эдийн засагчид үзэж байна. Татварын нэмэгдэл үйлчилж эхэлсний дараа хамгийн түрүүнд ажил олгогчид "Давхар тайлан гаргана шүү, новшнууд аа" гэж олон нийтийн сүлжээгээр ил тод зарласан. Ийм л харалган бодлого хэрэгжүүлээд байгаа намыг хэзээ, хэрхэн байранд нь тавьж, хөрсөнд нь буулгах ёстой вэ?
Үргэлжлэл бий.
зочин
Зочин
мгл
-r horoonii nrgen
-р хорооны иргэн
Татвар т0л0гч
ад үзэгдсэн би.
ошшо
Зочин
Зочин
Зочин
Зочин
Oюун
Зочин
Зочин
60-ынхан
Зоригто.