Мунхгийн “мэргэн” санаа
Манайхан АТГ-ын нэрийг хэлэхээсээ цээрлэж “Гурван үсэгтэй газар” гэдэг болсон байна лээ.
Манайхан АТГ-ын нэрийг хэлэхээсээ цээрлэж “Гурван үсэгтэй газар” гэдэг болсон байна лээ. Арга ч үгүй биз, сүүлийн арван жилийн дотор энэ байгууллагын хаалгыг татсан, хавчсан, хяхсан, хорьсон, цагдсан хүний тоо давхардсан тоогоор НДС(Нийгмийн даатгалын сан)-д бүртгэлтэй татвар төлөгчийн тооноос давчихаад байгаа гэвэл хилсдүүлсэн болохгүй. Хэдийгээр энэ байгууллага бий болсноос хойш шийдсэн хэргийн тоо гарын арван хуруунд хүрэхгүй ч гэлээ. Тиймээс иргэдийн ийнхүү цээрлэх нь аргагүй. Харин одооноос “гурван үсэгтэй” газрын дээр “зургаан үсэгтэй” хүний нэр яригдах болов. АТГ-ын ОНЗ (Олон нийтийн зөвлөл)-ийн дарга Г.Баасан...
Уг нь хуулиараа ОНЗ нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхжүүлэх, тэдний санал бодлыг сонсох, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн байгууллага. ОНЗ-ийн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай томилох ба улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг ОНЗ-д нэр дэвшүүлэхийг хориглодог. Мөн ОНЗ нь АТГ-ын явуулж байгаа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажиллагаанд оролцохыг хуулиар хориглодог.
АТГ-ыг анх байгуулсанаас хойш арван жилийн хугацаанд санал дөрөв дэх ОНЗ-ийг байгуулаад байгаа. Дарга нь бидний сайн мэдэх “Ахмадын чөлөөт холбооны” Г.Баасан “эгч”. Тэмцэгчийн ажлаа хуульчийн лицензээр сольсон Г.Баасан эгч 2017 оны есдүгээр сараас АТГ-ын олон нийтийн зөвлөлийг толгойлж байна. Саяхан дөрвөн сарын ажлын тайлангаа тавьсан нь жинхэнэ “шок” болов. Энэ удаагийн ОНЗ-ийн өмнөх зөвлөлүүдээс ялгаатай нь “аливаа албан тушаалтны хууль бус үйлдлийг мэдмэгц, хармагц, сонсмогц шууд олон нийтэд мэдээлэх эрхийг хэрэгжүүлж” байгаа юм байна. Энэ нь нийт ард түмний өмнөөс бидэнд олгосон эрх гэв. Яг ямар хуульд тийм заалт байгааг олох гээд чадсангүй. Огт оргүй зүйл зохиож бас яримгүй. Тиймээс сүүлд Ерөнхийлөгчийн баталсан ОНЗ-ийн ажиллах журамд учир байна.
Одооноос ОНЗ нь АТГ-ын өмнөөс иргэдийн гомдлыг хүлээж авч, мөрдөн шалгуулахаар хүсэлт гаргадаг болсон юм байна. Иргэдийн 43 гомдолд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр АТГ-т өгснөөс гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэж, гурвыг нь эцэслэн шийдвэрлэсэн тухай мэдээлэв. Аль алинд нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэр (үүнийг анхаарна уу) дурьдагдаад өнгөрсөн.
ОНЗ-ийн тайлан дотор “АТГ иргэдийн гомдлыг хүлээж авахдаа нэр хаяг шаарддагаас болж иргэд гомдол гаргахаас татгалзаж байна, иргэдийн гаргасан гомдлыг өргөдөл гомдол хүлээж авсан ажилтан устгасан тохиолдол, гомдол гаргасан иргэнийг албан тушаалтанд нь матдаг албан хаагчид байна” гэх мэтчилэнгээр ОНЗ-ийг хянавал зохистой, хуулийн хүрээнд гэж болохоор санал дүгнэлтүүд ч мэр сэр байна лээ. Гуя дагаж хүзүү гэдэг шиг... Хэрэв АТГ иргэдийн гомдлыг хүлээж авахдаа “Гомдол чинь нотлогдохгүй бол хүн гүжирдсэн хэрэгт унана шүү дээ” гэж хууль сануулж, гарын үсэг зуруулдаг бол авлигатай тэмцэх тухай яриад ч яах юм.
Гэхдээ АТГ-аас хууль биелүүлэхийг шаардахын тулд ОНЗ өөрөө эхлээд хуулийн хүрээнд ажиллах ёстой. Хуульд байхгүй эрх мэдлийг хуулиас гадуур эдэлж болохгүй. Энэ л асуудлын гол гогцоо. Монгол Улс хууль ёс, хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс. Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүхээр шийтгэгдсэнээс бусад тохиолдолд Монгол Улсын иргэнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэсэн нь төр иргэнийхээ нэр төрийг хуулиар хамгаалж буй хэрэг. Гэтэл АТГ-ын ОНЗ-ийн дарга, хуульч хүн “УБТЗ-ын дарга н.Жигжиднямаагийн хүүхэд хар тамхичин, орлогч дарга н.Ганболдын албан тушаалын хэргийн баримт надад байна, “Шилэн” Цогоогийн үеэл нь 100 саяын авлигын хэрэгт шалгагдаж байгаад албан тушаал дэвшсэн” гэх мэтээр шалгагдаж нотлогдоогүй мэдээллээр дарамтлах, нийтэд зарлах ноцтой ямар шалтгаан байж таарах вэ?
Товчхондоо АТГ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөхийн тулд хийж байгаа улс төрийн “шантааж” шиг харагдаж байна. АТГ-ын даргыг барьцаалж албан тушаалаас нь буулгах (дараачийн томилгоог хийх) хүмүүсийн цуваа ч харагдаж байна. Ард нь ОНЗ-ийг томилсон нэг хүний эрх ашиг яваа гэдгийг ч тааж ядах юмгүй. Үүнийг бичигч нь АТГ-ыг сайн ажилласан гээгүй, Х.Энхжаргал гэдэг хүн энэ байгууллагыг яаж удирдсаныг ч мэдэхгүй. Гэхдээ муу ажилласан бол солих, өөрчлөх эрх нь түүнийг томилсон УИХ-д бий. Г.Баасан ч бай, яасан ч бай ярьж байгаа асуудлаа тавих ёстой газарт нь тавьж шийдүүлэх ёстой гэсэн үг.
Өмнө нь ч олон хүн ярьдаг, бичдэг байсан. АТГ бол авлигатай тэмцдэг байгууллага биш ээ, хууль хэрэгжүүлдэг байгууллагын удирдлагыг хууль тогтоодог хүмүүс томилж болдоггүй юмаа. Гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллага юм бол гүйцэтгэх эрх мэдлийнхээ дор очих ёстой гэж. Харинодоо жинхэнээсээ АТГ-ыг татан буулгах цаг болж. Өмнө нь улс төрийн нам, бүлэглэлүүдийн хувааж эзэмшдэг, хувьцаат компани шиг байсан энэ байгууллага нэг хүний компани болсноор юу өөрчлөгдөх билээ. Байгуулсан парламент нь хүртэл учраа олохгүй шилд нь гаргачихсан энэ байгууллагыг нэг муу орон тооны бус зөвлөл татаад унагачихна чинээ хэн саналаа. Мунхгийн “мэргэн” санаа...
Г.Баасан зөв л дуугарсан байна
SKYLITE
зочин
галаа
авилга өгөгч
?